| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2025/0076/З |
| Дугаар | 221/МА2026/0370 |
| Огноо | 2026-05-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0370
Б.Нгийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Төв аймгийн Э сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Э.У, Д.Л
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаартай захирамжийн Б.Нгийн эзэмшлийн нэгж талбарын 18693299297883 дугаартай 4 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамжаар Э.Ут эзэмшүүлсэн, Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 онь 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаартай захирамжаар Д.Лид эзэмшүүлсэн захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 123/ШШ2026/0028 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, Л.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 123/2025/0076/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Б.Н нь Төв аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан "Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаартай захирамжийн Б.Нгийн эзэмшлийн нэгж талбарын 18693299297883 дугаартай 4 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамжаар Э.Ут эзэмшүүлсэн, Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 онь 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаартай захирамжаар Д.Лид эзэмшүүлсэн захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох"-оор тус тус маргасан.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 123/ШШ2026/0028 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.1, 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хууль /1997 оны хууль/-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу
3.1.1 Захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, түүнийг шүүх үндэслэлгүй зөвтгөсөн тухайд
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.7 дахь хэсэгт маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж шүүх дүгнэжээ.
Хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа баримталсан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалт “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх." гэх зохицуулалт нь маргаан бүхий нөхцөл байдалд хэрэглэгдэхгүй юм.
Учир нь захиргааны байгууллагаас гаргах гэж буй тухайн шийдвэрийн агуулгад хамаарах нөхцөл байдлыг зөв тогтоох зорилгын хүрээнд нэг цаг хугацаанд ижил үйл баримтаар нэгэн зэрэг холбогдсон бөгөөд үндэслэл нь ижил нэг шийдвэрийн үр дагаварт өртөж буй олон этгээдүүдийн тоо 21 хүрсэн тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ уг хуулийн 27.2.2-т заасан журмыг баримтална, энэ шалгуурыг хангаагүй, өөр өөр үйл баримттай, тус тусдаа үр дагавар үүсгэх, үндэслэл нь ялгаатай шийдвэрүүд гаргах тохиолдолд энэ журмыг хэрэглэдэггүй.
Гэтэл шүүх үүнийг анхаарахгүйгээр захиргааны байгууллагын сонсох ажиллагааны журмыг буруу хэрэглэсэн асуудлыг зөвтгөж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.1.2. Захиргааны байгууллага сонсох ажиллагаанаас бусад шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй, түүнийг шүүх хянаагүй тухай
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж, хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянахдаа зөвхөн “сонсох ажиллагаа явуулсан талаар” гэж хязгаарласан нь үндэслэлгүй. Тодруулбал, манай нэхэмжлэгч талын зүгээс захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээс гадна ЗЕХ-д заасан 24 дүгээр зүйлийн “Нөхцөл байдлыг тогтоох", 25 дугаар зүйлийн "Нотлох баримтыг цуглуулах” зэрэг шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлахгүйгээр маргаан бүхий акт болох Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаар захирамжийг гаргасан нь хууль зөрчсөн.
Тухайлбал, нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газарт зөвшөөрөл бүхий худаг гаргаж, хашаа татсан талаарх үйл баримтыг талууд маргаангүйгээр тогтоосон. Гэтэл энэ нөхцөл байдлыг захиргааны байгууллага харгалзахгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй.
Дээр дурдсан эрх зүйн алдааг захиргааны байгууллага гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон байхад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
3.2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
3.2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийн талаар Газрын төлбөр төлөх асуудлаар нэхэмжлэгч газрын төлбөрийг төлөх боломжийг захиргааны байгууллагаас бүрдүүлээгүй талаар анхан шатны шүүхэд маргасан асуудлаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Түүнчлэн хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа"-ны журмыг өмнө дурдсан байдлаар буруу хэрэгжүүлсэн, сонсох ажиллагааны мэдэгдлийг зохих ёсоор хүргүүлээгүйн улмаас захиргааны шийдвэр “бодит нөхцөл байдалд тохирсон” байх шаардлагыг хангаагүй талаар анхан шатны шүүхэд маргаж, гомдолд дурдсан.
Хэрэв энэ журам хэрэгжсэн бол нэхэмжлэгчийн энэ талаарх зөрчил арилах байсан. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
3.2.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн талаар
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 2.14-д 2014 онд хашаа барьж, 2015 онд худаг гаргуулсан ч 2015 оноос хойш амралт сувиллын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нотлох баримт байхгүй тул захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй гэсэн байна.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тог цахилгаан байхгүйн улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан, цахилгааны агаарын шугам байгуулахад асар их зардал гарахаар байсан бөгөөд үүний санхүүжилт байхгүй байсан зэргээр тайлбарласан.
Түүнчлэн хуулийн дээр зохицуулалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар ёсоор үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга байгууламж эрхлээгүй бол газраа ашиглаагүй гэж үзнэ гэж тайлбарлан хэрэглэж байна. Энэ тайлбарын дагуу нэхэмжлэгч газар дээрээ хашаа, гүний худаг барьсан нь барилга байгууламжид хамаарахаар байна.
Хэргийн материалын 97-105 дахь хэсэгт шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, бэхжүүлж авсан фото зурагт худаг, хашаа баригдсан байгаа нь тогтоогдож байгаа.
Уг худгийг нэхэмжлэгч Б.Н нь Төв аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/100 дугаар тушаалаар Гүний худаг гаргах зөвшөөрөл авч "Э” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болох нь хэргийн материалын 106-109 дэх талд байгаа баримтуудаар тогтоогдож байгаа.
Гэтэл шүүх үүнийг огт үнэлэхгүй, түүнчлэн уг байгууламжийг барьснаас хойш ашиглах ёстой гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
3.3. Нэхэмжлэлээс гуравдагч этгээдүүдэд хамаарах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж, гуравдагч этгээдэд олгохдоо газрын тухай хуульд заасан журмын баримтлаагүй, захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, шийдвэр нь хуульд нийцээгүй байхад шүүх эдгээрийг харгалзаж үзээгүй байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгүүдэд газар эзэмших хүсэлтэд заавал байх баримт, журам зэргийг тодорхойлсон. Энэ шаардлагыг хангаагүй, газар эзэмших гэж буй этгээд хүсэлт гаргаагүй байхад шийдвэрлэсэн зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд байхад шүүх анхаараагүй.
Мөн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг баримтлахаар байхад маргаан бүхий акт болох Төв аймгийн Э сумын засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаар захирамжид үүнийг баримтлаагүй эрх зүйн алдаатай байхад шүүх анхаараагүй байна.
Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 123/ШШ2026/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Б.Н нь Төв аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан "Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаартай захирамжийн Б.Нгийн эзэмшлийн нэгж талбарын 18693299297883 дугаартай 4 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамжаар Э.Ут эзэмшүүлсэн, Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 онь 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаартай захирамжаар Д.Лид эзэмшүүлсэн захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох"-оор тус тус маргасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 123/ШШ2026/0028 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.1, 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хууль /1997 оны хууль/-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасныг тус тус үндэслэсэн байна.
4. Газрын төлбөрийн тухайд:
4.1 Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.” гэж заасан. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж тус тус зохицуулсан.
4.2 Б.Н нь Э сумын 1-р багийн нутаг Баяндавааны ард байрлах амралт сувиллын зориулалттай 4 га газрыг 2013 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн А/292 тоот захирамжаар Ж.Нгээс шилжүүлэн авсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 18-ны ны өдөр газар эзэмших суурь хураамжид 2,560,000 төгрөг төлжээ.
4.3 Үүнээс хойш нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлах тухай 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаар захирамж гарах хүртэлх 11 жилийн хугацаанд газрын төлбөрийг огт төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.4 Нэхэмжлэгч талаас “Нэхэмжлэгч газар эзэмших гэрээ байгуулахаар очиход гэрээ байгуулаагүй, төлбөр төлөх гэхэд тэгэх шаардлагагүй нэхэмжлэх очно гэж хэлсэн. Тэгээд нэхэмжлэх ирэхээр төлөх юм байна гэж ойлгосон. Гэрээ байгуулахад 2 талын хүсэл зориг байдаг учраас аль нэг талыг шууд буруутгах нь үндэслэлгүй. Мөн холбоо барих мэдээлэл байхад холбогдоогүй.” гэж тайлбарлах хэдий ч үүнийг 11 жилийн хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ урт хугацаанд газрыг төлбөр төлөх шаардлагатай гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжтой бөгөөд энэ талаар эрэл хайгуул хийх, хариуцагч байгууллагатай уулзаж тодруулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээр эрмэлзэх нь ёстой байжээ.
4.5 Иймээс нэхэмжлэгчийг Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн дээрх заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж үзэх нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.
5. Газраа зориулалтын дагуу ашигласан эсэх тухайд:
5.1 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” бол Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
5.2 Нэхэмжлэгч нь 2013 онд газраа шилжүүлэн авсны дараа Төв аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 03-ны А/100 дугаар тушаалаар гүний худаг гаргах зөвшөөрөл авсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ[1].
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр “Уг маргаан бүхий газрыг бүхэлд нь хашаалсан байх бөгөөд хашааны ихэнх тор нь нурсан, унасан байдалтай байна. Уг маргаан бүхий газарт ямар нэг объект байхгүй. Гүний худаг гаргасан байх бөгөөд гэрэл зургаар баталгаажуулав. 2014 онд хашаа барьж, худаг хийлгэсэн. Маргаан бүхий газрын гэрэл зургийг хэрэгт авч хавсаргав” гэжээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг “... газраа мэдээллийн санд оруулах хүсэлтээ ирүүлээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй. Сум орон нутагтай харьцдаггүй.” гэж маргах бөгөөд талуудын тайлбар болон анхан шатны шүүхээс хийсэн үзлэгээр 2015 оноос хойш 2024 он хүртэлх хугацаанд маргаан бүхий газарт аливаа үйл ажиллагаа, бүтээн байгуулалт хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
5.3 Үүнээс үзвэл анхан шатны шүүх “ ... газрыг олгосон зориулалт нь амралт, сувиллын зориулалттай байгаа учир уг хашаа барьж, гүний худаг гаргасан нь шууд зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй юм. Харин газрыг ашиглах анхдагч хэрэгцээг хангах ажил 2014, 2015 онуудад хийгдэж байсан гэж үзэж болох боловч нэхэмжлэгч нь хашаа барьж худаг гаргасан гэх 2015 оноос хойш маргаан бүхий акт гарах хүртэл 9 жил орчим хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулж, газар дээрээ өөр юу ч хийж ашиглаагүй болох нь шүүхээс газар дээр нь очиж хийсэн үзлэгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.Н нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил болон түүнээс дээш жилийн хугацаанд ашиглаагүй болох нь тогтоогдож байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.
6. Сонсох ажиллагааны тухайд:
6.1 Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаар захирамжаар газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй 2 ба түүнээс дээш жил болсон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 28 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны жагсаалтын 2-т Б.Н багтжээ.
6.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс дээрх захирамж гарахдаа сонсох ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй, жагсаалтад заасан 28 иргэн, аж ахуй нэгжийн газрын гэрчилгээг цуцлах болсон нөхцөл байдал өөр өөр байхад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д зааснаар сонсох ажиллагааг явуулсан нь буруу гэж маргадаг.
6.3 Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” гээд 27.2.2 дахь хэсэгт “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасныг баримтлан Монголын үндэсний өдөр тутмын сонин "Өглөөний сонин"-ны 2024 оны 03 сарын 04-ний өдрийн хэвлэлийн 4 дүгээр нүүрт, Төв аймгийн Э сумын мэдээ мэдээлэл сэтгүүлийн 2024 оны 1 дүгээр улирлын хэвлэлд, Монголын үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-ны 2024 оны 06 сарын 11-ний өдрийн хэвлэлийн 3 дугаар нүүрт хэвлүүлсэн зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн гэж маргадаг.
6.4 Улсын дээд шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23-р тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг “...захиргааны байгууллагаас гаргах гэж буй тухайн шийдвэрийн агуулгад хамаарах нөхцөл байдлыг зөв тогтоох зорилгын хүрээнд нэг цаг хугацаанд ижил үйл баримтаар нэгэн зэрэг холбогдсон бөгөөд үндэслэл нь ижил нэг шийдвэрийн үр дагаварт өртөж буй олон этгээдүүдийн тоо 21 хүрсэн тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ уг хуулийн 27.2.2-т заасан журмыг баримтална, энэ шалгуурыг хангаагүй, өөр өөр үйл баримттай, тус тусдаа үр дагавар үүсгэх, үндэслэл нь ялгаатай шийдвэрүүд гаргах тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй.” гэж тайлбарласан.
6.5 Энэ тохиолдолд хавсралтад заасан 28 иргэн, аж ахуй нэгж нь тус сумын нутаг дэвсгэрт орших газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй 2 ба түүнээс дээш жил болсон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмших эрхийг цуцалсан. Эдгээр иргэн, аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхээ цуцлуулсан үндэслэл, үйл баримт нь өөр гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаар захирамжийн үр дагаварт өртөж буй этгээдүүдийн нөхцөл байдал, үйл баримт өөр өөр байсан гэж маргах хэдий ч тэдгээр иргэн, аж ахуй нэгжүүд нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй 2 жилээс дээш хугацаа өнгөрсөн, газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээс өөр үйл баримт тогтоогдохгүй байна.
6.6 Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх “... Зүй нь холбогдох албан тушаалтан биечлэн уулзах, утсаар ярих, цахим хэлбэрээр санал авах зэрэг аль боломжтой хэлбэрийг ашиглан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдийг сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрийг ашиглан урьдчилан мэдэгдэх үүргийг бодитой хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байгаач нэхэмжлэгч өөрөө 2013 онд газар эзэмших эрхтэй болсон атлаа 2024 онд А/175 дугаартай захирамжийг Газрын даамалтай очиж уулзаад мэдсэн гэсэн тайлбар үйл баримтуудыг дүгнэвэл нэхэмжлэгчийн тухайн хугацаанд газрын асуудлын хүрээнд захиргааны байгууллагад хандах, газар эзэмшүүлэх гэрээний үүргээс илүүтэй Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд тус тус заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлдэггүй, олон жилийн туршид хариуцлагагүй хандсан хууль бус үйлдлийг шүүхээс зөвтгөх үндэслэлгүй юм.” гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй.
7. Гуравдагч этгээд нарт газар эзэмших эрхийг олгосон Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамж болон мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаар захирамж үндэслэлтэй эсэх тухайд:
7.1 Гуравдагч этгээд нарын шилжүүлэн авсан нэгж талбарын 18693299297883 дугаартай 4 га газар нь нэхэмжлэгчийн газартай давхацсан буюу нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрыг бусдад давхардуулан эзэмшүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс тус газарт газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар маргасан боловч нэхэмжлэгчийн Төв аймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/175 дугаар захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй талаар дээр дурдсан.
Иймээс газрын давхцал байна гэж үзэх боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.
7.2 Мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гуравдагч этгээд нарт газар олгохдоо Газрын тухай хуулийн 32, 38 дугаар зүйлд заасан журмыг огт баримтлаагүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж маргаж байгааг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заасан. Өмнөх дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийн эхний нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.
Нэгэнтээ хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас түүнээс хойш олгогдсон газар эзэмших эрхийн талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй бусад этгээд нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Мөн гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон үйл баримтын талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй дүгнэсэн нь үндэслэлтэй.
7.3 Иймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийн дараа тухайн газарт нь бусад этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/203, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/423 дугаар захирамжууд нь нэхэмжлэгчийн тус газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 123/ШШ2026/0028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
[1] Хэргийн 1-р хавтасны 108-109 дэх тал