Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

 

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо  даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч/хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч Т.М,

шүүгдэгч/хохирогч Т.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц.М, М овогт Т.Ж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210502502240* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Ц.М /РД:**** /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй, С овогт Т.Ж /РД:**** /.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хороолол өгсөх замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Ж тэй үл ялих зүйлээс болж маргалдан түүний хамрыг хазаж хамрын хянганд нь шарх, нүд рүү нь гараа хийж баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

           Шүүгдэгч Т.Ж  нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хороолол өгсөх замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.М үл ялих зүйлээс болж маргалдан түүний хурууг хазах, цээжинд цохих зэргээр биед нь баруун гарын эрхий, долоовор, ядам хуруу, зүүн гарын долоовор хуруу, цээжинд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Ц.М мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Т.Ж  мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хороолол өгсөх замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Т.Ж ийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамрын хянганд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Ж  нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хороолол өгсөх замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.М биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь баруун гарын эрхий, долоовор, ядам хуруу, зүүн гарын долоовор хуруу, цээжинд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:  

Хохирогч Т.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны орой Ц.М эхнэр О гийн хамт манай гэрт ирсэн бөгөөд тухайн өдөр О гийн төрсөн өдөр болж байсан. Тэгээд манай эхнэр Д.Д, Ц.М, О  нар хамт манай гэрээс 21 цагийн үед гарч Хорооллын “Дүүхээ” төвд байрладаг “Шонхор” нэртэй караокед орж 2 цаг дуулаад 10 шил пиво уугаад гарцгаасан. Би найз Д.О дуудсан байсан бөгөөд түүний машинд бид 4 суугаад манай гэр рүү Энхбаярын зам дагуу явж байхад Ц.М эхнэртээ хандан 20.000 төгрөг өгчих, 2 цаг караокед дахиж дуулъя гэхэд О  үгүй гэсэн. Тэгэхээр нь би О д хандан чиний төрсөн өдөр юм чинь дахиад дуулъя, найздаа 20.000 төгрөг зээлчих маргааш өгье гэхэд зөвшөөрсөн. Энэ үед Ц.М чи яахаараа надад өгөхгүй байж Ж д өгдөг юм гэх зэргээр эхнэр рүүгээ дайрч боох гээд байхаар нь би Ц.М толгойг гараараа уургалж барьсан чинь О  нөхөр боогоод байна шүү дээ гэхээр нь гараа тавихад Ц.М чи ямар зэвүүн байна аа, зодож дийлдэггүй юм бол нүдийг чинь ухна гээд 2 нүд рүү маань 2 гарынхаа дунд хурууг нүдний ухархай руу хийгээд байхаар нь болиулах гэж ноцолдож байхад эхнэр нь миний гарыг барихаар нь би аль гар гэдгийг нь санахгүй байна, дунд хурууг нь хазсан. Гэтэл Ц.М би ч гэсэн хазаж чадна гээд миний хамрыг хазсан. Энэ үед Д.О машинаа зогсоож буу гэхээр нь буугаад хоёулаа эр хүн шиг зодолдъё гэхэд газраас чулуу аваад миний толгой руу цохих гээд байхаар нь газраас чулуу аваад наад чулуугаараа яах гэж байгаа юм, цохих гэж байгаа бол цохь гээд толгойгоо өгөхөд цохихгүй байхаар нь цээж хэсэг рүү нь жижиг чулуугаар 1 удаа цохисон чинь газар уначихсан. Тэгэхээр нь дээр нь гарч суугаад цохих гэтэл эхнэр нь боль гэхээр нь барьж байсан чулуугаа газар хаясан. Гэтэл Ц.М тэр чулууг аваад миний зүүн хавирга руу 1 удаа цохисон. Тэгээд О  бид хоёрыг салгасан бөгөөд Ц.М надад хандаж чамайг зодолдоод бардаггүй юм бол хутга авч ирж хутгална гээд гэр рүүгээ явсан. Би ч эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Энэ үед Д.О цагдаад дуудлага өгсөн байсан тул цагдаагийн хэлтэст ирсэн. ...Ц.М миний хамрыг хазаж, нүд рүү гараараа 1 удаа цохисон, миний 2 нүдийг сохолно гэж гараа хийхдээ нүдийг маань олох гээд нүүрийг маань олон удаа маажсан. ...Бид 2 хүний 2 шил пиво уусан тул согтолт гайгүй байсан. Маргалдсан шалтгаан бол дахин караоке орж дуулах гэж эхнэрээс нь 20.000 төгрөг зээлье гэхэд эхнэртэйгээ хардаад эхнэр О гаа боох гээд байхаар нь болиулах гэж хүзүүгээр нь боож болиулах гэтэл миний 2 нүдийг сохлох гэж дайраад маргаан эхэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Ж.О, найз Т.Ж , Д.Д, О нарын хамт “Шонхор” төвийн караокед орсон. Орж дуулан, пиво ууцгааж гарч ирээд буцаж явахдаа буюу Энхболдын замаар хойш явж байхдаа мөнгөнөөс болж маргалдсан. Тэгээд Т.Ж  намайг боохоор нь би зөрүүлж боох гэхэд миний гарнаас хазсан. Би зөрүүлээд Т.Ж ийн хамрыг хазсан. Тэгсэн миний нүүрийг түлхэж, хуруугаа нүд, хамар руу хийгээд байхаар нь нүд рүү нь хуруугаа хийсэн. Гэтэл Д.О машинаа зогсооход бид машинаас буун зодолдох гэхэд Т.Ж  чулуу авч над руу дайрч, бид 2 зууралдан ноцолдож байгаад газар унахад Т.Ж  миний цээж рүү чулуугаар цохисон. Зууралдаж байгаад чулууг нь тавиулж тухайн чулууг би авч цээж, хэвлий орчим нь цохисон. ...Би эхнэрээсээ 20.000 төгрөг өгчих гэхэд өгөхгүй гэсэн. Гэтэл Т.Ж  эхнэрээс 20.000 төгрөг өгчих караокед дуулъя гэхэд эхнэр өгсөн тул би уурлан хэрүүл хийхэд Т.Ж  дундуур орж би түүнтэй хэрэлдэж, сүүлдээ бие биенээ боож, хазаж, цохилцсон...” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Д.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гурван жилийн өмнө Т.Ж тэй караоке ажиллуулдаг байхдаа танилцсанаас хойш одоог хүртэл найзуудын харилцаатай байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед Т.Ж , Ц.М нар над руу залгаж О гийн төрсөн өдөр шүү гэхээр нь за найз нь орой очно гээд тухайн орой Т.Ж ийн гэрт очсон. Ингээд бид нар Хорооллын Дүүхээ төвд байрлах “Шонхор” нэртэй караокед орж 2 цаг орчим дуулсан ба надаас бусад нь буюу Т.Ж , түүний эхнэр, Ц.М, түүний эхнэр О  нар пиво ууцгаасан байсан. Би жолоо барьж байсан тул согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 22 цагийн үед тус караокенаас гараад найзуудыгаа хүргэж өгье гэж бодоод Энхбаярын зам дагуу өгсөж байхад Ц.М дахиад 2 цаг караоке орж дуулъя, мөнгө өгчих гэхэд Т.Ж  О д хандан 20.000 төгрөг зээлчих, чиний төрсөн өдөр юм чинь дуулъя, найз нь маргааш өгнө гэхэд Ц.М чи яахаараа Ж өгдөг юм гээд хоорондоо маргалдаад байсан. Энэ үед Т.Ж  боль гээд Ц.М хүзүүг гараараа ороосон чинь Ц.М би чамайг одоо ална, нүдийг чинь сохолно гээд 2 гараа нүд рүү хийгээд байсан. Ж  болиулах гээд ноцолдож байхад Ц.М хамрыг нь хазчихсан. Тэгэхээр нь би машинаа зогсоож, одоо боль гэхэд машинаас бууцгаасан. Буугаад зодолдсон эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан маргалдаад байсан, харин би О  гэх хүүхэнтэй нь маргалдаж байгаад нэг мэдсэн Ц.М хутга авч ирнэ гээд гүйгээд явж байсан. Машин барьж байсан тул болсон зүйлийг нарийн сайн хараагүй ч Т.Ж ийн хамрыг хазаж байхыг харсан. Дараа нь Ж зүүн хавиргаа бариад чулуугаар цохиулчихлаа гэж байсан, хамрыг нь бүр ярчихсан, цус гарсан байдалтай байсан. Харин хэн хавиргыг нь цохисныг хараагүй. ...Т.Ж тэй 3 жилийн өмнө танилцсан, Ц.М танихгүй бөгөөд тухайн өдөр танилцсан. Т.Ж ийн эхнэртэй мэндийн зөрүүтэй явдаг. Тухайн үед Т.Ж  зодуулсан хэр нь найз нь зүгээрээ гээд явж байсан. Зан аашийн хувьд даруу төлөв зантай, архи уудаггүй, хааяа пиво уудаг бөгөөд уухаараа элдэв зан гаргадаггүй хүн...” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөр Ц.М хамт тус дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 5 тоотод хамт амьдардаг бөгөөд ханилаад 8 жил болж байна. Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан тул нөхрийн хамт 17 цагийн үед Т.Ж ийн гэрт цугларч хоол идэн караоке оръё гэж тохирсон. Т.Ж , түүний эхнэр Д.Д, би болон миний нөхөр Ц.М болон Т.Ж ийн найз О хамт Хорооллын эцэст байрлах “Дүүхээ” төвийн “Шонхор” нэртэй караоке руу 19 цагийн үед орж хүн тус бүр 3 шил пиво ууж, дуулж байгаад 21 цагийн үед тарцгаасан. О бид нарыг гэрт хүргэж өгье гээд Энхбаярын зам дагуу явж байхад Т.Ж  Ц.М хандан дахин 2 цаг караокед дуулъя, түр 20.000 төгрөг зээлчих гэхэд Ц.М манай эхнэрээс асуу гэхээр нь би Т.Ж ийг зээлнэ гэвэл өгнө гэж хэлтэл манай нөхөр Ц.М чи яахаараа Т.Ж ийг асуухаар өгдөг юм, би маргааш мөнгө олчихно шүү дээ, самарт явна гэхээр нь хар хүйтэнд чи юу гэж самарт явдаг юм гээд бид 2 бага зэрэг маргалдсан. Т.Ж , Ц.М бид 3 машины арын суудал дээр сууцгааж байсан. Гэтэл Ж Ц.М хүзүүнээс боогоод байхаар нь би Ж гарнаас бариад боль гэхэд боож ална гээд байхаар нь манай нөхөр, одоо тавьчих, эвээр шийдье гэтэл Ц.М-н баруун, зүүн 2 гарнаас хазсан. Энэ үед Ц.М Ж хамарнаас хазсан. Тэгээд Ж  Ц.М-г чамайг сохолно гээд нүд рүү нь гараа хийгээд байсан. О гэх хүүхэн манай гэрийн ойролцоо буулгахаар нь Ц.М бид 2 гэр рүүгээ явах гээд эргээд явж байхад Ж  араас ирж Ц.М газарт унагаж чулуугаар хэвлий хэсэг рүү нь хэдэн удаа гэдгийг мэдэхгүй цохиод байхаар нь одоо боль гэж хэлээд салгасан. ...О пиво уугаагүй, Дагийхүү бараг уугаагүй, Ц.М, Т.Ж  бид 3 нэг хүний 3, 3 шил пиво уусан байсан тул согтолт хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед байх гэж санаж байна. Нөхрийн маань найз Ц.М, түүний эхнэр Ж.О бас Д.О  нар манайд ирсэн. Тухайн үед Ж.О төрсөн өдөр болж байсан тул манайд цуглаж хоол идэн сууцгааж байгаад караоке орох зорилгоор орой 19 цагийн үед Хорооллын эцэст байх “Дүүхээ” төвд байрлах “Шонхор” нэртэй караокед орцгоосон. Хүн тус бүр 3 шил пиво ууцгаан дуулж сууж байгаад 21 цагийн үед гарсан. Тэр үед О өөрийн жижиг суудлын машинтай явж байсан бөгөөд би жолоочийн хажуу талын суудалд суусан байсан. О уугаагүй тул машинаа бариад, арын суудал дээр Т.Ж , Ц.М, Ж.О нар суусан явж байсан.

Тэгсэн гэнэт юунаас болсон юм бүү мэд Ц.М, Т.Ж  тэр 2 хоорондоо маргалдаад хойд суудал дээр түр тар болоод байсан. Би тухайн үед урд сандал дээл сууж байсан болохоор тэр болгон эргэж хараад юу болоод байгааг анзаарч чадаагүй. Ингээд удалгүй О машинаа зогсоосон ба удалгүй Ц.М, Т.Ж  тэр 2 буугаад муудалцаад байсан. Тэгээд Ц.М нь газраас чулуу барьчихаад манай нөхрийг ална гээд байсан чинь манай нөхөр бас газраас чулуу аваад үзэлцье гээд байсан. Мөн хоорондоо барьцалдаад байсан ба цохилцож зодолдсон үгүй санахгүй байна. Ингээд удалгүй салцгаасан. ...Би унаж татдаг өвчтэй учраас их мартамхай хүн байгаа юм. Тийм учраас одоо тэр талаар ярина гэхээр нарийн бол хэлж чадахгүй байна. Ерөнхийдөө өөрийнхөө санаж байгааг хэлж байгаа минь л энэ бүх зүйлүүд. Машин дотор байхад би урд нь сууж явсан болохоор хойд суудал дээр тэр 2 яаж яаж нэг нэгэн рүүгээ дайрсан гэмтээсэн талаар мэдээгүй. Ямар ч байсан л маргалдаад түжигнэлдээд байсан. Тэгээд Д.О  машинаа зогсоосон ба удалгүй тэр 2 машинаас бууж гадаа маргалдсан. Нэг харахад нэг нэгэн рүүгээ чулуу барьчихсан цохих гээд барьцалдаад байцгааж байсан. Би ийм зүйлүүдийг л санаж байна. ...Би гэртээ харьчихаад нөхрөөсөө яах гэж зодолдож байгаа юм бэ? гэж хэлтэл Ц.М өөрөө л хүн өдөж байгаад ийм асуудалд хүргэсэн, тэгээд миний хамарнаас тас хазсан гэж хэлж байсан. Тухайн үед манай нөхрийн хамар нь сэтрээд цус гоожоод ангайчихсан байсан. ...Манай нөхөр 19** оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт аав Т, ээж О нарынхаа 3 дахь хүүхэд нь болж мэндэлсэн ба эхээс 5-уулаа байгаа юм. Түүний бага нас нь Дархан-Уул аймагт гэр бүлийн хамтаар өнгөрсөн ба тус аймгийнхаа ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж байсан. Дараагаар нь Улаанбаатар хотод орж ирээд хаана гэдгийг нь мэдэхгүй байна нэг сургуульд сураад тусгай дунд боловсролтой болж сантехникч мэргэжилтэй болсон. Би нөхөртэйгөө 2017 онд танилцаж гэр бүл болж байсан ба дундаасаа хүүхэдгүй, харин миний дагавар нэг хүүхэд байдаг. Нөхөр маань зан аашны хувьд ажилсаг, хөдөлмөрч, даруухан, гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, сайн хань байгаа юм. Муу зуршлын хувьд тамхи их татдаг. Одоо нөхөр маань хувиараа гар урлал, сийлбэр хийж түүнийгээ зардаг. Мөн барилгын улирал эхлэхээр барилга дээр ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Үүнээс өөрөөр бол яг тогтсон ажил хөдөлмөр байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 43-44 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №264 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн:

“1. Ц.М биед баруун гарын эрхий, долоовор хуруу, ядам хуруу, зүүн гарын долоовор хуруу, цээжинд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хэргийн 45-46 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №11650 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн:

“1. Т.Ж ийн биед хамрын хянганд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 54-55 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Т.Ж ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 85 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 86 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 88 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 89 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хэргийн 105 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 107-143 дугаар хуудас, 146-150 дугаар хуудас/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/22083 дугаар албан бичиг /хэргийн 154 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц.М иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 144 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хэргийн 79 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хэргийн 97 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 99-104 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хороолол өгсөх замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Т.Ж ийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамрын хянганд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Т.Ж  нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хороолол өгсөх замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.М биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь баруун гарын эрхий, долоовор, ядам хуруу, зүүн гарын долоовор хуруу, цээжинд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.М, Т.Ж  нар нь өөрсдийн үйлдлийн улмаас хэн алинд нь хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Т.Ж  нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Т.Ж , Ц.М, өмгөөлөгч Т.М нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч Т.Ж , Ц.М нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирлын талаар:

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М, Т.Ж  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.М, Т.Ж  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,  

Шүүгдэгч Ц.М өмгөөлөгч Т.М “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

   Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

    Шүүхээс шүүгдэгч Ц.М, Т.Ж  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.М, Т.Ж  нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

    Шүүгдэгч Т.Ж ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 9.580.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 10.180.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.   

   Шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд, шүүгдэгч Т.Ж өд оногдуулсан торгох ялыг /нэмж нэгтгэсэн/ 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Т.Ж  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Ц.М,  С овогт Т.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Т.Ж  нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ж өд оногдуулсан ял дээр урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 9.580.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 10.180.000 төгрөгөөр тогтоосугай.    

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Т.Ж өд оногдуулсан торгох ялыг /нэмж нэгтгэсэн/ 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Т.Ж  нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.М, Т.Ж  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Т.Ж  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО