Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2020/02449

 

 

 

 

 

                                        2020         08           04     

                 184/ШШ2020/02449

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

Эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Төгөлдөрмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь 2019 оны 07 сарын 26-ны өдөр иргэн Н.Э-тай зээлийн гэрээ байгуулж, 15.900.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, фидуцийн гэрээгээр 0..-1.. УАА улсын дугаартай CV5W060... арлын дугаартай Мицубиши Делика /Mitsubishi Delica/ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлдэгч Н.Э нь гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгч Н.Э нь 2020 оны 05 сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 15.900.000 төгрөг, зээлийн хүү 5.193.140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 970.960 төгрөг, авлага 157.550 төгрөг, нийт 22.221.650 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Гэтэл Н.Э нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Итали улс руу гарсан болох нь хил хамгаалах байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд тус зээлийг төлөхөд хүндрэл учирч байгаа тул түүний хамаарал бүхий эхнэр болох Ж.Б-аас фидуцийн гэрээний баталгаа болгож манай компанийн өмчлөлд шилжүүлсэн 0..-1.. УАА улсын дугаартай CV5W060... арлын дугаартай Мицубиши Делика /Mitsubishi Delica/ маркийн тээврийн хэрэгслийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг Ж.Б-тай байгуулаагүй. Гэвч хариуцагч Ж.Б нь дээрх тээврийн хэрэгслийг хууль бусаар өөрийн

эзэмшилдээ байлгаж, ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ж.Б-ийн эзэмшлээс чөлөөлж, тээврийн хэрэгслийг өмчлөгч болох манай компанид шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Б нь Э ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулаагүй, тус компанийн өмнө хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй. Түүнчлэн, 0..-1.. УАА улсын дугаартай, CV5W060.. арлын дугаартай Мицубиши Делика /Mitsubishi Delica/ маркийн тээврийн хэрэгслийг би эзэмшээгүй, энэ тээврийн хэрэгсэл одоо хаана, хэнд байгааг би мэдэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан 0..-1.. УАА улсын дугаартай, Мицубиши Делика /Mitsubishi Delica/ маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх[1] шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Э ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Э-тай зээлийн гэрээ байгуулж, 15.900.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногийн 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. / хх 5 дугаар тал/

Нэхэмжлэгч нь дээрх ЗГ№19/07/1.. тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Н.Э-тай Иргэний  хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан ФГ№19/05/00.. фидуцийн гэрээг байгуулж, 0..-1.. УАА улсын дугаартай, CV5W060... арлын дугаартай, Мицубиши Делика /Mitsubishi Delica/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан байна. /хх 5 дугаар талын ар/

Ийнхүү үндсэн болон нэмэлт үүрэг /фидуци/ үүсгэсэн хэлцлүүдийг нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Б-тай бус Н.Э-тай хийсэн, хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Э ХХК-ийн өмнө хууль болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар Ж.Б-аас 0..-1.. УАА улсын дугаартай Мицубиши Делика /Mitsubishi Delica/ маркийн тээврийн хэрэгслийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхийг шаардах эрхгүй юм.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хөрөнгө болох 0..-1.. УАА улсын дугаартай Мицубиши Делика /Mitsubishi Delica/ тээврийн хэрэгсэл нь хариуцагч Ж.Б-ийн эзэмшилд бодитоор байгаа болох нь баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй.

Ийнхүү Ж.Б-ийн хууль бус эзэмшилд дээр дурдсан хөрөнгө байгаа болох нь тогтоогдохгүй байх тул мөн энэ үндэслэлээр буюу хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хариуцагч Ж.Б нь зээлдэгч Н.Э-ын эхнэр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байх боловч энэ нь бусдын өмнө хүлээсэн Н.Э-ын үүргийг хариуцах үндэслэл болохгүй. Мөн тэрээр Н.Э-ын зээлийн зарим хэсгийг төлж байсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцэх хугацаа шаардлагагүй гэж үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Ж.Б-д холбогдох, 0..-1.. УАА улсын дугаартай, CV5W060... арлын дугаартай, Мицубиши Делика /Mitsubishi Delica/ маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх, хууль бус эзэмшлээс уг хөрөнгийг чөлөөлүүлэх тухай, Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.450 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧБ.ХИШИГБААТАР

 


[1] Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан үндэслэлээр буюу зээлийн төлбөрт тооцон фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлж авах агуулга бүхий шаардлага гаргасан. Харин хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлээр хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр мөн шаардаж байгаа талаар тодруулсан.