Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2020/00039/И |
Дугаар | 183/ШШ2020/01232 |
Огноо | 2020-05-08 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2020/01232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, Магсаржавын гудамж, Нарлаг б, өөрийн байранд байрлах ОА НДХ /РД:00000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 00 дугаар байранд байрлах Х ХК /РД:00000 /-д холбогдох
нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон түүнд ногдох алданги 165.339.786 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ОА НДХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа: Х ХХКнь 2014-2019 онуудад хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нийгмийн даатгалын хэлтэст тайлагнаж байсан ч хуулийн хугацаанд шимтгэлийг төлөлгүй 110.226.524 төгрөгийн авлага үүсгэсэн байна. Х ХК-ийн шимтгэлийн өр авлага нь 2014 оноос эхлэн үүссэн ба өмнөх оны үлдэгдэл 44.803.510 төгрөг дээр 2014 онд нийт 143.467.418 төгрөгийн авлага нэмэгдсэн. Үүнээс 152.232.478 төгрөг төлж, төлөгдөөгүй үндсэн төлбөр үндсэн төлбөр 36.038.450 төгрөгийн 364 хоногийн алданги 417.520.271 төгрөг төлөгдөхөөр байна. 2015 онд өмнөх оны үлдэгдэл 36.038.450 төгрөг дээр нэмж 61.208.771 төгрөгийн авлага үүсч, үүнээс 7.578.818 төгрөг төлөгдсөн.: харин төлөгдөөгүй үлдсэн 90.830.970 төгрөгийн төлбөрт 728 хоногийн алданги 1.609.738.733 төгрөг төлөгдөхөөр байна. 2016 онд өмнөх оны үлдэгдэл 90.830.970 төгрөг дээр нэмж 519.168 төгрөгийн авлага үүсч, үүнээс тухайн онд төлөгдсөн дүн байхгүй. Төлөгдөөгүй төлбөр 91.350.138 төгрөгийн 848 хоногийн алданги 878.431.933 төгрөг төлөгдөхөөр байна. 2017 онд үйл ажиллагаа зогссон тухай албан бичиг ирүүлж, мөн хугацаанд шимтгэл төлөлтийн тайлан ирүүлээгүй. Харин хуримтлагдсан өр авлагаас 3.000.000 төгрөг төлсөн. Сул зогсолттой байсан тул хоногийн алданги тооцоогүй. 2018 оны 10 дугаар сараас эхлэн компани үйл ажиллагаа явуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэн шимтгэл төлөлтийн тайлан ирүүлж нийт 5.203.260 төгрөгийн авлага нэмж үүсгэн төлөлт огт хийгээгүй. Иймд төлөгдөөгүй төлбөр 93.553.398 төгрөгт 940 хоногийн алданги 751.183.838 төгрөг төлөгдөхөөр байна. 2019 онд өмнөх оны үлдэгдэл 93.553.398 төгрөг дээр нэмж 25.973.125 төгрөгийн авлага үүсч, тухайн онд 9.300.000 төгрөгийн төлөлт хийж, төлөгдөөгүй төлбөр 110.226.524 төгрөгт 1185 хоногийн алданги 213.086.131 төгрөг төлөгдөхөөр байна. Дээрх тооцооллоос харахад Х ХХКнь 2014-2019 оны хугацаанд 281.175.254 төгрөгийн шимтгэлийн тайлан өгч үүнээс 170.948.675 төгрөг төлж, төлөгдөөгүй үлдсэн 110.226.524 төгрөгийн 1185 хоногийн алданги /хоног тутам 0.3 хувь/ нийт 3.869.960.907 төгрөг төлөхөөр байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтган орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Гэтэл Х ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн /2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмж оруулснаар/ 10.17.3 дахь заалтыг төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тайлбарласнаар үндсэн төлбөр 110.226.524 төгрөгийн 50 хувь алданги оногдуулж, 55.113.262 төгрөгөөр нэхэмжлэл гаргасан болно. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 110.226.524 төгрөг, түүнд ногдох алданги 55.113.262 төгрөг, бүгд 165.339.786 төгрөгийг Х ХК-иас гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Х ХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд татварын хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн. Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан. Нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон түүнд оногдох алдангийг 2014-2019 он хүртэл нэхэмжилж байна. Тэгэхээр 2014, 2015 онуудын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Алданги нэхэмжлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.17.1 дэх заалтыг баримталсан. Иргэний хэрэг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүссэн. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн баримталж байгаа заалт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс үйлчилж эхэлсэн. Тэгэхээр нэхэмжлэл гаргах үед хэрэглэсэн хууль нь өөрөө мөрдөгдөөгүй байсан. Мөрдөгдөөгүй хууль тогтоомжийг ирээдүйд гарна гэж урьдчилан тооцоолоод тэр хуулийн заалтаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Х-д мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О аймаг НДХ нь хариуцагч Х ХК-нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон түүнд ногдох алданги 165.339.786 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 110.226.524 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 55.113.262 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.
ОА НДХ бүртгэлтэй Х ХХКнь 2013 онд 44.803.510 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсныг бүрэн төлж барагдуулалгүй жил тутам авлага нэмж үүсгэн, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар талууд тооцоо нийлэхэд 96.895.433 төрөгийн өртэй гарсан болох нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байна.
Үүнээс хойш хариуцагч Х ХК-иас 2019 оны 11 дүгээр сарыг 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлснийг дээрх 96.895.433 төгрөг дээр нэмж тооцоход нийт 110.226.524 төгрөгийн үлдэгдэл өртэй байна.
Гэвч хариуцагч Х ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч О аймгийн НДХ-сийн улсын байцаагчаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 0 тоот улсын байцаагчийн акт, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 00 тоот улсын байцаагчийн акт тус тус үйлдэж, хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан боловч биелэгдээгүй, Хөх ганХК-тай 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр уулзаж өр барагдуулах талаар уулзалт хийж, өрийг тогтоосон хугацаанд барагдуулахаар хүсэлт гарган график ирүүлсэн боловч энэхүү хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбар, Орхон аймгийн НДХ-н улсын байцаагчийн акт, уулзалтын тэмдэглэл, өрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах хүсэлт, график зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Х ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулах үндэслэлтэй боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээн алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу уг арга хэмжээг нийгмийн даатгалын байцаагч харьяалан шийдвэрлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч О аймгийн НДХ-сийн хариуцагч Х ХК-иас Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар алданги тооцож 55.113.262 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.
Иймд хариуцагч Х ХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 110.226.524 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О аймгийн НДХ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55.113.262 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэдийгээр Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хуагцаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан боловч мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт татвар, алданги, торгуулийх өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй гэж заасан тул 2014, 2015 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх хөөн хэлэлцээ хугацаа дуусан гэх хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас нэхэмжлэлийн үнийн дүнг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 709.083 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХК-иас 110.226.524 /нэг зуун арван сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О аймгийн НДХ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55.113.262 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 709.083 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР