Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 67

 

 

2017.03.09


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0074/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт *** овогт *** ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000017 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг төмөр замын 21-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** овогт *** *** /РД:***/

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч *** нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Шар сувд баарны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас ***ын нүүрэн тус газар цохиж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай найз нартай *** ах гар бариад мэнд ус мэдээд явж байхаар нь хажуу талаас нь гараараа нэг удаа шанаа руу нь цохиод авсан. Тэгэхэд *** ах лаазтай пивоо газарт хаяад хойшоо ухраад доошоо тонгойгоод шүлсээ хаяад зогсож байсан. Тэгэхдээ *** ах надад яаж байгаа юм ахын дүү гээд хэлсэн. Би хариуд нь та намайг бага байхад зөндөө зодож, дээрэлхдэг байсан биз дээ гэж хэлсэн. Би *** ахын өөдөөс юм хэлж үзээгүй. Намайг *** ах шоронд явахаасаа өмнө маш их дээрэлхэж тамхины мөнгө төгрөг нэхдэг байсан. Намайг мөнгө төгрөг байхгүй гэж хэлэхээр яагаад том дуу гаргаад байгаа юм гээд цохиод авдаг байсан. Надтай хамт нүүрсэнд яваад мөнгө олохоороо миний мөнгийг авчихдаг байсан. Манай найз нарыг бас ахархаад дээрэлхээд байдаг болохоор дургүй хүрч, дотроо бодож явдаг байж байгаад тэр өдөр гараараа цохиод авсан юм.  ...Бид нар бүлэглэж зодоогүй. Би ганцаараа цохисон. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би *** ахаас уучлалт гуйсан. Эмчилгээний төлбөрийг нь төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 50, 52/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэд нартай сайн байна уу дүү нар сайхан баярлаж байна уу гэж хэлсэн. Тэгээд хоёр гуравтай нь гар бариад явж байхад хажуу талаас *** гараараа нэг удаа цохиод авсан. Миний амнаас цус гараад акт араа дээшээ сугараад гараад ирсэн. Би ***ыг яаж байгаа юм ахын дүү гэхэд та намайг урд өмнө зөндөө зодож, дээрэлхэж байсан биз дээ гэж хэлсэн. ...Намайг цохих үед *** эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг *** найз нартайгаа бүлэглэж зодсон зүйл байхгүй. Ганцаараа цохисон. Миний эмчилгээний зардлыг *** бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл гээд байх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёр куртик аваад баарнаас гараад ирэхэд *** гараараа эрүүгээ барьсан доошоо хараад зогсож байсан. Би ***оос *** яагаад эрүүгээ бариад байгаа талаар асууж тодруулахад *** би гараараа цохисон гэж надад хэлсэн. Би найз ***оос яагаад ***тай маргалдах болсон талаар асуухад *** би өмнө ***т зөндөө зодуулдаг байсан. Над руу *** согтуу гараа өгөхөөр нь цохих гэж байна гэж бодоод гараараа түрүүлээд цохисон гэж хэлсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “”...баарны гадна *** ах гараараа эрүүгээ бариад доошоо хараад зогсож байсан. Би ***ээс яасан юм андаа гэхэд *** *** гараараа эрүү рүү цохисон чинь тас гээд явчихсан гэж хэлсэн. ...Бид нараас *** ах архи, тамхины мөнгө нэхээд байдаг бас бид нарыг зодоод шоглоод байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Насанд хүрээгүй гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...найз *** *** ахыг *** гараараа цохичихлоо гэж хэлсэн. Бид нарыг *** ах дандаа ахархаад дээрэлхээд байдаг. Мөн *** ах намайг 2016 оны 09 сард РС тоглоомын газарт тоглож байгаад тоглоомноос маргалдахад толгой руу гараараа цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Насанд хүрээгүй гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би найз ***, Билгүүн нар дээрээ очиход *** *** ахыг гараараа цохисон гэж хэлсэн. Тэгээд зогсож байхад *** ах хүрч ирээд миний эрүү хугарсан юм шиг гэж хэлсэн. ...Бид нараас *** ах архи, тамхины мөнгө нэхээд байдаг бас бид нарыг зодоод шоглоод байдаг юм. Мөн *** ах гар бариад зөрүүлээд гараараа хаашаа ч хамаагүй цохиод байдаг. Бас хөлөөрөө өвдөглөөд, элэгдээд байдаг дээрэлхүү зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Насанд хүрээгүй гэрч Н.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би утсаар ярьж дуусчихаад эргээд харахад *** ах гараараа эрүүгээ дарсан доошоо хараад зогсож байсан. Би баарнаас Кенже гараад ирж байх шиг харагдахаар нь *** ахыг хэн цохисон талаар асуухад надад *** ахыг сая *** гараараа эрүү рүү нь цохисон гэж хэлсэн. Манай найз ***ыг *** нь зөндөө зодож дээрэлхдэг байсан. Ер нь *** гадуур явж байхад бид нараас мөнгө нэхэж байнга дарамтлаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Насанд хүрээгүй гэрч ***ний мөрдөн байцаалтад өгсөн: ...Тухайн үед *** ах гартаа лаазтай пиво барьсан гарч ирсэн. Манай найз нартай *** ах сайхан баярлаж байна уу гээд гар бариад явж байхад *** гараараа *** ахын нүүр рүү цохиод авсан. Тухайн үед найз *** *** ахад хандаж та намайг бага байхад дандаа дээрлэхдэг байсан. Харин одоо дээрэлхүүлж чадахгүй шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 95 дугаартай “***ын биед доод эрүүний хэсгийн хугарлын гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. ***т учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний явц төгсгөлөөс шалтгаална” гэх дүгнэлт /хх-ийн 29/ гэх дүгнэлт,
        
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ял шийтгэлгүй /хавтаст хэргийн 61/ гэх болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *** нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “***” баарны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ***ыг нүүрэн тус газар цохиж доод эрүүний хэсгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч ***, ***, насанд хүрээгүй гэрч ***, ***, Н.***, ***н нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хх-ийн 11, 17, 18, 20, 22, 24, 26 дугаар хуудсуудад тус тус авагдсанаар,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

  Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна. 

Иймд шүүгдэгч ***ыг хохирогч ***ын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Хохирогч *** нь “...Миний эмчилгээний зардлыг *** бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл гээд байх зүйл алга” гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шүүгдэгч ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ***ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
                                                       ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч *** овогт *** ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид   эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ***д хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *** нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг ***д сануулсугай.  

7. Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.БАТТУЛГА