Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

Хэргийн индекс:171/2012/0074/Э/

 

Дархан-Уул аймаг  дахь  Сум  дундын  шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч  А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,

улсын яллагч Н.Идэр,

хохирогч М.У

шүүгдэгч О.У   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт Ө овогт О ын У д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000023 дугаартай хэргийг 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Ө овогт Оын У  /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 23 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Дархан сумын .. дугаар баг,.. дугаар хороолол ..байрны .. тоотод оршин суудаг гэх хаягтай одоо .. дүгээр баг шинэ хорооллын .. байр . тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч О.У  нь 2011 оны 12 дугаар сарын 29-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг .. тоотоос иргэн М.У-ын түрийвчтэй  950.000 төгрөгийг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч О.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Хохирогч М.У ас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шинэ жилийн үе байсан би найзындаа  ороод өлгүүр дээр  хувцасаа өлгөөд өрөөнд хоол цай идэж уугаад буцааж гарч яваад таксинд суугаад мөнгө өгөх гэтэл түрийвч байхгүй байсан. Тэгээд би  найз Т-ын гэрт нь ороод хайсан байхгүй байсан. Тэдний гэрээс хамаатны У  хамгийн сүүлд гарсан. Түүнийг авсан гэж бодсон тэгээд утас руу залгахад авахгүй байж байгаад холбогдохоо больсон. Гадуур хайсан олдоогүй тэгээд байж байгаад манай найзын нөхөр олсон байсан. Тэгээд надад  530000 төгрөг буцааж өгсөн. Одоо 420000 төгрөгөө нэхэмжилж байна. Хохирлоо төлчихвөл эвлэрэх боломжтой” гэв

 

Шүүгдэгч О.У  нь 2011 оны 12 дугаар сарын 29-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоот айлаас иргэн М.У-ын түрийвчтэй  950000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.У-ын “2011 оны 12-р сарын29-ний өдөр би 19 цагийн үед Дархан сумын .. дугаар баг ..-р байр ..тоот найз Т-ын гэрт нь ороод үүдний өлгүүрт нь өөрийнхөө гар цүнхийг өлгөөд том өрөөнд нь орсон. Тэдний гэрт орох үед том өрөөнд нь М , Т- хоёр хүүхэд нь нэг танихгүй эмэгтэй сууж байсан. Надад хоол цай хийж өгсөн тэгтэл нөгөө танихгүй эмэгтэй тэдний гэрээс гараад явсан. Би хоол цай идэж уучихаад 20 цагт болж байхад Т-, М  бид гурав гэрээс гараад таксинд суугаад хуучин Дархан ороод таксинд мөнгөө өгөх гэсэн чинь түрийвч байхгүй байхаар Т-, М  хоёрт миний түрийвч байхгүй байна гэж хэлсэн. Т-ын гэрт унагаасан юм болов уу гэж бодоод буцаад Т-ын гэрт нь ирээд хайсан байхгүй байсан. Тэгээд Т-ын гэрт байж байгаад гараад явсан эмэгтэй рүү утас руу нь залгасан чинь дуудаж байгаад утсаа салгаад буцаад утас нь холбогдохгүй болсон. Тэгээд би тэр эмэгтэйг авчихлаа гэж бодсон тэр эмэгтэй Т-ын нөхрийнх нь хамаатан орох орон гэр байхгүй буудлаар явдаг гэсэн. Тэгээд гадуур буудлаар хайгаад олоогүй. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний түрийвчинд 950000 төгрөг байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 7, 8 дугаар хуудас/,

гэрч Х.М ын “... 2011 оны 12 дугаар сарын 2-ний өдөр М.У тай хамт гадуур явж байгаад У а Дархан номин орлоо гээд явсан би найз Ж.Т-ын гэрт очоод байж байя гэж хэлээд явсан. Намайг Т-ын гэрт орох үед хоёр хүүхэд нь мөн хамаатан гэх У  гээд эмэгтэй байсан. Би хоол идэж байсан чинь гаднаас 19 цаг өнгөрч байхад М.У  орж ирээд хоол унд идсэн. Тэгж байхад Т-ын хамаатан У а нь гараад явсан. Тэгээд Ж.Т-, М.У а бид гурав гараад таксинд суугаад хуучин Дархан явсан. Таксинд мөнгө өгөх гэсэн чинь М.У  миний түрийвч байхгүй байна гэсэн бид гурав буцаад Т-ын гэрт ирж түрийвчийг нь хайгаад олоогүй. Т-ын хамаатан гэх У  гэдэг эмэгтэйг авсан байх гэж бодоод гадуур хайсан тэр оройгоо олоогүй тэгээд цагдаад мэдэгдсэн. Тэр эмэгтэй нь орох орон, гэр байхгүй айл, буудлаар хэсээд явдаг гэж Т- хэлсэн. Т-ын гэрээс хамгийн сүүлд гарсан нь У  тэгээд сэжиглэх болсон маргааш нь Т-ын нөхөр нь тэр У  гэдэг эмэгтэй олоод 520.000 төгрөг байна бусдыг нь үрсэн байна гэж хэлээд М.У д өгсөн. Би тэр өдөр М.У атай өдөржин хамт явсан нөхөр нь ногоо зараад мөнгөтэй байсан. М.У , Л   гэдэг хүнд 350.000 төгрөг өгсөн дэлгүүр хэсээд шинэ жилийн баярт хэрэглэх зүйлээ авсан. Яг түрийвчинд нь хэдэн төгрөг байсан гэдгийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 9 дэх хуудас/,

гэрч Д.О ын “Би Дархан-Уул аймгийн Орхон сумаас өөрийнхөө 6 тонн лууванг ачаад Улаанбаатар хот руу аваачиж зарсан.  1.100.000 төгрөг бэлэн аваад зарим ногоогоо зээлээр өгсөн. Манай найз надаас 500.000 төгрөг зээлсэн тэр мөнгөө надад өгсөн би гэртээ ирэхдээ 1.600.000 төгрөгтэй ирсэн. 2011 оны 12-р сарын 29-ний өглөө гэрт байхад Л   надаас 350.000 төгрөг авсан тэгээд эхнэр У , М  хоёртой хамт бирж гараад 60.000 төгрөгөөр юм аваад би Орхон сум руу явсан. Эхнэр У ад хэдэн төгрөг үлдсэн гэдгийг мэдэхгүй тоолоогүй явсан. 2011 оны 12-р сарын 29-ний орой эхнэр М.У  түрийвчтэй мөнгөө алдчихлаа гэж хэлсэн тэгээд би орой 23 цагийн вагоноорр Дарханд ирсэн. Эхнэр М.У  надад Т-ын гэрт орсон айлаас нэг эмэгтэй гараад явсан тэр эмэгтэй авсан байх гэж хэлэхээр нь тэр орой буудлаар хайгаад олоогүй. Цагдаад хэлээд маргааш нь тэр эмэгтэйг олоод 520.000 төгрөг буцааж өгсөн. Тэр өдөр эхнэр М.У  бас гэр орондоо юм авсан байсан тооцоо хийгээд 950.000 төгрөг алга болсон байгаа одоо үлдэгдэл 430.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10  дах хуудас/

гэрч Ж.Т-ын “... 2011 оны 12 дугаар сарын 29-ний орой гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байсан чинь 18 цаг өнгөрч байхад эгчийн хүүхэд М  орж ирээд байсан чинь19 цаг болж байхад нөхрийн хамаатан О.У  орж ирсэн. Хоол болж байхад дүүгийн найз М.У  орж ирээд хоол унд идсэн тэгтэл нөхрийн хамаатан О.У  манайхаас гараад явсан. М.У , М  бид гурав хэсэг зуур юм ярьж байгаад тэр хоёр гэртээ харина гээд бид гурав манай гэрээс гараад таксинд суугаад хуучин явах гэж байгаад М.У  мөнгөө гаргаж ирэх гээд цүнхээ уудлаад миний түрийвч байхгүй байна гэсэн манай гэрт унагаасан юм болов уу буцаж орж үзье гээд манайд ороод хайсан чинь байхгүй байсан. Манай гэрээс хамгийн сүүлд нөхрийн хамаатан О.У  гарсан учир тэрийг авсан байх гэж бодоод гадуур гарч хайсан олдоогүй. Тэр орой цагдаад хэлээд гэртээ харьсан. Тэр өдөр гар утас руу нь мессеж бичээд үлдээсэн маргааш нь гар утас нь холбогдохоор нь залгаад ярьсан чинь эхлээд юу яриад байгаа юм бэ гэхээр нь чи надтай ирээд уулзаадах гэж хэлсэн У  манай гэрт хүрээд ирэхээр нь уулзаад үлдсэн мөнгөө эртхэн өг гээд хэлсэн чинь 530.000 төгрөг гаргаж өгсөн. О.У  700.00 төгрөг байсан гэж ярьдаг мөнгөө алдсан М.У  нь 950.000 төгөрөг алга болсон гэж ярьсан. Би О.У ад 530.000 төгрөгийг М.У ад өгсөн. Одоо яг тогтсон гэр орон гэж байхгүй буудал болон найз нөхдийнхөөрөө явдаг юм байна лээ одоо хаана байгаа гэдгийг мэдэхгүй. Долоон зуун гаран мянган төгрөг байсан одоо байгаа нь энэ байна гээд 530.000 төгрөг өгсөн үлдэгдэл мөнгийг нь үрчихсэн гэж хэлсэн. Би чи яагаад хүний мөнгө авч байгаа юм бэ гэж хэлсэн чинь хүний мөнгө гэж би мэдээгүй мөнгөний хэрэг болоод би авчихсан юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 17 дахь хуудас/

гэрч  Б.С ын мэдүүлэг “О  эгч миний ээжийн дүү юм. 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр намайг ажилтай байхад О.У  манайд ирсэн байж байгаад мөн манайд ирсэн хүний цүнхнээс түрийвчтэй мөнгийг нь хулгай хийгээд авч явсан байсан.Тэр орой О.У-ыг хүний мөнгө аваад явчихлаа гэдгийг эхнэр Т- надад утсаар хэлсэн би шөнө ажлаасаа бууж ирээд эхнэртэйгээ уулзах гэсэн чинь мөнгөө алдсан М.У  цагдаа дээр ирсэн мэдүүлэг өгч байсан. 2011 оны 11-р сарын 30-ны өдөр О.У  руу эхнэр Т- ярьж гэртээ дуудаж авчираад үлдсэн мөнгө төгрөгийг нь өг гэж хэлээд 530.000 төгрөгийг нь аваад М.У д өгсөн. Яагаад хулгай хийсэн гэдгийг нь мэдэхгүй ээж хүүхэд хоёртойгоо хамт амьдардаг өөрийн гэсэн гэр орон байхгүй найз нөхөд болон буудлаар амьдардаг юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/

шүүгдэгч О.У-ын хэрэг бүртгэлтэнд яллагдагчаар өгсөн “... 2011 оны 12-р сарын 29-ний өдөр ах С ын гэрт нь 19 цагийн үед очиж хоол унд идэж уугаад байж байхад гаднаас нэг эмэгтэй орж ирсэн. Би С а ахын гэрээс гарахдаа хувцасны өлгүүрт хар өнгийн цүнх байхаар нь онгойлгоод үзсэн чинь улаан өнгийн түрийвч байхаар нь тэрийг нь аваад гарсан. Тэндээсээ хуучин хороолол 16-р байрны буудлын 03 тоот өрөөнд ээж, хүү хоёр дээрээ очсон. Түрийвчийг онгойлгоод үзсэн чинь 3 эгнээтэй байсан түрийвч байсан арын эгнээнд нь 10 ширхэг 10.000-н дэвсгэрт голын эгнээнд нь 5 ширхэг 20.000 -н дэвсгэрт, урд талын эгнээнд нь 10.000, 20.000, 1000 -ийн дэвсгэртүүд байсан. Түрийвчийг эвхээд ар талын эгнээнд нь 2 ширхэг 1000, 1 ширхэг 500, 1 ширхэг 50-ийн дэвсгэрт байсан, дээрх мөнгөнүүдийг тоолоод үзсэн чинь 720.000 төгрөг байсан. Тэр мөнгөнөөс 200.000 төгрөгийг нь аваад буудалд 15.000 төгрөг өгсөн урд нь байрлаж байсан 2б байранд байрлах буудалд 95.000  төгрөг өгсөн. Буудлаас гараад микрт байдаг Скай буудалд орсон тэр буудал 20.000 өгсөн. Мөнгөн төгрөг ломбарданд Нокиа 3120 маркийн гар утсаа тавьсан байсан тэрийгээ 42.500 төгрөгөөр авсан. Найз Г т 20.000 төгрөг өгөх ёстой байсан тэрийгээ өгсөн. Ээж, хүү бид гурав хоол унд хүүдээ идэж уух юм авч өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дахь хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч О ын У-ыг бусдын эд хөрнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.У д гэмт хэргийн улмаас 950000 төгрөгний хохирол учирсан бөгөөд 530000 төгрөгийг буцаан олгосон бөгөөд үлдэх 420000 төгрөгийг шүүгдэгч О.У ас гаргуулж хохирогч М.У д олгуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ө овогт О ын У-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар О.У-ыг хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдэлүүсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702000 /долоон зуун хоёр мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч О.У  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч О.У д торгох ялаас ноцтойгоор зайсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар О.У ас 420000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум .. баг .. ... тоотод оршин суух М ы У д /РД:...../ олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.У д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

                                               

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ