Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0313

 

 

 

 

                                                                                           

 

                                            

Д.Эийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0303 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Э

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.

Хэргийн индекс: 128/2025/0956/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар зарим арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжийн хавсралтын 90-д байгаа Д.Эт холбогдох хэсэг буюу С, дүүрэг хороо ... байрны урд талын 3 ширхэг тоосгон гараашид хамаарах хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 дугаар захирамжаар “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашийн байршлыг нэгдүгээр хавсралтаар ... тус тус баталсугай” гэж, 1 дүгээр хавсралтын 90-д заасан нэхэмжлэгч Д.Эийн өмчлөлийн 3 ширхэг тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

2.2. Уг захирамжийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр №8х-03 дугаартай мэдэгдэх хуудсаар ...зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарааш эзэмшиж, ашиглаж байх тул 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдэж байна. Заасан хугацаанд газар чөлөөлөөгүй бол Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу албадан чөлөөлөх болохыг мэдэгдье гэж мэдэгдэж, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хийж, газрыг чөлөөлсөн байна.

2.3. Нэхэмжлэгч Д.Эээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Ерөнхий сайдад хандан гомдол гаргасан ба 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/2823 тоот албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дугаар захирамж нь дээрх хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 114 байршилд газрын зөрчил арилгуулах талаар гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэр байна. Хэрэв энэхүү шийдвэр нь таны эд хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандахыг зөвлөж байна гэх хариуг өгчээ.

2.4. Дээрх хариуг нэхэмжлэгч хүлээн авч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0270 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эээс, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар зарим арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжийн хавсралтын 90-д байгаа Д.Эт холбогдох хэсэг буюу С, дүүрэг хороо ... байрны урд талын 3 ширхэг тоосгон гараашид хамаарах хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоон” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

4.1. “... Нэхэмжлэлийн өргөдлийг шүүх үнэн бодит баримтад үндэслэн буруугаар үнэлсэн. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ дээрх бодит байдлыг бүрэн харгалзан үзээгүй, захиргааны актын хуульчлагдсан хэрэглээг буруу тайлбарласан.

4.2. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломж нь тухайн этгээд тухайн газар, барилга байгууламжийг зөвшөөрөлгүй барьсан эсхүл дур мэдэн эзэмшсэн нөхцөлд хязгаарлагддаг. Анхан шатны шүүх шийдвэр дээр үндэслэн нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүй этгээд гэж тодорхойлсон хариуцагчийн үзэл нь баримтад нийцэхгүй, харин ч тухайн газрын анхны эзэмшигчийн эрхийг олгосон шийдвэр тухайн үед байсан болон хугацаа сунгасан баримтууд нь хавтаст байгаа.

4.3. Нийслэлийн Засаг даргын 2025.02.14-ний А/211 захирамж нь нийслэлийн нийтлэг эрх ашгийг хангах зорилготой бөгөөд газрын зөрчил арилгах, нийтийн эзэмшлийг чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах эрх бүхий арга хэмжээ. Захирамжийн хүрээнд тухайн байршлыг газрын зөрчил арилгах байршил болгон тогтоосон нь хуульд нийцэх бөгөөд газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн дагуу шаардлагатай мэдэгдэл, албадлагын ажиллагаа явуулсан байсныг нотлох баримтууд хавтаст байна.

4.7. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан заалтыг буруу хэрэглэж, хариуцагчийн хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан. Тухайлбал, шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн эрх, бүртгэлийн баримтыг үнэн зөвөөр харьцуулж, газрын үнэлгээ, эзэмших эрхийн нөхцөлийг бүрэн тогтоогоогүй.

4.8. Хэрвээ шүүх шийдвэрт заасан үндэслэлээр анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээвэл нийслэлийн нийтлэг эрх ашигт, газрын зохион байгуулалт, нийтийн аюулгүй байдал, авто болон явган хүний урсгалыг сайжруулах бодлого хэрэгжих боломж хязгаарлагдана.

4.9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Э “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар зарим арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжийн хавсралтын 90-д байгаа Д.Эт холбогдох хэсэг буюу С, дүүрэг хороо ... байрны урд талын 3 ширхэг  агуулах /тоосгон гарааш/-д хамаарах хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий актаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15, 24.1.19, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 24/26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн

1 дэх заалтаар Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашийн байршлыг нэгдүгээр хавсралтаар /90 дугаарт нэхэмжлэгчийн 3 ширхэг агуулахын барилга/, чөлөөлөх байгууламжийг 2 дугаар хавсралтаар тус тус баталж,

2.1 дэх заалтаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан хавсралтад заасан гарааш, байгууламжийг чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг даалгажээ. Уг шийдвэрийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 11-ний  өдөр нэхэмжлэгчийн агуулахын барилгыг албадан буулгасан байна.

3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хүчин төгөлдөр байсаар байхад түүнийг зөвшөөрөлгүй этгээд мэтээр үзэж, Газрын тухай хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэн, улмаар шүүхийн шийдвэргүйгээр өмчийг нь албадан буулгасан нь хуульд заасан үндэслэлгүйгээр эрхэд халдсан үйлдэл мөн болох нь тогтоогдож байна. Иймд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүйгээр гарсан болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Д.Эт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж дүгнэн, Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон Газрын тухай, Захиргааны ерөнхий хуулийг зөв хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4. Маргаан бүхий актын агуулгаас үзвэл нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш, байгууламжийг буулгаж газрын зөрчлийг арилгахаар шийдвэрлэсэн байх боловч хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь уг актыг гаргахдаа нэхэмжлэгч Д.Эийн агуулахын барилгын тухайд зөвшөөрөлгүй газар эзэмшсэн эсэх, ямар зориулалттай болох, тухайн газар нь нийтийн эзэмшлийн зам талбайгаар ашиглах зайлшгүй шаардлагатай эсэх зэрэг бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй газрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ. 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж зааснаар газрыг чөлөөлөх шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл буюу “зохих зөвшөөрөлгүйгээр” газар эзэмшиж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай.

5. Хэрэв хууль ёсоор эзэмшиж байгаа тохиолдолд тухайн газрыг нийтийн эзэмшлийн зам талбайгаар ашиглах зайлшгүй шаардлагатай бол Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.”, 43 дугаар зүйлийн 43.2-т “Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана” гэж тус тус зааснаар газрыг нөхөх олговортойгоор эгүүлэн авах, эсхүл солих зэргээр шийдвэрлэхээр байна.

6. Гэтэл энэ талаар бодит нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ч ажиллагаа явуулахгүйгээр /хэрэгт баримт ирүүлээгүй/ нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байсан газар дээр байрлаж буй түүний өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим болон 4.2.1, 4.2.5-д заасан “хууль дээдлэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” тусгай зарчим, 24 дүгээр зүйлд шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагаа хийхээр заасныг, мөн Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т заасныг зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл” байгаагүй” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн эрх, бүртгэлийн баримтыг үнэн зөвөөр харьцуулж газрын үнэлгээ, эзэмших эрхийн нөхцөлийг  бүрэн тогтоогоогүй ...” гэжээ.

8. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Э нь маргаан бүхий актын /1 дүгээр хавсралт 90-д/ заасан “42, 42 а байрны урд талын 3 ш тоосгон “гарааш” гэх агуулахын барилга байрлаж буй газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар анх эмнэлгийн үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж, 2017 онд тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай сунгуулж, газар эзэмшүүлэх гэрээг байгуулан хууль ёсоор эзэмшиж байсан, мөн тухайн газар дээрх 234 м.кв талбай бүхий агуулахын барилгыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсоор өмчилж байсан нь тогтоогдсон, харин хариуцагч талаас эдгээрийг няцаах баримт, тайлбар гаргаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

9. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэглэсэн материаллаг хуулийн заалтыг заагаагүй, зөвхөн ерөнхий зохицуулалт бүхий Захиргааны ерөнхий хуулийн заалтыг дангаар баримталсан байх тул шийдвэрт хуулийн холбогдох заалтуудыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0303 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6” гэсний дараа  “... Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арванзургадугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.3, 43 дугаар зүйлийн 43.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                        Э.ЗОРИГТБААТАР

 

             ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА

 

             ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ