Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1459

 

“УБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00951 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “УБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ц, Э.Т, Н.Б нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 81 918 995 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Хариуцагч Э.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т

Хариуцагч Б.Цгийн өмгөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч “УБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хар дизайн” ХХК нь УБнаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 131 айлын орон сууцны барилгын ажилд зориулж, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 3 200 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 970 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Уг зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ЗБГ9102/130718 тоот, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗБГ9101/141202 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, хариуцагч Б.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206020722 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 1 дүгээр давхрын А хэсэг 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, улсын бүртгэлийн Ү-2204015528 дугаартай, Баянзүх дүүргийн 14 дүгээр хороо, орос эмнэлгийн баруун тал, 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилга, Н.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205027707 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, 780 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн хэсэг, Э.Тийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206024193 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. “Хар дизайн” ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01475 дугаартай шийдвэрээр “Хар дизайн” ХХК-иас 4 540 984 781 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаанд барьцаалсан “Хар дизайн” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүдээр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас иргэн Б.Ц, Э.Т, Н.Б нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Ц, Э.Т, Н.Б нараас “Хар дизайн” ХХК-ийн захирал Ц.Тэмүүлэнд олгосон эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлээр “Хар дизайн” ХХК-д холбогдох хэрэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж шүүх үзсэн. “Хар дизайн” ХХК өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул тус компанийн төлөх 4 540 984 781 төгрөгөөс 2 270 492 390,5 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаар, 170 метр квадрат талбайтай 5 өрөө орон сууц, Э.Тийн өмчлөлийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206024193 дугаартай, 170 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Б.Цгийн өмчлөлийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 1 давхарын А хэсэг, Улсын бүртгэлийн Ү-2206020722 дугаар, 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Н.Бын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, Улсын бүртгэлийн Ү-2205027707 дугаартай 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсэг, Б.Цгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, орос эмнэлэгийн баруун тал, Улсын бүртгэлийн Ү-2204015528 дугаартай 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь энэ хэргийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ иргэн Б.Ц, Н.Б, Э.Т нарын хөрөнгийг УБинд төлөх ёстой 4 540 984 781 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулахаас чөлөөлсөн. Тухайн шүүхийн шийдвэрээр үндсэн барьцаа хөрөнгүүд нь УБинд төлөх ёстой төлбөрт хангалттай хүрэхээр байна гэж үзсэн боловч дахин шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс зээлийн эргэн төлөлтөө хийх нөхцлийг нэхэмжлэгч талд удаа дараа санал болгосон боловч УБнаас уг саналыг хүлээж аваагүй гэжээ.

 

            Хариуцагч Э.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Төржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБ” ХХК-ийн барьцаанд байгаа эд хөрөнгөөр зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд байгаа. Гэтэл хариуцагч нарын одоо амьдарч байгаа орон сууцуудыг УБнаас зээлийг барьцаанд авна гэж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

           

            Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын тайлбарыг дэмжиж байна. Өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон магадлал байсаар байхад дахин яг ижилхэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү маргаан нь “Хар дизайн” ХХК болон “УБ” ХХК нартай холбоотой зээлийн гэрээтэй холбоотой маргаан байдаг. Үүнд яагаад иргэн Н.Баас н.Тэмүүлэнд олгосон итгэмжлэлд холбогдуулан Н.Бд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Базарсад овогтой Цолмонгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаар, 170 метр квадрат талбайтай 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 1 давхарын А хэсэг, Улсын бүртгэлийн Ү-2206020722 дугаар, 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Улсын бүртгэлийн Ү-2204015528 дугаартай 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориуцлалттай 4 давхар барилга, Энэрэлт овогтой Тунгалагийн өмчлөлийн Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206024193 дугаартай, 170 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Норовсамбуу овогтой Бямбажавын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, Улсын бүртгэлийн Ү-2205027707 дугаартай 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхарын зоорийн давхарын хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай УБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 440 211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

           

            Нэхэмжлэгч “УБ” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

            Шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Итгэмжлэл нь иргэний эрх зүйн нэг талын хэлцэл бөгөөд уг хэлцлээр зөвхөн итгэмжлэл олгож байгаа этгээдийн хүсэл зориг илэрхийлэгддэг. Итгэмжлэлээр төлөөлөх эрх олж авч байгаа этгээдийн зөвшөөрөл, гарын үсэг тухайн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлагад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн зохицуулалтын бүтэц нь дээрх агуулгын хүрээнд "иргэнээс олгож байгаа итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлнэ. Харин хуулийн этгээдээс олгох итгэмжлэлд эрх баригч гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарсан байна" гэсэн агуулгатай буюу зөвхөн итгэмжлэл олгож байгаа этгээд өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх, тийнхүү илэрхийлэхэд тавигдах хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон байна. Итгэмжлэл нь төлөөлөгчид үүрэг үүсгэхгүй, зөвхөн төлөөлөх эрх олгодог бөгөөд уг эрхийг хэрэгжүүлэх эсэхээ өөрийн сонголтоор хэрэгжүүлдэг тул итгэмжлэл нь төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, төлөөлөгчийн оролцоо, зөвшөөрөл шаардахгүйгээр төлөөлүүлэгч итгэмжлэл олгох эсэх хүсэл зоригоо өөрөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Хүсэл зоригийн илэрхийллийн хувьд хариуцагч нар нь өөрсдийн өмчлөлийн хөрөнгийг Хар дизайн ХХК-ийн зээлд барьцаалуулах хүсэл зоригтой байснаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар өмнө нь ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч маргаагүй байхад шүүх дээрх байдлаар Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-ийг буруу тайлбарласан.

Шийдвэрт "итгэмжлэл, гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүйгээс" зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй, харин талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан боловч "барьцаалуулагчид хариуцагчаар дуудагдаагүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй" гэсэн байдлаар шууд бусаар дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг шийдвэр нъ барьцаалуулагчдад холбогдуулан нэхэмжлэл гаргахад саад болохгүй тухай дүгнэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлт" гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч Б.Ц өөрөө барьцааны гэрээнд иргэний хувиар гарын үсэг зурсан тул итгэмжлэл олгосон эсэхээс үл хамааран Б.Цгийн хөрөнгийн хувьд барьцааны гэрээ хүчинтэй болохыг шүүх анзаараагүй буюу энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд шүүх хуралдаанд өмгөөлөл, төлөөллийн баримтгүй этгээдийг оролцуулж өмгөөлөгчийн хувиар тайлбар авч, түүний гаргасан баримтыг хүлээж авсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл 2 удаа нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй 1 сар гаруй хугацаа өнгөрөөсөн, тэмдэгтийн хураамжийн хэмжээг ойлгомжгүй байдлаар тооцож төлөхийг шаардсан, энэ талаар шүүх хуралдааны явцад иэхэмжлэгчийн гаргасан тайлбар хүсэлтийн талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөөгүй, тухайн маргааны зориуд хариуцагч нарт ашигтай шийдвэрлэх, нэхэмжлэгчид саад учруулах сонирхол байсан байж болзошгүй гэх эргэлзээ нэхэмжлэгчид байгааг дурдаж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “УБ” ХХК, хариуцагч Б.Ц, Э.Т, Н.Б нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

УБ ХХК нь “Хар дизайн” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3 200 000 000 төгрөгийг сарын 1.1 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор

Хар дизайн ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020736 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 байрны 32 тоот, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206020735 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 байрны 27 тоот, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206020732 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206020731 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Хар дизайн ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 000303842 дугаартай, 800 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар, Б.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот, 170 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206020722 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 1 дүгээр давхарын А хэсэг 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, улсын бүртгэлийн Ү-2204015528 дугаартай, Баянзүх дүүргийн 14 дүгээр хороо, орос эмнэлгийн баруун талд 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилга, Э.Тийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206024193 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, 170 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон Н.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205027707 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, 780 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсэг зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ баримтаар нотлогдож байна.

Зээлдэгч “Хар дизайн” ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас “УБ” ХХК шүүхэд хандан, тус компаниас зээлийн төлбөрт 4 540 984 781 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оы 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01475 дугаар шийдвэрээр “Хар дизайн” ХХК-иас 4 540 984 781 төгрөг гаргуулан барьцааны зүйлээс тус компанийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Б.Ц, Н.Б, Э.Т нар тус компанид эд хөрөнгөө барьцаалах итгэмжлэлийг олгоогүй гэх үндэслэлээр тэдгээрийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2017/01995 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээснээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.  /хх-49-57 дахь тал/

Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй, харин хариуцагч нар “... шүүхийн шийдвэрээр өмнө нь шийдвэрлэсэн үйл баримтыг дахин шаардахгүй ...” гэж марган, мэтгэлцсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2017/01995 дугаар магадлалд “ ... зээлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой Б.Ц, Н.Б, Э.Т нар болон зохих этгээдэд нь холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй ...” гэсэн дүгнэлт /хх-57 дахь тал/ хийсэн байх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч “УБ” ХХК нь Б.Ц, Э.Т, Н.Б нарыг хариуцагчаар тодорхойлон шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ. Учир нь хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын эд хөрөнгө байж болохоор заасан.

Хариуцагч нар “Хар дизайн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Тэмүүлэнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө Улаанбаатар банкны зээлийн барьцаанд бариулж, зээл авах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр тус тус олгосон үйл баримт тогтоогдсон. Иргэн Ц.Тэмүүлэн уг 3  итгэмжлэлийг үндэслэн өөрийн компанийн нэрээр зээл авахдаа хариуцагч нарын тодруулбал, хариуцагч Э.Цолмонгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот 5 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2206020722 дугаартай, мөн 83 дугаар байрны 1 дүгээр давхарын А хэсэг 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Улсын бүртгэлийн Ү-2204015528 дугаартай, Баянзүх дүүргийн 14 дүгээр хороо, Орос эмнэлгийн баруун тал, 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилга, Н.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205027707 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхарын зоорийн давхарын хэсэг, Э.Тийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206024193 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, 4 өрөө орон сууцыг эд хөрөнгийг тус тус барьцаалж барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын зарчим, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9.1, 9.2, 9.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч талд барьцааны эрх үүссэн учир Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул тэдгээрийн татгалзал үндэслэлгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчин, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “УБ” ХХК, “Хар дизайн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны ЗБГ9102/130718 тоот зээлийн барьцааны гэрээний хариуцагч Б.Ц, Э.Т, Н.Б нарт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00951 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот 5 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2206020722 дугаартай, мөн 83 дугаар байрны 1 дүгээр давхарын А хэсэг 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Улсын бүртгэлийн Ү-2204015528 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Орос эмнэлгийн баруун талд 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилга, Н.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205027707 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсэг, Э.Тийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206024193 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, 4 өрөө орон сууцыг эд хөрөнгүүдийг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 510 411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т, Б.Ц, Н.Б нараас 11 510 411 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УБ” ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 510 411,96 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

      ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД