Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 152

 

У.Ба-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, хохирогч А.Тө-, түүний өмгөөлөгч Г.Цагаан, хохирогч Ж.Ба-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, Л.Баттогтох, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 369 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дүгээр магадлалтай 201701000008 дугаар эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төмөр замын шүүхийн 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил хорих ял,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 10 жил хорих ял, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жил хорих ял, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 10 жил хорих ял шийтгүүлсэн,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай У.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Бусдыг залилж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Ба-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн нэр хүндийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Ба-ын цагдан хоригдсон 43 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар У.Ба-аас 46.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ба-д 26.000.000 төгрөг, хохирогч А.Тө-д 20.000.0000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал бичсэн эсэргүүцэлдээ “...М.Эн-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгох тогтоол үйлдсэн байх боловч уг тогтоолоо хэргийн оролцогч нарт танилцуулахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11, 8.2 дугаар зүйлийн 1.6, 1.8 дугаар зүйл буюу хохирогч өмгөөлөгч нарын мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцаж, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах, шүүх прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт хуульд зааснаар гомдол гаргах эрхүүдийг эдлүүлэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ.

М.Эн-ыг хамтран амьдрагч У.Ба-тай бүлэглэн “алтны уурхайд алт ухах зөвшөөрлийг холбогдох хүмүүсээс олж өгнө” хэмээн иргэн Ж.Ба-, иргэн А.Тө- нараас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн нэр хүндийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт М.Эн-ыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1, 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу М.Эн-ыг сэжигтэн, яллагдагчаар татсан шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн ба хэрэгт М.Эн-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгаагүй. У.Ба-т холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссаныг хохирогч, түүний өмгөөлөгч, яллагдагч, түүний өмгөөлөгч нарт мэдэгдэж хэргийн материалтай бүхэлд нь танилцсан, У.Ба-ыг дангаар яллагдагчаар татан шүүхэд шилжүүлж байгааг мэдсэн, яллах дүгнэлтийг гардан авсан ба М.Эн-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу татсан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон прокурорын тогтоолд гомдол гаргаагүй. У.Ба-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэх явцад М.Эн-ыг уг хэрэгт буруутай эсэх талаар оролцогч нараас гомдол гаргаагүй, энэ тухай шүүхийн хэлэлцүүлэг, шийдвэрт дурдаагүй атлаа хохирол төлөгдөөгүй үндэслэлээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхээ эдлээгүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Ж.Ба-ын өмгөөлөгч Б.Дашдорж хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч А.Тө-гийн өмгөөлөгч Г.Цагаан хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны шүүхэд прокурор хэрхэн эсэргүүцэл бичих талаар тодорхойлж өгсөн бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй бол хяналтын шатны шүүхээс дээрх эсэргүүцлийг хүлээн авах эсэхийг анхаарах нь зүйтэй. Мөн анхан шатны шүүх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өөрийн саналаар явуулах ёстой байтал, урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй нь буруу байна. М.Эн- гэдэг хүн нь шүүгдэгч У.Ба-ын хэлсэн үгийг дамжуулдаг байсан учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй бөгөөд прокурорын зүгээс М.Эн-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Өмгөөлөгчийн зүгээс магадлалыг дэмжиж байгаа бөгөөд харин магадлалд дурдагдсан М.Эн-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг танилцуулаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “У.Баатаржав нь иргэн Ж.Ба-ас 60.000.000 төгрөг, иргэн А.Тө-гээс 20.000.000 төгрөгийг тус тус залилж авсан болох нь нотлогдсон. Мөрдөн шалгах болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцдаа оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн У.Ба-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч У.Ба- нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг “Баянхошуу” гэх газарт алт ухах зөвшөөрөл олж өгнө хэмээн хуурч мэхлэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ж.Ба-ас 60.000.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хохирогч А.Тө-гээс 20.000.000 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх У.Ба-ыг бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил 8 сар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хувийн байдалд нь тохирсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтын шатанд М.Эн-ыг сэжигтэн, яллагдагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгосон прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх бөгөөд хэргийн оролцогч нар хэргийн материалтай танилцахдаа энэ шийдвэрийн талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин хохирогч Ж.Ба-ас шүүгдэгч У.Ба- нь 60.000.000 төгрөг залилан мэхэлж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байхад анхан шатны шүүх хохирлыг 10.000.000 төгрөгөөр бууруулан тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

У.Баатаржавын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг зөвтгөн тогтоосноор нийт хохирлын хэмжээ өсч байгаа боловч энэхүү байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 369 дүгээр шийтгэх тогтоолд: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ба-аас 56.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Ба-д 36.000.000 төгрөг, хохирогч А.Тө-д 20.000.000 төгрөг тус тус олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН