| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2020/0205/Э |
| Дугаар | 560 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 560
Б.Э-од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Я.Мөнхзаяа,
хохирогч Б.Мөнхдэлгэр, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,
шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э-од холбогдох эрүүгийн 1909038971503 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Э-, 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,
Б.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мика” зочид буудлын 303 тоот өрөөнд иргэн Б.Мөнхдэлгэртэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газар нь архитай шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Б.Мөнхдэлгэр элдэв цээртэй үгээр харааж зүхэж улмаар миний өмсөж явсан дотуур хувцасны нэг талыг татаад урчихлаар нь “Яаж байгаа юм” гэхэд “Яадаг юм, п**** минь” гээд нөгөө талыг нь урахад би барьсан шилэн аягаараа цохисон. Би Б.Мөнхдэлгэрт хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Мөн нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардлыг төлж барагдуулсан ба цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Би урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, эхнэр, бага насны хүүхдүүд болон хорт хавдартай өндөр настай эхийнхээ асран тэжээн тэтгэдэг ганц хүн нь билээ. Түүнчлэн миний үүсгэн байгуулсан “Аж Уулын Зам” ХХК-ийн зам гүүрний ажил зогсонги байдалд орж, ажилчдын цалин хөлс, ар гэрийн амьдралд хүндрэл учраад байна. Иймд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгох ял болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- нь анхнаасаа гэм буруугаа хүлээж, сонсгосон зүйл, ангийг зөвшөөрч ирсэн. Тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт үйлдэл хийхэд хохирогч Б.Мөнхдэлгэрийн зохих хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн. Б.Э- нь хохирогчид гэмтэл учруулсан өдрөөсөө эхлэн эмчилгээнд нь зориулан тусламж дэмжлэг үзүүлж, нийтдээ 13.495.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Гэтэл хохирогч 100.000.000 төгрөг өгвөл би өөрөө ширээ мөргөн унаж гэмтсэн, цохиж зодсон асуудал байхгүй гэж мэдүүлнэ гээд 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр өөрөө гэмтсэн мэтээр мэдүүлээд Б.Э- болон Б.Мөнгөншагайгаас дээрх мөнгийг шаардаж байсан. Гэвч Б.Э- болсон үйл баримтыг шударгаар мэдүүлсэн. Иймд Б.Э-ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон санхүүгийн чадвартай зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирол төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Нүдэнд дахин хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Иймээс цаашид гарах хохирол төлбөрийг барагдуулахад тус дөхөм болох үүднээс Б.Э-од оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Хохирогч Б.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн байр суурийг дэмжиж байна.” гэв.
Прокурор Я.Мөнхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Э-од оногдуулсан ял тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Б.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мика” зочид буудлын 303 тоот өрөөнд бусадтай хамт архидан согтуурч байхдаа, иргэн Б.Мөнхдэлгэртэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь архитай шилэн аягаар цохисноос эрүүл мэндэд нь “баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны доторх агуулагдахууны гадагшлалт, баруун хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхинд салбарсан шарх, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч Б.Мөнхдэлгэр нь “... “Мика” зочид буудалд бид нар архи уусан. Найз Мөнгөншагай орж гараад байхаар нь “Тогтвортой суугаач” гэж хэлээд бид жаахан маргалдсан. Тэр үед Э- “Аятайхан байгаарай” гэж хэлээд бид хоёрыг салгах явцдаа намайг ор луу түлхэхээр нь би дотуур хувцаснаас нь татаад урсан. Тэгсэн чинь Э- миний нүд рүү архины аягаар 1 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. ...” /хх 4, 201/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:
- гэрч Б.Мөнгөншагайгийн “...Мөнхдэлгэр, Э- хоёрын үзэл бодол таарахгүй байгаа бололтой муудалцаж байгаад Мөнхдэлгэр Э-ын өмссөн хувцсыг татаад урсан. Тэгсэн чинь Э- гартаа байсан шилэн аягаар Мөнхдэлгэрийн хөмсгөн тус газар 1 удаа цохисон. ...” /хх 12/ гэх,
- шүүгдэгч Б.Э-ын “...архи ууж байхад Мөнхдэлгэр Мөнгөншагайг “Шивэгчин минь яагаад наашаа, цаашаа яваад байгаа юм” гээд тэр хоёр муудалцаад дээр доороо оролцоод байхаар нь би салгасан. Салгаад Мөнхдэлгэрийг зүүн гар талдаа суулгасан чинь намайг хэл амаар доромжлоод өмсөж байсан дотуур хувцасны баруун талыг урчихаар нь би “Яагаад урж байгаа юм” гэхэд “Дотуур хувцсыг чинь урахаар яадаг юм, п**** минь” гээд нөгөө талыг нь урахаар нь гартаа барьж байсан архитай шилэн аягаар цохьчихсон. ...” /хх 80-81/ гэх мэдүүлгүүд,
- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1490 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 40-43/, 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Улсын Нэгдсэн Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх 47-55/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 58-63/ зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн хувийн байдал болон мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн эмчилгээ, сувилгааны зардалд 13.495.000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Гэвч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Шүүх дээрх заалтыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Э-ын урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн эмчилгээ, сувилгааны зардалд тодорхой хэмжээний төгрөгийг сайн дураар төлсөн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн “цээртэй үгээр харааж, өмсөж явсан дотуур хувцасны мөрийг нь урсан” зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн нөхцөл байдал болон тус шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан “...шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан түүний өмгөөлөгч С.Оюунцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Э-ын “...торгох ял оногдуулж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бат-Очирын Э-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бат-Очирын Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН