Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2020/02380

 

 

 

2020 07 28

184/ШШ2020/02380

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ш ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 51,568,405 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ж ХХК нь 2019 оны 05-р сарын 20-ны өдөр Ш ХХК-тай ЗТЗХА19/0...тоот Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч тал нь Баянзүрх дүүргийн ..-р хороо, .. хотхоны ..-р байрны 8-10 давхрын заслын ажил, үйлчилгээний барилгын 1 болон 2 дугаар давхрын өрлөг, шаврын ажил, 753-р байрны 13 давхрын заслын ажлыг гүйцэтгэх, Ж ХХКнь ажлын хөлсийг тохиролцсон үнэлгээний дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Манай компани нь 2019 оны 05-р сарын 24-ний өдөр урьдчилгаа төлбөрт гэрээний нийт үнийн дүнгийн 20% болох 25,065,900 төгрөгийг Ш ХХК-д шилжүүлсэн байдаг. Урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөс хойш гүйцэтгэгч тал болох Ш ХХК-ийн ажилчид цалин мөнгөгүй гэдэг шалтгаанаар барилгын талбайд ажиллахаа больж ажлаа хаяж явсан, захирал Б.Э нь барилгын талбай дээр огт ирдэггүй, ийнхүү ажил удааширч, улмаар бүрэн зогссон.

Гэрээгээр тохиролцсоны дагуу гүйцэтгэгч нь гэрээт ажлыг 2019 оны 06-р сарын 28-ны өдөр бүрэн дуусгах үүрэгтэй байсан ч нийт 6,067,684 төгрөгийн ажил гүйцэтгээд дахин ямар ч ажил хийгээгүй, манайд хүлээлгэж өгөөгүй. Манай компаний зүгээс Ш ХХК-ийн захирал Б.Эыг ирж уулзах, хийх ёстой ажлаа дуусгах, урьдчилгаанд авсан төлбөрөө төлөх зэрэг шаардлагуудыг удаа дараа утсаар болон албан бичгээр шаардсан хэдий ч өнөөдрийг хүртэл, ирж уулзаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй манай компанийг хохироогоод байна.

Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 25,065,900 төгрөгөөс гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлын хөлс болох 6,067,684 төгрөгийг хасаад 18,998,216 төгрөг, үүн дээр гэрээний 7.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн алдангид 7,504,289 төгрөг, гэрээний 7.10-т заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 20%-тай тэнцэх торгууль 25,065,900 төгрөгийг нэмээд нийт 51,568,405 төгрөгийг нэхэмжилж байсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасган 28,497,324 төгрөг болгож байгаа тул Ш ХХК-иас 28,497,324 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани 2019.05.20-ны өдрийн ЗТЗХА19/0...тоот Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа 20 хувь болох 25,065,900 төгрөгийг шилжүүлэн авсан. Үүнээс нийт 13 сая орчим төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэлийг тухайн үед манай компанид инженерээр ажиллаж байсан О.Б Жигүүр гранд групп ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг.

Иймээс зөрүү 12,065,900 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Харин гэрээнд заасан торгууль, алдангийг төлөх нөөц бололцоо байхгүй, хүнд цаг үед байгааг харгалзан үзэж чөлөөлж өгөхийг хүсч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 51,568,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 28,497,324 төгрөг болгон багасгажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...Гэрээний дагуу гүйцэтгэгч тал нь захиалсан ажлыг бүрэн гүйцэтгээгүй, 6,067,684 төгрөгийн ажил гүйцэтгээд дахин ямар ч ажил хийгээгүй. Бид урьдчилгаа төлбөрт гэрээний нийт үнийн дүнгийн 20% болох 25,065,900 төгрөгийг шилжүүлсэн тул хийсэн ажлын үнийг хасаад үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэсэн тайлбарыг, хариуцагч талаас ...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа 25,065,900 төгрөгийг авсан. Үүнээс 13 сая орчим төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, зөрүүг нь төлөхөө илэрхийлж байна, алданги, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2019 оны 05 сарын 20-ны өдөр ЗТЗХА19/0...дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч тал нь Баянзүрх дүүргийн ..-р хороо, .. хотхоны ..-р байрны 8-10 давхрын заслын ажил, үйлчилгээний барилгын 1 болон 2 дугаар давхрын өрлөг, шаврын ажил, 753-р байрны 13 давхрын заслын ажлыг 2019 оны 05 сарын 21-ний өдрөөс 2019 оны 06 сарын 28-ны өдөр дуусталх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэнэ, ажлыг сар сараар сунгаж болно, ажлын нийт хөлс 125,329,450 төгрөг байна, нэхэмжлэгч буюу захиалагч Ж ХХКнь ажлын хөлсийг тохиролцсон үнэлгээний дагуу төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцсон, тухайн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.2 Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зохигчийн тайлбар, тэдний хооронд байгуулагдсан гэрээ, ажил гүйцэтгэсэн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн харилцаа үүссэн байх бөгөөд захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч хөлсөө шаардах, ажил гүйцэтгэгч үүргээ бүрэн биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүрэгт төлөгдсөн хөлсийг захиалагч буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч талаас ...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа 20 хувь болох 25,065,900 төгрөгийг шилжүүлэн авсан. Үүнээс нийт 13 сая орчим төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх татгалзлыг гаргадаг ба зохигч хэн аль нь урьдчилгаа 20 хувь болох 25,065,900 төгрөгийг өгөлцөж авалцсан үйл баримтын талаар маргадаггүй, харин гүйцэтгэсэн ажлын үр дүн зөрүүтэй талаар маргадаг.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2019 оны 05 сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 25,065,900 төгрөг авсан, 2019 оны 06 сарын 10-ны өдөр 1,218,610 төгрөг, 2019 оны 07 сарын 01-ний өдөр 4,849,074 төгрөгийн, нийт 6,067,684 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн үйл баримт нь ажил гүйцэтгэх гэрээ /хх 16-20/, гэрээт ажилчдын 2019 оны 5, 6 сарын цалингийн нэгтгэл /хх 45-46/, 2019 оны 05 сарын 24-ний өдрийн ЗТЗХА19/0...дугаартай гэрээний Тооцооны хуудас /хх 25/, гэрч Л.Тийн Ж ХХК-д гаргасан өргөдөл /хх 95/, түүний шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд дээрх үйл баримтыг үгүйсгэсэн, 13 сая орчим төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх тайлбараа хариуцагч тал нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй болно.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д гүйцэтгэгч Ш ХХКнь захиалагчийн өмчлөлийн барилга обьектод энэхүү гэрээний 1.2-т заасан захиалгат ажлыг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандарт, Барилгын дүрэм норм нормативийг баримтлан гэрээнд заасан хугацаанд чанартай гүйцэтгэх, захиалагч Ж ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч гэрээнд заасан ажлын хөлсийг төлөх хэлцлийн нөхцөл, талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага, эдгээртэй холбоотойгоор үүсэх эрх зүйн бусад харилцааг зохицуулахад оршино, 1.2-т Баянзүрх дүүрэг, ..-р хороо, .. хотхоны .. дугаар байрны 8-10 давхрын заслын ажил, үйлчилгээний барилгын 1 болон 2 дугаар давхрын өрлөг, шаврын ажил 753-р барилгын 13 давхрын заслын ажил гүйцэтгэх, 2.1-т гэрээт ажлыг 2019.5.21-ээс 2019.6.28-ны өдөр дуусталх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэнэ, 3.1-д ажлын нийт хөлс, үнэлгээ 125,329,451 төгрөг байна, 3.2.1-т гэрээ батлагдсаны дараа нийт үнийн дүнгийн 20 хувь болох 25,065,900 төгрөгийг олгоно, 7.2-т гүйцэтгэгч захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй тохиолдолд ийнхүү хэтэрсэн хоног тутамд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж тус тус заасан байх бөгөөд захиалагч тал нь урьдчилгаа 25,065,900 төгрөгийг шилжүүлсэн, гүйцэтгэгч тал нь 6,067,684 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, бусад ажлыг буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр захиалагч талын санаачилгаар гэрээг цуцалсан нь хууль болон гэрээний зүйл заалтад нийцнэ.

 

Нэгэнт гэрээ цуцлагдсан тул гүйцэтгэгч буюу хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үнийн дүн, урьдчилгаа төлбөрийн үнийн дүнгийн зөрүү 18,998,216 төгрөгийг буцаан өгөх болон гэрээний 7.2-т заасны дагуу алданги хуульд заасан үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх шаардлагын хүрээнд тодорхойлсон 9,499,108 төгрөгийг төлөх, хариуцах нь хуулийн үндэслэлтэй ба хариуцагч тал нь хохирлыг буюу зөрүү мөнгийг буцаан өгөх, торгуулийн дүнгээс гүйцэтгэлийг хасуулах агуулга бүхий 2019 оны 08 сарын 16-ны өдрийн А/33 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч талд хүргүүлж байсан, хохирол учруулсан талаар хүлээн зөвшөөрч байсан үйл баримт нотлогдож байна.

 

Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцалснаас учирсан хохирлыг хариуцахаа илэрхийлж байсан, улмаар 18,998,216 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн болно.

 

 Иймд нэхэмжлэгчийн 28,497,324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ш ХХК-иас 28,497,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Ш ХХК-д холбогдох Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу тэдний эзгүйд цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-иас 28,497,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 300,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ