| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/64 |
| Дугаар | 64 |
| Огноо | 2012-03-29 |
| Зүйл хэсэг | 145.2., 261.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт А овогт С ын С т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123369 дугаартай хэргийг 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн А овогт С ын С , /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. дүгээр байрны .. тоотод оршин суух хаягтай, урьд 1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял,
2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар 3 жил хорих ял,
2001 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 241 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял дээр өмнөх тогтоолын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг нэмж нэгтгэн нийт 5 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар 5 хоногийн ялыг хугацааны өмнө тэнссэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан.
2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
Шүүгдэгч С.С нь архидан согтуурсан үедээ 2011 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан сумын ..-р баг ...-р байрны .. тоот хаягтай иргэн Я.Б ын гэрт хууль бусаар нэвтэрч Нокиа 1600 маркийн гар утас, LG /Скайтел/ гар утас, үүдний өрөөний өлгүүрээс богино куртка, шкафнаас монгол загвартай хослол, ланком фирмийн эмэгтэй хүний үнэртэй ус, нүүрний крем зэрэг эд зүйл хулгайлж 350000 төгрөгийн хохирол,
2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан сум ..-р баг ..-р брак байрны .. тоот хаягтай иргэн Э.Д ын гэрт хууль бусаар нэвтэрч Нокиа-6500, Моторолла Y-9, Cyon маркийн 3 ширхэг гар утас хулгайлж 220000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ялтай байх хугацаандаа шунахай сэдэлтээр давтан үйлдсэн,
2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Дархан сумын ..-р баг ..-р брак байрны .. тоот хаягтай иргэн Э.Д ын гэрээс 3 ширхэг утас авсан хэргээ хүлээж байна. Харин Ч.Б ын гэрээс эд зүйл авсан хэргийг үйлдээгүй энэ хэргийг би хийгээгүй өөр хүн хийсэн ” гэв.
Прокуророос С.С ыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч С.С нь уг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.С нь 2011 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан сумын .-р баг ..-р байрны .. тоот иргэн Я.Б ын гэрт хууль бусаар нэвтэрч Нокиа 1600 маркийн гар утас, LG /Скайтел/ гар утас, богино куртка, монгол загвартай хослол, ланком фирмийн эмэгтэй хүний үнэртэй ус, нүүрний крем зэрэг эд зүйл хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан,
2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан сум ..-р баг ..-р брак байрны . тоот Э.Д ын гэрт хууль бусаар нэвтэрч Нокиа-6500, Моторолла Y-9, Cyon маркийн 3 ширхэг гар утас хулгайлж 220000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох хохирогч Э.Д ын “2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг яваад 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө 04 цагийн үед найз Б тай хамт хөлсөлж байгаа Дархан сумын 6-р баг 92-р брак байрны 7 тоотод орж унтсан. Хөлсөлж байгаа байр 1 өрөө юм. Намайг орох үед Б унтаж байсан, өөр хүн байгаагүй, би унтах үедээ өөрийнхөө хар өнгийн корпустай Нокиа 6500 маркийн гар утас, Моторолла Y-9, Cyon Скайтел зэрэг маркийн гар утаснуудаа дэрнийхээ хажуу талд тавиад унтсан.
Тэгээд би өдөр 12 цагийн үед утсаар ярих гэтэл байхгүй байсан. Гэрт хэн ч байхгүй, Б гараад явчихсан байсан. Гудамжинд нэг эмэгтэй хүний утсаар борлуулагч Г руу залгаад миний утас руу залгаадахаач гэрээс алга болсон байна гэж хэлсэн. Г тай уулзсан чинь нэг эрэгтэй хүн авч байна, хуучин Дарханы Ардчилсан намын байранд байна гэж хэлэхээр нь Г тай хамт Ардчилсан намын байранд очсон нэг жижигхэн туранхай ах байсан. Тэгээд би утсаа авъя гэсэн чинь миний Моторолла Y-9 маркийн гар утсыг гаргаж өгсөн. Тэгээд би та энэ гар утсыг хаанаас авсан юм бэ гэж хэлэхэд С гэдэг хүнээс зүгээр авсан гэж хэлсэн. Та тэр хүнээ таних уу гэж асуусан чинь би танина гэхээр нь дагуулаад Ардчилсан намын байрны булан тойроод явсан чинь Г цагдаатай хамт зогсож байсан. Тэгээд манаач ах гар утас өгсөн хүн чинь энэ байна гээд С гэдэг хүнийг зааж өгсөн тэгээд С гэдэг хүнийг цагдаад өгсөн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 22-23 дахь хуудас/
гэрч Б.Б ын “Би өглөө 08 цагийн үед ажилдаа яваад Д гэртээ ганцаараа унтаж үлдсэн. Би босоод гар нүүрээ угаах гээд нийтийн угаалгын өрөөнд орсон чинь нэг намхан буржгар үстэй, улаан шар өнгийн футболктай, дөрвөлжин шоотой пиджак өмссөн залуу надтай зөрсөн, хаашаа орсон гэдгийг мэдэхгүй. Тухайн үед юу ч анзаараагүй, тэгээд айл дээрээ очоод байж байгаад 12 цагийн үед Г тай тааралдсан чинь Д гар утсаа алдсан байна гэж хэлж надруу ярилаа гэж хэлчихээд түрүүлээд гүйгээд явсан. Би үйлдвэр дээр байж байгаад Д ын Скайтелийн 9142303 гэсэн дугаар руу залгасан чинь нэг эрэгтэй хүн гар утсаа хуучин Дарханы Ардчилсан намын байрны үүдэн дээр ирээд ав гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь Э.Д , Г өглөө манай нийтийн угаалтуур дотор зөрсөн залуу согтуу тэгээд Ардчилсан намын жижүүр гэх хүнтэй зогсож байсан. Тэгээд Д жижүүрээс нь Скайтелийн гар утсаа олж авсан. Би өглөө босох үед дэрнийхээ дээд талд 3 утсаа цэнэглэсэн байсан“ гэсэн мэдүүлэг, /хэргийн 24 дэхь хуудас/
гэрч Д.Г гийн “... Д надруу нэг танихгүй утаснаас залгаад гэрээсээ гар утсаа алдчихлаа чи хаана байна гэхээр нь үйлдвэр дээр байна гэсэн миний гар утасруу байн байн залгаад байгаарай гэхээр нь залгаад байсан чинь нэг эрэгтэй хүн авахаар нь би наад утасны эзэн нь байна та хаана байна гэсэн чинь Ардчилсан намын байран дээр байна хүрээд ир гэхээр нь л наад утас чинь хулгайн утас шүү гэж хэлсэн. Д үйлдвэр дээр ирэхээр нь бид хоёр Ардчилсан намын байранд дээр очсон чинь жижүүр гээд нэг ах зогсож байхаар нь гар утсаа авъя гэсэн чинь ав ав гээд Д т өгсөн тэр гар утас нь Моторолла V9 маркийн гар утсыг нь өгсөн. Д та энэ гар утсыг ямар хүнээс авсан юм бэ гэж асуусан чинь миний нэг таньдаг залуу зараад өгөөч гэхээр нь авсан юм гэж хэлсэн. Тэр хүн чинь хаана байна заагаад өгөөч гэсэн чинь тэгье гээд Ардчилсан намын хойд талын булан эргээд гарсан чинь нэг цагдаа эмэгтэйтэй буржгар үстэй бор саарал өнгийн пиджактай намхан улаан шаргал өнгийн цамцтай зүүн талын энгэр дээрээ ардчилсан нам гэсэн бичигтэй байсан нилээн согтуу байсан. Тэр ахаас Д бусад гар утаснууд хаана байна гэж асуусан чинь хэлэхгүй дуугүй зогсоод байсан мэдэхгүй, санахгүй байна гэсэн үг хэлээд байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 25 дахь хуудас/
гэрч М.Г ын “2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би ажил дээр байж байсан чинь С гар утас зарна гээд нэг Скайтелийн гар утас бариад явж байсан тэгээд надаас гар утас авах уу гэхээр нь би авахгүй, харин надад хүн гар утас захиад байсан гэж хэлээд тэр утсыг нь нөгөө хүндээ үзүүлсэн чинь Скайтелийн гар утас байна авахгүй гэж хэлсэн. Тэр гар утас дуугарсан, авсан чинь нэг эмэгтэй ахаа наад утас чинь хулгайн утас байгаа юм, өөр бас хоёр, гурван утас байгаа юм гэхээр нь би Ардчилсан намын байрны жижүүр байна ирээд ав гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг эмэгтэй нэг эрэгтэй хоёр ирээд гар утсаа авсан дараа нь бас нэг залуу ирсэн. Та гар утсаа хаанаас, хэнээс авсан гэж асуухаар нь С гэдэг хүнээс авсан гэж хэлээд С ыг тэр хүмүүст зааж өгч бариулсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дах хуудас/
хохирогч Ч.Б ын “2011 оны 05 сарын 20-ны орой эхнэр О, эгч Х ын хоёр хүүхэд 5 настай М , 14 настай А бид дөрөв 22 цаг өнгөрч байхад унтаад 2011 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг өнгөрч байхад сэрээд гар утсаа аваад цаг харах гэсэн чинь ширээн дээр байсан гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь эхнэр О-ын гар утсыг хайсан чинь бас байхгүй үүдний өрөө рүү очоод өлгүүрт байгаа хувцаснуудаа харсан чинь миний бор өнгийн даавуун хавар, намрын богино куртка байхгүй байсан, шкаф онгойлгоод үзсэн чинь монгол загвартай хослол, үүдний коридорт эхнэрийн цүнх нь онгорхой байсан үзсэн чинь үнэртэй ус, крем зэрэг эд зүйлүүд нь алга болсон байсан. Манай гэрийн хаалга онгорхой байсан, цоож болон хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би өөрийнхөө гар утсыг Ихэр могойн гурван давхарын 7 тоот лангуунаас таньж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21-р хуудас/
гэрч Л.О-ын “2011 оны 5 дугаар сарын 20-ны шөнө гэртээ унтаад 2011 оны 5 дугаар сарын 21-ний өглөө босоод гар утсаараа ярих гэгэд утсаа авах гэсэн чинь байхгүй алга болсон байсан. Тэгээд цүнхэндээ хийсэн юм болов уу гэж бодоод цүнхээ хайсан чинь гал тогооны өрөөний хогийн савны хажуу талд газарт байсан гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэрийнхээ эд зүйлийг бүртгээд үзсэн чинь:
гэрч Д-гийн “2011 оны 05 сарын сүүлээр яг хэдэн гэдгийг санахгүй байна, өглөө 11-12 цагийн хооронд 163 см өндөр нуруутай, архи үнэртүүлсэн, хар царайтай архичин бололтой нэг залуу гар утас барьчихсан орж ирсэн. Нүүрэн хэсэг нь хамрын хажуу талд шархтай скочоор наасан байсан. Надад цагаан саарал өнгийн корпустай гар утас 5000 төгрөгт зарсан. ... Тэрнээс хойш хоёр гурав хоногийн дараа охин Болоржаргал надтай яриад ээж нөгөө гар утас чинь хулгайн юм байна нэг цагдаа нэг хүнтэй ирээд таны өгсөн гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 28-29 дэхь хуудас/
гэрч С.С-ын “2011 оны 5 дугаар сарын 20-нд байх би сайн санахгүй байна Б бид хоёрыг унтаж байхад шөнө 02 цагийн үед С Нокиа 1600 маркийн саарал өнгийн корпустай тагыг нь скочоор наасан байсан хоёр ширхэг скайтелийн гар утас, эмэгтэй хүний гоёлын богино дээл, нүүрний шингэн пудер, эрэгтэй хүний богино куртик, ягаан цаасан хайрцагтай үнэртэй ус мөн Даяар монгол гэсэн архи ундаа авч орж ирсэн. Хээтэй хороолол 4.5, 4.3 гэлүү айлын хаалга онгорхой байхаар нь ороод авчихлаа хэд хоног бүгчихье гэсэн. С ын авчирсан эд зүйлийг С , Б хоёр зарж архи, дарс авч уусан. Нокиа 1600 маркийн гар утсыг Дархан сум ..-р баг ..-ийн түүхий эд авдаг цэг дээр зарсан бусдыг нь хаана зарсан гэдгийг нь мэдэхгүй. Маргааш өглөө нь скайтелийн гар утсыг нь нээчихсэн байсан чинь нэг дуудлага орж ирэхээр нь авчихсан чинь нэг эмэгтэй хүн яриад өө миний дүү эгч нь наад гар утсыг чинь хаячихсан гэхээр нь би энэ гар утсыг хуучин хорооллын 39-р байрны хажуу талаас олж авсан юм гэж хэлсэн чинь нөгөө хүн 39-р байрны гадаа очоод залгая гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 31 дэхь хуудас/
гэрч Ч.Б ын “2011 оны 5 дугаар сарын сүүлчээр С-ын амьдарч байсан хээтэй хороолол 10-р баг 5-4-р байрны подвольд С-тай хамт байхад шөнө хэдэн цаг гэдгийг мэдэхгүй С улаан өнгөтэй хайрцагтай үнэртэй ус, эмэгтэй хүний крем, эмэгтэй хүний хар өнгийн саатай юм шиг эмжээртэй богино гоёлын дээл зэрэг зүйлийг авчирсан. Авчирсан зүйлээ С-ын гэрт үлдээчихээд шөнө гараад явсан. Хоёр хоногийн дараа С- бид хоёрыг унтаж байхад орж ирээд дотор муу байна яах уу гээд байсан. С нөгөө эмэгтэй хүний гоёлын дээлийг аваад надтай хамт гарсан энийг архиар өгье гээд 5-4-р байрны ар талын баригдаж байгаа барилгын сахиул айлруу ороод нэг шил 0.75 гр Ерөөл архиар сольсон” гэсэн мэдүүлэг, /хэргийн 33 дахь хуудас/
гэрч А.Д-аар тань олуулах ажиллагаа хийлгэсэн тухай тэмдэглэлд “... гэрч А.Д нь зурагнуудыг харж байгаад дээрх зурагнуудаас 4 дугаарт байрлуулсан яллагдагч С.С ын гэрэл зургийг зааж үзүүлэв” гэсэн баримт, /хэргийн 114, 115 дахь хуудас/
гэрч А.Дуламаагийн “... би тэр хүмүүсийн зургийг харсан. Миний заасан хүний зураг тухайн үед надад гар утас зарсан хүнтэй маш ойролцоо л харагдаж байсан. Бусад нь бол өөр хүмүүс байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 131 дэхь хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.С ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
С.С нь урьд удаа дараа ял шийтгүүлж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хэргийн 43 дахь хуудас/ шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Тэрээр хамгийн сүүлд 2011 оны 03-р сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 14.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоожээ. /хэргийн 48 дахь хуудас/
Гэвч С.С нь урьд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жил хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.С нь “би Ч.Б ын гэрээс эд зүйлс хулгайлаагүй” гэж мэдүүлж байх боловч Ч.Б ын гэрээс алдагдсан эд зүйлсийг гэрт нь оруулж ирсэн, зарж архи уусан тухай С.С-, Ч.Б нар шууд гэрчилж байх бөгөөд хулгайлагдсан гар утсыг худалдаж авсан гэрч А.Д-ийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн баримт зэргээр С.С ыг Ч.Б ын гэрээс эд зүйлсийг нь хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.
С.С ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн улмаас Ч.Б т нийт 350000 төгрөгний хохирол, Э.Д т 220000 төгрөгний хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр / хэргийн 18, 19 дэхь хуудас/ тогтоогджээ.
Хохирогч Э.Д аас “С ын С аас авах хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан” гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс хохирогч Э.Д т төлөх төлбөргүй харин Ч.Б т учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул С.С аас эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 350000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б т олгуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар А овогт С ын С т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. А овогт С ын С ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар А овогт С ын С ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар С.С т энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн С.С ын биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар С.С ын энэ хэрэгт цагдан хоригдсон 179 /нэг зуун далан ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.С т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.2-т энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар С.С аас 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг .. тоотод оршин суух Ч. Б т /РД:....../ олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.С т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч С.С т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ