Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0257

 

 

 

 

 

 

 

 

 

О.Б-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал 

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагчийн өмгөөлөгч К.Ж

Гомдол гаргагч: О.Б

Хариуцагч: Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.О

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0113 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч К.Ж 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул 

Хэргийн индекс: 128/2025/0713/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч О.Б-оос Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666291 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/175 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах-аар маргажээ.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0113 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дах хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666291 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/175 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж гомдол гаргажээ. Үүнд:

3.1. “...Гомдол гаргагч О.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, оргил гудамж 29 тоот хаягт байрлалтай, 700 м.кв газарт 200.9 м.кв барилгажих талбайтай 2 давхар амины орон сууцны барилгын сууринд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02-13-04/23/01 дугаартай удирдамжтайгаар хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.О нь хяналт шалгалт явуулж, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0666291 дүгээр шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/175 дугаартай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн.

3.2. Гомдлын үндэслэл: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д “...Дээрхээс үзвэл, хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа тухайн зөрчлийн холбогдогч О.Б өөрөө мөн эсэхийг шалгаж тодруулалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна.” 15-д “...иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах асуудал нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666291 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/175 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг 2/хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

3.3. Нэгдүгээрт, О.Б нь Улсын бүртгэлийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11-р хороо, Оргил гудамжны 29 тоот хаягт байрлах, нэгж талбарын ******** дугаартай 700 м.кв газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-22******** дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 00067**** дугаартай гэрчилгээ авсан тул тус газрын хууль ёсны өмчлөгч болно. Тиймээс, Монгол Улсын иргэний газар өмчлөх, өмчилсөн газартаа амины орон сууц барих эрхийнхээ хүрээнд Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/00-055 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 200.9 м.кв барилгажих талбайтай амины орон сууц барихаар суурийг бэлдэж эхэлсэн байдаг. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна.”, 10.1.1-т барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтын 1-т Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж 1.1-т 9 м хүртэл өндөртэй 600 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц гэж тус тус зааснаас үзвэл О.Б-ийн барихаар төлөвлөж буй суурь цутгасан амины орон сууц нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарч байна.

3.4. Гэтэл Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.О нь дээрх хуульд заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл шаардлагагүй, загвар зурах батлуулах шаардлагагүй амины орон сууц байхад Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар барилгын ажлын захиалагч хуульд заасан: 5.2-т чиг Үүргийг хэрэгжүүлээгүй, 5.3-д барилга байгууламжийн хамгаалалтын горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэл болгон О.Б-д 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Ийнхүү торгууль ногдуулахдаа нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр, хуульд заасан ямар чиг үүргийг хэрэгжүүлээгүй, мөн ямар үндэслэлээр зураг батлуулж, зөвшөөрөл авч барилгын угсралтын ажил эхлүүлэх ёстой гэж үзсэн талаараа шийдвэртээ огт дурдаагүй, өмчлөгч О.Б биш П.Уыг байлцуулан П.Уаар гарын үсэг зуруулсан атлаа зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ.” гэж заасан байхад барилгын суурийн хэмжээг ч хэмжиж үзээгүй байж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл байтал анхан шатны шүүхээс уг үйл баримт болон маргаан бүхий захиргааны актын хууль бус байдлыг шинжлэн судлаагүй.

3.5. Хоёрдугаарт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйл. “Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа”, “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.” 2. “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж зөрчил шалган шийдвэрлэх хэрэг бүртгэлийн хугацааг тодорхойлсон байдаг. Тиймээс уг хуулийн дагуу О.Б-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 2 давхар амины орон сууцны зориулалттай барилгыг загвар зураггүй эхлүүлсэн гэх зөрчлийг шалган шийдвэрлэх хугацаа аль хэдийн дууссан учраас О.Б-оос дахин мэдүүлэг авч, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй.

3.6. Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт нь анхнаасаа хууль зөрчин гарсан буюу хууль бус, мөн зөрчил шалган шийдвэрлэх хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад дахин шийтгэл оногдуулах агуулгатай захиргааны акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0113 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдол гаргагч О.Б-ийн гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

1. Гомдол гаргагч О.Б-оос Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666291 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/175 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

2. Нийслэлийн хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0666291 дугаартай шийтгэлийн хуудсаар О.Б-ийг “амины орон сууцны зориулалттай барилга угсралтын ажил загвар зураггүйгээр эхлүүлсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-т зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Улмаар гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд хандан: “...барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга угсралтын ажлыг хууль бусаар зөрчил гэж үзсэн шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/175 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврын дагуу барилга угсралтын ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн нь миний өмчлөх эрх болон барилга барьж, ашиглалтад оруулах оруулах эрхийн зөрчиж байна” гэж тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх: “...хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан маргаан бүхий зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа тухайн зөрчлийн холбогдогч О.Б өөрөө мөн эсэхийг шалгаж тодруулалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна” гэж дүгнээд, хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Удирдлагын академийн урд талд Богдын Хүрэн ордны зүүн талд барилга барих гээд байх тул шалгаж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэргийг нээж, улмаар 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666291 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж, барилгын ажлын захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тус иргэнд эрх бүхий байгууллагаар загвар зураг батлуулах хүртэл барилга угсралтын ажлыг зогсоож, холбогдох байгууллагаар загвар зураг батлуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар бичсэн байна.

6. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус заасан.

7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч зөрчилд холбогдогчийг зөв тогтоох талаар зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулаагүй, загвар зураг батлуулах, А даалгавар авах шаардлагатай эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг шийтгэлийн хуудас оногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгавар бичихдээ хэрэгжүүлээгүй байна.

8. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна”, 10.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж тус тус заажээ.

9. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны сарын 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 211 дугаартай журмын нэгдүгээр хавсралтаар “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам-ыг баталсан байна. Уг хавсралтын хүснэгтийн 1 дэх хэсэгт 9 м хүртэл өндөртэй, 600 мкв хүртэл талбайтай нэг айлын орон сууцны барилгад барилгын ажлын зөвшөөрөл авахгүй талаар зохицуулсан.

10. Барилгын тухай хуульд зөвхөн барилгын ажлын зөвшөөрөл авах тохиолдолд загвар зураг хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг эрх бүхий байгууллагаар батлуулахаар тус тус заасан байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хариуцагч байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

11. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий барилга болох амины хувийн сууц 9 метр хүртэл өндөртэй, 600 мкв хүртэлх байшин мөн эсэх, барилгын ажлын зөвшөөрөл болоод А даалгавар, загвар зураг шаардагдах төвөгшлийн барилгад хамаарах эсэхийг тодруулалгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ.” гэж заасныг үйл ажиллагаандаа баримтлаагүйг анхан шатны шүүхээс дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч” гэж заасны дагуу хариуцагчаас зөрчилд холбогдогчийг буруу тодорхойлж, Барилгын зөвшөөрөл шаардагдахгүй барилга байгууламж”-ийн 1.1-т 9 м хүртэл өндөртэй 600 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц гэж зааснаас үзэхэд маргаан бүхий барилгад хэмжилт хийлгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хийсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар нотлогдож байна.

13. Дээрх хуулийн зохицуулалтаар улсын байцаагч зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ чиг үүргийнхээ хувьд баримтлах ёстой холбогдох зохицуулалтуудыг мөрдлөг болгон ажиллаагүйн улмаас иргэн О.Бийг 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох эрх хуулиар үүсээгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...торгууль ногдуулахдаа нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр, хуульд заасан ямар чиг үүргийг хэрэгжүүлээгүй, мөн ямар үндэслэлээр зураг батлуулж, зөвшөөрөл авч, барилгын угсралтын ажил эхлүүлэх ёстой гэж үзсэн талаар шийдвэртээ огт дурдаагүй, өмчлөгч О.Б биш П.У-ыг байлцуулан гарын үсэг зуруулсан...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэв.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0113 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666291 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/175 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2 дахь заалт болгон, 4 дэх заалтыг 3 дахь заалт болгон дугаарлаж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       Л.ОДБААТАР