Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2011 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 20

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/017/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, Д.Ганболд, Ж.Шагдар,

нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Г.Яндаг,

хохирогч Ц.У , Б.Т ,

шүүгдэгч Ц.Б  түүний өмгөөлөгч П.Батжаргал /0-306/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Б  овогт Ц ы Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123624 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б  овогт Ц ы Б  /РД:..., ИҮД:.../ 19.. оны .. дугаар сарын ..-нд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг . . дүгээр гудамжны .. тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум .. дугаар баг .. . гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Ц.Б  нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг Чулуутын .. тоотод архидан согтуурсан үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин  иргэн Ц.У , Б.Т  нарыг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз Хүрэлбаатарын хамт хөдөөнөөс орж ирээд Өсөх караокэд 0.5 литрийн 2 шил Ерөөл архи, 0.5 литрийн 4 шил Боргио пиво хувааж ууцгаасан. Баарнаас орой харанхуйд гараад гэр рүүгээ явж байгаад согтоод тасарсан. Нэг сэрсэн дүүгийндээ байсан. …Хийсэн зүйлдээ харамсаж байна. Архи хэрэглэсэн үедээ ах дүү хоёроо гэмтээсэндээ харамсаж байна. Дахиж ийм зүйл гаргахгүй” гэв.

 

 

 

D:\Áàòáàÿð 181.3 òîãòîîë.doc

Хохирогч Ц.У  шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орой 10 цаг өнгөрч байхад нохой хуцаад байсан. Гарсан чинь манай ах согтуу ирсэн. Тухайн үед манай ээж өвчтэй зовлонтой байсан болохоор би ахыг өөрийнхөө гэрт оруулсан боловч удалгүй ээжтэй уулзмаар байна гээд ер унтахгүй байсан. Тэгж байгаад нэг хэсэг намжсан. Тэгээд ах гэнэт босож ирээд шээе гэхээр нь архи нь гараад арай гайгүй болчихож гэж бодоод гаргасан. Араас нь гарахад амбаарт түчигнээд явчихсан. Би ахыг гэр рүүгээ ор гэхэд орохгүй ноцолдох явцад миний гар хүндрээд явчихсан. Манай бага дүү гарч ирээд Т  ахыг Б  ах хутгалсан байна гэсэн. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг рүү явсан. Одоо гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч Б.Т  шүүхийн хэлэлцүүлэгт “…тухайн орой дүүгийнхээ ногоог ялгаж байсан. 22 цагийн үед Б  согтуу орж ирсэн. …Б ыг дарж орон дээр хэвтүүлсэн. Би гарч шээмээр байна гэхээр нь архи нь гарчихсан юм болов уу гэж бодоод гаргасан. Тэгсэн үүдний амбаарт надтай таарсан. Надтай юу ч яриагүй.атлаа толгой руу цохих шиг болсон. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1192 тоот шинжээчийн дүгнэлтэд Ц.У ын биед зүүн сарвуу, тохой, цээжний зүүн өмнө, хуйхны шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ /хэргийн 21 дүгээр тал/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1193 тоот шинжээчийн дүгнэлтэд Б.Т ын биед цээжний зүүн ар хэсэг, бүслэхийн баруун тал, зүүн чамархайн шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 33 дугаар тал/,

 

Хохирогч Б.Т , Ц.У  нарын мэдүүлгүүд /хэргийн 7-9, 10-12 дугаар тал/

гэрч Д.Б, Ц.Б нарын мэдүүлгүүд /хэргийн 15, 19 дүгээр тал/,

 

Ц.Б  нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум 3 дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 57 дугаар тал/,

 

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 58 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Б  нь төрсөн дүү Ц.У ,

ээжийнхээ дүү Б.Т тай урьд таарамжгүй харьцаатай байсан талаар мэдүүлдэг хэдий ч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Б  2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул

аймгийн Дархан сум 1 дүгээр баг Чулуутын 4-24 тоотод архи ууж согтуурсан үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр иргэн Ц.У , Б.Т  нарыг хутгалж гэмтэл учруулсныг танхайрах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлаж өгөөгүй нь хэдий ч тухай өдөр болсон үйл явдал, хохирогч нарын биед хэн хэрхэн гэмтэл учруулсан талаар гэрч Д.Б , Ц.Баттөгс нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 1192,1193 тоот акт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б т Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулна.

 

Шүүгдэгч Ц.Б  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан, хохирогч Б.Т , Ц.У  нар “…шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байдал мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаас гадна хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Ц ы Б ыг бусдыг илтэд үл хүндэтгэн ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Ц ы Б т 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сар 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар шүүгдэгч Ц ы Б т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ц ы Б  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Ц ы Б т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт 1 ширхэг хутгыг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц ы Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

 

                        ШҮҮГЧИД                                                       А.АЛТАНХУЯГ

 

                                                                                                Ё.РИНЗААН