| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00215/И |
| Дугаар | 00323 |
| Огноо | 2020-07-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 00323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, *27 тоотод оршин суух, /*, утас:*/ Боржигон овогт Отгонбаярын Б
Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*/ Боржигон овогт Намнанпүрэвийн О нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:91787979, */ Эмчийнхэн овогт Цэнджавын А
Хариуцагч: 1989 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*/ Бор гүвээ овогт Баярбатын Н нарт холбогдох
950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б, Н.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тохиролцон гэрийн тавилгануудыг 1650000 төгрөгөөр авсан ба 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөнгийг нь өгч дуусгана гэсэн юм. Гэвч Б.Н нь одоог хүртэл үлдсэн мөнгөө өгөхгүй байгаа тул үлдэгдэл 950000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... 2018 оны 02 дугаар 24-ний өдөр хуучин эдэлж байсан тавилгыг 1650000 төгрөгөөр тооцож иргэн Н худалдан авсан байгаа. Биднээс тавилгыг авахдаа өөрөө хугацаагаа товлоод тэр хугацаандаа төлбөрийг төлнө гэж хэлээд зээлээр аваад явсан. Түүнээс хойш 600-гаад мянган төгрөгийг цувуулан 250000 төгрөгөөр нэг удаа, 150000 төгрөгөөр мөн нэг удаа цувуулан өгсөн. Одоо үлдэдэд нь 950000 төгрөг үлдсэн байгаа. Бид хоёрын хувьд тэдний ар гэрийн боломжийг нь хараад нилээн удаан өгчих байх гэж хүлээсэн. Хамгийн сүүлд нь 950000 төгрөгөндөө идэшний үхэр өгнө гэж хэлээд утсаа салгаад таг болсон. Ингээд өнөөдрийг хүртэл үлдэгдэл 950000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд бид тавилганы үлдэгдэл төлбөр болох 950000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Би анх эвлэрүүлэн зуучлалд хандахдаа 1150000 төгрөгийг нэхэмжилж байсан. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.О шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Би О.Бийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Б.Нтэй хамтран амьдарч Н.О гэдэг хүнээс 1,650,000 төгрөгний тавилга авсан нь үнэн. Мөн Б.Нт бүх төлбөрийг өгөөрэй гэж барагдуулсан болно. Б.Н би өгчихлөө гэж надад хэлсэн. Миний зүгээс бүх мөнгийг төлж барагдуулсан болно. Б.Н, Н.О энэ хоёр хүн хоорондоо учраа олох асуудал гэж би бодож байна гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2018 оны 02 дугаар сарын 10-нд замын хойно байрлах 96-р байранд оршин суудаг Н.О гэдэг хүнээс 1,650,000 төгрөгний тавилга авсан нь үнэн. 2018 оны 02 дугаар сарын 20-нд 300,000 төгрөг бэлнээр гэрт нь аваачиж өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 29-нд 500,000 төгрөг бэлэн өгсөн. Эхнэр нь юм оёод сууж байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-нд палк дарж 550,000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд нийт 1,350,000 төгрөг өгчихөөд байхад үлдсэн 300,000 төгрөгийг хүүтэй өг гэж хэлээд хэрүүл хийсэн. Дараа нь 150,000 төгрөг эхнэрийх нь дансанд хийсэн. Одоо үлдэгдэл 150,000 төгрөгийг өгсөн. Нөхөр нь дарамтлаад байсан учраас тэр үедээ 150,000 төгрөгийг бас өгсөн байхад огт өгөөгүй гэж гүтгээд байгаа учир уг асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б, Н.О нар нь хариуцагч Ц.А, Б.Н нарт холбогдуулан гэрийн тавилганы үнэ 950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариуцагч Ц.А, Б.Н нар нь нэхэмжлэгч нараас гэрийн тавилгыг 1,650,000 төгрөгөөр худалдан авсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байх ба гэрийн тавилга худалдсан худалдан авсан, анх худалдсан үнийн дээр зохигч маргаагүй болно.
Харин хариуцагч Ц.А, Б.Н нар нь нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Б.Нтэй хамтран амьдарч Н.О гэдэг хүнээс 1,650,000 төгрөгний тавилга авсан нь үнэн. Мөн Б.Нт бүх төлбөрийг өгөөрэй гэж барагдуулсан болно. Б.Н би өгчихлөө гэж надад хэлсэн. Миний зүгээс бүх мөнгийг төлж барагдуулсан болно. Б.Н, Н.О энэ хоёр хүн хоорондоо учраа олох асуудал гэж би бодож байна гэжээ. ... 2018 оны 02 дугаар сарын 10-нд замын хойно байрлах 96-р байранд оршин суудаг Н.О гэдэг хүнээс 1,650,000 төгрөгний тавилга авсан нь үнэн. 2018 оны 02 дугаар сарын 20-нд 300,000 төгрөг бэлнээр гэрт нь аваачиж өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 29-нд 500,000 төгрөг бэлэн өгсөн. Эхнэр нь юм оёод сууж байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-нд палк дарж 550,000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд нийт 1,350,000 төгрөг өгчихөөд байхад үлдсэн 300,000 төгрөгийг хүүтэй өг гэж хэлээд хэрүүл хийсэн. ... ” гэж тайлбарлан маргадаг. Хуульд заасан хариуцагч татгалзах үндэслэлээ нотлох баримтаар нотлох, үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулсан боловч баримтаа ирүүлээгүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч О.Б, Н.О, хариуцагч Ц.А, Б.Н нарын хооронд Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Иймд худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Ц.А, Б.Н нараас төлбөрийн үлдэгдэлд 950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б, Н.О нарт олгох нь зүйтэй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүхээс хариуцагч Ц.А, Б.Н нарт нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч, тэдэнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг сануулсан, эрх, үүргийг нь дэлгэрэнгүйгээр тайлбарлан өгсөн боловч хариуцагч нар нь шүүхэд өөрийн татгалзлалаа нотлох баримтаар нотолж ирүүлээгүй байна.
Шүүхээс шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар хариуцагч Ц.А, Б.Н нарт албан ёсоор мэдэгдэж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр ирээгүй байна.
Иймд ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.А, Б.Н нараас тавилгын үлдэгдэл төлбөр 950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б, Н.О нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б, Н.О нараас тэмдэгтийн хураамжинд төлсөн 30000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, Б.Н нараас 27350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б, Н.О нарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.