Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/0083/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,

улсын яллагч Н.Идэр,

хохирогч П.Ц , М.О ,

шүүгдэгч А.А   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт А-гийн А д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000121 дугаартай хэргийг 2012 оны 3 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн Б  овогт А-гийн А , /РД:.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дархан сумын .. дугаар баг, .. дугаар хороолол .. байрны ..  тоотод оршин суудаг гэх хаягтай, урьд 2002 оны 5-р сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 283 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан.

 

Шүүгдэгч А.А  нь 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан сумын .-р баг .. байр .. тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн П.Ц ийг зодож, салгах гэж очсон орцны жижүүр М.О ыг зодож биед нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч А.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хамт амьдардаг Ц  бид хоёр байж байсан. Тэр өдөр валентины баярын өдөр байсан. Эгч нь залгаад хүүхэд хар гэсэн. Түүнээс үүдээд маргаан гарсан. Маргаж байх явцад Ц  нүүр рүү савтай ууж байсан жүүсээ цацсан тэгээд миний уур хүрсэн. Би зөрүүлээд цацсан тэгээд над руу дайраад байхаар нь алгадаад авсан орилоод байхаар нь орон дээр дарсан. Тэгээд би хүнээс мөнгө авах ёстой байсан. Мөнгө авах гээд гараад явсан. Буцаж ирэхдээ цэцгийн дэлгүүр ороод цэцэг аваад очсон. Би очихоосоо өмнө нэг найзтайгаа ганц шил архи уусан байсан. Тэгээд очиход Ц  хаалга онгойлгохгүй байсан. Тэгээд арай гэж хаалга онгойлгуулаад маргалдаж байхад орцны жижүүр ирэхээр уурандаа цохьчихсон юм”  гэв.

     Хохирогч П.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өглөө босоод байж байтал эгч над руу залгаад 2 цаг хүүхэд хараад өгөөч гэсэн. А  их хартай байнга хардаж байдаг тэгээд маргаан үүссэн. Нүүрлүү жүүс цацсан нь худлаа хананд ойгоод жүүс асгарсан. Нэг алгадсан гэдэг шал худлаа намайг сэгсэрээд шүлсээ хаяад зөндөө зодсон. Миний дээрээс ундаа асгасан, гудсаа угаа гэж хэлж байсан. Гэрт виски байсан тэрнээс би уугаагүй өөрөө уугаад гарсан. Би 100 гр архи уусан. Орой хүрч ирэхэд би уурлаад дахиад маргалдсан. Маргалдаж байгаад үүд рүү яваад орцны жижүүрийг цохьсон. Тэгээд байж байтал цагдаа ирээд аваад явсан. Тэгээд маргааш нь миний бие зөндөө хөхөрсөн байсан” гэв.

 

     Хохирогч М.О аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хогоо аваад орцон дотроо явж байсан. Тэгтэл энэ хоёр зодолдоод байсан. Би болиоч ээ эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэтэл ирээд намайг мөргөөд, цохьсон. Цохиулсанаас болж миний уруул жоохон хавдсан байсан. Мөн шүд жоохон хөдөлгөөнд орсон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч А.А  нь 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод хамтран амьдрагч П.Ц тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан мөн тэдгээрийн зодооныг салгах гэж очсон орцны жижүүр М.О ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлсэн судалсан дараахь баримтууд болох:

хохирогч М.О ын “2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг орчимд орцнуудын хог аваад 4-р орц руу ороход тус орцонд эрэгтэй, эмэгтэй хоёр хэрүүл маргаан зодоон хийж байгаа чимээ гарсан. Эхнэр Э ын хамт дээшээ гарахад 4-5-р давхар хүртэл шатаар баахан сарнай цэцэг асгарчихсан байсан ба .. давхарт гарахад .. тоот айлын хаалга нь эвдэрчихсэн дэлгээтэй гэр дотор нөхөр нь эхнэрээ зодож байгаа байсан эхнэр нь ёо ёо болиоч ээ гэж орилж түжигнэж байсан. Тэгэхээр нь би дээрх хүмүүсийг болиулах гэж хөөе юу болоод байна больцгоо арай дэндэж байна гэж хаалганы наанаас хэлтэл дотроос нь .. тоот айлын залуу гарч ирсэн. Тэгэхээр нь би бага зэрэг айсан байсан ба та нар энүүгээр тарьсан хогоо авч цэвэрлэ гэхэд уг залуу наад цэцгийг чинь 500000 төгрөгөөр авсан юм яахаараа хог байдаг юм бэ гэж хэлээд над руу дайрахаар нь би түүнийг гарыг барьж автал уг залуу нэг мөргөж аваад 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь би уг залуугаас холдоод хажуу ... тоот айлын хаалгыг тогшиж цагдаа дуудуулсан. Тухайн үед манай эхнэр гарч яваад цагдаа дагуулан орж ирсэн. Дээрх залууд би цохиулснаас болоод миний хамарнаас цус гарч доод уруул язран үүдэн нэг шүд хөдөлгөөн орсон байсан. Намайг ямар нэгэн эд зүйлээр цохиогүй махан гараараа цохьсон. Түүнээс болж миний уруул язарч хавдсан, үүдэн шүд хөдөлгөөнд орсон баруун нүд хөхөрч хавдсан байсан. Одоо миний бие хэвийн байна. Тухайн үед өвчинөө дарах гэж эм ууж хэрэглэж байсан. А гээс нэхэмжлэх зүйл надад байхгүй”  гэсэн мэдүүлэг, /хэргийн 13-15 дахь хуудас/

хохирогч П.Ц ийн “2012 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 12:00 цагийн үед манай эгч Ц  нь нар руу утсаар ярьж гэрт ирээд дүүгээ хараад өг гэснээс болж хамтран амьдрагч А тэй хоорондоо маргалдсан түүнээс болж хэрүүл зодоон болсон. Би ундаа ууж байтал А  нь араас ирээд хэрүүл хийгээд байсан тэгэхээр нь би уурандаа ууж байсан цаасан савтай жүүсийг уурандаа ханруу шидтэл А рүү уг ундаанаас асгарсан. Тэгтэл А  нь чи надруу юм шидэж намайг доромжиллоо гэж хэлээд намайг нүүр лүү цохиод орлуу унагаасан. Орон  дээр унахад миний дээр гарж суучихаад миний хоёр гараас барьж барьчихаад өвдгөөрөө болон хөлөөрөө ташаан толгой хэвлий орчим луу цохьсон. Тэгж цохиж байхдаа би чамайг зодож цохихгүй хайрлаад байхад чи даварч байна гэж хэлж над дээрээс миний шидсэн ундааг асгасан чамруу цацвал ямар байна гэж тэгээд бид хоёр маргалдахаа больсон. А  нь намайг түгжээд гараад явсан гарахдаа тольны урд байсан вискинээс 100 грамм орчмыг А  нь уучихаад гараад явсан байсан. А  нь ирэхгүй удаад байхаар нь би уурандаа үлдсэн байсан вискийг нь уусан. Намайг орой зурагт үзээд гэртээ байж байхад А  гаднаас орж ирэхээр нь би уурлаад чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэхэд над руу сагстай цэцэг барьсан тэгэхээр нь би үүгээр чинь яадаг юм бэ гээд хаалга руу шидсэн А  нь надад хэлэхдээ би чамд хамаг мөнгөө зараад цэцэг авч ирж байхад яаж байгаа юм бэ гээд мөнгө яриад над руу уурлаж цохьсон. Тэгж байхдаа намайг ор луу түлхэж унагааж дээр гарч суучихаад миний гарын мөр орчмоос олон удаа хазсан. Би яг юу гэснийг сайн мэдэхгүй байна ямар ч байсан уйлж орилсон тэгтэл А  нь миний амыг дарж хоолойг гараараа боосон. Тэгж байгаад А  үүд рүү явсан тэгж байгаад үүдэнд түжигнээд унасан би үүд орчимлуу яваад очиход орцны жижүүр эрэгтэй, эмэгтэй хоёр манай үүдэнд зогсчихсон эрэгтэйгийнх нь уруулаас цус гарчихсан намайг яаж байгаа юм бэ гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би А  нь дээрх орцны жижүүрийг цохьсоныг мэдээд түүний өмнөөс уучлалт гуйгаад зогсож байтал цагдаа нар цаанаас нь хүрч ирээд А г аваад явсан. А  бид хоёр аль аль нь архи хэрэглэсэн байсан. Хамт бол архи хэрэглээгүй тус тусдаа архи хэрэглэсэн байсан гаднаас А  нь орж ирэхдээ ихээхэн согтууралтай орж ирсэн. А  их авир султай улмаар намайг эгч рүү явна гэхэд түүнээс л болж маргалдаж эхэлсэн улмаар хэрүүл хийж зодож эхэлсэн өөр бол ямар бол ямар нэгэн шалтгаан байгаагүй. Намайг зодож цохихдоо гараа зодсон. Миний нүүр лүү олон удаа алгадаж цохьсон мөн хөл болон өвдгөөрөө хэвлийн болон хөл орчим руу цохиж байсан яг тэнд энд цохьсон гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Цагдаа нар ирээд намайг авч явсны дараа хоолойд олон тооны хумсны сорви, хоёр гар болон хөлөөр олон тооны хөхрөлт үүссэн байсан. Маргааш нь миний бие ахар сүүл, ташаан толгой, хэвлий, толгой ихээр өвдөж босч чадахгүй байсан. Орцны жижүүр боль гэж ирснээс л болж түүнийг зодох болсон. А гээс надад нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10-12 дахь хуудас/

гэрч Д.Э ын “Би өөрийн нөхөр О ын хамт орцноос хог авах гээд орцонд ортол дээд давхарт нэг эмэгтэй туслаарай намайг авраарай гэж орилсон. О ын хамт дээшээ 5 давхарт очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо зууралдчихсан эрэгтэй нь эмэгтэйгээ чи орооч худлаа орилоод байдаг гээд өөрийн эхнэрээ алгадаж байсан. Манай нөхөр О  нь тус залууд хандаж чи болиоч эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэтэл уг залуу М.О ыг чи дуугаа байж бай хөгшин төгцөг минь гээд барьж аваад гараа атгаж байгаад цохиод авсан О  хариуд нь 1-2 удаа цохьсон яаж зүгээр байх. Тэгэхээр нь би цагдаа дуудаж бариулсан. Тухайн залууд цохиулснаас болоод манай нөхөр О ын уруул нь язарсан цус гарч байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16 дахь хуудас/

Шүүх эмнэлгийн 184 тоот үзлэгийн “1. М.О ын биед доод уруулын язарсан шарх, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, нүүрний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн болно” гэсэн дүгнэлт,

Шүүх эмнэлгийн 185 тоот үзлэгийн “1. П.Ц ийн биед тархи доргилт, зүүн бөөрний доргилт, нүүр, хүзүү хоолой, их бие мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн болно” гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч А.А г П.Ц ,  М.О  нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.О , П.Ц  нар шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.А  нь энэ хэргийг согтуугаар үйлдсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б  овогт А-гийн А  бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар А-гийн А д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702.000 /долоон зуун хоёр мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар ч А.А  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар шүүгдэгч А.А  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.А д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.А д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     

     

                                               

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ