| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 119/2026/0024/З |
| Дугаар | 221/МА2026/0365 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0365
“Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: “Т” ХХ
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Х” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “Х” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн М-ДБ-112-12/147 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Х” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгож, “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0027 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Д.Б, үнэлгээний хорооны дарга С.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 119/2026/0024/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “Х” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн М-ДБ-112-12/147 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Х” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгож, “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0027 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 15 дугаар зүйлийн 15.1, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 20.2.3, 51 дүгээр зүйлийн 51.7 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “Х” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн М-ДБ-112-12/147 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Х” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгож, “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “... Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтдоо “Тогтмол гүйлдлийн хөдөлгүүр Д-808Б1 бараа нь лаптай хэвтээ байрлалтай эсхүл фланецтай босоо байрлалтай эсэхийн аль нь болохыг тодорхой тусгаагүй. Харин тендерийн баримт бичгийн III хэсэгт техникийн тодорхойлолтын цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 /Тогтмол гүйдлийн хөдөлгүүр Белгородский электротехнический завод /барааны техникийн үзүүлэлтийн 4-д “Суурилуулалтын төрөл – ШТ4013” гэж заасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тайлбарлахдаа “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 бараа нь лаптай хэвтээ байрлалтай эсхүл фланецтай босоо байрлалтай эсэхийг шууд дурдаагүй боловч техникийн тодорхойлолтын 4 дэх хэсэгт зааснаар суурилуулалтын төрлөөс уг бараа фланецтай босоо байрлалтай болох нь харагдана гэжээ.
Гэвч суурилуулалтын төрөл нь тухайн цахилгаан хөдөлгүүрийн байрлалтай шууд холбоотой эсэхийг нотолсон баримтыг хариуцагч шүүхэд гарган өгөөгүй. Иймд зөвхөн хариуцагчийн буюу нэг талын тайлбараар энэ үйл баримтыг нотолсон гэж дүгнэх нь хангалтгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэж байгаа захиалагч төрийн байгууллага ТБОНӨХБАҮХАтХ-ийн 5.1-д заасан “Өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг хэрэгжүүлэх үүднээс төрийн байгууллага худалдан авахыг хүсэж буй бараа тендерт оролцохыг хүсэж буй хэн хүнд ил тод, ойлгомжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 бараа нь хэвтээ, босоо байрлалтай аль нь болохыг захиалагч тендерийн баримт бичигт тусгах нь хуульд нийцнэ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 барааны хэвтээ лаптай, босоо фланецтай 2 төрлөөр схем зургийг хавсарган ирүүлсэн байхад зөвхөн хэвтээ лаптай зураг ирүүлсэн мэтээр дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс захиалагч тендерийн баримт бичигт цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 төхөөрөмжийн хувьд хэвтээ болон босоо байрлалын аль нь болохыг тодорхой тайлбарлаагүй учраас лаптай хэвтээ байрлалтай IM1001, IM1002, IM1003, IM1004 суурилуулалтын төрөлтэй схем зураг, фланецтай босоо байрлалтай IM4013 суурилуулалтын схем зураг, цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 төхөөрөмжийн лаптай хэвтээ болон фланецтай босоо байрлалтай гэх 2 төрөл байдаг талаарх тодорхойлолт зэргийг тендерийн баримт бичиг хэсэг III-ийн 3-10 талуудад хавсарган ирүүлсэн. Техникийн үзүүлэлтээр болон үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, итгэмжлэлээр ч энэ шаардлагыг хангасан юм.
Гурвдагч этгээд “Х” ХХК нь ДПЭ-200Д-2У1 200 кВт, 440В гэх барааны техникийн үзүүлэлтийн 16-д заасан хэмжээс, мм “1714х1060х1355” гэснийг “1714Ч1060Ч1355” гэж, ДПЭ 350-2У2, 350 кВт, 440В гэх барааны техникийн үзүүлэлтийн 15-д заасан ерөнхий хэмжээс мм “1895х1180х1620” гэснийг “1895Ч1180Ч1620Ч” гэж тус тус захиалагчийн хэмжээнээс зөрүүтэй санал ирүүлсэн байхад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн үнэлгээний хороо өөрийн санаачилгаар 2 барааны хэмжээсийг хангасан гэж шийдвэрлэсэн нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно”, үнэлгээний хорооны үйл ажиллагааны журмын 4.1-т “Хуулийн 51.4-т заасан үндэслэлээр үнэлгээний хорооны хурлыг хойшлуулсан бол холбогдох тодруулга авах хүсэлтийг холбогдох этгээдэд яаралтай хүргүүлж, хариу авна” гэж хууль тогтоомжид заасныг зөрчсөн.
Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж заасныг зөрчсөн.
“Т” ХХК-ийн хувьд тендер шалгаруулалтын баримт бичгийн III хэсэг техникийн тодорхойлолт, үзүүлэлтийн дагуу захиалагчийн хүссэн техникийн шаардлагыг хангасан талаарх мэдээллээ хүснэгтээр харьцуулан ирүүлсэн бөгөөд Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 барааг нийлүүлэх үйлдвэрлэгчийн итгэмжлэл, зөвшөөрөл, схем зураг зэргийг хавсаргасан. Үнэлгээний хорооны тэмдэглэлээр нэхэмжлэгч ОХУ-ын “Т” ХХК-ийн тендерийн санал болгосон бараа нь шаардлагыг хангасан. Тендерт гэрээ байгуулахаар шалгарсан “Х” ХХК-ийн цахилгаан хөдөлгүүр Д808Б-1 барааны зураг нь бусад тендер оролцогч нарынхтай ижил талаарх үйл баримт тогтоогдож байгаа болохыг шүүх анхаарч үзсэнгүй.
Нэхэмжлэгч ОХУ-ын “Т” ХХК нь тендерийн ерөнхий шаардлагыг хангасан, гэрээ байгуулахаар шалгарсан “Х” ХХК-иас 212,808,409 төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, дараахь байдлаар хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. “Т” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тус газрын тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “Х” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн М-ДБ-112-12/147 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Х” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгож, “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” худалдан авах тендерийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр нээсэн байх бөгөөд тендерт нэхэмжлэгч “Т” ХХК, гуравдагч этгээд “Х” ХХК болон нэр бүхий нийт 7 хуулийн этгээдүүд оролцсон байна.
4. Үнэлгээний хороо ирүүлсэн тендерүүдийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан үзэж, “Х” ХХК-ийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлж, гэрээ байгуулах саналыг захиалагчид уламжлахаар шийдвэрлэсний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/12139 дүгээр албан бичгээр “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай, “Т” ХХК-д М-ДБ-112-12/12144 дүгээр албан бичгээр “...Танай техникийн тодорхойлолтын хавсралт №1-д ирүүлсэн цахилгаан хөдөлгүүрийн зураг лаптай хэвтээ байрлалтай тул шаардлага хангаагүй. Захиалагчийн шаардаж байгаа хөдөлгүүр нь босоо байрлалтай фланецтай хөдөлгүүр болно” гэсэн үндэслэлээр тендерээс татгалзах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
5. “Т” ХХК-иас тендер шалгаруулалтын дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар гарсан гомдлыг Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 02/11146 дугаар албан бичгээр “... К А П нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болохыг нотлох баримт бичиг ирүүлээгүй” гэх үндэслэлээр буцаасан бол тендерт оролцогч “А” ХХК-иас гаргасан гомдлыг хянаад, Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03/03 дугаар албан бичгээр “... тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахих хийх”-ийг мэдэгдсэн байна.
6. Үүний дагуу 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний хороо тендерийг дахин хянан үзэж, 3 дугаартай тэмдэглэл, зөвлөмжөөр “Х” ХХК-ийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж дүгнэн, үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналаар гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид уламжилж, улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/147 дугаар албан бичгээр “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлж, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Х” ХХК-ийн хороонд 2026/10-10 дугаартай “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” худалдах-худалдан авах тухай гэрээг байгуулсан.
7. Харин шаардлагад нийцээгүй гэж “Т” ХХК-ийн тендерээс татгалзахдаа өмнөх шийдвэр болох “... М-ДБ-112-12/12144 дүгээр албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдэж” М-ДБ-112-12/152 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн байна.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...суурилуулалтын төрөл нь тухайн цахилгаан хөдөлгүүрийн байрлалтай шууд холбоотой эсэхийг нотолсон баримтыг хариуцагч шүүхэд гарган өгөөгүй ... цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 бараа нь хэвтээ, босоо байрлалтай аль нь болохыг захиалагч тендерийн баримт бичигт тусгах нь хуульд нийцнэ ... нэхэмжлэгчийн зүгээс цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 барааны хэвтээ лаптай, босоо фланецтай 2 төрлөөр схем зургийг хавсарган ирүүлсэн байхад зөвхөн хэвтээ лаптай зураг ирүүлсэн мэтээр дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй...” гэж тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... техникийн тодорхойлолтод IM4013 гэж бичсэн боловч нотлох баримт дээрээ IM1001, IM1002, IM1003, IM1004 гэж ерөнхий байдлаар ирүүлсэн. Мөн фото зураг дээр суурьтай буюу хөлтэй хөдөлгүүрийн зураг ирүүлсэн. Гэтэл манай захиалсан хөдөлгүүр бол урд талын духны хэсгээрээ бэхлэгддэг” гэж тайлбарласан.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д “Техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-т “Санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-т “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.3-т “Шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заасан.
11. Тодруулбал, үнэлгээний хорооноос оролцогчийн санал болгосон барааг техникийн тодорхойлолтод нийцсэн, тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн гэж үзэн үнэлж гэрээ байгуулах эрх олгох, бусад тохиолдолд шаардлага хангаагүй гэж татгалзах шийдвэр гаргах тухай зөвлөмжийг захиалагчид уламжилж, захиалагч холбогдох шийдвэрийн аль тохирохыг гаргахаар хуульчилсан.
12. Тендерийн баримт бичгийн III бүлэг “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага” Барааны нэр: Тогтмол гүйдлийн хөдөлгүүр, “Санал болгож буй техникийн тодорхойлолтод зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичих, дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэж, Бараа: Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1 /Тогтмол гүйдлийн хөдөлгүүр Белгородский электротехнический завод (эсхүл түүнтэй дүйцэх) гээд техникийн үзүүлэлтийн хүснэгтийн 4 дэх мөрөнд суурилуулалтын төрөл IM4013 гэжээ.
13. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзвэл санал болгож буй хөдөлгүүрийн техникийн үзүүлэлтэд “Суурилуулалтын төрөл” IM4013 гэж заасан боловч холбогдох баримт болох хөдөлгүүрийн схем зурагт “Суурилуулалтын төрөл” IM1001, IM10012, IM1003 IM1004 гэсэн байна.
14. Нэхэмжлэгчийн санал болгож буй Д-808Б1 загварын цахилгаан хөдөлгүүрийн техникийн тодорхойлолтод болон түүнийг нотолсон баримтуудын “Суурилуулалтын төрөл” зөрүүтэй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд “... техникийн үзүүлэлтийн харьцуулсан хүснэгтэд IM4013 гэж бичсэн нь шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь түүнийг нотлох бусад баримт болох хөдөлгүүрийн схем зураг, дэлгэрэнгүй тайлбарт байгаа мэдээлэлтэй харьцуулан тус тендерт шаардлага хангаагүй гэж хянан үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
15. Тиймээс “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль үндэслэлгүй байна.
16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, захиалагч шаардлагад нийцсэн тендерийг үнэлэн эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэхээр байна.
17. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн санал болгож буй хөдөлгүүр нь дээр дурдсанаар нэгэнт шаардлага хангахгүй нь тогтоогдсон, хариуцагчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй энэ тохиолдолд хамгийн сайн тендер болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны акт болох үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэл, зөвлөмж болон М-ДБ-112-12/147 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “... хэмжээсийн талаар “Х” ХХК-иас тодруулга авах боломжтой байсан, үнэлгээний хороо өөрийн санаачилгаар 2 хөдөлгүүрийн хэмжээсийг шаардлага хангасан гэж шийдвэрлэсэн нь холбогдох хууль, журмыг зөрчсөн” гэжээ.
19. Тендерийн баримт бичгийн III бүлэг “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага” Бараа: Тогтмол гүйдлийн хөдөлгүүр ДПЭ-200П-2У1 200 кВт, 400В гээд техникийн үзүүлэлтийн хүснэгтийн 16 дахь мөрөнд “Ерөнхий хэмжээс, мм – 1714х1060х1355” гэж, Бараа: Тогтмол гүйдлийн хөдөлгүүр ДПЭ-350-2У2 350кВт, 440В гээд техникийн үзүүлэлтийн хүснэгтийн 15 дахь мөрөнд “Ерөнхий хэмжээс, мм - 1895х1180х1620” гэж тусгасан байна.
20. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн тендерийн материалыг судлахад, дээрх үзүүлэлт, хэмжээсийг 1714Ч1060Ч1355, 1895Ч1180Ч1620Ч гэж ирүүлсэн боловч тоон утгын хувьд техникийн тодорхойлолтод заасан хөдөлгүүрийн хэмжээнээс өөр хэмжээ ирүүлээгүй тул гуравдагч этгээдийг буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд “... мм 1895х1180х1620 гэдэг нь тухай барааны техникийн үзүүлэлт “1895 1180 1620” гэсэн хэмжээс утгыг илэрхийлж байх тул шаардлага хангасан гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
21. Дээрхээс дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.3-т “Захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж зааснаар “Х” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэл, зөвлөмж, болон “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн М-ДБ-112-12/147 тоот мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
22. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “Хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 48 дугаар зүйлийн 48.2-д “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 48.2.6.худалдан авах гэрээ байгуулах” гэж тус тус заасан.
23. Нэхэмжлэгчээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч “Х” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангасан, энэ талаар шийдвэрлэсэн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хууль зөрчөөгүй байх тул тус худалдах-худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.
24. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 119/ШШ2026/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН