Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00598

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

У д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь У д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...гэрээнд заасан санхүүжилт нь улсын төсвөөс бүрэн гүйцэт шилжиж ирээгүй учир хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

2. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Уын Тамгын газраас 20,000,0000 /хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уын Тамгын газраас 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 235 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 14 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “У  болон “Г” ХХК хоёрын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй” гэж үзсэн. Гэтэл У  нь ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болж гэрээг байгуулсан боловч тус гэрээний бүх үүргийг Засаг дарга хариуцахгүй юм. Учир нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015.01.28-ны өдрийн А/18 дугаар тушаал болон 2015.02.03-ны өдрийн 1/227 дугаар албан бичгийн дагуу У д гүйцэтгэгч хуулийн этгээдийн сонгон шалгаруулах, барилгын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, тайланг хүргүүлж байх эрх олгосон. Өөрөөр тухайн гүйцэтгэх ажлын санхүүжилтийг У д шилжүүлсэн зүйл байхгүй юм. Талуудын хооронд хийгдсэн гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар гэрээний нийт үнэ 400,000,000 төгрөгийг Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байдаг. У  нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн” ерөнхийлөн захирагч байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл У  тухайн орон нутгийн хөрөнгийн ерөнхийлөн захирагч байхаас Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын санхүүжилтийг захиран зарцуулах бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ажил гүйцэтгэх гэрээний эцсийн санхүүжилт нь аймгийн Засаг даргаар дамжихгүйгээр шууд нэхэмжлэгч талын дансанд орсон байдаг. Иймээс хариуцагч Уыг ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож 20,000,000 төгрөгийг эцсийн санхүүжилтээс дутуу олгосон гэж үзэх боломжгүй. У  нь Монгол улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрх шилжүүлсэн тушаалын дагуу яамыг төлөөлж гүйцэтгэгчийг сонгож, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлын тайланг тухай бүр яам руу явуулах үүрэгтэй этгээд байсан. Гүйцэтгүүлж байгаа ажлын хөлс болох 400,000,000 төгрөгийг Улсын төсвөөс орон нутгийн төсөв рүү эсвэл сайдын эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын данс руу аль алин руу нь бүрэн шилжүүлсэн зүйл байдаггүй. У ас гүйцэтгэгч хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэл, явцад хяналт тавьж ажлын үр дүнгийн талаарх тайлан, мэдээг Сангийн яам руу явуулсны үндсэн дээр явцын санхүүжилтүүд нь эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын данс руу орж ирдэг байсан. Тус дансанд орж ирсэн явцын санхүүжилтүүдийг орж ирэх бүрт нь Засаг даргын захирамжаар гүйцэтгэгч “Г” ХХК-д олгодог байсан. Тэрнээс биш ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг аймгийн Засаг дарга орон нутгийн хөрөнгөнөөс гаргаж байсан зүйл биш юм. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйл. Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх, 6.6. Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.6.6. тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх.” гэсэн зарчим бий. Дээрх зарчмын дагуу Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ёстой ажлын хөлсийг аймгийн Засаг дарга орон нутгийн төсвөөс гаргах эрх байхгүй, мөн улсын төсвийн хөрөнгийг аймгийн Засаг дарга захиран зарцуулах бүрэн эрх байхгүй тул аймгийн Засаг даргаас тухайн ажлын хөлсийг гаргах боломжгүй юм. Орон нутгийн хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч гэдгээрээ Засаг дарга захиран зарцуулах эрхтэй ч зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй тул өөрийн дураар захиран зарцуулах эрх байхгүй юм. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:” 6.6.3-т “төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх” гэж заасан байдаг. Иймд эрх шилжүүлсний үндсэн дээр У  ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болсон боловч яамыг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд/ ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бол аливаа үйлдлийг хийхийг хориглодог. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснээр Уыг хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, төсвийн тухай хуулийг зөрчиж санхүүжилтийг гарга гэсэн шийдвэрийг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулиас гадна тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг хэрэглэх ёстой байсан. Гэтэл тус хуулийг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх мөн л үүнийг анхаарч үзэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.

Иймд Төсвийн тухай хуулийг хэрэглэхгүйгээр гаргасан шийдвэр нь тухайн хуулийг зөрчиж байх тул Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 235 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Г” ХХК нь У д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...гэрээнд заасан санхүүжилт нь улсын төсвөөс бүрэн гүйцэт шилжиж ирээгүй учир хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч Уын Тамгын газраас 20,000,0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Хоёр шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.

9. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

10. Нэхэмжлэгч “Г” ХХК нь У тай 2015.06.19-ний өдөр УВБУА-02/2015 дугаартай “Увс аймгийн Ахмадын сувиллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх ба тус компани гэрээний дагуу барилгыг барьж гүйцэтгэн, 2015.12.03-ны өдрийн 53 тоот “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын акт”-аар захиалагчид хүлээлгэн өгсөн, гэрээний хугацаанд захиалагч нь ажлын хөлснөөс нийт 377,865,747 төгрөгийн санхүүжилтийг өгч, гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 20,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогджээ.

11. Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 32-т “Чанарын баталгаат хугацаа Барилгын тухай хуулийн дагуу 3 жил байна”, 35, 45-д “Гүйцэтгэсэн ажлын баталгаа болох барьцаа хөрөнгийн хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 5% байх бөгөөд эцсийн санхүүжилтээс саатуулан үлдээнэ. Барилгын ажлыг ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд ажлын гологдол, зөрчил гараагүй нөхцөлд буцаан олгоно” гэж тус тус зааж тохиролцсон байна.

12. Хэргийн баримтаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч компанийн барьж гүйцэтгэсэн Ахмадын сувиллын барилга нь ашиглалтад орсноос хойш хэвийн ажиллаж байгаа, барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойшхи 3 жилийн хугацаанд ямар нэгэн ажлын гологдол, зөрчил гараагүй нь тогтоогджээ.

13. Дээрх байдлаар ажил гүйцэтгэх гэрээнд заасан барилгын ажлын чанарын гүйцэтгэлийн 3 жилийн баталгаат хугацаа дууссан, энэ хугацаанд тус барилгын чанарын талаар ямар нэгэн гологдол, зөрчил гараагүй тул нэхэмжлэгч “Г” ХХК нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг буюу гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн 5 хувь болох 20,000,000 төгрөгийг хариуцагч У ас шаардах эрхтэй, хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д заасантай нийцжээ.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...У  нь гүйцэтгэгч хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэл, явцад хяналт тавьж, ажлын үр дүнгийн талаарх тайлан, мэдээг Сангийн яам руу явуулсны үндсэн дээр явцын санхүүжилт нь эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын данс руу орж ирдэг байсан. Тус дансанд орж ирсэн явцын санхүүжилтийг Засаг даргын захирамжаар гүйцэтгэгч “Г” ХХК-д олгодог байсан. Түүнээс биш ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг аймгийн Засаг дарга орон нутгийн хөрөнгөнөөс гаргаж байгаагүй. ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Уыг хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Төсвийн тухай хуулийг зөрчиж, санхүүжилтийг гарга гэсэн шийдвэр гаргасан, ...давж заалдах шатны шүүх Төсвийн тухай хуулийг хэрэглэхгүй шийдвэр гаргаж, хууль зөрчлөө. ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

15. Энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн, тодруулбал ...улсын төсвөөс санхүүжилт дутуу орж ирсэн бол энэ талаар зохих хууль, журмын дагуу шаардлага гаргах, санхүүжилтийг хариуцан шийдвэрлүүлэх этгээд нь аймгийн Засаг дарга учир нэхэмжилсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

16. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.08-ны өдөр төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД