Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/525

 

Э.Г, Н.М, Б.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Б.Эрдэнэтулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/339 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Б.Эрдэнэтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Г, Н.М, Б.Т нарт холбогдох 1902009460009 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. М овгийн Эийн Г, 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны 34 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

            2. С овгийн Нын М, 2000 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын 9-237 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            3. Д овгийн Бын Т, 1998 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 33-94 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Э.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 891 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 6 дугаар байрны 24 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт,

            Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 51 дүгээр байрны 65 тоот гэртээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 28.3335 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

            Н.М нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 237 тоот гэртээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0.5491 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Э.Г, Н.М, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогтой Эийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С овогтой Нын М, Д овогтой Бын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Г, Б.Т, Н.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г, Б.Т, Н.М нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 619 грамм өвс, цагаан өнгийн гялгар ууттай 125 грамм өвс, “Вояж” цэвэр усны савны хамт 146.4 грамм өвс, шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, А06538973 серийн дугаартай, хуйлсан 10 төгрөг 1 ширхэг, шар өнгийн төмөр гаанс 1 ширхэг, төмөр хайрцагтай нунтаг ургамал “хар өнгийн пааскан цүнх, цагаан өнгийн гялгар ууттай 13.5 грамм өвс, зиплок түгжээ бүхий 21.8 грамм өвс, хүрэн өнгийн нэрийн хуудасны сав, NJ539713, NJ3476839 серийн дугаартай 100 төгрөгийн 2 ширхэг дэвсгэрт, АU66553728, АJ6256131, АТ9228157 серийн дугаартай 50 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт, АЕ7564529, АМ8737913, АL4981828 серийн дугаартай 20 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт, АК8521648 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ зэрэг мөнгөн дэвсгэртүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт, устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт тус тус үүрэг болгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, байцаагдах болох хоригдох хугацаандаа уг гэмт хэргийн хор уршгийг ойлгож, мэдэж авсан. Миний бие Хүмүүнлэгийн их сургууль суралцдаг бөгөөд өндөр настай эмээ, өвөөгөө асран халамжилж амьдардаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй ба дахин гэмт хэрэгт холбогдохгүй, Монгол Улсдаа хувь нэмэр оруулах сайн боловсон хүчин болно гэдгээ давж заалдах шатны шүүхийн шүүгч болон прокурорт амлаж байх тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон мөн зүйлийн 1.5-д хамаарах хэргийн эд мөрийн баримтыг сайн дураараа гэрээсээ гарган өгч хэргийн шалгалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбарчилсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогддог. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Н.Мт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэн ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бодитоор харгалзан үзээгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Мт оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.М нь тохиолдлоор 0.5 грамм өвсийг гаднаас олоод гэртээ хадгалсан байдаг. Уг өвсөө өөрөө хэрэглээгүй, бусдад өгч түгээж тараагаагүй, тийм ч санаа зорилго түүнд байгаагүй нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Гэртээ хадгалж байсан 0.5 грамм өвс нь харьцангуй бага жин юм. Энэ гэмт хэргийн улмаас ямар хохирол, хор уршиг учирсан болон учирч болох байсан талаар хийсэн дүгнэлт шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдаагүй. Монголчууд бидний “Хогийн олс” гэж нэрлэдэг энэ өвс нь синтетик аргаар боловсруулан гаргаж авсан герион, кокайн, айс /мөс/, LCD, экстази гэх мэт хар тамхинуудаас хоруу чанарын хувьд хэдэн арав дахин бага гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Энэ ургамлыг эмийн үйлдвэрт өргөн хэрэглэж, олон эмийн найрлагад оруулж, тэдгээр эмүүдээр нь иргэдийг эмчилж байна. Манай улсын эмнэлгийн байгууллагад эмчилгээнд хэрэглэж байгаа тайвшруулах үйлчилгээтэй олон эмийн найрлагад “дельта-9 тетрагидроканнабинол” гэх бодис орсон байна. Америкийн нэгдсэн улсын 33 муж, Канад, Герман, Нидерланд, Португаль, Сингапур, Аргентин, Норвеги, Швейцарь, Израйль, Гүрж, Өмнөд африкийн бүгд найрамдах улс зэрэг олон оронд энэ өвсийг хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн. Өвс болон синтетик аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхинуудын энэ ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь эрх зүйн хувьд үр нөлөөтэй, оновчтой, шударга болох юм. Шүүгдэгч Н.Мыг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байна. Иргэн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй ба шүүхээс эрүүгийн хуулийн энэ 2 заалтыг өргөн хэрэглэж байна. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн эрүүгийн хуулийн энэ 2 заалтын бүх шаардлагыг шүүгдэгч Н.М бүрэн хангасаар байтал шүүх хэрэглээгүйд гомдож байна. Шүүгдэгч Н.М нь “хогийн олс” гэх энэ ургамлаас хамааралтай болчихсон, түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байгаа. Монгол Улсын эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Н.М нь одоо 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, улс орноо авч явах ирээдүйн сэхээтэн нарын нэг юм. Ёс суртахуун, зан чанар, ертөнцийг үзэх үзэл нь дөнгөж төлөвшиж яваа насандаа шоронд хоригдвол сайн хүн болж төлөвшихгүй нь лавтай. Алдаа огт гаргадаггүй хүн гэж байхгүй. Харин алдаагаа давтан гаргахгүй байх нь чухал. Санамсар болгоомжгүй, хэнэггүй, саваагүй зангаасаа болоод анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж дахин ийм алдаа дутагдал огт гаргахгүй байж чадна гэдгээ Н.М илэрхийлсээр байгаа. Өндөр настай өвөө, эмээ хоёрынхоо хамт амьдарч, тэднийг асарч тойглож яваа энэ залууг зан үйлээ засах сургалтад хамруулж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, нэг удаа боломж олгож, нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй хүмүүжлийн шинжтэй болох юм. Дээр дурдагдсан нөхцөл байдлууд, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/339 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, эсхүл 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Мт оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Б.Эрдэнэтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Тод Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд Б.Т нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй оролцон өөрийгөө илчилсэн, анх удаа гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болсон гэж дүгнэхээр байна. Б.Т нь эхийн хамт амьдардаг. Түүний эх Номин-Эрдэнийн баруун нүдний эвэрлэг хальс вирусын халдварын улмаас идээлж, болор нь цайж, бүрэн хараагүй болж, нүд хос эрхтэн тул зүүн нүдэндээ нөлөөлөн харах чадвар муудсан, харааны өнцөг алдалт гэх оноштой, харааны бэрхшээлтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Түүнчлэн амьжиргаагаа залгуулах үүднээс ноос сүлжмэл эдлэлийн бүтээгдэхүүн бусдаас зээлээр худалдан авч борлуулах жижиг дэлгүүрийг түрээслэн авч үйл ажиллагаагаа явуулдаг. Б.Т нь сургуулиасаа чөлөө авч энэхүү дэлгүүрээ ажиллуулдаг байсан боловч өөрийн буруугаас хоригдож байна. Энэхүү дэлгүүрээ 2018 оны 12 дугаар сарын 1 өдрөөс түрээслэн ажиллуулснаас хойш 7 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 30.200.000 төгрөгийн өр үүссэн. Одоогоор улс орны цаг үеийн байдал, цар тахал өвчний улмаас дэлгүүрийн үйл ажиллагаа явагдахгүй байгаа тул бусдаас зээлээр авсан бараа бүтээгдэхүүн 20.000.000 орчим, нийт 50.000.000 орчим төгрөгийн өр зээлтэй болсон. Эх Номин-Эрдэнийн эрүүл мэндийн байдал ноцтой байдалд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино хэмээн хуульчлан заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэн, Б.Т нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3-д тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялаас чөлөөлөн тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох, Э.Г, Н.М нартай харилцахыг хязгаарлах, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг авч өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ухаарч ойлголоо. Прокурор болон мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Ажил хөдөлмөр хийх насандаа гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Гын өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Г үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хэргийн талаар бодитой үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Гын үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. ...” гэв.

            Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад хор уршиг учруулаагүй гэх адилхан байр суурийг илэрхийлж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар хадгалах, хэрэглэх гэмт хэрэг нь өөрөө онцлогтой гэмт хэрэг байгаа. Учир нь, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг нэн тэргүүнд харах ёстой. Уг гэмт хэрэг нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн цагаан тахал юм. Аюулын хэмжээ өнөөдөр дээд цэгтээ хүрсэн. Сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэж буй хүмүүсийн нас залуужиж, хэрэглэдэг хүмүүсийн тоо ихэссэн. Ойролцоогоор 1000 гаруй хүн хорих байгууллагад ял эдэлж байх ба 200 гаруй хүн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн. Эдгээр хүмүүс цагдаагийн байгууллагын хяналтад байгаа боловч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй байна. Донтуулах үйлчилгээтэй учраас дахин гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй байдаг. Тэнсэн харгалзах ял гэж хуучин 2002 оны Эрүүгийн хуульд байсан болохоос одоогийн хуульд тэнсэн харгалзах ял гэж байхгүй. Нэмэгдэл албадлагын арга хэмжээ гэж хуульчилж өгсөн. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудал болон гаргаж буй тайлбар нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хамгийн бага ял буюу 1 жилийн хорих ял оногдуулсан. Хятад Улсад хар тамхи хэрэглэсэн хэрэгт цаазын ял оногдуулдаг бол Орос Улсад бүх насаар нь хорих ял оногдуулдаг байна. Үүнээс харахад манай улсын ялын бодлого сул байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйл, 8 дугаар бүлэгт тус тус зааснаар хорих ялыг тэнсэх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 891 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 6 дугаар байрны 24 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 51 дүгээр байрны 65 тоот гэртээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 28.3335 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч Э.Гаас авч худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

шүүгдэгч Н.М нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 237 тоот гэртээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0.5491 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч А.Гаас авч худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Э.Гын яллагдагчаар өгсөн “...Би “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын “Скаут Эко” нэртэй хүүхдийн зуслангийн тэр хавиас түүсэн. ...” /хх 209/,

Б.Тын яллагдагчаар өгсөн “...Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 65 тоот манай гэрээс хураагдсан “өвс” гэх бодисыг Г манай гэрт түр хадгалж байя гээд авчирсан. Г 2019 оны 11 дүгээр сарын эхээр манай гэрт тухайн өвсийг авчирсан. ...Би Гын санал болгосноор хамт хэрэглэсэн. Тэр өвс гэх бодисыг Г “Сүмбэр явж түүж авчирсан” гэж хэлсэн. Мөн Г шавар шиг барьцалдсан бодис авчирч өгч байсан. ...Г тугалган цаасан дээр тавьж хэрэглэдэг гэхээр нь хамт хэрэглэсэн. Би Н.Мтай өмнө 2019 оны 7 дугаар сарын үеэр гаанстай зүйл хэрэглэж байсан. ...” /хх 197/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6555 дугаартай “... “1”, “2” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан асаагуур , “5” гэж дугаарласан АО6538973 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. “1” гэж дугаарласан цагаан өнийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 608 грамм, “2” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 106 грамм, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин 177 грамм байсан. ...” /хх 53-57/ гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6554 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ... Төмөр хайрцагтай нунтаг бор шаргал өнгийн зүйл, хар өнгийн цүнхний дотор хэсэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ...Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” /хх 67-69/ гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6594 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ... “Тын гэрээс хураан авсан гаанс” гэж хаягласан металл гаанснаас дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ... Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” /хх 72-73/ гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6516 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нэрийн хуудасны сав, хуйлсан NJ1539713 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, хуйлсан AU6653728 гэсэн сери дугаартай 50-тын дэвсгэрт, АJ6256131 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, АТ9228157 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, хуйлсан АЕ7564529 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, АМ8737913 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, хуйлсан АК8521648 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг. ...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн ... цэвэр жин 4.9135 грамм, “2” гэж хаягласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 1.7685 грамм байна. “3 “гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн ... цэвэр жин нь 21.6515 грамм байна. ...” /хх 77-82/ гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6556 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ... “Энхтуяа Г” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.” /хх 59-60/ гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6557 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ... “Н.М 2019.11.25” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.” /хх 63-64/ гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6514 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ... “Барсболд Т” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.” /хх 84-85/ гэх дүгнэлтүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн 1365,1367, 1368 дугаартай дүгнэлтүүд /хх 88-89, 92-93, 96-97/,

хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 65 тоот, ... Б.Т нь “би гэртээ өвс хадгалж байгаа” гэж хэлээд ... өрөөний баруун урд талын буланд байрлах, 5 нүдтэй шургуулганы дээд талын нүдийг онгойлгож, дотроос нь цагаан өнгийн ууттай, ургамал мэт зүйл байсныг гаргаж, сайн дураараа өгснийг стандарт бус жин дээр жинлэхэд уутны хамтаар 13.8 грамм зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хурааж авав. ... Б.Т нь ... босоо модон тавиурын доод талаасаа 5 дахь нүдэнд байсан тал дугуй хэлбэрийн хуванцар савтай зүйлийг заасныг нээж үзэхэд дотор нь ургамал мэт зүйл байсныг жинлэхэд 5.5 грамм заасныг эд мөрийн баримтаар хураан авав. ...Цагаан өнгийн ширээн дээр хар өнгийн цүнх байх бөгөөд уг цүнхэн дотор шар өнгийн өвс мэт зүйл байсныг жинлэхэд 22.55 граммыг заасныг тэмдэглэл болгон бичиж, эд мөрийн баримтаар хураан авав. ...” /хх 3-10/ гэх,

“...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Ургах наран” хорооллын 6 дугаар байрны 1 дүгээр орцны 24 тоотод ... Э.Г “Би гэртээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд ... шкафны доод шургуулгаас 1.5 литрийн хэмжээтэй хуванцар савтай өвс мэт зүйл гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хураан авлаа. ... Э.Г нь өөрийн гэрийн үүдэнд шалан дээр байх, 2 тусдаа цагаан өнгийн ууттай өвс мэт зүйлсийг заасныг эд мөрийн баримтаар хураан авлаа. ...Э.Г нь 1 ууттай өвс мэт зүйлийг үүдний модон шкафны дээд талын шургуулгаас гаргаж өгснийг хураан авав. ... “ /хх 20-25/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

нэгжлэг хийх ажиллагааг бэхжүүлсэн тухай “...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байр...7 орцоор орж, 6 давхарт ... модон ... хаалгыг оршин суугч Н.Маар нээлгүүлж ороход ... Н.Мын амьдардаг гэх жижиг өрөөнд байсан ... хар өнгийн хөгжим дээр төмөр хайрцагтай нунтаг ургамал байсныг хураан авав. ...” /хх 13-17/ гэх тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Гыг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, Э.Г, Н.М, Б.Т нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Г, Н.М, Б.Т нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, гэртээ хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийг дарангуйлах замаар өөрийгөө удирдан жолоодох, асуудлыг бодитоор тусгаж, зөвөөр сэтгэн бодох чадварыг сулруулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.

Хэдийгээр шүүгдэгч нарын хадгалсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ харилцан адилгүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд ямар хэмжээгээр, ямар хугацаанд хадгалсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М, Б.Т, Э.Г нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал болон шүүгдэгч Н.М, Б.Т нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Б.Эрдэнэтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/339 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Б.Эрдэнэтулга гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ