Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 786

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 0 дүгээр багт оршин суух, Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт эх баригч ажилтай, М овогт М-ийн Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлэг (Ерөнхий эмч Х) -т холбогдох хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хундыз нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д сумын Сум дундын эмнэлэгт ээлжийн эх баригч ажилтай. 1984 оноос эхлэн Д сумын Сум дундын эмнэлэгт эх баригчаар ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө 36 жил ажиллаж байгаа ахмад ажилтан билээ. Ажиллах хугацаандаа 5000 гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар шагнуулж байсан. 36 жил ажиллахдаа ажлын ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй билээ. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ерөнхий эмчийн Б/19 дүгээр тушаалаар 3 сарын хугацаанд 20 хувийн цалин хасах шийтгэл хүлээлгэсэн. Тус эмнэлэгт 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нас барсан дутуу төрөлттэй нярайн үхэлд намайг бусад сувилагчтай хамт буруутгаж байгаад гомдолтой байна. Арга хэмжээ авсан тушаалдаа намайг түгээмэл үйлдлийн стандарт зөрчсөн гэж буруутгасан байна. Би ямар нэгэн стандарт зөрчөөгүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа надад үндэслэлгүйгээр арга хэмжээ авч намайг хохироож байна. Тус эмнэлэгт 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нас барсан дутуу төрөлттэй нярайн үхэлтэй холбоотой Б аймгийн Прокурорын газраас манай эмнэлгийн ажилтан нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хүүхдийн үхэлтэй холбоотой холбогдох шинжилгээг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээр гаргуулж байгаа юм байна. Энэхүү хэргийг эцэслэн шалгаж дуусаагүй байхад зөрчил тогтоогдсон мэтээр сахилгын шийтгэл хүлээлгэж байгаад гомдолтой байна. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 1.Нярай хүүхдийн эндэгдэлтэй холбоотой асуудал жилийн эхээр тус сумын эмнэлэгт гарч байсан. Тус асуудал эмнэлгийн эмч нар болон ажилчдын хариуцлага алдсанаас байж болзошгүй гэх үндэслэлээр Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Цагдаагийн газар уг асуудлыг шалгаж байх явцад аймгийн Эрүүл мэндийн газраас тус эмнэлэгт хандан ирүүлсэн албан бичгийг үндэслэн Х-д 3 сарын цалинг 20 хувь хасах тухай сахилгын шийтгэлийг оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж байгаа. Х нь Д сумын Сум дундын эмнэлэгт эх баригчаар олон жил ажиллаж байгаа. Тэрээр ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл энэ удаад түүнийг үндэслэлгүйгээр буруутгаж байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээсээ гаднах ажил үүргийг зохих ёсоор нь биелүүлээгүй гэх үндэслэлээр буруутгасан байна. Эх баригч бол зөвхөн эх баригчийн үүргийг хүлээнэ, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. Гэтэл ажил олгогч болон бусад газраас түүнийг нярайн сувилгаатай холбоотой хэрэгт буруутгаж байгаа. Х-гийн хувьд бол хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор нярайн сувилгаатай холбоотой асуудлаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу бичгээр гэрээнд тохиролцоогүй ажлын байрны тодорхойлолтод заагаагүй асуудлаар ажилтанд хариуцлага хүлээлгэхийг хориглосон тул сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

2.Хүүхдийн эндэгдэлтэй холбоотой асуудлыг Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, холбогдох шинжилгээ хийгдэж байгаа. Хэний буруутай үйлдлийн улмаас хүүхэд эндсэн гэдэг нь тогтоогдоогүй. Гэтэл хариуцагч байгууллага Х-гийн буруутай байдал нь тогтоогдоогүй байхад түүнд сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах журмыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлүүдийг заасан байдаг. Эдгээр сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл нь тухайн зөрчил тогтоогдсон байх ёстой. Зөрчил тогтоогдсоны дараа тухайн ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлүүдийг оногдуулах ёстой. Гэтэл Х-гийн гэм буруу нь тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчиж байна. Хуралд авагдсан протоколд бол Х-г буруутай мэтээр тэмдэглэл үйлдэж авсан асуудал бол байгаа. Энэ нь Х тэр зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Бусдын хүлээсэн үүргийг бид нараар гүйцэтгүүлсэн нь буруу гэдэг баримтад гарын үсэг зурж зөвшөөрсөн болохоос нярайн сувилгааг хууль бусаар хийсэн зохих журмаар хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг бол биш. Нярайн сувилагчийн үүргийг бол тухайн эмнэлгийн эх баригч нар ээлжлэн гүйцэтгэж ирсэн байхад Х нь нэг ч зөрчил гаргаж байгаагүй. Энэ зөрчил юунаас болж гарсан талаарх хэрэгт нотлох баримт авагдаагүй ч гэсэн одоогийн байдлаар шинжээчийн дүгнэлт хийгдэж байгаа. Ахлах сувилагч үеийн зүүний карт хөтлөх ёстой бөгөөд тэрийгээ хөтлөөгүй хяналт тавиагүй үүргээ зөрчсөн асуудал бол байгаа. Үүнийг Цагдаагийн газар болон Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох байх. Үүнд нэхэмжлэл гаргагч Х-гийн буруутай үйл ажиллагаа огт байхгүй. Х-гийн зүү тавьсан, тариа хийснээс болж хүүхэд эндсэн гэсэн асуудал байгаагүй. Тэр хүн гараа ариутгаж, ээлжийн сувилагчтай хамт байж хүүхдэд тариа тарих стандартын дагуу тус үйлдлийг гүйцэтгэснээс болж хүүхэд эндэх ёсгүй энэ бол өөр асуудал. Нэмж нэг зүйл хэлэхэд журмаар бол хугацаанаасаа эрт төрөхөөр байгаа жирэмсэн эхийг 2 дугаар зэрэглэлийн эмнэлэгт хүргүүлж амаржуулах ёстой бөгөөд Сум дундын эмнэлэг дутуу төрсөн нярайг эмчлэх эрхгүй. Энэ журмыг тухайн эмнэлэг зөрчсөн асуудал байгаа. Үүнийг бас холбогдох байгууллагууд шалгах байх. Гэхдээ энэ хэрэг дээр Х-гийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Тэр хүн хүүхдийн эндэгдэлтэй явдалд хамааралгүй бөгөөд зөрчил нь тогтоогдохгүй байхад сахилгын шийтгэлийн хариуцлага хүлээлгэсэн нь өөрөө хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Миний бие Х-гийн нэхэмжлэлтэй Д сумын Сум дундын эмнэлэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 07 дугаар сарын 07-ны өдрийн 08 цаг 30 минутад товлон зарласныг шүүхээс мэдэгдсэн. Албан ажлын шаардлагаар биеэрээ оролцох боломжгүй болсон тул хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч Х шүүхийн мэдэгдэх хуудсаар, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул, хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй боловч холбогдох нотлох баримтуудыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр №46 дугаартай албан бичгээр хүргүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х нь Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт эх баригчаар ажиллаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч Х, хариуцагч Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х нарын харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, мөн талуудын 2017 онд (сар өдөр нь тодорхой бус бичигдээгүй) байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-гээр тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Чанарын багийн 02 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг үндэслэн түгээмэл үйлдлийн стандарт зөрчсөн ....ээлжийн эх баригч Х... нарыг тус тус үндсэн цалингийн 20 хувиар гурван сараар....буруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнд:

1.Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн дотоод журмын 11-1-1-д хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан боловч хариуцагч тухайн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд нэхэмжлэгч Х хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн эсэхийг заагаагүй байна.

2.2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15 цагт Б аймгийн Эрүүл мэндийн газрын хурлын зааланд Б аймгийн Д Сумын сум дундын эмнэлгээс эмчлүүлж ирсэн 8 хоногтой дутуу нярайд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний алдааны асуудлыг хэлэлцсэн Хурлын тэмдэглэл-ийн дүгнэлт хэсэгт: МNS 2008:4624 түгээмэл үйлдлийн стандарт. Нярай хүүхдийн захын хураагуур судсанд уян зүү тавих VII.11 стандартыг зөрчсөн ... гэж заасан боловч нэхэмжлэгч Х ямар байдлаар зөрчсөн тухай тодорхой дурдаагүй.

Мөн энэхүү Хурлын тэмдэглэл-ийн шийдвэрлэсэн гэсэн хэсэгт ... Зөвлөлийн дарга гишүүдийн 100%-ийн шийдвэрээр холбогдох албан тушаалтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтын дагуу үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэв гэсэн боловч хэн гэдэг албан тушаалтанд ямар нотлох баримтуудыг үндэслэн хэн сахилгын шийтгэл ногдуулах нь тодорхой бус байна.

3.Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А-гийн 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 226 дугаартай Д сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч танаа гэсэн албан бичигт: Д сумын Сум дундын эмнэлэгт гарсан эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлийн стандарт (МNS4621:2008)-ны холбогдох заалтуудыг зөрчсөн тул ....эх баригч Х....нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 зүйлийн 131.1.2 дахь заалтын дагуу албан тушаалын цалинг гурван сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулан албан бичгээр гарсан шийдвэрийн хамт ирүүлэхийг мэдэгдье гэсэн байна.

Иймээс хариуцагч Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Х-гийн цалинг 20 хувиар гурван сараар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Гэтэл Б аймгийн Эрүүл мэндий газрын дарга А 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 288 дугаартай Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч танаа гэсэн албан бичигт: Д сумын Сум дундын эмнэлгийн эх баригч Х-гээс ирсэн өргөдлийг хянаж үзээд ЭМГазрын мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтийг хүргүүлж байна. Дүгнэлтээр Сум дундын эмнэлэгт Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлийн /MNS4621:2008/ стандартын холбогдох заалтуудыг зөрчсөн, ЭМС-ын 2013 оны 450 дугаар тушаалаар батлагдсан анхан шатны маягтыг буруу хөтөлсөн нь тогтоогдсон. Иймд мэргэжлийн алдаа гаргасан холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтын дагуу албан тушаалын цалинг гурван сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулан, албан бичгээр гаргасан шийдвэрийн хамт ирүүлэхийг мэдэгдье. Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/19 дүгээр тушаал нь хууль эрх үндэслэлгүй, агуулгын болон үг үсгийн алдаатай байгаа тул эрх зүйн чадамжгүй тушаал гэж үзлээ. Гаргасан тушаалаа эргэн харж, хууль эрх зүйн үндэслэлтэй тушаал гаргана уу гэсэн байна.

Хариуцагч Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/19 дугаартай тушаалаа шүүхэд гаргаж өгөөгүй ба тухайн тушаалаа эргэн харж, хууль эрх зүйн үндэслэлтэй тушаал гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

4.Нэхэмжлэгч Х-гийн өргөдлийн дагуу Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн С-гийн Д сум дундын эмнэлэгт төрсөн нярайн холбоотой ирсэн өргөдлийн дагуу төрсөн эх болон эндсэн нярайн анхан шатны маягтуудыг хянаж гаргасан дүгнэлтэд тухайн Д сумын Сум дундын эмнэлэгт гарсан нь алдаа дутагдлыг ерөнхийд нь хянаж дүгнэлт гаргасан боловч нэхэмжлэгч эх баригч Х нь MNS4621:2008 стандартын эх баригчид холбогдох ямар заалтуудыг зөрчсөн эсэх мөн ЭМС-ын 2013 оны 450 дугаар тушаалаар батлагдсан анхан шатны ямар маягтыг буруу хөтөлсөн эсэхийг тогтоогоогүй тодорхой бус байна.

Мөн энэхүү дүгнэлтийг гаргасан сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн С нь хаана ямар байгууллагад харьяалагдах эсэх нь тодорхойгүй, тухайн дүгнэлтэд С гэж гарын үсэг зурсан боловч тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, ямар байгууллагаас гарсан дүгнэлт эсэх нь, тухайн дүгнэлтийг гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх нь тус тус эргэлзээтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон ажил байдлын тодорхойлолтод нэхэмжлэгч Х нь эх баригчийн хувьд MNS4621:2008 стандартын ямар холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх, мөн ЭМС-ын 2013 оны 450 дугаар тушаалаар батлагдсан анхан шатны ямар маягтыг буруу хөтөлсөн эсэхийг нотлох баримт байхгүй байна.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгүүлэхийг шаардаж болохгүй гэж заасан ба нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэсэн эсэх, чухам хэний үйлдлийн улмаас нярайн биед халдвар орсон эсэх, хэний ямар үйлдлийн улмаас нярай эндсэнийг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэн нарийвчлан шалгаж нэхэмжлэгч Х-г тухайн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/44 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар нотлогдож байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар нэхэмжлэгч Х хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байгаа тул түүнд цалинг 3 сар 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан нэхэмжлэгч Х-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Д сумын Сум дундын эмнэлгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.МАНГИЛИК