| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 122/2025/0015/З |
| Дугаар | 221/МА2026/0320 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0320
Иргэн М.Б, Б.Го, Д.Ух,
өмгөөлөгч Ч.Эц нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бо, М.Го, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Сс
Нэхэмжлэгч: СБ аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Ч.Эц, СБ аймгийн Бу сумын 8 дугаар багийн иргэн М.Б, Б.Го, Д.Ух
Хариуцагч: СБ аймгийн Засаг дарга, СБ аймгийн СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гуравдагч этгээд: “Хш” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “СБ аймгийн СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай” А/39 дүгээр тогтоол, СБ аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: СБ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгч, өмгөөлөгч Ч.Эц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бо, М.Го, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бб, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Бб
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 122/2025/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. СБ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр:
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 19.3,19.3.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2, 7.2, Усны тухай хуулийн 1.1, 3.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай” А/39 дүгээр тогтоол, СБ аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бо, М.Го нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
“2.1. Шүүхийн шийдвэрийн Хууль зүйн үндэслэлийн 6.11-т "СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь "Зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай" 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А/04 дугаартай тогтоолоор "БЭО" гэх газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан дээрх газар болон маргаан бүхий "Эх" гэх газрын солбилцлууд нь давхцалтай гэдэг нь тогтоогдсон" гэжээ.
“Хш” ХХК нь "Эх" ХV-22000060 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах СБ аймгийн СБ сумын нутагт оршин "Эх" хайрга-элсний холимгийн ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дараа тус газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15.1.2 дахь хэсэгт заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймгийн Засаг даргад гаргасан байдаг.
Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу шүүлт хийх ажиллагаа явуулахад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас дээрх өргөдлийн талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцалгүй тул хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Мөн СБ аймгийн СБ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг дэмжсэн тогтоолыг ирүүлсэн байдаг. Дээрх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. СБ аймгийн СБ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "БЭО" тусгай хэрэгцээнд авах талаар шийдвэр гаргасан боловч, тухайн тогтоолыг албажуулаагүй, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. Энэ эрх нь Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд байгаа үүрэг ба үүргээ биелүүлээгүй нь аймгийн Засаг даргад хамааралгүй.
Хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хэм хэмжээ тогтоосон актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй харин ч эсрэгээрээ "дэмжсэн" тогтоол гаргаж ирүүлсэн, тусгай хэрэгцээнд авсан баримт бичиг байхгүй болно гэх утгатай албан бичиг ирсэн учраас аймгийн Засаг даргаас өргөдлийг хангаж шийдвэрлэсэн.
Мөн "шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот дүгнэлтэд "БЭО" 14577.466 га байгалийн дурсгалт газрын хил заагийг СБ аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" захирамжаар "Хш" ХХК-д олгосон "Эх" нэртэй 177.54 га талбайтай давхцуулан үзэхэд тус хоёр газар давхцалтай гэдэг нь тогтоогдсон" гэж шүүх дүгнэжээ. Шинжээчийн энэ дүгнэлт нь Хш ХХК-д олгосон 177.54 га тусгай зөвшөөрөл бүхий талбай нь "БЭО" 14577.466 га талбайтай давхцаж байгаа гэсэн агуулгыг илэрхийлэхээс бус БЭО тусгай хэрэгцээний газартай Хш ХХК-нийн тусгай зөвшөөрөл давхцаж байна гэсэн үг биш юм.
2.2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг хавсарган аймгийн Засаг даргад гаргахаар хуульд заасан. Харин аймгийн Засаг даргаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу өргөдлийг хүлээж аваад мөн хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх, 17.3. Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байхаар хуульчилсан. Эдгээр заалтуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн байх шаардлага тавиагүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авсаны дараа тавигддаг хуулийн шаардлага. Гэтэл шүүхээс уг үнэлгээг хийлгээгүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэжээ. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болгоныг хүлээн авч хангаж шийдвэрлэх ёстой гэсэн үг биш. Тиймээс тухайн хуулийн этгээд тусгай зөвшөөрлөө авах эсэх нь эргэлзээтэй, шийдэгдээгүй байхад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулна гэсэн ойлголт байхгүй. Энэ үнэлгээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосны дараа тавигддаг шаардлага.
2.3.Нэхэмжлэгч Ч.Эцээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход сонгон шалгаруулалт явуулах ёстой. Гэтэл сонгон шалгаруулалт явуулаагүй хууль зөрчсөн гэж маргадаг.
“Хш” ХХК нь тус талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй. Хайгуулын ажлын тайлангийн үр дүнгээр тус талбайн геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлнэ: 15.1.2.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах гэж заасан ба энэ онцгой эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймгийн Засаг даргад гаргасан байдаг тул тус компанийн гаргасан өргөдөл хууль зөрчөөгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байдаг.
2.4. Нэхэмжлэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ашиглалтын үйл ажиллагаа явагдсанаар усны ундрага татарсан, мал бэлчих боломжгүй болсон, бэлчээр устаж байгаа, саалийн үнээ зэлэндээ ирэхгүй байгаа гэж хэлдэг. Мөн Үндсэн хуульд заасан оршин суух, хөрөнгөтэй байх эрхэд халдаж байна гэж хэлдэг. Хш ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 177.54 га талбайн нийт хэмжээнд эдгээр малчдын бэлчээр хамарч байгаа ч заавал тухайн малчдын гэр бууц байгаа газар болон худаг ус байгаа газарт ашиглалт явуулна гэсэн үг биш. Ашигт малтмалын тухай хуулийн 24.4.2. тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй байх гэсэн шаардлага тавьсан. Тусгай хэрэгцээний болон нөөцөд авснаас бусад газарт хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгож болно.
Монгол Улс бол засаг захиргааны хувьд нэгдмэл хэдий ч хүн амын суурьшил тархай. Аль ч аймаг, сум, багт очсон мал аж ахуй байхгүй нутаг гэж байхгүй. Тиймээс хууль тогтоогчоос Түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шаардлагад мал аж ахуй байдаггүй газар гэх шаардлагыг тусгаж өгөөгүй бусад шаардлагыг тусгаж өгсөн. Тухайн ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл олгосон талбайд мал аж ахуй эрхэлдэг малчид хашаа саравч руу орох, худаг усанд ойр ирсэн тохиолдолд зөвшөөрөл олгосон Засаг дарга бус тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хуулийн этгээд болон эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй иргэд хооронд нөхөн олговор олгох (шинээр худаг ус гаргуулах, өөр бэлчээрт нүүхэд нь тусламж үзүүлэх гэх мэт) асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлүүлэх асуудал байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариултын шатанд нэхэмжлэгч М.Б болон гэрч Д.Ог нараас нь өнгөрсөн өвөл болон одоо хаана хаваржиж, өвөлжсөн бэ?, мал маллах болон малын бэлчээрт гарч идээших зэрэгт тулгамдаж буй бодит асуудал байна вэ? гэж асуухад анх байсан өвөлжөө, хаваржаандаа нутагласан. Малаа хэвийн бэлчээж байгаа, тухайн компанийн үйл ажиллагаанаас болоод үхэж үрэгдсэн мал байхгүй гэж хариулсан нь тухайн нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг шууд хохироосон, зөрчсөн асуудал байхгүй байгаа нь тогтоогдож байна.
2.5.Тухайн шүүх хуралдаанд хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Бо миний бие оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр сууринаас тайлбараа гаргаж, мэтгэлцэж оролцсон. Гэтэл шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бо тайлбар гаргаагүй мэтээр тусгажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн агуулгыг хуульчилж өгсөн ба 107.3. Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана гэж заажээ. Үүнээс харахад шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн тайлбарыг үгүйсгэсэн нь түүнд үнэлт дүгнэлт өгөөгүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаа тул СБ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 009 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Ссгээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
Шийдвэрээр СБ аймгийн СБ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн А/39 дугаар тогтоол, СБ аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны А/327 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон бөгөөд шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрнө.
3.1. Нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй болон нэхэмжлэлийг хүлээн авахаас сонирхол татгалзах үндэслэлүүд байсан тухайд;
Нэхэмжлэгч М.Б нар нь "Хш" ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон СБ аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж, улмаар нэхэмжлэлийн үндэслэлээ "41 жил амьдарсан өвөлжөө, хаваржааны газартай тусгай зөвшөөрлийн талбай нь хэт ойр, амар тайван малаа маллан амьдрахад саад болж байгаа, 2 худаг, рашаан булагтай давхацсан" гэх байдлаар тодорхойлсон. Засаг даргын А/327 дугаар захирамжаар СБ аймгийн СБ сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон байдаг. Харин нэхэмжлэл гаргасан иргэд нь СБ аймгийн Бу сумын иргэд болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд "Нэхэмжлэгч М.Быг "Багийн нутаг дэвсгэр ЭХ нэртэй газарт 1984 оноос хойш амьдарч байгаа, жил бүр малаа тоолуулдаг" гэж тодорхойлсон тодорхойлолт авагдсан гэсэн. Үнэн хэрэгтээ маргаж байгаа тусгай зөвшөөрлийн талбай нь СБ аймгийн СБ суманд бий. Тодорхойлолтыг СБ аймгийн Бу сумын 8-р багийн Засаг дарга хийж, түүндээ өөрийн 8-р багт байдаг газар оршин суудаг гэсэн.
Өөрөөр хэлбэл энэхүү тодорхойлолт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл буюу нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэх баталгаа болох ямар ч боломжгүй. Мөн дурдсан өвөлжөө, хаваржааны зориулалтаар аливаа газар албан ёсоор эзэмшсэн баримт хэрэгт байхгүй. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт өвөлжөө, хаваржааны газраа малчид дангаараа, хот айлаараа эзэмших боломжтой талаар зохицуулсан. Иймд М.Б нарын иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй гэж үзэж байна.
Өмгөөлөгч Ч.Эц нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэх боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийнхөө нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаагаа тодруулан хэлсэн. Энэ тохиолдолд Ч.Эц гэдэг хүний ямар субъектив эрх зөрчигдсөн гэдгийг тогтоох шаардлагатай. Хэргийн баримтаас харахад иргэн Ч.Эцт зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй.
Цаашлаад нэхэмжлэлийн эхний шаардлага болох СБ аймгийн СБ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн А/39 дугаар тогтоол нь тусгай зөвшөөрөл олгосон тогтоол буюу акт биш, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хаяглагдан гарсан санал бөгөөд тус тогтоолын улмаас өмгөөлөгч Ч.Эцийн ашиг сонирхол хөндөгдөхгүй юм. Нөгөө талаар тус А/39 дугаар тогтоол хүчингүй боллоо гээд нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байхгүйг ч харгалзан үзэх шаардлагатай.
3.2. Шийдвэр хууль зүйн үндэслэлгүй талаар;
А. Хуулиар хориглосон талбай биш
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь "Хш" ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн талбай нь ашигт малтмалын зориулалттай байж болохгүй талбай, газар нутаг, гэвч ийм зориулалтаар тус талбайд зөвшөөрөл олгосон нь хууль бус гэсэн байдаг.
Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд ямар талбай, газарт ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож болох, болохгүйг заасан. Төрийн захиргааны байгууллагууд энэхүү хуулийн зохицуулалтыг бүхий л шатандаа дагаж мөрдөн, тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хамгийн түрүүнд нэгдсэн систем ашиглан шалгадаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн талбай нь: ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан гэсэн 3 хориглосон нөхцөлийн аль нэгээр олгогдож болохгүй.
Энэхүү хэргийн хувьд "Хш" ХХК-ийн хүсэлт гаргасан талбай нь дээрх 3 нөхцөлд хамаарахгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тодорхойлолт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын тодорхойлолтуудаар тодорхой харагдана. Эдгээр тодорхойлолтууд хэрэгт авагдсан. Иймд тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь иргэдийн өвөлжөө хаваржаа, малын бэлчээртэй давхацсан, эрүүл аюулгүй орчинд малаа маллах эрхийг зөрчсөн, худаг, ус голыг хөндсөн бохирдуулсан зэрэг дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна.
Б. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн А/39 дугаар тогтоолын тухайд;
Маргаан бүхий эхний акт /цаг хугацааны хувьд/ буюу СБ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн А/39 дугаар тогтоол нь захиргааны актын шинжийг хангахгүй, тус тогтоолоор ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй, зөвхөн тодорхой саналыг явуулсан. Энэхүү саналыг уламжилсан тогтоол нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналын дагуу гарсан. Харин тухайн тогтоолоор ирсэн саналыг болон бусад нөхцөл байдал, бүрдэл бичиг баримтыг судалсны үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн буюу 2024 оны 01 сарын 26-ны өдөр А/72 дугаартай аймгийн Засаг даргын захирамж гарч, түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгох болсон. Хэргийн хувьд тус захирамж, акттай холбоотой маргаагүй.
В. СБ аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны А/327 дугаар захирамжийн тухайд;
Ашигт малтмал гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар "геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг" ойлгоно. Энэхүү эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх нь хайгуулын ажлын үндсэн дээр тодорхой болно.
Хайгуулын хүрээнд аливаа хэрэгцээнд ашиглаж болох түүхий эд, нэг үгээр ашигтай эрдэс олдвол түүнийг нөөцөд авч, олборлуулан бүтээгдэхүүн гарган авах ёстой бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл шаардлагатай. "Хш" ХХК нь хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хайгуулын ажлын үр дүнгээр нөөц тогтоож, түүний тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хурлаар хэлэлцэн, улмаар нөөцийг улсын нэгдсэн сан бүртгэлд бүртгэсэн.
Үүний дараагийн шатны процесс нь хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болох бөгөөд хуульд заасан эрх бүхий субъект тус зөвшөөрлийг олгох эрхтэй, аймгийн Засаг дарга зохих шийдвэрийг гаргасан. Энэхүү харилцаанд хууль бус зүйл үгүй бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17, 18, 19 дэх хэсгүүдэд заасантай нийцэж байна. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Нэгдсэн Үндэсний Байгууллагын уугуул иргэдийг хамгаалах тунхаглал зэрэг олон улсын хэм хэмжээ нь энэхүү хэрэг маргааны харилцаанд хэрэглэгдэхгүй, дурдсан зүйл заалтуудтай хамаарах харилцаа биш болно.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэлийн шаардлага, талуудын маргаж буй зүйлийн тухайд:
1.1.Нэхэмжлэгч СБ аймгийн Бу сумын 8 дугаар багийн иргэн М.Б, Б.Го, Д.Ух, мөн аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Ч.Эц нараас “СБ аймгийн СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай” А/39 дүгээр тогтоол, СБ аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг СБ аймгийн Засаг дарга, СБ аймгийн СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан байна.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч нь СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, улмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноор дээрх газрын өвс ургамлын гарц муудаж, малын бэлчээр нутаг хомсдож, байгалийн дурсгалт газар хөндөгдөх, рашаан ус худаг ширгэж байгалийн унаган тогтоц эвдэгдэхээс гадна тэнд амьдарч буй малчдын оршин суух газраа чөлөөтэй сонгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хувийн аж ахуй эрхлэх, халдашгүй чөлөөтэй байх зэрэг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна” гэж тайлбарлан маргажээ.
1.3.Хариуцагч СБ аймгийн Засаг даргаас “...Аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11.2.5, 13.1, 17.1 дэх хэсэг болон бусад холбогдох заалтуудын дагуу хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй. “Хш” ХХК нь 2023 онд “Эх” талбайд хайгуулын зөвшөөрөл хүсч, 2024 онд 3 жилийн хугацаатай зөвшөөрөл авсан бөгөөд үүнээс өмнө холбогдох байгууллагуудын давхцалгүй дүгнэлт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэмжлэгийг авсан. Улмаар 2025 онд ашиглалтын зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авч, А/327 захирамжаар баталгаажуулсан тул маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй.” гэсэн тайлбарыг өгчээ.
1.4.Гуравдагч этгээдээс “...тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй.” гэх тайлбар тус тус ирүүлжээ.
2.Нэхэмжлэгч нарын эрх хууль, ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж заасан.
2.2.Хуулийн дээрх зохицуулалтаар өмгөөлөгчид нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд маргах эрхийг Өмгөөллийн тухай хуулиар тусгайлан олгосон байх тул өмгөөлөгч Ч.Эц нь хүрээлэн байгаа орчинтой холбоотой Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн улмаас тухайн газар нутагт амьдарч буй малчдын болон нийт иргэдийн оршин суух газраа чөлөөтэй сонгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлэх үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцжээ.
2.3. Энэ талаар анхан шатны шүүх “...Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэдэгт хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг ойлгох бөгөөд захиргааны үйл ажиллагаа, акт чиглээгүй этгээдийн хувьд үүнийг тогтоохдоо тухайн актын үндэслэл болсон зохицуулалтын агуулгаар зогсохгүй, тухайн хуулийн үзэл баримтлал, зорилго болон тухайн актаар хөндөгдөж болзошгүй ашиг сонирхлын агуулга, мөн чанарыг харгалзан үзэх шаардлагатай.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
2.4.Түүнчлэн нэхэмжлэгч М.Б нь 1984 оноос хойш одоог хүртэл “Эх” гэх газарт мал маллан амьдардаг болох нь СБ аймгийн Бу сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/675 дугаар албан бичгээр[1] ирүүлсэн тодорхойлолт, Зөрчлийн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гуравдагч этгээдээс гаргасан “…Ч.Эцт зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй, нэхэмжлэгч М.Б нар нь маргаан бүхий газарт оршин суудаг болохыг дээрх Бу сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт батлахгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
3.Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй маргааны үйл баримтын тухайд:
3.1.“Хш” ХХК нь СБ аймгийн Засаг даргад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23/02 тоот албан бичгээр[2] СБ аймгийн СБ сумын нутаг “Эх” гэх газар 177.54 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг гаргасан.
3.2.СБ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05/983 тоот албан бичгээр[3] СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дээрх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтийг хэлэлцэж холбогдох санал ирүүлэхийг хүссэн.
3.3.СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит 4 дүгээр хурал[4], 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанаар[5] хэлэлцэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай” А/39 дугаар тогтоолоор[6] тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Эх” нэртэй газарт “Хш” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжиж, тогтоолыг хүргүүлжээ.
3.4.Улмаар СБ аймгийн Засаг дарга “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 2025 оны 06 дугаар сарын 17-ны А/327 дугаар захирамжаар[7] “...СБ аймгийн СБ сумын нутаг дэвсгэрт “Эх” нэртэй талбайд байрших ...солбилцол бүхий 177,54 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Хш” ХХК-д 15 жилийн жилийн хугацаатай олгож, улмаар MV-2200**** дугаар бүхий Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг[8] олгожээ.
3.5.Мөн СБ аймгийн СБ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр “Зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор[9] “...Түүх соёлын дурсгалт зүйлс, экосистем, ландшафт, биологийн төрөл зүйлийн хувьд ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах зорилгоор Байгалийн нөөц газрын ангиллаар тус сумын ...”БЭО” 24577.466 га газрыг ...тус тус 20 жилийн хугацаатайгаар тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
3.6.Харин гуравдагч этгээд “Хш” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрын талбайн солбилцол нь дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны А/04 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан “БЭО” байгалийн дурсгалт газартай бүхэлдээ давхцалтай болох нь СБ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/39 дүгээр албан бичгээр[10] ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
3.7.Түүнчлэн “Хш” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэхэмжлэгч нарын өвөлжөөний газар багтсан, нэхэмжлэгч нарын гүний худаг нь “Хш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас 427 метр зайтай, рашаан нь 1081 метр зайтай болох нь шүүхээс хийсэн үзлэг[11], талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3.8.Дээр дурдсан маргааны үйл баримтаас дүгнэхэд, гуравдагч этгээдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 177,054 га газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар байгалийн нөөц газрын тусгай хэрэгцээнд авсан “БЭО” 24577.466 га газартай бүхэлдээ давхцалтай бөгөөд нэхэмжлэгч нарын өвөлжөөний газар, гүний худаг, байгалийн рашаантай хэт ойр зайтай нөхцөл байдал тогтоогдож байна.
3.9.Мөн нэхэмжлэгч компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулсан талаар баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, “Хш” ХХК-д холбогдох 2025 оны Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар[12] тус тус тогтоогдов.
4. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна.”, 17.4-т “Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.”, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Уурхайн талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:”, 24.4.2-т “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” гэж тус тус заасан.
4.2.Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна:”, 19.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх.”, 19.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа доор дурдсан зүйлийг тодруулна:”, 19.2.2-т “өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх” гэжээ.
Уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:”, 19.3.3-д “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, татгалзсан шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэх.” гэж тус тус зохицуулсан.
4.3.Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд түгээмэл тархацтай ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргаас олгохдоо хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай давхцалтай эсэхийг шалган тогтоох, хэрэв уг талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахаар тодорхой зохицуулжээ.
4.4.Гэтэл маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь СБ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны А/04 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан “БЭО” байгалийн дурсгалт газартай бүхэлдээ давхцалтай байхад хариуцагч СБ аймгийн Засаг даргаас 2025 оны А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг олгож шийдвэрлэсэн дээр дурдсан хуулиудад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
4.5.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ.”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно.” гэж тус тус заажээ.
Үүнээс үзэхэд захиргааны хэм хэмжээний акт улсын бүртгэлд бүртгэгдэх нь тухайн акт хүчин төгөлдөр байх урьдчилсан нөхцөл биш, харин нийтэд мэдээлэх журмын нэг хэлбэр юм.
Мөн тухайн актыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэл нь тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хэрэгцээнд авсан “БЭО” байгалийн дурсгалт газартай бүхэлдээ давхцалтай нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл хамаарахгүй.
Иймд СБ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны А/04 дүгээр тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэж хариуцагч, гуравдагч этгээдээс маргаж буй үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.6.Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:”, 18.1.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт.”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ”, 7.1.1-д “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”, 7.1.2-т “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”, 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж тус тус заажээ.
4.7.Эдгээр хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрөл хүсэгч нь Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөц, ашигт малтмал ашиглахаас өмнө хийлгэхээр зохицуулсан байх бөгөөд уг үнэлгээнд үндэслэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан улмаар хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг биелүүлж ажилласан талаарх баримтыг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт гаргахаар зохицуулжээ.
4.8.Гуравдагч этгээд “Хш” ХХК-иас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулсан талаар баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн “...тусгай зөвшөөрөлтэй талбайд малчдын өвөлжөө, хаваржаа, зунжаа, намаржаа, малын бэлчээр, гуу, жалга, гар болон гүний нийт 2 худаг, ганга булаг рашаан байх ба рашааныг иргэдийн эрүүл мэндэд ач тустай гэж үзэж хэргэлдэг, голын хайрга нь усны судлыг шүүдэг гэж нэхэмжлэгч нар тайлбарладаг бөгөөд хайрга чулуу олборлох үйл ажиллагаанаас болж худгийн ундарга ширгэх, рашааны эх болон судлыг таслах нөхцөл байдал үүсэж болзошгүй буюу үүнийг нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж тогтоогоогүй байхад хариуцагч нь байгалийн өвөрмөц тогтоцтой, усны сан бүхий газар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна.” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
4.9.Харин энэ талаарх хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан “...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа тавигддаг хуулийн шаардлага” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
4.10.Усны тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.4-т “усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг хэлнэ”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ”,
4.11.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол улсын нутаг дэвсгэр дэх ..., усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж тус тус заасан.
4.12.Хуулийн дээрх зохицуулалтаар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон бөгөөд тухайн сав газарт ашигт малтмалын олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг авахаар байна.
4.13. Маргаан бүхий “Эх” гэх газар нь байгалийн рашаан, шандтай болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Зөрчлийн хэрэгт авагдсан хохирогч М.Б, гэрч Д.Ог нарын мэдүүлэг[13], шүүхийн үзлэгийн баримт[14] зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар усны сан бүхий газарт хамаарч байна.
4.14.Иймд гуравдагч этгээд “Хш” ХХК-д маргаан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй байх бөгөөд тусгай зөвшөөрөл хүсэхдээ сав газрын захиргаанаас санал авах ажиллагааг хийсэн гэж үзэхээргүй байна.
4.15.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны саналд үндэслэх, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу байгальд орчинд нөлөөлөх төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг гүйцэтгэсэн зэрэг тусгай зөвшөөрөл олгоход зайлшгүй шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй нь хуулиар хамгаалагдсан нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, уламжлалт мал аж ахуй эрхлэх зэрэг эрхүүдийг хөндсөн шийдвэр гаргах, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх нөхцөлийг бий болгожээ.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.СБ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 226 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 81 дэх тал
[3] Хэргийн 1-р хавтас 83 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 84-87 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 88-92 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 92 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 42 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 38 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 231 хуудас
[10] Хэргийн 2-р хавтас 30-33 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 201-206 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 143-182
[13] Хэргийн 1-р хавтас 128-133 дахь тал
[14] Хэргийн 1-р хавтас 201-202 дахь тал