Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг;

Улсын яллагч: Б.Цэцэгмаа,

Шүүгдэгч: Ч.Батхүү, түүний өмгөөлөгч Ч.Энхмандах, Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Чойжилийн Батхүүд холбогдох эрүүгийн 201625022147 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-32 тоотод оршин суудаг, “Чингис клубт” зөөгч хийдэг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЭ89082310, Халх овогт Чойжилын Батхүү.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Батхүү нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 37-44 тоот хашаанд байсан хохирогч Н.Ууганбаярын 05-23 УБЛ улсын дугаартай Марк-2 машины урд салхины шил, хойд салхины шил, зүүн 2 хаалганы шил, баруун хойд хаалганы шилийг хуучин угаалтуур, труба, чулуугаар цохиж хагалсан, гадна 4 хаалгыг хуучин угаалтуур, трубагаар цохиж хонхойлгосон, хохирогч Г.Хадбаатарын эзэмшлийн 63-80 УБЕ улсын дугаартай Ниссан кубе маркийн автомашины урд салхины шил, хойд салхины шил, зүүн 2 хаалганы шил, капот, зүүн хаалга, гадна хаалга, гадна толь, урд 2 хөмсөг зэрэг эд зүйлсийг хуучин угаалтуур, труба, чулуугаар санаатайгаар цохиж устгаж гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Батхүү мэдүүлэхдээ: “…Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв…”

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Хадбаатар /хх-ийн 37-40/, хохирогч Н.Ууганбаяр /хх-ийн 43/, гэрч Э.Солонго /хх-ийн 46-47/, гэрч Б.Туяацэцэг /хх-ийн 49-50/, нарын өгсөн мэдүүлэгүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8/, шүүгдэгч Ч.Батхүүгийн /хх-ийн 61/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Ч.Батхүү нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 37-44 тоот хашаанд байсан хохирогч Н.Ууганбаярын 05-23 УБЛ улсын дугаартай Марк-2 машины урд салхины шил, хойд салхины шил, зүүн 2 хаалганы шил, баруун хойд хаалганы шилийг хуучин угаалтуур, труба, чулуугаар цохиж хагалсан, гадна 4 хаалгыг хуучин угаалтуур, трубагаар цохиж хонхойлгосон, хохирогч Г.Хадбаатарын эзэмшлийн 63-80 УБЕ улсын дугаартай Ниссан кубе маркийн автомашины урд салхины шил, хойд салхины шил, зүүн 2 хаалганы шил, капот, зүүн хаалга, гадна хаалга, гадна толь, урд 2 хөмсөг зэрэг эд зүйлсийг хуучин угаалтуур, труба, чулуугаар санаатайгаар цохиж устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

           

Хохирогч Г.Хадбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би найз охин Солонгын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 37-44 тоот гэрт нь унтаж байтал Солонготой урьд нь үерхэж байсан Батхүү гэх залуу гэрт нь үлдээсэн байсан ганц нэг юмаа авахаар ирсэн. Намайг унтаж байтал Батхүү байшингийн гадна ирчихсэн, цонхны дэргэд үлдээсэн юмаа авъя гээд зогсож байсан. Тэгээд Батхүү Солонгоотой хэрэлдээд, би хараал хийнэ, би чамайг сайн явахыг чинь харна, хүүхэдтэй болохыг чинь харна гэх мэтээр доромжлоод байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд, намайг босох гэтэл Солонго “чи битгий бос, зодоон болохын нэмэр” гээд намайг босгоогүй. Солонго Батхүүгийн үлдээсэн гэх хөнжил, компьютерийн гарыг нь цонхоор гаргаж өгсөн. Тэгээд Батхүү гарахдаа хашаан дотор байсан 05-23 УБЛ дугаартай Марк-2 маркийн автомашин, хашааны гадна байсан 63-80 УБЕ дугаартай Ниссан Кубе маркийн машиныг чулуу, трубагаар цохиж  эвдэлж, гэмтээсэн. Тэгээд яваад өгсөн. Машин эвдээд байхаар нь би Солонгоогийн утсаар цагдаа дуудсан. 05-23 УБЛ дугаартай Марк-2 маркийн автомашин нь Солонгоогийн төрсөн ах Э.Ууганбаярын эзэмшлийн машин байсан. Солонго ахтайгаа хамт амьдардаг байсан. Тэгээд л машин нь гадаа нь байсан. Харин 63-80 УБЕ дугаартай Ниссан Кубе маркийн машин нь Бат-Эрдэнийн Туяацэцэг гэх хүний эзэмшилд байдаг. Туяацэцэг нь манай төрсөн дүү Г.Пүрэвдаваагийн эхнэр юм. Энэ машиныг нь би Туяацэцэгээс түрээслэж авсан, ер нь худалдаж авч байгаа юм. ...Ч.Батхүү надад учирсан хохирлоо нөхөн төлсөн. Одоо ямар нэг гомдол санал байхгүй…” / хх-ийн 37-40 /,

 

Хохирогч Э.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын 10-ны үеэр би Сүхбаатар аймагт хадлангийн ажилтай явж байсан. Одоо ч хадлангийн ажил дуусаагүй байгаа. Энэ үед дүү Солонгоогоос сонссон. Батхүү бид хоёрын хооронд ёс хонзон, өр авлага байхгүй.  Манай дүүтэй үерхэж байх үеэс нь л таних болсон. Хохирлын үнэлгээтэй маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрөө барагдуулж нийт 850.000 төгрөг хүлээж авсан. Гомдол байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 72/,

 

Гэрч Э.Солонго мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг болж байх үед Хадбаатар манай гэрт намайг авахаар ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт байж байтал Батхүү гаднаас ирсэн. Манай гэрийн хаалга цоожтой, цонх онгорхой байсан. Тэгээд Батхүү ирээд онгорхой цонхоор намайг хэл амаар доромжилсон. Би та хоёрыг ална, хараалгана, сайн сайхан явахыг чинь харнаа, та хоёр хүүхэдтэй болвол хүүхэд чинь үхнэ, би хараалгана гэх мэт зөндөө үг хэлсэн. Батхүү манай гэрт оръё гэхээр нь оруулаагүй юм. Тэгээд хашаан дотор байсан манай ах Э.Ууганбаярын 05-23 УБЛ улсын дугаартай Марк-2 маркийн автомашиныг, хашааны гадна байсан Хадбаатарын унаж ирсэн машиныг эвдэлсэн. Би Батхүүтэй 2013 оноос үерхэж эхэлсэн, дотно харьцаатай байсан юм. Батхүү манай ажил дээр ирэхдээ Хадбаатарыг харж байсан, Хадбаатар бид хоёр нэг газарт хамт ажилладаг юм. Батхүү бид хоёр 2016 оны 5-р сар хүртэл үерхсэн бөгөөд хэрүүл маргааны улмаас болоод салсан. Би 2016 оны 3-р сард одоогийн ажилдаа ороод Хадбаатартай танилцсан бөгөөд, түүний дараа би Хадбаатартай 2016 оны 6 дугаар сард үерхэж эхлээд, дотно харьцаатай болсон. Намайг Хадбаатартай хардаж, уурласандаа л энэ хоёр машиныг эвдэлсэн байх гэж бодож байна. Хоёр машиныг эвдэхдээ чулуу, труба төмөр ашигласан. Би Батхүүд зодуулж, цохиулаагүй...” /хх-ийн 46-47/,

 

Гэрч Б.Туяацэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “… Би 63-80 УБЕ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Ниссан Кубе маркийн автомашины эзэмшигч мөн. Гэхдээ одоогоор Г.Хадбаатарт зарсан бөгөөд надад сар бүр 150.000 төгрөг төлж, нийт 1.500.000 төгрөг төлж дууссаны дараа гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон юм. Би энэ машиныг Г.Хадбаатарт шилжүүлсэн болохоор энэ асуудлыг Г.Хадбаатар өөрөө хариуцаж, хохирлоо барагдуулах хэрэгтэй гэж үзэж байна…”/хх-ийн 49, 50/,

 

Шүүгдэгч Ч.Батхүүгийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г. Хадбаатарын эд хөрөнгөд 686.500 төгрөгийн хохирол, Л.Хишигжаргалын эд хөрөнгөд 650.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн дүгнэлт, /хх-ийн 29-35/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Батхүүг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Батхүүд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний гадна шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хохирогч Э.Ууганбаяр, Г.Хадбаатар нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тэмдэглэвэл зохино.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуучирч муудсан цагаан өнгийн гар нүүрний угаалтуур, 8 кг жинтэй саарал өнгийн чулуу, 120 см урттай хуучин трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт Чойжилын Батхүүг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батхүүг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Батхүүд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.    Шүүгдэгч Ч.Батхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучирч муудсан цагаан өнгийн гар нүүрний угаалтуур, 8 кг жинтэй саарал өнгийн чулуу, 120 см урттай хуучин трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батхүүд оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай. 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Батхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 М.АЛДАР