Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00623

 

Ү.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00612 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1101 дүгээр магадлалтай,

Ү.Б ийн нэхэмжлэлтэй,

“Г” ХХК-д холбогдох,

Алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7,558,370.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ү.Б э нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7,558,370.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч ...холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн ажилласан, 7,558,370.19 төгрөгийг хууль бусаар суутган авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй... гэсэн тайлбарыг гарган маргасан байна.  

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00612 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Г ХХК-иас 7,558,370.19 төгрөг гаргуулахыг хүссэн Ү.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,883.94 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1101 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00612 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,884 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.20-ны өдрийн 1101 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ү.Б э нь хариуцагч “Г” ХХК-аас “Алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7,558,370.19 төгрөг гаргуулах”-аар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” болж чадаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1-д заасны дагуу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Ү.Б э нь 2017.02.01-ний өдрөөс 2017.02.02-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн биет алтны арилжаа хийж 301,383,613.72 /гурван зуун нэг сая гурван зуун наян гурван мянга зургаан зуун арван гурван төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийн үнийн дүн бүхий алтыг хариуцагч Гинд худалдсан. Хариуцагч “Г” ХХК нь дээрх арилжааны нийт үнийн дүнгээс 7,558,370.19 /долоон сая таван зуун тавин найман мянга гурван зуун далан төгрөг, арван есөн мөнгө/ төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-т суутгаж, үлдэгдэл 293,825,243.53 /хоёр зуун ерэн гурван сая найман зуун хорин таван мянга хоёр зуун дөчин гурван төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг Ү.Б эд олгосон бөгөөд алтны арилжааны үнийг дутуу шилжүүлсэн байдаг. Гны энэхүү үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжид нийцээгүй хууль бус үйлдэл юм. Тодруулбал, “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” бол нэг төрлийн албан татвар. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 3/ “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэж заасан байдаг. Арилжаа хийгдэх үед буюу 2017 онд хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн агуулга, зохицуулалтаас үзэхэд “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” нь гагцхүү ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд хуульчлан оногдуулсан албан татвар байсан. Түүнчлэн, 2020.01.22-ны өдрийг хүртэл дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хууль /2008/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна”, 12.2-т “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно.” гэж тус тус хуульчилсан ба 2006 онд УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар АМНАТ-ыг “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч-хуулийн этгээд” төлөх үүрэгтэй байжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ү.Б э нь АМНАТ төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд биш юм. Гэтэл Г иргэн Ү.Б ийн тушаасан алтны үнийн дүнгээс хууль бусаар албан татвар суутгаж, алтны үнийг дутуу шилжүүлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу алтны арилжааны үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг бүрэн гүйцэт залруулж чадсангүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх дээр дурдсан хуулиудыг хэрэглээгүй бөгөөд анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулсангүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “Хэрэгт авагдсан дээрх 3 удаагийн алт, үнэт металын арилжааны хэлцэлд алт худалдсан үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 7,558,370.19 төгрөгийн АМНАТ суутган тооцох талаар нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн, шилжүүлэг хийх үед гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдож байна. /хэргийн 69-71 дүгээр тал/ Иймд хариуцагч байгууллагын хувьд худалдах-худалдан авах гэрээний үнийг дутуу шилжүүлсэн, АМНАТ суутгах үндэслэлгүй байсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн явдал болжээ. Учир нь, хэргийн материалд авагдсан алтны арилжааны хэлцэлд нэхэмжлэгч Ү.Б э гарын үсэг зурсан байдаг боловч уг хэлцэлд АМНАТ-ын талаар тохиролцоо байдаггүй. Иймээс, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ уг баримт дээр байхгүй үг үсгээр тайлбарласан явдал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

4.2. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Гны АМНАТ суутгасан үйлдлийг зөвтгөхдөө “Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 дахь хэсэгт Засгийн газрын 2014.07.04-ний өдрийн 220 дугаартай тогтоолыг шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарласныг буруутгах үндэслэлгүй.” гэж дүгнэсэн байна. Гэтэл Засгийн газрын 2014.07.04-ний өдрийн 220 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан аргачлал нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасан “Хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно, 3.6-д заасан “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ.” гэсэн шинжүүдийг хангахгүй байна. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан аргачлал нь 1-т: иргэний хуульд нийцүүлэн гаргасан биш, 2-т: иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулаагүй, 3-т: хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан биш харин хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон хууль бус хэм хэмжээний акт байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байдаг. Гэтэл хуулиас давсан хэм хэмжээ буюу Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалыг баримтлан иргэний тушаасан алтнаас албан татвар суутгасан хариуцагчийн үйлдлийг зөвтгөх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй. Учир нь, хууль зөрчиж хийгдсэн аливаа хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагавартай байдаг билээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгч Ү.Б ийн хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан “Алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7,558,370.19 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч Ү.Б э нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7,558,370.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...301,383,613.72 төгрөгийн үнэ бүхий нийт 3862.30 гр алтыг хариуцагч банкинд худалдаж, үнээс 293,825,243.53 төгрөг хүлээн авсан, харин хариуцагч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт гэж хууль бусаар 7,558,370.19 төгрөгийг суутган авч, алтны үнийг дутуу шилжүүлсэн... гэж маргасан байна.

7. Хариуцагчаас нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлийг “...холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн ажилласан, 7,558,370.19 төгрөгийг хууль бусаар суутган авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй, ...Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол болон Татварын албанаас тавьсан шаардлагын дагуу иргэдээс алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүрт суутган авч, улсын төсвийн санд шилжүүлсэн” гэж тайлбарлажээ.

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” болгон өөрчилсөн байна.

9. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө”, ...47.5-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан ашигт малтмалын нөөц ашигласны тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд багтаан төлнө” гэж тус тус заасан.

10. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, Монгол Улсын Засгийн газрын 2014.07.04-ний өдрийн 220 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 3.3-т ...арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ... гэж зохицуулжээ.

11. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэгчийн, тус банктай байгуулсан 3 удаагийн алт, үнэт металын арилжааны хэлцлээр алт худалдсан үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль болон дээрх аргачлалд заасны дагуу нийт 7,558,370.19 төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутган тооцсон, ийнхүү суутгал хийхийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч, арилжааны хэлцлийн баримтад гарын үсэг зурсан нөхцөл байдлууд тогтоогдсон байна. /хх-ийн 69-71 тал/

12. Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн, хариуцагч “Г” ХХК-аас алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7,558,370.19 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

13. Мөн, давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу баримталсан гэж үзэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.

14. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх ...Татварын тухай хууль /2008 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, ...Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй бөгөөд анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулсангүй. ...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байдаг. Гэтэл хуулиас давсан хэм хэмжээ буюу Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалыг баримтлан иргэний тушаасан алтнаас албан татвар суутгасан хариуцагчийн үйлдлийг зөвтгөх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.  

15. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1101 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.23-ны өдөр төлсөн нийт 135,885.94 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН