Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2020/00693

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,, тоотод оршин суух ..... овогт Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...........оршин суух ...... овогт Э.Ч-д холбогдох,

Гэм хорын хохиролд 6,908,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал, иргэдийн төлөөлөгч П.Эрдэнэпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг “Дуган хад” амралтын газар руу явах замд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Э.Ч нь ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2355 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. ... Уг зам тээврийн ослын улмаас 2355 УНЯ улсын дугаартай тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгсэлд ... 5,275,000 төгрөгийн хохирол, ... Ч.Б-ын биед гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах дүгнэлт гарсан. Ч.Б миний бие зам тээврийн ослоос болж 20 хоног гэмтэл согог судлалын үндэсний төв, дүүргийн эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж нийт 396,000 төгрөгийн зардал гарсан. Зам тээврийн осол болсон хэргийн газар дээрээс 2355 УНЯ улсын дугаартай Тоёота приус 11 маркийн авто машиныг ачиж тээвэрлэх, буулгах, оношлогоонд оруулсан зардал нийт 525,000 төгрөгийн зардал гарсан. Бусад зардал нь Төв аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн 193400549 дугаартай хэргийг хуулбарлан авсан зардал 12,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөллийн зардал 700,000 төгрөг, нийт гэм хор учруулснаас үүссэн 6,908,000 төгрөгийн хохирлыг Э.Ч-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Ч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас нийт 6,908,000 төгрөгийн нэхэмжилснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэг учрал гарах үед иргэн Э.Ч-ын зүгээс нэхэмжлэгчид ижил төрлийн автомашин худалдан авч өгье, эсвэл 7 сая төгрөг өгөөд наад осолд Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг чинь би авъя гэдэг саналыг удаа дараа тавьсан.  Иргэн Э.Ч-ын хувьд эрүүгийн болон иргэний хэрэг дээр гэм гэм буруутай үйлдэл гаргаж, хохирол учруулсан тал дээр маргахгүй боловч хохирол нөхөн төлөх хэмжээн дээр Иргэний хуульд заасан шударга ёсны зарчим алдагдаж байна гэж үзэж байгаа болно. Одоогийн зах зээлийн ханшаар унаж ашиглаж байгаа арай шинэ загварын Тоёота приус 20, 30 маркийн тээврийн хэрэгсэл 5-6 сая төгрөгийн үнэтэй байгаа. Хэрэв шүүхийн шийдвэрийн дагуу Тоёота приус 11 маркийн хэрэгслийн зах зээлийн ханшнаас давсан мөнгө төлөх болсон тохиолдолд осолд орсон автомашиныг хариуцагч Э.Ч өөртөө авч ядаж хаягдал төмөрт тушааж өөрөөс гарах болсон зардлаа багасгах эрхтэй гэж үзэж байгаа болно.

Үүнээс гадна иргэн Э.Ч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа Хаан даатгалд даатгуулсан бөгөөд 5 сая төгрөгийн хохирлыг 4 дүгээр сарын 10-ны үед нэхэмжлэл гаргагч Ч.Б-ын дансанд шилжүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн байдаг” гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Э.Ч-д холбогдуулан гэм хорын хохиролд 6,908,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хариуцагч нь 6,908,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 1,908,000 төгрөгөөс нэхэмжлэгч тал нь 700,000 төгрөгийг хасч, үлдэх 1,208,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ч.Б-т төлж барагдуулах нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, эвлэрэх хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.  

Зохигч талуудын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдын эвлэрэн хэлэлцсэн шаардлагын хэмжээгээр зохигчдод хуваарилан шийдвэрлэлээ.

Энэ тогтоол хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 6,908,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 1,908,000 төгрөгөөс нэхэмжлэгч тал нь 700,000 төгрөгийг багасгаж, үлдэх 1,208,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ч.Б-т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,478 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид 33,542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-т буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН

                                        ШҮҮГЧИД                            Д.МӨНХБҮРЭН

                                                                                         Б.ТҮВШИНЖАРГАЛ