| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2020/00654/И |
| Дугаар | 151/ШШ2020/00664 |
| Огноо | 2020-05-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2020/00664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... оршин суух ............ овогт П.П-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. газарт холбогдох,
Боловсрол, соёл урлагийн газрын даргын “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн төлөөлөгч У.Даваажав, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.П нь шүүхэд гаргасан гомдолдоо:
“Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б04 дугаартай тушаалыг нэхэмжлэгч П.П миний бие 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авлаа. Миний бие ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хангалттай биелүүлж албан үүргээ гүйцэтгэж байхад дээрх тушаалд ямар ч ойлгожгүй, хяналт шалгалт болон бусад байдлаар тогтоогдоогүй үндэслэл зааж намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн тушаал гэж үзэж байна. Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр тушаалын хуулийн үндэслэл, түүнд хавсаргасан баримтын үйл баримтын хувьд тушаалын тэргүү хэсэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай гэж заасан. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулж байгаа эрх зүйн хэм хэмжээний акт гэж ойлгож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг үндэслэсэн байна. 40.1.4-т сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэдэг хоёр диспозитив шинж байдаг. Ноцтой зөрчил гэдгийг үндэслээд байгаа юм уу, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг үндэслээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-ийг үндэслэсэн байна. Энэ нь Хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгоод байгаа юм уу, хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгож байгаа юм уу эсхүл ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа юм уу гэдэг асуудал бас тодорхойгүй. Үүнд үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-аар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулчихсан юм бол хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой юм уу, цуцлах ёсгүй юм уу, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгаа юм уу эсхүл яаж байгаа юм бэ гэдэг асуудал энэ тушаалын зохицуулалтад алга байна. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулаад энэ хүнийг шууд хөөгөөд явуулчих хууль эрх зүйн орчин байдаг юм уу, эсхүл сахилгын шийтгэл ногдуулаад хөдөлмөрийн гэрээг нь шууд цуцлах ёстой байдаг юм уу, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь хуульд байгаа. Үүнд ажил олгогч алийг нь барьж хийсэн юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Дараагаар нь Боловсрол, соёл урлагийн газрын дотоод журмын 5.2.1-ийг үндэслэсэн. Үүнд ажилтнуудаас иргэний бичиг баримт бүрдүүлсэн 5 иргэний нэр дээр гомдол гаргах, эмнэлэгт үзүүлэх зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө, эсхүл 4 хүртэлх цагийн чөлөөг Боловсрол, соёл урлагийг газрын ахлах мэргэжилтэн олгоно гэж заасан. Энэ нь харьцангуй функционал буюу харьцуулсан шинжтэй дотоод журмын зохицуулалт байна. Тэгэхээр үүнийг яаж зөрчсөн бэ, юуг нь үндэслэж байгаа юм бэ, 4 хүртэлх цагийн чөлөөг ахлах мэргэжилтэн олгоно гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэж байгаа. Тэгэхээр энэ хүн ахлах мэргэжилтэн юм уу, эсхүл ийм чөлөө олгоогүй, ийм чөлөө хүсээгүй гэдэг агуулгийг оруулах гэж байгаа юм уу, ямар агуулгыг оруулах гэж байгаа юм бэ гэдэг нь бас тодорхойгүй. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.4-д эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн бол нотлох баримт бичиг, донорын үүрэг гүйцэтгэсэн бол өвчтэй байгаа тохиолдолд эмчийн магадлагааг үндэслэж чөлөө олгоно, ажилтан өвчтэй шалтгаанаар чөлөө авсан тохиолдолд энэ тухайгаа даргад заавал мэдэгдэнэ гэсэн заалт байдаг. Үүнийг юуг барьж үндэслэсэн юм бол, эмнэлгийн донорт үзүүлсэн юм уу, шинжилгээ авсан юм уу, тэрэнд авагдах баримт нь юу байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй заалт. Мөн 11.2-д дараах тохиолдолд ажилтныг ажил олгогчийн зүгээс буюу захиргааны санаачилгаар чөлөөлөх үндэслэл болно гэж заасан. Энэ заалт нь бланкитны байдлаар урагш нь иш татаж хэрэглэж байгаа юм уу, эсхүл шууд 11.2-ийг барихаар ойлгомжгүй өгүүлбэр байгаад байна. Дараах тохиолдолд ажилтан, албан тушаалтанд сахилгын чөлөөлөх үндэслэл болно гээд ямар тохиолдолд юм бэ гэдэг нь тодорхойгүй дотоод журмын заалтыг үндэслээд барьчихсан. Энэ нь ойлгомжгүй асуудал болж байгаа юм. Нарийн детальчилж харах юм бол дараах тохиолдолд албан тушаалтныг захиргааны санаачлагаар чөлөөлөх үндэслэл болно гэж байгаа. Гэтэл Боловсрол, соёл урлагийн газрын даргын тушаал нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах агуулга бүхий тушаал. Гэтэл албан тушаалтныг захиргааны санаачлагаар чөлөөлөх үндэслэл гээд хоёр өөр зохицуулалтыг оруулж ирсэн. Энэ хоёр нь хоорондоо яаж уялдаж байгаа юм бэ, хэрэглээний хувьд ямар асуудал юм бэ. Эндээс харахад захиргааны санаачлагаар чөлөөлөх болоод байгаа юм шиг харагдаж байна. Гэтэл тушаалаас харахад ажлаас халсан юм шиг харагдаад, эсхүл сахилгын шийтгэл ногдуулсан юм шиг ойлгомжгүй байдалтай байна. Тэрнээс үндэслээд үндэслэж байгаа баримтууд нь хамгийн гол нь байхгүй байна. Ийм учраас энэ тушаал үндэслэл муутай байна гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Гол асуудал нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/04 тушаалын тушаах хэсэг дээр ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг. Хэзээ, хэдэн сарын хэдний өдөр, яаж, хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэдэг талаар үндэслэх ямар ч баримт байхгүй. Жишээлбэл, ажлын байрны тодорхойлолтын тэдийн тэдэд нь юу гэж заасан юм бэ, тэрийг яаж хангалтгүй биелүүлсэн юм, Хөдөлмөрийн гэрээний тэдийн тэдэд нь юу гэж заасан юм бэ, тэрийг яаж хэдэн сарын хэдний өдөр хэзээ хангалтгүй биелүүлсэн юм, хангалтгүй биелүүлсэн гэдгийг хэн тогтоосон юм, ямар хүн тогтоосон юм. Хүн тогтоохгүй, тэр чинь комисс юм уу, юу байдаг юм субъект байгаа. Тэр нь хэзээ тогтоосон юм, яасан юм, ямар дүгнэлт танилцуулсан, яаж үндэслэж байгаа юм гэдэг тушаалын үндэслэл болж байгаа зүйл нь ерөөсөө байхгүй байна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг. Удирдлагаас хэзээ, ямар үүрэг даалгавар өгсөн юм, тэрийг нь ямар хугацаанд өгсөн юм, хэрхэн яаж энэ хүн биелүүлээгүй юм, амаар өгсөн юм уу, бичгээр өгсөн юм уу, тайлангаа хэзээ, тайлбараа хэзээ нэхсэн юм, яасан юм гэдэг. Тушаал гээд байгаа ганц цаас бол юуг ч нотлохгүй. Энэ цаасыг үндэслэж байгаа үндэслэл, энэ цаасанд заасан баримтууд цогцоороо байж энэ тушаал хуулийн хүчин төгөлдөр болно. Гэтэл энэ үндэслэлүүд байхгүй. Зөвхөн архи уусан гэдэг, сая алтан хайрцаг гэдэг юм ярьлаа, дараагаар нь цасан шуурганд явлаа, надад хэлээгүй гэдэг. Тэр нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар юм уу, эсхүл юу юм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тэгж заасан юм уу гэдэг ямар ч авцалдаагүй. Дээрээс нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж ажлын байрыг удаа дараа эзэнгүй орхисон гэж бас нэг үндэслэл гаргаж ирдэг. Энэ хүн ямар ажил эрхэлдэг юм, яаж хариуцлагагүй хандсан юм, хэзээ хариуцлагагүй хандсан юм, хэрхэн яаж хариуцлагагүй хандсан юм, хариуцлагагүй хандсан гэдгийг хэн тогтоосон юм, үүний улмаас ямар хор уршиг хэзээ, яаж учраад яаж хохирсон юм бэ гэдгийг хэн тогтоосон юм, ямар үнэлгээ гарсан гэдэг асуудал байхгүй. Ажлын байр гэдэг нь юу юм, удаа дараа гэдэг нь хэдэн сарын хэдний өдөр, эзэнгүй орхиж явсан гэдэг нь хэдэн сарын хэдний өдөр юм, удаа дараа гэхээр эхнийх нь хэзээ юм, хоёр дахь нь хэзээ юм, магадгүй 3, 4 дэх удаа бол тэр нь хэзээ юм, орхиод явсан гэвэл тэрийг нь хэн тогтоосон юм, орхиод явсны улмаас ямар үр дагавар үүссэн юм бэ гэж байж энэ тушаал хууль зүйн үндэслэлтэй болно. Пагма овогтой Пүрэвцэндийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож гэж байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс дуусгавар болгох гэдэг бол хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох 3 өөр факт. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс дуусгавар болгох гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нэг факт, эсхүл ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан өөр төрлийн факт. Тэгвэл энд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэдэг чинь хуульд заагаад өгчихсөн. Энэ нь аль талын хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр хөдөлмөрийн гэрээ өөрөө дуусгавар болж, хүчингүй байдлаар алга болох эрх зүйн факт юм. Эндээс ингээд харахад хөдөлмөрийн гэрээ дуусгавар болчихсон ч юм шиг. Тэгэхээр үүнд нэг асуудлыг тушаал гаргаж байгаа этгээд тушаалын нэг үндэслэлийг бариад тэр үндэслэлээ бүх талаар нотлоод, ийм байна гээд шүүхийн өмнө танилцуулдаг. Гэтэл үүнд баахан юм хамж, шимээд сүүлдээ бүр ойлгомжгүй, би ч сүүлдээ ойлгохгүй болоод явчихлаа. Ингээд шүүх рүү хаяад наадахаа аль нэг байдлаар сонгоод аваарай гэдэг юм уу ийм байдлаар шүүхэд хандахгүй. Хэрэв ажилтныг 2 дахь сахилгын зөрчлийг давтан гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг үндэслээд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байгаа. Сахилгын зөрчил давтан гаргасан гэдгийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай эрх зүйн хэм хэмжээний актыг оруулж тооцоод байгаа юм уу, эсхүл 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаар хариуцлага тооцох тухай эрх зүйн хэм хэмжээний актыг оруулж тооцоод байгаа юм уу, яг алийг нь оруулж тооцоод байгаа юм. Давтан гэдэг ойлголтыг хэдэн удаа гэж ойлгож байгаа юм гэдэг нь ойлгомжгүй асуудал байна. Өөрөөр хэлбэл зөвхөн ийм ганцхан цаас ямар ч зүйлийг нотлохгүй. Энэ зөрчлийг шалгасан тэмдэглэл, хамт олны хурлын протокол, зөрчил гаргасан хүний тайлбар, үүнийг мэдэгдсэн баримт, гардуулж өгсөн баримт нь байх ёстой. Энэ бүх зүйлүүд нийлж байж тушаал нь өөрөө амьтай болдог. Ийм учраас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр тушаал нь хууль зүй, утга агуулга, үг найруулгын хувьд ямар ч үндэслэлгүй тушаал байна. Дээрээс нь энэ тушаалд үндэслэгдэж байгаа, энэ тушаалд хавсаргагдах ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй учраас энэ тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг хийж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч У.Даваажав нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие Дайчин овогт Ундрахбилэг овогтой Даваажав нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Б/01 тоот Боловсрол, соёл урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Боловсрол, соёл урлагийн газар маань нийт 21 ажиллагсадтай, үүнээс үйлчилгээний 7 ажилтантай, нягтлан бодогч 1, нярав 1, үйлчлэгч 1, жижүүр 3, жолооч жижүүр 1 орон тоотойгоор ажиллаж байгаа болно.
Тус байгууллагад жолооч жижүүрийн албан тушаалд ажиллаж байсан П.П нь уг албан тушаалыг хашихдаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж ажлын байрыг эзэнгүй орхиж явсан тул БСУГ-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан. /Удирдлагад хэлэлгүйгээр ээлжийн ажлаа зохицуулалгүйгээр хүүхдээ ирж миний өмнөөс ажилд гарна гэж хамт ажилладаг хүндээ хэлээд ажлын байр эзэнгүй орхиод явсан. Өмнө нь мөн удаа дараа хамт олноор нь хуралдуулж сануулж анхааруулж ажиллаж байсан болно./
Ингээд БСУГ-ын даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 тоот тушаалаар байгууллагын ажиллагсдын үндсэн чиг үүргийн дагуу гүйцэтгэх ажлыг нэгтгэн байгууллагын жолоочийн албан тушаалыг өдрийн жижүүрийн албан тушаалтай нэгтгэж ажиллуулах, бусад 3 жижүүрийг ажлын өдрүүдэд оройн цагаар, амралтын өдрүүдэд 24 цагаар ажиллуулахаар шийдвэр гарсан тул уг албан тушаалд П.П-ийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс томилон хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилласан. БСУГ нь УАЗ пургон-1, суудлын зориулалтаар ашигладаг, суудлын автомашин 1, нийт 2 автомашинтай бөгөөд хөдөө болон Улаанбаатар хотод ажиллах тохиолдолд автомашинаа жолоодож сард 2-3 удаа заримдаа огт ашигладаггүй тул жолоочийн ажлыг сарын ажлын 22 хоног гүйцэтгэж цалин авахад учир дутагдалтай бөгөөд жолоочийн ажилласан цаг хүрэхгүй мөн уг жолооч жижүүрийн үүрэг гүйцэтгэх албан тушаалтан машинаа барихгүй болохоор ажилдаа ирж цагаа бүртгүүлэх үедээ бүртгүүлээд гэртээ харьчихаад ихэнхидээ бүртгүүлэхгүй, дуудахгүй бол ирэхгүй болохоор дуудаж ажлын байрны чиг үүргийг танилцуулснаар өдрийн цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан болно.
Миний хувьд байгууллагын дарга гээд байгууллагын машиныг 1 ч удаа хувьдаа унаж, жолоочийг дуудаж машин бариулаагүй. Хэдийгээр Улаанбаатар хотоос ажилдаа явдаг ч хурал зөвлөгөөнд суугаад оройтох, тайлан мэдээ гаргаад оройтох, шуурхай штабын жижүүр хийгээд оройтох зэрэг төрийн ажил хийж байгаад оройтоод шөнийн 22, 23 цагт тарсан ч музейн урдаас хувийн унаа такси бариад л харьдаг. Жолооч П-ийг 1 ч удаа дуудаж хүргүүлж улсын автомашиныг унаж байгаагүй болноо.
Жолооч П-ийг эхнэр нь өвчтэй учраас эхнэрээ асарч байгаадаа гэж миний хувьд хүнлэг сэтгэл гаргаж ажиллаж байсан бөгөөд миний хувьд ч гэсэн шөнө орой ганцаараа эмэгтэй хүн унаа тэрэг олдохгүй олон удаа маш хүнд хэцүү байдлаар гэртээ харьж байсан. Энэ хүнд миний бие хүнлэг сэтгэл гаргаж байхад энэ хүн 1 ч удаа та яаж явсан бэ гэж асууж үзээгүй. Аймгийн төв дээр ч би төрийн ажлаар явахдаа ч байгууллагын машинаа уная гэж боддоггүй миний бие өөрөө хаашаа ч явганаар явдаг. Бусад байгууллагын жолооч нар бас ийм сэтгэлгүй ажилладаггүй юм байна лээ. Миний бие 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр аймгийн шуурхай штабын хариуцлагатай эргүүл, жижүүрийн үүргийг 24 цаг гүйцэтгэж байхад Эрүүл мэндийн газар дээр хариуцлагатай жижүүр хийж байхдаа аймгийн Онцгой комисст Боловсрол, соёл урлагийн салбарынханы хандивыг хүргэж өгөх, 12 цаг 30 минутанд Аймгийн засаг даргын орлогчийн өрөөнд ахлах мэргэжилтэнтэйгээ хуралд оролцох, 14 цаг 00 минутад БМДИ-тэй цахим хуралд оролцох хийх, нэгдсэн шуурхайд оролцох гээд маш олон ажлууд цаг нь давхцаад байсан тул яалт ч үгүй жолоочоо машин гаргаад ажилтнуудынхаа төлөөлөлтэй төрийн ажил амжуулах байсан. Гэтэл жолооч П нь 2-3 цагаар ажиллаж байснаа хүүхддээ байгууллагын автомашины түлхүүрээ үлдээгээд өөрөө надад юу ч хэлэлгүй ажил таслаад алга болсон.
Гэтэл байгууллагын нийт ажиллагсдын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамт олны хурлаар баталсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.4 дэхь заалтуудад ажилтан чөлөө авах тохиолдолд чөлөө хүсэх өргөдлөө өгч, эмнэлэгт үзүүлсэн тохиолдолд эмчийн магадлагаагаар чөлөө олгоно гэж заасны дагуу байгууллагын удирдлагад мэдэгдэх ёстой байдгаа П мэднээ.
Жишээлбэл: 2019 оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд гэр бүлийн группын хуралд оруулах, шинжилгээ өгөх шалтгаанаар өргөдөл бичиж, эмч нарын комиссын шийдвэрээ хавсарган удирдлагадаа танилцуулснаар 1,5 хоногийн цалинтай чөлөө олгосон. Жижүүр жолооч П нь удаа дараа удирдлагадаа хэлэлгүй ажил тасалдаг. Хэд хоног явчихаад ирэхээр яасан бэ гэхээр өвдсөн л гэдэг гэвч эмчид үзүүлсэн эмнэлгийн магадлагаа авчирдаггүй болно. Учир шалтгаанаа хэлэх юм бол чөлөөг өгнө гэж миний бие удаа дараа хамт олны хурал хийхдээ сануулдаг. БСУГ-ын дарга миний бие бүх ажилтан албан хаагчдаа чөлөө зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан тухай бүрт нь чөлөөг өгч ажилладаг. Харин огт хэлэхгүй ажил тасалсан тохиолдолд арга хэмжээ тооцдог болно. Мөн тус байгууллагын жижүүр жолооч ажилтай П нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлын байрандаа архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ үүрэг гүйцэтгэж байсныг аймгийн Цагдаагийн газрын цагдаа илрүүлж, аймгийн Цагдаагийн газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 47/1-1502 тоот албан бичгээр Аймгийн Засаг даргад танилцуулагдаж, аймгийн ЗДТГ-ын даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний 02/1029 тоот албан тоотоор уг албан тушаалтанд арга хэмжээ тооцож 2019 оны 6 дугаар сарын 10-ны дотор арга хэмжээ авсан шийдвэрийг хуулбарын хамт хүргүүлэх байсан тул П-д БСУГ-ын даргын 2019 он 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалаар үндсэн цалингийн 20 хувиар 2 сарын хугацаанд бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд П нь өөрөө уг алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч цаашид хариуцлагатай ажиллах болно гэсэн өргөдлөө бичиж өгсөн байгаа. Аймгийн Цагдаагийн газрын цагдаа шөнө 01 цаг өнгөрч байхад байгууллагын дарга над руу залгаж танай жижүүр ажил үүрэг гүйцэтгэтгэх боломжгүй, архины согтолт нь 1,85 -тай байгаа тул та дараагийн ээлжнийх нь жижүүрийг дуудаж ажилд нь гаргана уу гэж утсаар ярьсан тул дараагийн жижүүр Энхбаярыг дуудаж ажилд нь гаргасан. Гэвч эрүүлжүүлэхэд оруулах гэсэн миний зүрх өвдөөд байна гэхээр нь цагдаагийн байгууллага та тэгвэл гэртээ харьж амраарай гээд явуултал буцаад байгууллага дээрээ ирээд би өөрөө гарна чи яв гээд жижүүр Энхбаярыг явуулсан байсан. Мөн миний бие Тамгын газар дээр хуралд суугаад 19 цаг дөхөж байхад гаднаас орж ирэхэд маш муухай архины үнэр үнэртэхээр нь П-ээс юун архины үнэр үнэртээд байна вэ гэхэд сая гаднаас 2 залуу орсон, тэр хоёроос үнэртэж байгаа юм гэсэн тайлбар хэлсэн. Ингээд мөн л ажил таслаад алга болсон тул 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 35 минутанд БСУГ-ын дарга миний бие П-ийг өрөөндөө дуудан удаа дараагийн гаргасан зөрчил дутагдлын талаар хэлж, цаашид таньтай хамтарч ажиллахад хүндрэлтэй байна. Та эрүүл мэндээ бод, би төрийн ажлаа бодъё. Энэ COVID-19 өвчний үед байгууллагын жижүүр байхгүй хэн орж гарч байгаа нь мэдэгдэхгүй хүндрэлтэй байна. Иймд би таныг ажлаас тань халнаа гэдэг шийдвэрийг танилцуулж сонсох ажиллагааг явуулж, тайлбараа хүлээн зөвшөөрч байгаатай нь танилцуулж гарын үсэг зуруулсан болно. БСУГ-т жижүүр, жолоочоор ажиллаж байсан П.П-ийг БСУГ-ын даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мөн газрын даргын тушаалыг аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн ажилтнаар хянуулсан болно. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг гаргасан болно. Иймд П.П-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч У.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний хувьд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төслөө боловсруулж аймгийн Хууль, эрх зүйн хэлтэст очиж хянуулсан. Тухайн ажилтан 2019 оны 06 дугаар сарын 10-нд арга хэмжээ авсан, ажлын байранд архи уусан, цагдаа ирж эрүүлжүүлэх байр уруу авч явсан алдаа дутагдал гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн өргөдөл нь, тайлбар нь байгаа. Мөн ажлын байрыг орхиж явсан, ажлаа тасалсан, ажлын байрандаа байгаагүй талаар өөртэй нь ярилцсан, гарын үсэг зуруулсан хоёр хуудас нотлох баримтыг хүлээн зөвшөөрсөн баримт 2 хуудас байгаа. Тушаалын үндэслэлд удаа дараа ажлын байрыг орхигдуулсан, удаа дараа ажил тасалсан, байгууллагын удирдлагадаа мэдэгдээгүй, олон удаагийн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл чөлөө авлаа гэхэд чөлөөний хуудас аваад чөлөө авах ёстой. Гэтэл чөлөө аваагүй, эмнэлгийн магадлагаа авчраагүй ийм тохиолдлуудыг нь ажил тасалсан гэж үзэж байна. Байгууллагын дарга миний хувьд тухайн байгууллага дээр ажлын цаг ашиглалт, сахилга бат, архи дарс уулгахгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх гэдгийг бүгдийг нь хөдөлмөрийн гэрээ дээр тусгаад уг хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зурсан. Уг гэрээний нэг хувь нь хэрэгт авагдсан. Уг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үйлчилгээ чинь шаардлага хангахгүй байсан гэдгийг удаа дараагийн байгууллагын хамт олны хурал дээр ч гэсэн хэлж байсан. Хамт олон маань нотлох байх гэж бодож байна. Өөрийн гаргасан тушаалыг үндэслэлийг хууль, эрх зүйн хүнээр хянуулсан. Миний хувьд хууль, эрх зүйн мэдлэг байхгүй. Дээд шүүхийн тайлбар зэргийг тань шиг үзсэнгүй. Миний хувьд П.П-ийн ажлаас халах тушаалыг хүчингүй болголоо гэвэл тухайн байгууллагад би тухайн байгууллагын ажлын цаг дээр хяналт тавихгүй, архи уусан ч хамаагүй, огт үүрэг чиглэл өгөхгүй, урсгалаараа байгууллага явж байх ёстой болж таарах гээд байна. Энэ хүн өөрийн энэ байдлынхаа улмаас ажилдаа эргэж орох юм бол би тэр байгууллагад дарга хийж ажиллаа юу гэх вэ. Энэ хүний үйлдэл хэрээс хэтэрсэн байгаа учраас энэ хүнийг чөлөөлсөн. Хэрвээ миний буруу байгаад энэ хүнийг ажлаас халсан бол би энэ байгууллагын дарга хийж чадахгүй байна гэж өөрийгөө дүгнэж суулаа. Миний бие Ундрахбилэгийн Даваажав, Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар 2018 оны 02 дугаар сарын 05-нд Засаг даргын захирамжаар томилогдсон. 2018 оноос 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд П.П-тэй тус байгууллагад хамт ажилласан. Би дарга гээд байгууллагын машиныг унадаггүй, автобусаар явдаг. Ийм учраас цалингийн фонд хүрэхгүй, орон тоо байхгүй учраас жолоочийн ажлын байрны чиг үүргийг өөрчлөөд жижүүр хийлгэсэн. Манай байгууллагын жижүүр хоногийн 24 цаг гарахаар илүү цагийн зардал их гарч, цалин олгоход хүндрэлтэй болсон. Энэ нөхцөл байдлыг өөрт нь танилцуулж байсан, өөрөө мэдэж байсан. Заримдаа сард нэг ч удаа хөдөө явахгүй үе байдаг. Тэгэхээр энэ хүн зүгээр сууж байгаад цалин авах болчихоод байгаа учраас ажил үүргийн хуваарьт нь өөрчлөлт оруулаад, батлаад, газрын даргын тушаалаар тухайн ажилтанд танилцуулсан. 2019 оны 03 дугаар сард би энэ хүнийг Боловсролын үнэлгээний төвийн ажилтнуудтай хөдөө ажлаар явсан гэдгийг нь огт үгүйсгээгүй. Гагцхүү энэ хүний хувьд байгууллагын даргадаа хэлээд явах ёстой байсан. Тухайн өдрийн авсан арга хэмжээ дээр 2019 оны 03 дугаар сарын Боловсролын үнэлгээний төвийн шалгалтаар явахдаа ажлын байр орхиж явснаас гадна 2018 оны 06 дугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр ажлын байрандаа байхгүй байсан. Би энэ хүний ажлыг хүртэл хийж байсан. Ингэж худлаа ярьж болохгүй. Би үнэлгээний төвийн ажилд явсанд нь энэ хүнийг буруутгасан зүйл байхгүй. Тухайн ажлаар явах үед би ажлаа хийгээд сууж байсан. Машинд өмнө нь хийсэн 70.000 төгрөгийн бензин байх ёстой, тэр бензинийг гаргаад үлдсэн дээр нь бензин хийгээд явах ёстой. П.П-д хаачсан бэ гэсэн чинь манай нярав хойноос нь гүйгээд гарсан. Гадаа гараад тэр хоёр маргалдаж байгаад учир зүйгээ ололгүй та тэр чигтээ явсан байсан. Ингээд Боловсролын үнэлгээний төвийн ажилд явснаас өмнө нь та удаа дараа ажлын байраа орхигдуулдаг, архи уудаг, ажлын байранд архи уусан эмэгтэйг оруулж ирж хонуулаад, өглөө эрт гаргаад явж байсан гэдэг. Гэрч ч гэсэн олон байгаа, байгууллагын гадаа машинд байнга архи ууна, хаачсан бэ гэхээр граж дотор, машин дотор хэвтэж байсан гэж байнга л ийм тайлбар хийдэг. Архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь удаа дараагийн үйлдэл болсон учраас арга хэмжээ тооцсон. Түүнээс биш ганцхан Боловсролын үнэлгээний төвийн зөвлөн туслах ажлуудад танд огт арга хэмжээ тооцоогүй, таны цалинг бүтнээр тооцсон. Гагцхүү та байгууллагынхаа удирдлагад хэлэх ёстой, байгууллагыг та эзэнгүй орхих ёсгүй. Манай байгууллагын үйлчлэгч таны өмнөөс хонож байсан. Тэгээд маргааш нь бөөн асуудал болоод, удаа дараа танд сануулж хэлээд байхад удирдлагадаа үйл ажиллагаагаа танилцуулах, хэлэхгүй, хэд хоног яваад ирэхийг нь мэдэхгүй. Тэгэхэд энэ хүнтэй адилхан жолооч байсан н.Энхбат бүх ажлаа зохицуулаад, гараа дээрээ асуудал хийгээд хүрээд ирдэг. 03 дугаар сард н.Магнайбаяр даргатай сумдуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр манай машинтай явсан. Тэр хугацааны цалинг нь бүрэн олгосон. 03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд энэ хүн миний таньдаг хөгшин нас барчихаад, алтан хайрцгийг нь нээлгэтэл энэ хүнтэй хамт байж байгаад ажилдаа очъё гэж хэлсэн. Тэгээд ирээгүй, маргааш нь хөдөө явах ёстой байсан ч хөдөө явахаа больсон. Нэг дэх өдөр нь үдээс хойш хальт ирчихээд байхгүй. 24-ний өдөр холбогдож чадаагүй, манай н.Энх-Амгалан мэргэжилтэн хоёулаа архи уучихсан, утсаа аваагүй. Энэ хоёр өглөө 10 цагт гараад тэр чигээрээ архи уугаад алга болсон. Ингээд удаа дараа архи уусан. Энэ хүн намайг ажлаас халсан нь миний буруу гэж байна. Мөн энэ хүн манай өрөөнд 5, 6 хоногийн дараа шал согтуу орж ирсэн. Намайг үнсэх гээд, элдэж хөөсөн. Энэ хүнийг цагаан сарын өмнө 2 өрөө шинэ байранд оруулсан. Тэр байранд орсон цагаасаа хойш архи ууж байгаа. Одоо би таныг эргээд ажилд авлаа гэхэд дахиад л та архи ууна, дахиад л ажлын байр орхигдуулна. Архи уугаад ажлын байран дээрээ согтуу байсан гэдэг цагдаагийн бичиг байгаа. Та эмнэлгийн актаа огт өгөөгүй. Танд чөлөө олгосон олон акт болон чөлөөний хуудас баримтаар хэрэгт байгаа. Хэлээгүй тэр чигээрээ алга болсон тохиолдолд таны цалинг хасч тооцсон. 2019 оноос хойш таны ажил тасалсан цагийн бүртгэлийг баталгаажуулаад хэрэгт хийчихсэн. Эмнэлгийн акт авчирсан, чөлөө авсан тохиолдолд огт цалинг нь хасч байгаагүй” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
П.П нь Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдуулан Боловсрол, соёл урлагийн газрын даргын “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч П.П хэрэг хянан шийдвэрлэх тухай шүүх хуралдаанд жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 771,926 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шаардаж байна.
Хариуцагч Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд сөрөг шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талуудад эрхийг тайлбарлаж, үүргийг танилцуулж, мэтгэлцэх эрхээр хангасан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлиийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн хугацаанд нэхэмжлэгч гомдлоо гаргасан байна.
Нэхэмжлэгч П.П нь ажлын шаардлагаар томилолтоор явсан, машин эвдэрсэн, өвчтэй байсан хугацааг ажил тасалсан гэж үзсэн, ажлын байранд архи уусан зөрчил гаргаагүй, үүрэг даалгаврыг биелүүлдэг гэж тайлбарлаж, хариуцагчийн төлөөлөгч “П.П нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, чөлөө авахгүй, удирдлагад мэдэгдэхгүйгээр ажлыг өдрөөр болон цагаар орхиж явдаг, шаардлагатай тохиолдолд ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан цалинтай чөлөө олгодог, ажил тасалсан гэж бүртгэсэн өдрүүд нь огт мэдэгдэхгүйгээр ажил тасалсан, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, байгууллагын соёл, хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” гэж тайлбарлан маргаж байх боловч хэн аль тал нь өөрийн энэ тайлбарын үндэслэлийг нотлох баримтаар шүүхэд нотлоогүй болно.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж, нэхэмжлэгч П.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
П.П нь Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт жолоочоор ажиллаж байсан болох нь:
-П.П, Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрыг төлөөлөн У.Даваажав нар харилцан тохиролцож 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар. Тус гэрээний 1.2-д “албан тушаал: жолооч жижүүр”, 1.6-д “Хөдөлмөрийн гэрээний хугацаа: хугацаагүй”, 1.7-д “ажлын цагийн хэмжээ: долоо хоногт 40 цаг, горим: өглөө 9.00-18.00 цаг, цайны завсарлага 13.00-14.00 цаг” гэж тохиролцсон /хх-5-10, 52-54/;
-“Ажлын байрны нэр: Жолооч” гэсэн жолоочийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод танилцсан П.П, баталсан У.Даваажав гэж гарын үсэг зурсан /2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр/;
-Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар “2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс П.П-ийг жижүүрийн ажлыг хавсран гүйцэтгүүлж, ТҮ-1-5 шатлалаар 415,496 төгрөгийн 20 хувиар тооцож цалингийн сангаас олгож байсныг өөрчилж, Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай “Ажлын чиг үүрэгт нэмэлт оруулах тухай” тушаалаар “Байгууллагын үйлчилгээний ажиллагсдын үндсэн чиг үүргийн дагуу гүйцэтгэх ажлыг нэгтгэн, байгууллагын жолоочийн албан тушаалыг өдрийн жижүүрийн албан тушаалтай нэгтгэж ажиллуулах, бусад 3 жижүүрийг ажлын өдрүүдэд оройн цагаар, амралтын өдрүүдэд 24 цагаар ажиллуулахаар баталж, жолооч-жижүүрийн үүрэгт ажилд П.П-ийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс томилон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны шинэчилсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллуулж, үндсэн цалинг ТҮ-3 шатлал 527,393 төгрөгөөр, зэргийн нэмэгдлийг 15 хувиар олгохоор” /хх-37/ шийдвэрлэж, тус тушаалын хавсралтаар “жижүүр-үйлчлэгч нарын цагийн хуваарь”-ийг баталжээ. Уг хуваарийн дагуу “өдрийн жижүүр нь 09.00-17.00 цаг хүртэл ажиллах, ээлжийн жижүүр нь 17.00-09.00 цагт биеэр амарч, амралтын өдрүүдэд 09.00-24 цагаар ажиллаж илүү цаг тооцно. Өдрийн жижүүр-байгууллагын жолоочийн үүргийг гүйцэтгэх бөгөөд томилолт болон гадуур жолоочийн үүргээр ажиллах үед үйлчлэгч нь жижүүрийн ажлыг түр хариуцна” гэж тогтоосон нь ажилтнуудын ажиллах цаг давхардсан, орхигдсон, өдрийн жижүүр нь жолоочийн үүргийг гүйцэтгэх, эсвэл жолооч нь жижүүрийн үүргийг гүйцэтгэхийн алин болох, ээлжийн жижүүр, үйлчлэгч нарын ажил үүргийг хэрхэн хуваарилсан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн уг тушаалтай холбогдуулан П.П-ийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулсан болох нь нотлогдохгүй байна.
-Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/04 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.4, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг үндэслэн П.П-ийг хөдөлмөрийг гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, мөн өдрөөс жолоочийн үүрэгт ажлаас халжээ. /хх-24/
2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 дугаартай “сахилгын сануулах шийтгэл ногдуулсан” тушаалын тухайд:
-Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан он, сар, өдрийг шүүхийн зүгээс тодруулахад Боловсролын чанарын үнэлгээний судалгааг Төв аймгийн сумдаар 2019 оны 3 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулах “Боловсролын үнэлгээний төв”-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан удирдамжийг орон нутагт хэрэгжүүлэхээр ажилласан болох нь “Төв аймгийн Дэлгэрхаан сум, П.П” гэх Боловсролын чанарын үнэлгээний судалгааны шатахууны тооцоо, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр” гэх баримтаар нотлогдож байх боловч, нэхэмжлэгч П.П-ийн 3 суманд ажилласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
П.П нь Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж ажлын байрыг удаа дараа эзэнгүй орхиж явсан гэх үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн боловч түүний “ажлын байрыг эзэнгүй орхиж явсан” гэх үйл баримтыг хариуцагчийн төлөөлөгч У.Даваажав нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... П.П нь надад хэлэхгүйгээр томилолтоор явсан, жижүүрийн ажлын байрыг орхиж явсан гэх боловч шүүх хуралдаанд хэн аль тал нь “П.П-ийг орон нутагт томилолтоор ажилласан” үйл баримтад маргахгүй, зөвшөөрч байна.
Харин томилолтын багт орж ажиллахыг П.П-д зөвшөөрөөгүй байхад жижүүрийн ажлын байрыг орхиж явсан гэж тайлбарлан маргаж байх хэдий ч “П.П-ийн ажлын байрны тодорхойлолтод түүний үндсэн ажил нь “жолооч” гэж заасан байна.
2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаартай “цалинг 20 хувиар, 2 сарын хугацаагаар бууруулсан” тушаалын тухайд:
“Тус Цагдаагийн газарт 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Боловсрол, соёлын газрын жижүүр ажилтай П.П нь ажлын байрандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үүрэг гүйцэтгэж байгаад Эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдэн ирснийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн...” гэх Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 47/1-1502 дугаартай албан тоот, Төв аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02/1029 дугаартай албан тоотыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар П.П-д үндсэн цалингийн 20 хувиар 2 сарын хугацаанд бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Тухайн зөрчил 2019 оны 3 дугаар сард гарсан, энэ зөрчлийг ажил олгогч гарсан даруйд мэдсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байхад “аймгийн Засаг даргад Цагдаагийн газрын албан тоотоор танилцуулагдсан” гэж тайлбарлан 76 хоногийн дараа “Хариуцлага тооцох тухай” тушаал гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан “Сахилгын зөрчил гаргаснас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хуульд нийцэхгүй байна.
2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн П.П-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлийг хянахад:
Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулах тухай” Б/04 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.4, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг үндэслэн “Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж ажлын байрыг удаа дараа эзэнгүй орхиж явсан” Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын жолооч П.П-ийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгож, ажлаас халах үндэслэл бүрдсэн тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ... Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудын үндсэн гол үзэл санаа нь ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулан, тэрхүү гэрээнд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах нөхцөл, ноцтой зөрчил зэргийг тухайлан заасан байх ёстой.
Ажил олгогчийн тушаалд ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг үндэслээгүй байна. Мөн Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга, П.П нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогч /байгууллагын дарга/-ийн санаачилгаар “хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил”, мөн гэрээний 4.2.2-т ажил таслах гэдэгт байгууллагын даргаас зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар орхисон, ажил тасалсан бол/ гэж тус тус заажээ /хх-8/.
Дээрх хөдөлмөрийн гэрээний заалтаас үзэхэд ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарч байна.
Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ажиллагсадын ажилдаа ирсэн, явсан цагийг тухайн байгууллага гараар бүртгэдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлийг нотлох баримт болгон хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн “Ажлын цагийн тооцоо, 03 дугаар сар” гэх баримтад ажлын 22 хоног ажиллахаас 19 хоног ажилласан, 3 хоног, 24 цаг ажил тасалсан” гэж бүртгэж, бичиг хэргийн ажилтан Б.Цэрэндолгор, шалгасан ня-бо Л.Баярцэцэг гэсэн гарын үсэгтэй баримт, П.П-ийн “Бүртгэлийн 16” дугаартай картад 3 дугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд “ажил тасалсан” гэж тэмдэглэгдсэн, тухайн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч “тухайн өдрүүдэд би өвчтэй байсан” гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба хариуцагчийн төлөөлөгчийн “алтан хайрцаг нээлгэнэ гэж утсаар хэлчихээд, албан ёсоор чөлөө аваагүй, хэд хоног ирээгүй” гэх тайлбар нь хэрэгт авагдсан цагийн бүртгэлийн баримтуудаар нотлогдож байна.
Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1-д “...шалтгаангүйгээр тасалсан ажлын цагийн нийлбэр 24 цагаас хэтэрсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна”, 5.2.4-т “...ажилтан өвчтэй шалтгаанаар чөлөө авсан тохиолдолд энэ тухайгаа урьдчилан даргад заавал мэдэгдэнэ”/хх-28/ гэж, Хөдөлмөрийн гэрээний 4.2.2-д “Ажил таслах /байгууллагын даргаас зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар орхисон, ажил тасалсан бол/ гэж заасныг үзвэл ажлын 3 өдрөөс дээш гэдгийг ажлын бүтэн 3 хоног + 1 хоног байх тул П.П нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног буюу ажлын 24 цагаас хэтэрсэн ажил тасалсан ноцтой зөрчил гаргасанд тооцогдохгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны актыг, гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан хэлбэр буюу биечлэн уулзах арга хэлбэрийг сонгосон болох нь “Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулж тайлбар авсан тухай” тэмдэглэл үйлдэж, П.П- гарын үсэг зуржээ. Уг тэмдэглэлд тусгагдсанаар, “2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 35 минутад Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга У.Даваажав тус байгууллагын жолооч, жижүүр ажилтай П.П-д удаа дараагийн гаргасан зөрчил дутагдлын талаар хэлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа” гэж, П.П тайлбар хэлэхдээ: “... би ер нь жолоочийн ажил хийж чадахгүй эрүүл мэнд дийлэхгүй жижүүр хиймээр байна гэсэн тайлбар өгсөн болно” гэжээ /хх-40/.
Маргаж буй П.П-ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга У.Даваажав сонсох ажиллагаа явуулсан өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 5-д заасан “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна”, 27.7-д “Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэсэн тус тус заалтад нийцсэн болох нь нотлогдохгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Ёс зүйн хэм хэмжээ, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэрэг хуульд заасан үүргээ хариуцагч Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газар биелүүлээгүй байна.
Ажил олгогчоос гаргасан эрх зүйн акт /тушаал/ түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн үндсэн үзэл санаа болно. Аливаа хууль, дүрэм, журмыг баримталсан үндэслэл бүхий шийдвэр /тушаал/ гаргах нь ажил олгогчийн үүрэг болно.
Дүгнэвэл, “Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж ажлын байрыг удаа дараа эзэнгүй орхиж явсан Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын жолооч П.П-ийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгож, ажлаас халах үндэслэл бүрдсэн тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэсэн ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох /37 дугаар зүйл/, хөдөлмөрийн гэрээ цуцлах /38 дугаар зүйл/, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах /40 дүгээр зүйл/ үндэслэлийн аль болох нь ойлгомжгүй, тодорхойгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэсэн заалтад нийцэхгүй байна.
Иймд хуульд нийцэхгүй байгаа Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.П-ийг Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч П.П нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шүүхийн зүгээс тодруулахад 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс шүүх хуралдааныг хүртэлх хугацааны цалинд 771,926 төгрөгийг нэхэмжилсэн гэж тодруулсан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу тодорхойлж ажилгүй байсан хугацааг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх /ажлын 38 өдрөөр/ тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 4 дүгээр сард 80,310 төгрөгийн цалин хөлс олгосон тухай бичилт хийгдсэн байна. Иймд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 01, 02, 03 дугаар саруудын цалин хөлсөөр тооцоход
Нэг өдрийн дундаж цалин хөлс 833,419+831,419+722,680=2,387,518 : 3 сар = 795,840 : 21.5 = 37,016 төгрөг байна.
Нийт 38 ажлын өдрөөр тооцвол, 37,016 х 39 хоног = 1,406,608 төгрөг байна.
Нэхэмжлэгч П.П нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан цалин хөлсний олговорт 771,926 төгрөгийг шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 771,926 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч П.П нь ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг шаарджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар П.П-ийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2-т “ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан тул ажилтан П.П-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг ажил олгогчийн санхүүд даалгах нь зүйтэй.
Ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Боржигон хайрхан овогт П.П-ийг Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 771,926 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч П.П-д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.П-ийн ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрүүдэд бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын санхүүд даалгасугай.
4.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.П нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдусугай.
5.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН