Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 78

 

 

 

          Хэргийн индекс: 171/2012/0091/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/,

хохирогч Ц. И г

хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай /0-304/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн Г д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20120900020 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б овогт Б-ийн Г , /РД:../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа амьдардаг гэх, оршин суугаа хаяг тодорхойгүй, ихэвчлэн Дархан сумын .. дүгээр баг .. байрны .. дугаар орцны хонгилд байдаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Б.Г  нь 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1а байрны 5 дугаар орцны подвольд иргэн Ц.И-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний өмсөж явсан фудволка болон цамцных нь захаар хоолойг нь боож амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас Ц.И- нь нас барж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт холбогджээ.                                

                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Энэ хэрэг 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр болсон юм. Уг өдөр би шуудайтай хуванцар сав лаазаа тушаах гээд Дархан сумын .. дүгээр баг .. байрны .. дугаар орцны подвальд түүхий эд авдаг газарт 16 цагийн үед очсон юм. Тэгээд шуудайтай зүйлээ тушаачихаад мөнгө аваад бараа хураадаг өрөөнд ороод байж байтал гаднаас талийгаач И- орж ирээд цуг байсан хүмүүсээс архи нэхээд байсан юм. Тэгээд надад хандан П... минь нэг шил архи авч өг” гэж хэлээд намайг заамдаж авсан юм. Тэгээд би өөрийгөө хамгаалахын тулд цамцны захаас зуурахад талийгаач намайг тавьсан юм. Би талийгаачийн хоолойг нь санаатайгаар бооно гэж бодоогүй.

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Á.Ãàíòºð-91.1-78.doc

Зөвхөн өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Санамсаргүй байдлаасаа болж энэ хэргийг үйлдсэндээ харамсаж байна” гэв.

 

Хохирогч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Бид нар эхээс наймуулаа, талийгаач ах бидний том ах маань байсан юм. Шүүгдэгчийн хэлдгээр бол манай ахыг хог түүдэг хүн гэж байна. Манай ах тийм хог түүгээд явах хүн бишээ. Бид их гомдолтой байна. Учир нь том ахыгаа хүний гарт алдсанд нь харамсаж байна. Энэ хүнээс оршуулгын зардал болох 2.661.200 төгрөгийг авмаар байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгчдэгч болон хохирогчийн мэдүүлэг, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б-ийн Г  нь архи ууж согтуурсан үедээ 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 16.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах .. байрны .. дугаар орцны хонгилд иргэн Ц.И-тай “Дандаа надаас архи нэхдэг” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний өмсөж явсан цамцных нь захаар хоолойг нь боож санаатайгаар алсан болох нь:

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Б ын мэдүүлсэн:”...Тэр өрөөнд И ээ газар хэвтэж байхаар нь би очоод И ээгийн хажуугаар хэвтэж байсан чинь араас удалгүй Г  архи уучихсан халамцуу орж ирэхэд И ээ босож ирээд шил саваа тушаасан уу нэг шил архи аваад өгчих гэж  Г өөс нэхэхэд чи адилхан ядарсан байж яахаараа хүмүүсээс архи нэхдэг юм бэ, чиний  чиний том гартай, том биетэй чинь хамаагүй гээд хоорондоо барьцалдаад авсан, тэгээд Г  И ийг газар унагаагаад дээш харуулж байгаад цээжин дээр нь сууж байгаад хоолойг нь цамцных нь захаар  боохоор Д- бид хоёр салгасан юм. Тэгтэл өрөөний буланд байх өөр өрөө рүү ордог  хаалганы буланд И ээ дөрвөн хөллөөд босож ирэх гэтэл Г  араас нь дахин түүнийг боогоод хаалганы булан руу түлхэхэд И ээ газар унахаар нь  салгасан юм. Г  хоёр дахь удаагаа дээрээс нь боож дараад түлхэх үед И ээ хажууд байх хаалганы буланг толгойгоороо мөргөөд унасан юм. Тэр үед Б-, Боохой гаднаас орж ирээд И ийг дээш харуулаад судсыг нь барьж үзэхэд цохилохгүй болохоор нь Боохой цээжин дээр нь массаж хийхэд амьсгалахгүй байна гээд энэ нэг л биш байна гээд эмнэлэг дуудсан юм. Талийгаач архи уучихсан нэлээн халамцуу байсан, Г  уухын хувьд уучихсан халамцуу байсан. Би тэгэхээр нь тэр хоёрыг больцгоо гэж хэлсэн, тэгтэл талийгаач И- чаддаг юм бол гараа тавьчих гэж хэлсэн тэгээд Г  гараа тавиад үүдний сандал дээр очоод суусан, И- газраас өндийгөөд тонгойгоод босохын хооронд Г  очоод дээр нь мордож суугаад араас нь цамцных нь захаар боогоод эргүүлсэн. Тэгээд талийгаач газар бие нь сулраад хэвтээд өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-25 дахь тал/

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Д-гийн мэдүүлсэн: ...И ээ, Төрөө хоёр орж ирээд хоорондоо маргалдсан, Төрөө И ийг газар хэвтэж байхад нь дээр нь мордоод цамцных нь захаар боосон тэгэхэд И ээ цээжин биеэрээ босож ирсэн тэгэхэд Төрөө боочихоод тавихгүй байсан. Б  бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгэхэд И ээ доош хараад дөрвөн хөллөөд хаалга мөргөсөн юм. Тэр үед дахин Төрөө ард нь гараад араас нь боогоод байсан. Х  бид хоёр Төрөөгийн гарыг тавиулсан тэгээд Төрөө зугтаагаад явчихсан зөрөөд Тайванаа орж ирсний дараа удалгүй Х , Б-гийн хамт орж ирж Х  И ийг хараад энэ өнгөрчихсөн байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/,

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Б-гийн мэдүүлсэн:”.....-р баг ..байрны подваль руу өөрийн нөхөр болох Боохой буюу Х ын хамтаар 16 цаг өнгөрч байхад ороод 00-ийн өрөөнд бие засчихаад гараад ирэхэд талийгаач И ээ хойд талын өрөөнд доошоо хараад хэвтэж байсан юм. Тухайн үед хажууд нь Г , Д-, Б  нар байсан. Би И ийг дээш нь харуулахад нүүр хөхөрчихсөн байхаар нь Чимгээ эгчид “Нас барчихсан юм биш үү гэж хэлэхэд Г  “Би гарч түргэн дуудлаа гээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-57 дахь тал/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Г-ийн мэдүүлсэн: “Хуванцар хураадаг өрөөнд хэвтэж байтал гаднаас Г  орж ирсэн юм, тэгээд орж ирээд миний хажууд жаахан сууж байгаад эргээд гараад явсан юм. Тэрний дараахан араас нь И- хөл дээрээ тогтож чадахгүй согтуу миний хэвтэж байсан хуванцар хураадаг өрөөнд орж ирж байсан юм. Орж ирээд миний хажууд жаахан хэвтчихье гээд хэвтсэн юм. Ингээд хэвтэж байтал Г  орж ирсэн, орж ирээд өрөөнд суутал талийгаач И- өндийж ирээд муу бандиа нэг шил архи аваад өгчих гэж хэлсэн, тэгтэл Г  чадахгүй, надаас дандаа архи нэхэж уух юм гээд гарын салаавч гаргасан, тэгтэл талийгаач И- босож өндийж ирээд байж байтал Г  уурлаад талийгаачийг шууд багалзуурдаж авсан юм. Тэгээд над дээр гишгэх гээд байхаар нь тэр газраас босоод хажуугийн өрөөнд ороод даралтын эм уугаад хэвтэж байгаад унтаад өгсөн. ...Г  талийгаач И-г сууж байхад нь очоод өмсөж явсан цамцных нь захаар эргүүлээд мушгиж боож байсан, тэрийг нь би хараад нөгөө өрөө рүү яваад ороод унтсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дахь тал/,

Талийгаачийн биед шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот магадлан шинжилгээний явцад бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт /хэргийн 53-57 дахь тал/,

Шүүх эмнэлгийн 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот магадлан шинжилгээний:

1. “Талийгаачийн биед зүүн хоолойн дахь боолтын ором, хүзүү хоолойны урдах улайлт, доод эрүүн дэх зулгаралт, улаан хоолой ба цагаан мөгөөрсөн хоолой орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр амьд ахуй үед үүсгэгдэх боломжтой, амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

3. Талийгаач нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ..

4. Талийгаачийн цусанд 3 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд хэлбэрийн согтолттой байсныг харуулна.

5. Талийгаачийн биед зүрх уушигны архаг хууч өвчнүүд илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөгүй.

6. Талийгаачийн цусны бүлэг ОI байна” гэсэн дүгнэлт /хэргийн 51-52 дахь тал/,

Хэрэг учралын газарт 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16.34 цагаас 17.00 цагийн хооронд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийг бэхжүүлсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Би өөрийгөө хамгаалахын тулд цамцных нь захаас зуурахад талийгаач намайг тавьсан юм. Би талийгаачийн хоолойг нь санаатайгаар бооно гэж бодоогүй. Би өөрийгөө хамгаалсан” гэх зэргээр хэргийн талаар тодорхой мэдүүлээгүй боловч гэрч Ц.Б , Д.Д-, Э.Б-, М.Г- нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн, өөр хоорондоо ноцтой зөрүүгүй мэдүүлгүүд /хэргийн 21-42 дахь тал/, талийгаач Ц.И- нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдлаар нас барсныг тогтоосон шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт /хэргийн 51-52 дахь тал/, мөн үүнээс гадна шүүгдэгч Б.Г ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би И-г зөроүүлж заамдаж аваад арагшаа түлхэж унагаад, газар унахаар нь хоолойг нь зүүн гараараа өмсөж явсан ноолууран цамцных нь захнаас заамдаж аваад ороож боогоод арагш нь татсан юм. Тэгтэл И- гэв гэнэт хөдлөхөө байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 74-75 дахь тал/ зэргээр түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Б овогт Б-ийн Г ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай: “Согтуугаар хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь алсан гэж үзэж зүйлчлэлийг хүндрүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-аар зүйлчилж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь хэрэг авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, гэрч Ц.Б , Д.Д-, Э.Б-, М.Г- нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд /хэргийн 21-42 дахь тал/-ээр Б.Г , Ц.И- нар хэн аль нь архи ууж согтуурсан байхдаа хоорондоо “Дандаа архи нэхдэг” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдохоор тодорхой үйлдлүүдийг хийсэн, улмаар Б.Г  нь талийгаач Ц.И-гийн цамцны захаар хоолойг нь боосон болох нь тогтоогдсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.  

 

Шүүгдэгч Б.Г  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 107 дахь тал/

 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6-д заасны дагуу онц хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Г ийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэхэд 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 03/2012 дугаартай магадалгаагаар тэрээр: “...сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл, ... эмнэлгийн хяналтад байгаагүй, ... сэтгэцийн өвчингүй тул хэрэг хариуцах чадвартай” нь тогтоогджээ. /хэргийн 61 дэх тал/

 

Шүүх гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд ял шийтгэлийг оногдуулахадаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Г  нь архи ууж согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91,1-д зааснаар 13 жил хорих ялыг чанга дэглэм эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон гэм хорын хохиролд хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр оршуулгын зардал болох 2.661.200 төгрөгийн зардлын баримтыг ирүүлсэн байх бөгөөд үүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г өөс гаргуулж хохирогч Ц.Б од олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Б овогт Б-ийн Г ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Б-ийн Г д 13 /арван гурван/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б-ийн Г д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Г ийн энэ хэрэгт 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Г өөс оршуулгын зардал 2.661.200 /хоёр сая зургаан зуун жаран нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын .. дугаар баг, .. дугаар хэсэг .. тоотод оршин суух Х овогт Ц-ийн Б /РД:../-д олгосугай.

 

6. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЧ           

                                   

   ШҮҮГЧИД                                                 А.АЛТАНХУЯГ

 

                                                                                    Ё.РИНЗААН