Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1408

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01399 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Б-д холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 50 742 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Э-

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

     Нэхэмжлэгч Э.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр П.Б-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 4 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1 500 000 төгрөгийн, мөн сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөг, 29-ний өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөгийг, мөн сарын 19-ниий өдөр 3 000 000 төгрөгийг, 02 дугаар сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөгийг тус тус сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 3 дугаар сарын 31-ний өдөр 6 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцлөөр тус тус зээлийн гэрээ байгуулсан.

     2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Энэ гэрээний хувьд 2017 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх 6 сарын хүү 1 350 000 төгрөг, үндсэн зээл 4 500 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар алданги тооцож 2 925 000 төгрөг нийт 8 775 000 төгрөгийг төлөөгүй.

     2 дахь гэрээний хувьд хүүг төлсөн, үндсэн зээл 1 500 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар алданги тооцож 750 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөг,

     3 дахь гэрээний хувьд хүүг төлсөн, үндсэн зээл 4 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар тооцож алданги 2 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг,

     4 дэх гэрээний хувьд хүүг төлсөн, үндсэн зээл 3 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар тооцож алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг,

     5 дахь гэрээний хувьд хүүг төлсөн, үндсэн зээл 5 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар тооцож алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг,

     6 дахь гэрээний хувьд хүүг төлсөн, үндсэн зээл 3 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар тооцож алданги 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөг,

     7 дахь гэрээний хувьд хүү 200 000 төгрөгийн хүү, үндсэн зээл 4 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар тооцож 2 100 000 төгрөгийн алданги нийт 6 300 000 төгрөг,

     8 дахь гэрээний хувьд төлөөгүй 5 сарын хүү 1 500 000 төгрөг, үндсэн зээл 7 500 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар тооцож 3 750 000 төгрөгийн алданги нийт 11 250 000 төгрөг болно.

   Иймд дээрх 8 удаагийн зээл, хүү, алдангид бүгд 50 742 300 төгрөгийг хариуцагч П.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч П.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд бичсэн 8 удаагийн зээлийн гэрээг байгуулж, гэрээ тус бүрд заасан мөнгийг авч байсан нь үнэн боловч одоогийн байдлаар 10 000 000 төгрөг төлсөнийг үндсэн зээлээс огт хасалт хийлгүй, зөвхөн зээлийн хүү төлж байсан мэтээр нэхэмжилсэн. Би нэхэмжлэгчтэй уулзаж ярилцаад алданги тооцохгүй гэж надад амласан. Нэхэмжлэгч Э.Э-од 27 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

     Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Б-аас 42 038 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Э-ын урьдчилан төлсөн 411 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-аас 368 140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Э- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

            2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгахдаа 2017 оны 01 дүгээр сарын 07-нд биш оны 3 дугаар сарын 31-нд хийсэн гэсэн үндэслэлээр сунгалтыг хүчингүйд тооцжээ. Гэрээний хугацааг сунгахдаа 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тооцсон бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь зээлийн хүүг төлж байсан. Талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу бодит байдлаар хийгдсэн хэлцлийг хожим баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаснаас гадна мөн хуулийн 281, 282 дугаар зүйлийн холбогдох хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болсон.

Дээрх гэрээнүүдийн 6 зээлийн алданги нь 2017 оны 7, 8 дугаар саруудад 50 хувь хүрээд зогссон. Зээлдүүлэгчийг хамгаалахын тулд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийг хэрэглэхээр заасан. Би гэрээний дагуу хуульд заасан хэмжээнд алданги тооцсон. П.Б- нь удаа дараа ирж нэхэж шалсаар байсан тул ойр ойрхон олон зээл олгосон. Иймд 50 742 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Хариуцагч П.Б-, нэхэмжлэгч Э.Э-ийн зээлийн гэрээний үүрэгт 50 742 300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 27 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Талууд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш нийт 8 удаа зээлийн гэрээ бичгээр байгуулж Э.Э- нь П.Б-д 2-6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр 31 000 000 төгрөгийг цувуулан зээлдүүлсэн болох нь хэргийн 4-11 дүгээр хуудсанд авагдсан зээлийн гэрээ, тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, мөнгийг шилжүүлэн авсан үйл баримтад маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “10 000 000 төгрөгийн төлөлтийг үндсэн зээлээс хасаагүй, хүүд тооцсон, алданги тооцохгүй гэж амлаж байсан” гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүйн гадна нэхэмжлэгчийн “зээлээс 4 977 000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг үгүйсгээгүй учир хариуцагч П.Б-ыг гэрээний үүргээс 4 977 000 төгрөг төлж, үлдэх үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 Түүнчлэн талууд зээлийн гэрээний 4 дэх заалтаар зээлийн хүүг сар бүр төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд харшлахгүй тул нэхэмжлэгч Э.Э-ын, хариуцагчийн төлсөн үүргийн гүйцэтгэлийг зээлийн хүүд суутгасныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 8 зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 31 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний 1 сарын хүү 200 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 5 сарын  хүүд 1 500 000 төгрөг, 8 гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс алданги тооцон тус тус шаардсан нь талуудын гэрээний 2.4, 2.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь заалтад нийцжээ. Иймээс анхан шатны шүүхийн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Б-аас зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй үндсэн зээл 31 000 000 төгрөгийг, мөн гэрээний хугацаанд төлөх нийт хүү болох 6 015 000 төгрөгөөс төлсөн 4 977 000 төгрөгийг хасч, 1 038 000 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, талуудыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгаагүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийг, энэ гэрээний зээлийн хүүг 6 сараар тооцон шаардсаныг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцжээ. Учир нь нэхэмжлэгч Э.Э- 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний дагуу хариуцагчид 4 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дууссан байна. /хх-4 дэх тал/ Талууд гэрээний хугацааг сунгах тохиолдолд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д зааснаар хугацаа дууссан өдрөөс дахин бичгийн хэлбэрээр гэрээ байгуулснаар мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу зээлийн хүү шаардах эрх үүсэх юм. Гэтэл талууд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дээрх гэрээний хугацааг сунгасан агуулгатай гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч хүү шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Э.Э-ын хариуцагчаас шаардаж буй алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс хэтэрсэн, мөн нэг гэрээний үүрэг дуусгавар болоогүй, хариуцагч өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчилтэй байхад давтамжтайгаар нэмж зээл олгож байсан хэргийн нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийн хэмжээг багасган 10 025 000 төгрөгийн алданги хариуцагч П.Б-аас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 Харин алдангийн хэмжээг багасгахдаа Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан байх боловч энэ шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 411 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                  ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД