Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 00322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, * тоотод оршин суух, /*, утас:*/ Боржигин овогт Шагдарын Оын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1984 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, *гэх газар оршин суух, /РД:*, утас:*/ Боржигон овогт Дашдондовын Нт холбогдох

2 тооны морины үнэ 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, хариуцагч Д.Н, гэрч Ц.Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Н нь 2017 оны 05 дугаар сарын дундуур надаас 6 тооны адуу аваад 1 адууны үнийг өгөхгүй байна. 2018 оны намар хүнд зарчихсан байсан 8 настай бүдүүн халтар зүсмийн морийг зарсан хүнд нь өгөхгүй алга болчихсон гэж худлаа яриад байх юм. Энэ халтар морио би Д.Нын адуунд тавьсан байсан. Би дээрхи хоёр тооны морьдоо Д.Наас байнга нэхдэг боловч өгнө, өгнө гэсээр өгөхгүй 2-3 жил боллоо. Иймд Д.Наас хар зүсмийн байдас, 8 настай халтар зүсмийн 2 тооны морины үнэ 1800000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо би 1,000,000 төгрөгнөөс татгалзаж,  нэг морины үнэ 800,000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.О шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Би Ц.Аюушд халтар морио 800,000 төгрөгөөр өгсөн. Тэгэхэд 3 жилийн өмнө байх. Оноо сайн мэдэхгүй байна. Ц.Аюушд би зарсан юм. 800,000 төгрөгийг нь би өөрөө хэрэглэсэн. Д.Н тухайн морийг уначихсан мөнгө тоолж авч байхад унаад ирсэн юм. Манай морь Д.Нын адуунд байсан. Энэ морийг Д.Наа энэ хүнд мөнгийг нь аваад өглөө шүү гэж хэлсэн. Ц.Аюушд өгөөрэй гэж хэлсэн өөрөө ч мэдэж байгаа байх. Хээр ч гэх үү халтар морь. Тэгээд Ц.Аюуш энэ хавар намайг шүүхэд өгөөд 800,000 төгрөгөө олж авмаар байна морио аваагүй гээд шүүхээс дуудаад төлбөрөө төл гэхээр нь би Ц.Аюушд төлөөд шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд би эргээд Д.Ныг шүүхдсэн. Энэ хоёрын хооронд морины явдал байгаа юм байна лээ гэв.

Хариуцагч Д.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Цэрэндоржийн Аюушийн халтар морь манай адуунд байсан л даа. Тэгээд надаас нэг морь авч явсан юм. Мөнгийг нь өгч чадахгүй тугалтай үхэр өгнө гээд. Тэгээд нөгөөдхөө өгч чадаагүй юм. Тэгээд Ц.Аюуштай за чи тугалтай үхрээ өгөхгүй бол чиний халтар морийг аваад зарлаа. Энийг чинь авлаа шүү гээд эхнэр Баярмаагийн хамт халтар морио зарсан юм. Мориныхоо үнэ өртгөнд би авсан юм. Ш.О гэдэг хүний морыг би авч зараагүй гэж бодсон юм тухайн үед. Энэ надад хамаагүй болсон. Ц.Аюушд өгөөд мөнгийг нь авч байна. Ц.Аюуш та хоёр учраа олоорой. Танай адуунд байж байг л гэсэн. Ш.О гэдэг хүний нэхэмжлэлийг би хариуцахгүй гэв.

Гэрч Ц.Аюуш шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын хорин хэдэнд Ш.О халтар морио заръя гээд Д.Нынд тавьсан байхад нь авч зарсан юм. Д.Нын адуунд байсан морь байгаа юм. 800,000 төгрөгөөр аваад Ш.От мөнгөө бэлнээр өгсөн. Халтар морь эдний адуунд байгаад би нэг авъя гээд очтол Д.Н би наймаа хийх гэж байна чи урдуур орчихлоо гэхээр нь Ш.О ахад хэлээд та очиж тэр наймааныхаа учрыг дуусга, цаадах чинь наймаа хийхэд дундуур орлоо гээд байна шүү дээ гэж хэлсэн.   Тэгээд дараа нь Ш.О ахыг хоёр удаа Д.Н луу халтар морио авчир гэж явуулсан. Ш.О ах архи уучихаад буцаад хоосон ирдэг. Ах нь авчирч чадсангүй гэдэг байсан. Тэгээд 10 дугаар сарын үед билүү Өвгөнхүү ахыг очоод авахуулах гэхэд Д.Нын авгай Баярмаа надаас тэр нэг хөл нь хугарсан морь 500,000 төгрөгөөр би худалдаж авсан юм. Тэгээд тухайн үедээ Батбаяр гэдэг залуу байдаг манай найз. Тэрэнтэй наймаа хийх гэж байгаа Д.Н өгөөдөх гээд би мотоциклио ломбарданд тавиад тэр мөнгийг уг нь Батбаярт өгсөн юм. Дараа нь адуунаас алга болчихсон гээд тэгээд би О ахаас морь авчирч өгөхгүй болохоор нь мөнгөө нэхсээр байгаад сая болохгүй болохоор нь шүүхэд хандаж мөнгөө авсан юм. Ш.О ах бид хоёрын хооронд одоо өгөө аваа байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.О хариуцагч Д.Нт холбогдуулан 2 тооны морины үнэ 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн талаар тодорхой тусгасан ба мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан байна. Шүүх хуралдаанд оролцсон  гэрч Ц.Аюушийн мэдүүлгээр  ... 2018 оны 07 дугаар сарын хорин хэдэнд Ш.О халтар морио заръя гээд Д.Нынд тавьсан байхад нь би авсан. Д.Нын адуунд байсан морь байгаа юм. 800,000 төгрөгөөр аваад Ш.От мөнгөө бэлнээр өгсөн. Халтар морь эдний адуунд байгаад би нэг авъя гээд очтол Д.Н би наймаа хийх гэж байна. Чи урдуур орчихлоо гэхээр нь Ш.О ахад хэлээд та очиж тэр наймааныхаа учрыг дуусга, цаадах чинь наймаа хийхэд дундуур орлоо гээд байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь Ш.О ахыг хоёр удаа Д.Н луу халтар морио авчир гэж явуулсан. Ш.О ах архи уучихаад буцаад хоосон ирдэг. Ах нь авчирч чадсангүй гэдэг байсан. Би шүүхэд хандаж Оаас адууны үнээ гаргуулсан  гэх  мэдүүлэг нэхэмжлэгч Ш.Оын тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагч Д.Н нь өөрийн адуунд байсан нэхэмжлэгч Ш.Оаас иргэн Ц.Аюушид худалдсан нэг тооны адууг шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч Д.Наас морины үнэ 800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.От олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Ш.О нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгт холбогдох хэсгээс сайн дураар татгалзсанг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар Ш.Оын нэхэмжлэлтэй Д.Нт холбогдох 1800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Наас  нэг  тооны  морины үнэ 800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.От олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Оаас тэмдэгтийн хураамжинд төлсөн 43750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас 23750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.От буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ.