Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2020/00898

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........... оршин суух ..... овогт Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох,

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Д.Ц-ийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халсан Б/23 тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, шүүх хурал хүртэлх 2 сарын цалин 1,849,024 төгрөг гаргуулах, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жил 9 сарын хугацаанд нян судлагч эмчийн ажлыг үндсэн ажил болох лаборантын ажил дээр давхар хийсний цалинд нян судлагч эмчийн цалин ТҮЭМ-ийн 6-5 дахь шатлалаар 934,899 төгрөгний 20 хувь болох 3,926,559 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Билгүүн нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... би Төв аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Д.Ц-ийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халсан Б/23 тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, шүүх хурал хүртэлх 2 сарын цалин 1,849,024 төгрөг гаргуулах, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жил 9 сарын хугацаанд нян судлагч эмчийн ажлыг үндсэн ажил болох лаборантын ажил дээр давхар хийсний цалинд судлагч эмчийн цалин ТҮЭМ-ийн 6-5 дахь шатлалаар 934,899 төгрөгний 20 хувь болох 3,926,559 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Эрүүл мэндийн газар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжлэлд дараах үндэслэлүүдээр хариу тайлбар гаргаж байна.

1.Төв аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/23 дугаар Д.Ц-ийг халах тухай" шийдвэрийг хүчингүй болгуулж, 2 сарын цалин нэхэмжлэх тухай” хэсэгт хариу тайлбар:

1.1 Нэхэмжлэгч Д.Ц нь хувийн хэргийн материал болон дээд боловсролын дипломыг хуурамчаар үйлдэж түүнийгээ ашиглан 2018 оны 7 дугаар сараас эхлэн Нян судлагч эмчийн албан тушаалд томилогдохыг санаархсан бөгөөд ЭМГ-ын дарга, Д.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний өөрт хадгалагдаж байсан хувь дээр албан тушаал гэсэн хэсэгт Шим судлагч /лаборант/ гэсний ард гараар Нян судлагч гэж нэмж бичсэн нь Д.Ц-ийг Нян судлагчийн ажлын байранд томилогдохыг хүсч байсныг илэрхийлж байна. Бид уг хуурамч бичиг баримтыг цагдаагийн байгууллага, Боловсролын яам зэрэг байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр хэлэлцсэн боловч Д.Ц-д тооцогдох хариуцлага хүндээр тусах магадлалтай гэж үзсэн. Үүний үндсэн дээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн уг үйлдэлд нь төрийн албан хаагчийн хувийн хэргийг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэлээр ЭМГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн б/09 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.

1.2 Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Долгорсүрэнгийн ажлын өрөөний үүдэнд Д.Ц нь үнс бүхий нунтаг зүйл цацсан нь байгууллагын камерийн бичлэгт хадгалагдсан ба Байгууллагын Ёс зүйн зөвлөлд гаргасан өргөдлөөр уг үйлдлийг хянан хэлэлцээд ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч Д.Ц ёс зүйн зөвлөлд мэдүүлэхдээ Долгорсүрэнг өрөөндөө байгаа эсэхийг тодруулж харсан, карманаас карманд байсан шороо унасан байх зэргээр ярьсан тайлбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартай зөрчилдөж байна. Камерийн бичлэг, ёс зүйн зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл зэргийг хавсаргав.

1.3 Д.Ц нь хөлсөөр ажиллуулах гэрээт ажилтан Нян судлагч эмч Н.Ганцэцэгтэй албан ажлын харилцаа үүсгэхдээ Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тушаалаар батлагдсан “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 6.1-д “Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ харилцан хүндэтгэсэн, дэмжсэн, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн шударга, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ”, 6.2-д “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж үр дүнг сайжруулах, анагаах ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр тэгш байдлыг ханган мэргэжил нэгт нөхөдтэйгөө чөлөөт, шударгаар хамтран  ажиллана” гэсэн  заалтуудыг зөрчсөн,  эмчийн  гар утсанд бүдүүлэг, сүрдүүлсэн үг хэллэг бүхий зурвас илгээсэн зэрэг асуудлыг Удирдлагын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцээд “ёс зүй, зан харилцааны зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн.

2. “2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 1 жил 9 сарын Нян судлагч эмчийн цалингийн 20 хувийг байгууллагаас гаргуулах тухай” хэсэгт хариу тайлбар:

2.1 Д.Ц-г Төв аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 08-ны Б/24 дугаар тушаалаар Лаборантийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон. Нэхэмжлэлд Нян судлагч эмчийн ажил үүрэг, эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн боловч Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтыг байгуулаагүй гэж тусгажээ. Манай Орчны эрүүл мэндийн лаборатори нь 21 аймагт байхгүй, зөвхөн манай аймагт байдаг онцлог лаборатори юм. Тэр ч утгаараа бид лабораторийн тасралтгүй байдлыг хангахын тулд Нян судлагч эмч, лаборант, химич, туслах ажилтан гэсэн 4 албан тушаалыг өнөөг хүртэл хадгалж ирсэн. Манай лаборатори нь магадлан итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд магадлан итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой. Лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг ахлан Химич Баярцэцэг ажилладаг бөгөөд сорилт шинжилгээний дүнг баталгаажуулж, тамгалж гаргадаг байсан. Аймгийн хэмжээнд мэргэжлийн эмч, нян судлагч эмчийн ажлын зарыг удаа дараа тавьсан боловч хүн ирээгүй, 2019 оны 5 дугаар сарын 07-ноос 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд лабораторийн эрхлэгч Баярцэцэг нь амаржиж эргэн ажилдаа орсон. Энэ хугацаанд лабораторийн үйл ажиллагааг түр хаах асуудал удирдлагын түвшинд яригдаж байсан. Гэхдээ магадлан итгэмжлэлийн хүрээнд тасралтгүй байх ёстой, Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд гэж байгуулсан учраас бид гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу түүнийг ажиллуулж байсан. Бидний байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны эрх гэсэн хэсгийн 2.4.1-д “Хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангуулах, ажил үүрэгтэйгээ холбогдсон хүсэлт тавих, байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон санал гомдол гаргах, шийдвэрлүүлэх”, 2.4.2-д “хууль, тогтоомж, дээд байгууллагын шийдвэрийн дагуу цалин, тэтгэмж, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллыг авах, сургалтад хамрагдах талаар хүсэлт гаргах” эрхтэй. Д.Ц нь Хэрлэнтуяагийн ажил үүрэг, эд хөрөнгийг хүлээлцэн өгөх үед болон гуүнээс хойш 1 ч удаа байгууллагын удирдлагад цалин хөлсний асуудлаар хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэв тухайн үед давхар ажил эрхэлж байна, цаашид нэмэгдэл хөлс авах эрхээ эдэлмээр байна гэж хүсэлт тавьсан бол бид судлан шийдвэрлэх байсан. Харин одоо хөдөлмөрийн маргаан гарсны дараа ингэж нэмэлт хөлс нэхэх нь зохимжгүй. Манай байгууллагын хувьд дутагдалтай, сул ажлын байранд дотоод ажилтнуудаа ажиллуулах тохиолдолд тухайн ажилтны ажлын ачаалал, санал хүсэлтийг сонсож харилцан тохиролцож шийдвэрлэдэг билээ. Хэрэв ажилтан бүрийг Д.Ц-ийн нэхэмжлэлд дурьдсанаар цалин хөлс ярилгүй давхар ажил хийлгэдэг, хүний чөлөөтэй хөдөлмөрлөх эрх, олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг байсан бол ажилчид эсэргүүцэл илэрхийлэх байсан байх. Мөн энэ нь манай байгууллагын нэр төрийг гутаан доромжилсон уйваагүй үйлдэл тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний ЭМГ-ын даргын үүрэг буюу 2.1.1, 2.1.2, 2.1.3 дахь заалтын хүрээнд Д.Ц-ийн 2018 оны 5 дугаар сарын 16-нд бичсэн ажилчдын байранд орох хүсэлтийн дагуу нийгмийн асуудлыг шийдвэрлэн тус байранд оруулсан. Мөн 2018 онд Дорнод аймагт ЭМГ-уудын дундах туршлага судлах уулзалт, спортын тэмцээнд байгууллагаараа оролцохдоо тамирчдаа авч явсан бөгөөд Д.Ц явах хүсэлт гзргасны дагуу тэмцээнд оролцохгүй байсныг үл харгалзан байгууллагын зардлаар авч явж, Манжуурт аялуулсан. Мөн Д.Ц-ийг 2019 онд удаан хугацаанд ажилласан елмөрийг үнэлэн аймгийн Засаг даргын Хүндэт жуухаар эмнэлгийн ажилчдын баярыг тохиолдуулан шагнасан, 2018-2019 онд 5 удаа 1,062,766 төгрөгийн урамшууллыг олгосон зэрэг нь тухайн хүнийг дэмжин ажиллаж байсныг гэрчилнэ. Хэрэв Д.Ц-ийг байнга дарамталж, ажлын байрны орчин нөхцөл муу байсан юм бол яагаад нэг ч удаа уг асуудлыг холбогдох мэргэжилтэн, удирдлагуудад мэдэгдэж байсангүй вэ. Тийм хэцүү нөхцөлд ажиллаж байсан юм бол хэлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь ажилтанд байдаг.

Д.Ц нь Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарах ёс зүйн волон зан харилцааны зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 буюу “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн лагилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн заалтыг үндэслэл болгосон. Д.Ц-ийн нэхэмжлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт үндэслэснийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулж, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл гаргаагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 заалттай андуурч тайлбар гаргасан байна. Иймд бид Д.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрэн хэлэлцэх хүсэлтдээ:

“Д.Ц би тус шүүхэд Төв аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулж лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ажил хавсарсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид харилцан тохиролцоод дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч дээрх хоёр шаардлагын нэг болох 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жил, 9 сарын хугацаанд байгууллагын удирдлагын шийдвэрээр өөрийн үндсэн ажил болох лаборантын ажил дээр давхар нян судлагч эмчийн ажлыг хийсэн цалингийн 20 хувь болох 3,926,559 төгрөгийн нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна.

2.Нэхэмжлэгч, хариуцагч талууд хоорондоо эвлэрч Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Зооноз-ХӨТСТ-ийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож, ээлжийн амралтын зөрүү, 6 дугаар сарын цалингийн зөрүүг тооцож олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулж байна.

Иймд бид дээрх нөхцлөөр харилцан тохиролцож сайн дураар эвлэрсэн тул хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан хүсэлт тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Төв аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан Төв аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Д.Ц-ийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халсан Б/23 тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох; шүүх хурал хүртэлх 2 сарын цалин 1,849,024 төгрөгийг, мөн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жил 9-н сарын хугацаанд нян судлагч эмчийн ажлыг үндсэн ажил болох лаборантын ажил дээр давхар хийсний цалинд  нян судлагч эмчийн цалин ТҮЭМ-ийн 6-5 дахь шатлалаар 934,899 төгрөгний 20 хувь болох 3,926,559 төгрөгийг, нийт 5,775,583 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 -т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жил, 9 сарын хугацаанд байгууллагын удирдлагын шийдвэрээр өөрийн үндсэн ажил болох лаборантын ажил дээр давхар нян судлагч эмчийн ажлыг хийсэн цалингийн 20 хувь болох 3,926,559 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

- Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Зооноз-ХӨТСТ-ийн лаборантын ажилд эгүүлэн авч, шүүх хурал хүртэлх 2 сарын цалин 1,849,024 төгрөгийг гаргуулах шаардлагаа өөрчилж, ээлжийн амралтын зөрүү, 6 дугаар сарын цалингийн зөрүүг тооцож олгохоор зохигч талууд харилцан тохиролцжээ.

Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан, хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэн хэлэлцэх эрхийг олгосон байна. /хх-95, 116/

Иймд зохигч талуудын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч талууд нь хуульд заасан эвлэрэн хэлэлцэх эрхээ эдэлж, шүүхэд мэтгэлцэхгүйгээр хүсэл зоригийн илэрхийлэл болох хэлцэлд үндэслэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэж байгаа бөгөөд шүүх ажил олгогчийн ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй болохыг дурдвал зохино.

Ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2874 дүгээр зүйлийн 74.5-д заасан 70,200 төгрөгийн тал хувиар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жил, 9 сарын хугацаанд байгууллагын удирдлагын шийдвэрээр өөрийн үндсэн ажил болох лаборантын ажил дээр давхар нян судлагч эмчийн ажлыг хийсэн цалингийн 20 хувь болох 3,926,559 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Зооноз-ХӨТСТ-ийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож, ээлжийн амралтын зөрүү, 6 дугаар сарын цалингийн зөрүүг тооцож олгохоор харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг Төв аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН