| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/36 |
| Дугаар | 36 |
| Огноо | 2012-02-09 |
| Зүйл хэсэг | 138.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч Д.Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
хохирогч А.М ,
хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-д заасан гэмт хэрэгт Ц овогт Д гийн Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123530 тоот хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Ц овогт Д гийн Б , /РД:.../, 19.. оны .. сарын ..-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын үйлдвэрийн текнологич инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум .. дугаар баг .. тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй.
Шүүгдэгч Д.Б нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс буюу хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай холбогдох хуулийн заалтыг зөрчсөнөөс 2011 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр үйлдвэрийн осол гарч хэвлэх операторчин ажилтай С.Г нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тус үйлдвэрт 2011 оны 9 сарын 30-нд үйлдвэрийн осол болсон. Тухайн өдөр хохирогч эмэгтэй ээлжтэй ажиллаж байсан. Холигч машины дээд талд усны крант байрладаг ба тухайн үед талийгаач тэрэн дээр гарч ус тааруулах гэж гараад осол болсон. Тухайн өдөр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг манай үйлдвэрийн технологич Э өгөөд гаргасан. Ер нь бол би анх жижиг дунд үйлдвэрийн зээлийг авч үйлдвэрээ босгосон. Хэргийн талаар би бодоход усаа тааруулаад л буух ёстой байсан. Тухайн үед ажлын хувцасны гадуур ноосон цамц өмссөн байснаас цамц нь холигч машин луу татагдан орж осол болсон байх тэрэндээ орооцолдсон байх гэж бодож байгаа. Гэхдээ би энэ хүн нас барсан асуудал дээр үнэхээр харамсаж байгаа юм аа.
C:\Documents and Settings\User\Desktop\Ä.Áàÿðìàãíàé 138.2-.doc
Унахдаа толгойгоо цохьсон юм шиг байгаа юм. Хохирол төлбөрийн асуудал болон 36 сарын цалинг төлнө. Хүний амь нас хохирсонд харамсаж байна” гэв.
Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай хүн 2010 оны 6 сарын дундуур уг компани анх байгуулагдахад нь ажилд орсон. 2011 оны 9 сарын 30-ний өглөө ажилд гарсан. Би бас өглөө ажилд гараад орой 20 цагт буух байсан. Ажлаа тараад орой буух болохоороо хэлдэг. Тэгээд ажлаа тараад усанд орж байсан чинь манай жолооч М та тайван байгаарай танай хүн осолд орсон байна битгий сандараарай гэсэн. Чамайг эмнэлэг дээр ир гэсэн байна гэхээр нь ээжийгээ аваад очиход талийгаач маань нас барсан байсан. Хохирол төлбөрт 1817000 төгрөгний хохирол авсан. Эндээс өчигдөр 516000 төгрөг шилжүүлэн авсан. Би бол хохирол төлбөр хангалттай өгсөн гэж бодохгүй байна. Тухайн үед манай хүн 9 сарын 30-ний өдөр нас барсан байхад 9 сарын цалинг нь олгоогүй. Үйлдвэрийн ажил л хийж байсан. Шүүхийн зардал бас гарсан. Манай хүн ажил хийж яваад үйлдвэрийн ослоор нас барсан учраас хөнгөлөлт тусламж юм байвал хамруулж өгнө үү. 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авмаар байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Б нь “Дархан керамзит” ХХК-ний үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа тус үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 2011 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр үйлдвэрлэлийн осол гарч улмаар хэвлэх операторчин ажилтай С.Г ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.М ын “... М халуун усны газар ирээд надад эхнэр чинь осолд орсон байна. Чи тайван байгаарай. Чамайг эмнэлэг дээр ир гэж байна гэсэн. Ингээд л би сандраад эмнэлэг дээр ирэхэд талийгаач маань өнгөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 12 дугаар хуудас/,
гэрч Н.С ийн “... Энэ өдөр ажил эхлээд хийж байхад зуухан дээр хэд хэдэн удаа бөглөрөл гарсан. Тэгээд бөглөрлийг арилгахын тулд бүх тогоо унтраагаад тэгээд бөглөрлийг гаргаад дахин машиныг асаадаг юм. 19 цагийн орчим крантаас ус гарахаа больчихсон. Тэгээд л талийгаач Г эгч дээш гарч крантаар ус тохируулахаар гарсан юм. Тэгээд С о бид хоёрыг ус их гарчихлаа. Шавраа ахиухан явуул гэж хэлээд хэвлэгч дээр зогсож байсан. Тэгээд бид хоёр туузан зөөврөөр шавар хүрздэн явуулж байхад талийгаач гэнэт орилсон. Тэгээд би пускайтелийг салгасан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 15 дугаар хуудас/,
гэрч Б.Э гийн “... 2 голт холигчийн дээшээ харахад талийгаач 2 голт холигч дээр тэгнээд унасан байдалтай 2 хөл нь унжчихсан харагдсан. Тэгээд би сандраад шатаар холигчийн тавцан руу гарч харахад талийгаач баруун гараа холигч руу хийсэн байдалтай, зүүн гараа урагш сунгасан байдалтай хэвтэж байсан. Манай керамзитийн үйлдвэрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг аав хариуцдаг байсан, зааварчилгааг аав боловсруулж тэгээд Янжмаа эгч ажилчдад зааварчилгыг танилцуулж ажилчдаар гарын үсэг зуруулдаг байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 18 дугаар хуудас/,
гэрч Б.Төмөрцоожийн “... Талийгаач шавар хэвлэгч дээр ажил үүргийн хуваарийн дагуу хааяа гардаг. Шавар хэвлэгчийн тавцан дээр гарч усны крант нээж ус тохируулах мөн шавар хэвлэгч гацаж шороонд бөглөрсөн үед гацааг гаргах зэргээр ажлын шаардлагаар шавар хэвлэгчийн тавцан дээр гарч ажилладаг байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 20 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний ¹117 тоот дүгнэлт: “ Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлээр нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй” гэсэн дүгнэлт, /хэргийн 24 дүгээр хуудас/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Шинжээчийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ¹36/08/03 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтанд оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх” гэсэн шаардлагыг ажил олгогч хангаагүй”, 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлээр үнэ төлбөргүй хангах”, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан “ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” ажил олгогчийн үүргүүд биелэгдээгүй.
“Үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага” МNS 4930:2000 стандартын 3 дугаар зүйлийн 3.3-т заасан “Үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийн аюул, ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хэсгүүдэд хаалт, хамгаалалтын хэрэгсэл тавьсан байна” гэсэн шаардлагыг хангаагүй. ... Иймд хөдөлгөөнт хэсгүүдэд хаалт, хамгаалалт тавиагүйн улмаас уг осол гарсан” гэсэн дүгнэлт /хэргийн 31, 32 дугаар хуудас/ болон 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ¹36/08/608 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.Б г үйлдвэрлэл явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй, уг журмыг зөрчиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд үүний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч А.М аас “талийгаачийн оршуулгын зардал болох 2303000 төгрөг нэхэмжилж байна үүнээс төлөгдсөн нийт 1817000 төгрөгийг хасаад үлдэх 486000 төгрөгийг, мөн талийгаачийн 36 сарын цалинг бүрнээр гаргуулж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд 1721296 төгрөг тогтоогдсон бөгөөд “А ” ХХК-аас бэлэн хөшөө чулуу авсан 150000 төгрөгний баримт нь тамга, тэмдэг байхгүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь нийт 1817000 төгрөг төлсөн мөн хохирогч уг төлбөрийг хүлээн авсан гэж мэдүүлж байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.М нь “талийгаач С.Г ийн 36 сарын цалинг бүрэн гаргуулж өгнө үү” гэж нэхэмжилж байгаа боловч талийгаачийн цалингийн талаарх нотлох баримт хангалттай цуглуулаагүй, уг нөхөн төлбөрийг тооцох боломжгүй тул хохирогч А.М нь энэ талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Д.Б гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хэргийн 46 дугаар хуудас/ хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.
Талийгаач С.Г нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө ... аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт Д гийн Б г хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-д зааснаар Д гийн Б г “****ХХК-ний үйлдвэрийн даргаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Б д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Д.Б гаас энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Хохирогч А.М нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бор шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг, ягаан өнгийн нарны өрөөсөн шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Б д оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил хугацаагаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Д.Б д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Д.Б д хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Д.Б г “***” ХХК-ний үйлдвэрийн даргаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Б д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ