Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1456

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01238 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.О-, С.О-нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

 

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.Отгонжаргал, Д.О- нартай 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 16 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар зээлийг төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж тодруулсантай холбоотойгоор хариуцагч С.Отгонжаргалаас татгалзаж байна. Иймд гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 5 000 000 төгрөг, үндсэн зээл 16 500 000 төгрөг түүний хүү 3 700 000 төгрөгийн хамт нийт 25 200 000 төгрөгийг хариуцагч Д.О-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-, Д.О- нар нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний 1-д “2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн төлөгдөөгүй 10 000 000 төгрөг, мөн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр зээлж байгаа 10 000 000 төгрөг” нийт 20 000 000 төгрөг гэж зээлийн үнийн тогтоосон. Гэтэл Б.М- нь Д.О-д 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг шилжүүлээгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч зээл олгогдоогүй. Д.О-, Б.М- нарын хооронд урт хугацааны өглөг, авлага явж байсан бөгөөд Б.М- 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дахин шинэчилсэн гэрээнд Д.О-оос тодорхой төлөлтүүд хийгдсэн тул гэрээг шинэчилж үндсэн үүргийн гүйцэтгэлд 16 500 000 төгрөг гэж талууд тохиролцсон бөгөөд энэ төлбөрийг дахин 3 сараар сунгасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ бүрэн өөрчилсөн. 2015 оны 4 дүгээр сарын 29 болон 5 дугаар сарын 29-ний өдөр ямар ч гүйлгээ хийгдээгүй, мөнгө шилжүүлээгүй. Иргэний хуулийн 42.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү авах эрхээ алдана. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 16 500 000 төгрөгийг Д.О- нь Б.М-д төлөх ёстой гэж баталгаажуулж тохиролцсон. Төлөлтийн дүнд талууд маргаагүй. Харин тусдаа байсан 8 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт маргадаг боловч 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа байсан бол 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5 дугаар сарын 29-ний өдрийн хэлцэлд энэ талаар тусгагдах байсан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Д.О-ы эгч Д.Алтантуяад 9 650 000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн. Иймд Иргэний хуулийн болон гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн Д.О-ы төлсөн 9 750 000 төгрөгийг хасаад 6 750 000 төгрөгийг төлнө. Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулж өгсөн 1 000 000 төгрөг төлөлтөд байхгүй. Төрийн банкны дансанд тушааж байсан төлбөрийн баримтууд ороогүй. С.Отгонжаргалын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд барьцаалагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 9 750 000 төгрөгийг төлсөн ба 6 750 000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн тул сөрөг нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Д.О-оос 13 125 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 075 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч С.Отгонжаргалаас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хариуцагч Д.О- нь нэхэмжлэгч Б.М-д холбогдуулан гаргасан 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 950 төгрөгийг, хариуцагч Д.О-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 450 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 170 250 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагч Д.О-оос 223 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрт төлбөр хийсэн он сарыг буруу тусгасан. Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг нэхэмжилсэн Уг зээлийн гэрээгээр талууд " ..20 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 20 хоногийн хугацаатай зээлэхээр” харилцан тохиролцсон. Хариуцагч нь тодорхой төлөлтүүдийг хийсний дараа 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн өр 16 500 000 төгрөг болж буурсныг талуудын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, талуудын шүүхэд өгсөн мэдүүлэг, холбогдох баримтууд нотолдог ба үүнийг шүүх үнэн зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч талд гэрээгээр тохиролцсон хүүгээ бүрэн төлж, үндсэн зээлээс 3 500 000 төгрөгийг төлж, үндсэн үүрэг нь 16 500 000 төгрөг болж буурсан.

            2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зээлийн өрийн үлдэгдлийг талууд баталгаажуулснаас хойш хариуцагч Д.О- нь нийт 9 750 000 төгрөг төлсөн. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хүү төлөгдсөн тул 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш төлсөн 9 750 000 төгрөгийг үндсэн үүргээс хасч үлдэгдэл 6 750 000 төгрөг болох бөгөөд гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу 3 375 000 төгрөгийн анз нийт 10 125 000 төгрөг байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3 000 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч С.Отгонжаргал, Д.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Отгонжаргалаас татгалзсан байна. Хариуцагч Д.О- зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6 750 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлсөн гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргажээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн, хариуцагч С.Отгонжаргалаас, хариуцагч Д.О-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Б.М-, Д.О- нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 10 000 000 төгрөг дээр нэмж 10 000 000  төгрөг зээлдүүлж, нийт 20 000 000 төгрөгийг 20 хоногийн хугацаанд 10 хувийн хүүгийн хамт Д.О- төлөхөөр тохиролцсон байжээ. Улмаар мөн оны 5 дугаар сарын 29-ний өдөр дахин 16 500 000 төгрөгийн дүн бүхий гэрээ байгуулж, зээлийг мөн оны 8 дугаар сарын 29-ний өдөр төлж дуусгах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, нэхэмжлэгч Д.О-ы зээл төлөх тухай тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-4, 76 дахь тал/ Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв тогтоон, талуудыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 4 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээг дүгнэсэн, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 16 500 000 төгрөг гэж үзсэн нь зөв байна.

Зохигчид энэ талаар, мөн зээлийн үүрэгт 9 750 000 төгрөг хариуцагч төлсөн гэдэгт маргаагүй, хариуцагч Д.О- нь зээлийн төлөлтийг буруу тооцсон гэж марган, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан ХААН банк дахь депозит дансны хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Д.О-оос зээлийн гэрээний үүрэгт 13 125 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ

           

                                          ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД