Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 408

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан хийж, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2017/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0453 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2017/0007 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Б-г Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох  7.112.460 /Долоон сая нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газарт/-д үүрэг болгож,

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг баримтлан “1.509.500 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0453 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан болон 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаас гарсан Д.Б-ийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр болон магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Д.Б-г ажлын шаардлагаар чөлөөлсөн байдаг. Ажиллах хугацаандаа боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагааг бодлогоор зохицуулах ажлыг хангалтгүй хийж ирсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзээд ажлаас чөлөөлсөн. Харамсалтай нь анхан шатны шүүх:

а. Боловсрол, соёлын газар нь орон нутагт боловсролын талаар баримтлах ойрын болон алсын бодлогыг тодорхойлж ажиллах байтал дунд хугацааны болон хэтийн ямар ч хөтөлбөр, стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллаагүй.

б. Өөрийн дураар албаны дарга, ахлах мэргэжилтэн гэх мэт албан тушаал, цолыг зарим нэг хүмүүст өгч өндөр шатлалаар цалинжуулж, албан хаагч, мэргэжилтнүүдийг ялгаварлан цалинжуулдаг байсан.

в. ЭЕШ болон бусад шалгалтын амжилт, чанарыг буруу мэдээлдэг.

г. Албан тушаалын эрх мэдлээ ашиглан 2018 онд тэтгэвэрт гарч тэтгэмж авах байтал 2016 онд тэтгэмж авах өргөдлөө өгч жилийн өмнө 2017 оны төсөвт суулгуулсан.

д. Төсвийн төслийг хүлээн авах, хянах доод шатандаа хяналтыг сулруулж, шаардлага хангаагүй, зөрчилтэй төслийг хүлээн авсан, багш ажиллагсдад тэтгэмж олгох болзол нөхцөлийг хангасан эсэхийг нотлох баримтыг бүрдүүлэлгүй төсөвт тусган, санхүүжилт хийх, зарим хүмүүст тэтгэмжийг давхар олгох зэрэг хариуцлагагүй хандаж санхүүгийн ноцтой зөрчил гаргаж ажиллаж байсан нь санхүү дотоод аудитын шалгалт, дүгнэлтээр батлагдсан зэрэг ноцтой дутагдлууд гаргаж байсныг шүүн хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасан.

Хоёр. Аймгийн Засаг дарга нь ажлаас чөлөөлөхдөө түүнтэй тохиролцсон байдаг.

а. Тэтгэвэрт гарах хүртлээ урьд авч байсан цалинг бууруулахгүй байх.

б. Боловсрол, соёл, урлагийн газарт үргэлжлүүлэн ажиллах гэсэн 2 нөхцөлөөр тохиролцсон.

Д.Б 11 дүгээр сард Боловсрол, соёл, урлагийн газарт ажилд орохоор өргөдөл бичгээр гаргасан ба түүндээ Засаг даргатай тохиролцсон тухайгаа бичсэн байдаг. Энэ нь тэдний тохиролцоог баталж байгаа юм. /Өргөдөл хэргийн материалд байгаа/ Анхан шатны шүүх дээр хэрэг хянан хэлэлцэж байхад Д.Б-д эвлэрэх санал тавьсан ба тэрээр зөвшөөрч эвлэрлийн гэрээг боловсруулсан, өмгөөллийн үйлчилгээ авсны 1.500.000 төгрөг дээр 2 тал санал зөрснөөс гарын үсэг зураагүй. Энэ нь тохиролцсон байсан гэдгийг давхар нотолж байна. Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар “Соёлын өв хариуцсан мэргэжилтэн”-ээр томилсон ба нэмэгдэл цалингийн эх үүсвэр байгаагүй тул ТЗ-5 шатлалаар /зөрүүг 2017 оны төсвөөс олгохоор/ цалинжуулсан. 2017 оны  01 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар “Соёл, урлагийн албаны дарга”-аар томилж, ТЗ-7 шатлалаар цалинжуулах болсон. Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газраас тохиролцоог хангаж ажиллаж байгаа.

Гурав. 2017 оны 6 дугаар сарын 27-нд болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанд Засаг дарга ерөнхийлөгчийн сонгуулийн ажилтай, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулах ажилтай байсан ба орон нутгаас энэ хугацаанд ирж оролцох боломжгүй тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг явуулсан. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ хүсэлтийг үл харгалзан шүүх хуралдааныг зөвхөн нэхэмжлэгчийг байлцуулан явуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.

Иймд, хариуцагчдад шүүх хуралдаан, хэлэлцүүлэгт өөрсдийн биеэр оролцож тайлбар гаргах боломжийг олгож хэргийг хянан хэлэлцэж, өмнөх шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримт, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд зөв дүгнэлт хийн, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Д.Б-г аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэдэлд шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх Б/688 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гарган, “...Засаг дарга албан ажлын зайлшгүй ямар шаардлагаар ажлаас чөлөөлөх болсноо хэлээгүй, “намын шаардлагаар чөлөөлөх болсон” гэж хэлсэн. Миний хувьд Засаг даргатай өөр байгууллага, албан тушаалд шилжин ажиллах талаар тохиролцоогүй, санал гаргаагүй учир захирамжид заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. ...намайг Боловсрол, соёл, урлагийн газарт соёлын өв хариуцсан мэргэжилтнээр ажиллуулья гэснийг нь зөвшөөрөөгүй, учир нь миний авч байсан цалин буурна...” гэж маргасан байна.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтаар албан ажлын зайлшгүй шаардлага гарсны улмаас төрийн албан хаагчийг түүнтэй тохиролцон өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болохыг хуульчилсан бөгөөд “тохиролцож” гэдгийг албан тушаалтны аливаа шахалт шаардлага, зүй бус хөндлөнгийн нөлөө, оролцоогүйгээр гагцхүү албан хаагчийн өөрийнх нь хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр хэлэлцэн тохиролцох, тохиролцоо нь бичгэн хэлбэрээр байхыг, түүнчлэн өөр албан тушаалд шилжүүлэхдээ тухайн албан хаагчийн урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр өөр ажилд ажиллуулахыг ойлгохоор байна.

Нэхэмжлэгч Д.Б-г ажлаас чөлөөлсөн захиргааны актын үндэслэл болсон “Албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон, түүнтэй тохиролцож өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан” гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, түүнийг эрхэлж байсан албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

Тодруулбал, хариуцагч Засаг даргаас ажлын зайлшгүй шаардлага гарсан гэдгийг боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, цалин хөлсийг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлээр зөв тогтоох, орон нутагт боловсролын талаар баримтлах бодлого чиглэлийг тодорхойлж ажиллах, сургалтын ахиц, амжилт, элсэлтийн ерөнхий шалгалтын талаар үнэн зөв мэдээллийг төр захиргааны байгууллага болон олон нийтэд үнэн зөв мэдээлж, шударга ажиллах шаардлага гарсан гэж тайлбарлаж байгаа ч эдгээр нь хуульд зааснаар ажлын зайлшгүй шаардлага бий болсонд хамаарахгүй юм. 

Түүнчлэн, хариуцагчаас нэхэмжлэгч Д.Б-тай тохиролцон өөр албан тушаалд шилжүүлсэн, түүнийг нотлох баримт нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр түүний бичсэн өргөдөл гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчээс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад хандан, дутуу амарсан хоногийг нөхөн амрааж өгөхийг хүсч гаргасан өргөдлийг аймгийн Засаг даргатай тохиролцон гаргасан хүсэлт гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Б-г “албан ажлын зайлшгүй шаардлагаар, түүнтэй тохиролцсон” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэдэлд шилжүүлсэн захиргааны шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1-д заасныг зөрчжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны Б/688 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.    

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг зөв үнэлсэнгүй. ...Д.Б-г ажлын шаардлагаар чөлөөлсөн, түүнийг боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагааг бодлогоор зохицуулах ажлыг хангалтгүй хийж ирсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлсөн. ...Д.Б 11 дүгээр сард Боловсрол, соёл, урлагийн газарт ажилд орохоор бичгээр өргөдөл гаргасан ба түүндээ Засаг даргатай тохиролцсон тухайгаа бичсэн байдаг. Энэ нь тэдний тохиролцоог баталж байгаа юм” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2017/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0453 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АТАРЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                      Б. МӨНХТУЯА