Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 81

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, С.Банди, Д.Ганболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /0-305/,

хохирогч Т.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Т. А д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123514 дугаартай хэргийг 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Т. А  /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн  дунд боловсролтой, екскаваторчин мэргэжилтэй, “....” үйлдвэрт зуухын цехийн ..ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг .. дүгээр хорооллын .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Т.А  нь 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн худалдааны төвийн хажууд байрлах “Ёсүй” гэдэг нэртэй баарны ойролцоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр иргэн Т.У ийн нүүрэн тус газар нь архины шилээр цохиж нүүрийг нь засаршгүй гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр намайг ажил дээрээ байхад манай найз О  над руу утсаар яриад уулзъя гэхэд нь би ажлаасаа чөлөө аваад О  руу утсаар яриад түүнд хандан “хаана байна” гэж асуухад О  надад хандан “Б , У  бид гурав хамт Б ы гэр рүү нь явж байна” гэж хэлсэн юм. Тэгээд би ажлынхаа Г  гэдэг залуутай хамт Б ы гэрт нь очсон юм. Тэгээд Б ы гэрт нь байж байхад гаднаас У  0.75 литрийн нэг шил архи авчрахад нь бид нар хамт тэр архийг нь хувааж уусан юм. Тэгээд О , Б , У  бид дөрөв Дархан сумын 11 дүгээр багийн худалдааны төвийн хажууд байрлах “Ёсүй” гэдэг нэртэй караоке бааранд 17 цагийн орчимд орсон юм. Тэгээд тэр бааранд орж нэг шил архи уугаад би нэлээд согтсон байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна” гэв.

 

Хохирогч Т.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр найз О , нөхөр Б  нарын хамтаар айлд байж байхад А  манай нөхөр Б  руу өглөөнөөс хойш утсаар залгаад байсан юм. Тэгээд бид гурав айлаас гараад гэртээ харихад А , ажлынхаа нэг залуугийн хамтаар манай гэрийн гадаа байж байсан юм. Тэгээд бид нар манайд орж 0.75 литрийн нэг шил архи хувааж уугаад сууж байтал А , О  хоёр хоорондоо нэлээд олон удаа маргалдаж муудалцаад байсан юм. Тухайн үед А , О  хоёрыг муудалцахад нь би О-ийг өмөөрөхөд А  намайг боож газар унагаасан юм. Тэгээд удалгүй А тай ирсэн залуу яваад өгсөн. Тэгээд бид нар удалгүй худалдааны төвийн хажууд байдаг “Ёсүй” гэдэг нэртэй караоке бааранд 17 цагийн орчимд орж нэг шил архи уучихаад бид нар А ыг үлдээгээд гараад явсан. Тэгтэл А  араас гарч ирээд намайг дуудахад нь би эргэж харсан чинь гартаа архины шилийг хүзүүнээс нь барьчихсан байсан бөгөөд тэр шилээ хагалаад миний нүүр рүү зоогоод татаж авсан юм. Тухайн үед би өөрөө эмнэлэг дуудаж нийт 29 оёдол тавиулсан. Хохирол төлбөрт нэмж 524000/таван зуун хорин дөрвөн мянган/ төгрөг авсан. Яг одоо надад баримтаар тогтоогдсон нэхэмжлэх зүйл алга байна. Ирээдүйд гарах зардал буюу гоо сайхны  мэс засалд орох зардалыг иргэний журмаар нэхэмжлэх болно” гэв.

.

 

            Прокуророос Т.А д холбогдуулан түүнийг танхайн сэдэлтээр Т.У ийн нүүрэн тус газар архины хагархай шилээр зүсэж засаршгүй гэмтэл учруулсан гэж үзэх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

            Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгдэгч Т.А ы Т.У т учруулсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд ердийн явцаар арилж бүдгэрэхгүй гэж удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гарчээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т “... нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан” гэж заасан байх бөгөөд хохирогч Т.У ийн нүүрний

Гэмтэл, сорви, эмгэг өөрчлөлт нь ердийн явцаар арилж бүдгэрэхгүй, мэс ажилбарын эмчилгээ хийх шаардлагтай нь тогтоогдоож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Т.А  нь 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн худалдааны төвийн хажууд байрлах “Ёсүй” гэдэг нэртэй баарны ойролцоо Т.У ийн нүүрэн тус газарт нь шилээр зүсэж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.У ийн “... Тэгээд бид нар худалдааны төвийн хажууд байдаг “Ёсүй” гэдэг нэртэй караоке бааранд 17 цагийн орчимд орж нэг шил архи уучихаад бид нар А ыг үлдээгээд гараад явсан. Тэгтэл А  араас гарч ирээд намайг дуудахад нь би эргэж харсан чинь гартаа архины шилийг хүзүүнээс нь барьчихсан байсан бөгөөд тэр шилээ хагалаад миний нүүр рүү зоогоод татаж авсан юм. Тухайн үед би өөрөө эмнэлэг дуудаж нийт 29 оёдол тавиулсан. Гэмтсэнээсээ хойш би Улаанбаатар хотод нүүрэндээ нарийн мэргэжлийн эмчээр оёдол тавиулсан”  гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,

гэрч Д.О-ийн “... Тэр өдөр Б  бид хоёр баарнаас түрүүлээд гарахад бидний араас У , Б  нар гарч ирж байсан юм. Тэгтэл У  орилох шиг болохоор нь эргээд хартал өмсөж явсан хувцсаараа нүүрээ дарчихсан цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад орилоод байсан юм. Тэгээд У ийг эмнэлэгт хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,

гэрч Б.Б ы “... О  бид хоёр алхаад явж байхад манай эхнэр У  ард орилсон юм. Тэгэхэд нь эргээд хартал манай эхнэрийн нүүр нь нил цус болчихсон байсан бөгөөд хажууд нь А  баруун гартаа архины шилийг хагалаад хүзүүгээр нь барьчихсан зогсож байсан. Тэгээд би гүйж очоод А ыг цааш нь түлхэхэд А  гартаа барьчихсан байсан хагархай шилээ газар хаясан юм. Тэгээд би А д хандан “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд А  үг дуугарахгүй байсан юм. Харин манай эхнэр надад хандан “А  миний нүүр рүү цохьчихлоо” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 157 тоот акт.

1. “Т.У ийн биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд соривжилт, зүүн нүдний дээд зовхины унжилт, эрүүнд цус хуралт, цээжинд зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

3. Дээрх нүүрэнд үүссэн сорви нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй ба нүүр засаршгүй гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 107-109 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Т. А д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Т.А  нь нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан нь

бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд, түүнд танхайн сэдэлт байхгүй байна гэж дүгнээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 зүйлийн 96.1-т зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Т.У  нь 2680 ам доллар, 5000000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Т.У т учирсан хохирол нь 974010 төгрөг тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.А аас өмнөх 450000 төгрөг дээр нэмж 524000 төгрөг төлж нийт 974000 хорихол төлбөрөө барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэж байна.

 

Шүүгдэгч Т.А  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна /хэргийн 31 дахь тал/.

 

Шүүгдэгч Т.А  нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа ял шийтгүүлж байгаа зэрэг байдлуудыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Т. А д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон зүйлчилсүгэй.

 

2. Б овогт Т. А ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Т. А ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Т.А д энэ хэрэгт 2012 оны 3 дугаар сарын 05-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д зааснаар шүүгдэгч Т.А д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Т.А д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Т.У  нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргахыг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

                          

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 А.АЛТАНХУЯГ

                                   

                   ШҮҮГЧИД                                                Ё.РИНЗААН

                                                                         

                 Б.МАНЛАЙБААТАР