Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 00221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: * тоотод оршин суух, /МР:*, утас:*/ Хар бүргэд овогт Батхүүгийн Э

 

Хариуцагч: * тоотод оршин суух, /МР:*, утас:*, */ Урианхай овогт Амгаланбаатарын С нарт холбогдох

 

“Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 11,653,231 төгрөгийг гаргуулах” тухай болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандхай, Хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.Э, А.С нар нь Зүүнхараа салбарын харъяа Түнхэл тооцооны төвөөс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18/097 тоот зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээгээр 15,000,000 төгрөгийг сарын 2.2% /жилийн 26.4 %/-н хүүтэй, 40 сарын хугацаатайгаар /хоол, хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа/ эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлийн барьцаанд: 1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Замчдын №21 тоот хаягт байрлах №000164392 тоот гэрчилгээний дугаартай, Ү-1307001572 улсын бүтгэлийн дугаартай, 56,1 мкв талбайтай хувийн сууц. 2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл Замчид гудамж, 4-407 тоот хаягт байрлах № 000548105 гэрчилгээний дугаартай, Г-1307000804 улсын бүртгэлийн дугаартай, 2655 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, 3. Гэр доторх гэрийн эд хогшил, цахилгаан бараа бүгд. 4. Бараа материал. Зээлдэгч Б.Э, хамтран зээлдэгч А.С нар нь бизнесийн зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй 122 хоногоор хугацаа хэтэрч банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээл төлөх сонирхолгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс банк Б.Э, А.С нартай байгуулсан зээлийн гэрээний 2.2. Зээл төлөх нөхцөл 2.2.1-д Зээлдэгч "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол төлөгдөөгүй зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 3.2. Зээлдэгч дараах үүргийг хүлээнэ. 3.2.4-д Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.6 дахь заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх. 3.2.7-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх, эсхүл энэ гэрээ, барьцааны гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх. 3.2.11-д 3ээлдэгч "3ээлийн эргэн төлөлтийн хуваарь "-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг хугацаандаа бүрэн төлөөгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон банкнаас гарсан бүх зардлыг бүрэн хариуцах. 3.3-д Хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. 4.1. Банк дараах эрхийг эдэлнэ. 4.1.4.-д Зээлдэгчийн харилцах дансанд дахь мөнгөн хөрөнгө зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол Зээлдэгч, Хамтран зээлдэгч, батлан даагчийн бусад харилцах, хадгаламжийн данснаас үл маргах журмаар суутган авах, барилт хийх. Зээлдэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энэхүү Гэрээний хавсралт болох барьцаа /батлан даалт/ Фидуцийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18/097 тоот гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан болно. Зээлдэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд энэхүү гэрээ болон түүний нэмэлт гэрээгээр тодорхойлсон үүргийн гүйцэтгэлийг барьцаа /батлан даалт/ Фидуцийн гэрээнд тодорхойлсон барьцааны зүйлээр хангуулна. Энэ гэрээний 4.1.7-д заасан банкны шаардлагыг биелүүлээгүй бол барьцааны зүйлийг хөдлөх эд хөрөнгийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн хувьд барьцааны гэрээнд заасан журмаар худалдан борлуулж энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх заалтуудыг тус тус зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул 6.2, 6.2.1, 6.2.2, 6.3, заалтыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 9,415,640.93 төгрөг, Үндсэн зээлийн өр 1,469,273.11 төгрөг, Үндсэн хүүний өр 732,024.75 төгрөг,  Нэмэгдүүлсэн хүү 20,792.21 төгрөг, Нотариатчийн үйлчилгээний хөлс 15,500 төгрөг нийт 11,653,231 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2018 оны 06 сард бизнесийн зээл авсан. Анх 8 нэрийн хүнсний дэлгүүр болон цайны газар ашиглах, ажиллуулах зориулалтаар зээл авсан. Тухайн үед зориулалтаар нь ажиллуулаагүй. Ногоон хөрөө аваад ажиллууулна гэхэд ойн сангүй байсан учир хөрөөгөө зарж үрсээр байгаад мөнгөө эргэлдүүлж чадаагүй үрж дуусгасан. Аав ээж төлж байгаа юм болов уу гэхэд төлөөгүй байсан. Ийм юм болсоныг нь сая л мэдсэн. Ирэх сараас график гаргаад 400,000 төгрөг болон 500,000 төгрөгөөр төлвөл болох болов уу гэж хүсэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар нь зээлдэгч Б.Э, А.С нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул “Зээлийн гэрээ”-г дуусгавар болгож, зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 11,653,231 төгрөгийг гаргуулах” тухай болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Э, А.С нар нь Төрийн банкны Зүүнхараа салбараас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №18/097 дугаар зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь  тэдгээрийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №18/097 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байгаа зээлийн гэрээ байгуулсан, зээл авсан эсэх  талаар маргаангүй болно.

Зээлдэгч Б.Э, А.С нар нь Төрийн банкны Зүүнхараа салбараас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг авахдаа өөрсдийн хүсэл зоригийнхоо дагуу гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч, хамтран зээлдэгч нарын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байна. Зээлдэгч, зээлдүүлэгч тал зээлийн гэрээ байгуулсан, зээл авсан талаар маргаагүй.

Иймд хариуцагч Б.Э, А.С нараас Үндсэн зээлийн үлдэгдэл 9,415,640.93 төгрөг, Үндсэн зээлийн өр 1,469,273.11 төгрөг, Үндсэн хүүний өр 732,024.75 төгрөг,  Нэмэгдүүлсэн хүү 20,792.21 төгрөг, Нотариатчийн үйлчилгээний хөлс 15,500 төгрөг нийт 11,653,231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 201402 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Б.Э, А.С нараас 201402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин хариуцагч А.Сд шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдэж, хариуцагч ирээгүй шалтгаанаар өмнө нь шүүх хуралдаан нэг удаа хойшилж байсан ба хариуцагч А.С нь хоёр дахь удаа товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэг,  242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Хар бүргэд овогт Батхүүгийн Э, Урианхай овогт Амгаланбаатарын С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,415,640.93 төгрөг, үндсэн зээлийн өр 1,469,273.11 төгрөг, үндсэн хүүний өр 732,024.75 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 20,792.21 төгрөг, нотариатчийн үйлчилгээний хөлс 15,500 төгрөг бүгд  11,653,231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох 1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Замчдын №21 тоот хаягт байрлах №000164392 тоот гэрчилгээний дугаартай, Ү-1307001572 улсын бүтгэлийн дугаартай, 56,1 мкв талбайтай хувийн сууц. 2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл Замчид гудамж, 4-407 тоот хаягт байрлах № 000548105 гэрчилгээний дугаартай, Г-1307000804 улсын бүртгэлийн дугаартай, 2655 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 201402  төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Б.Э, А.С нараас улсын тэмдэгтийн хураамжинд 201402 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Зүүнхараа салбарт буцаан  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.