| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/01570/И |
| Дугаар | 101/ШШ2020/01922 |
| Огноо | 2020-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2020/01922
2020 05 26 101/ШШ2020/01922
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,409,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Г.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б- би Г.Н-той 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаатай сарын 5.5%-ийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээ байгуулсан. Гэвч мөнгө авснаас хойш төлбөрөө хугацаанд нь төлөхгүй, ажлын мөнгө орж ирэхгүй байна. Сүүлдээ өгч чадахгүй болсон гэх мэтээр төлөхгүй байгаа, хугацаа дуусаад 317 хоног болоход төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас аргагүйд хүрлээ. Иймд Г.Н-оос зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, 66 хоногийн зээлийн хүү 609,167 төгрөг, алданги 2,800,000 төгрөг нийт 8,409,167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: миний бие ирэн Д.Б-тэй өөрийн биеэр уулзаж авто машинаа барьцаалж 5,000,000 төгрөгийг авсан. Авсан мөнгөний хүүгээ аль болохоор өөрийн боломж бололцоотой үед төлж байсан. Ингэж төлж яваад миний ажиллаж байсан барилгын ажил удааширч сүүлийн сарын хүүгээ төлж чадахгүйд хүрч Д.Б-тэй уулзаж үнэн явдлаа хэлж зээлийн хугацаагаа сунгаж нэмж 1,000,000 төгрөг зээлж хүүгээ төлье гэхэд манайх банк бус санхүүгийн байгууллага сунгах боломж байхгүй гэсэн. Тэгээд Д.Б- хүү болон алданги үндсэн мөнгөө төлөхийг шаардсан. Миний бие ийм байдалтай болсноо хамаатны эгч Б.Мөнхцэцэгт хэлж Д.Б-д хэлж алданги өндөр байна, алданги бууруулж өгвөл хүүг төлье гэхэд боломжгүй алдангитай нь авна гээд өдийг хүрлээ. Би нэхэмжлэгчид 1,300,000 төгрөгийг төлсөн баримтаа гаргаад хавтас хэрэгт өгсөн гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Г.Н-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 609,167 төгрөг, алданги 2,800,000 төгрөг нийт 8,409,167 төгрөгийг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Н- зээлийн хүү 1,300,000 төгрөг төлсөн, алданги их байна гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр, зээлийн барьцаанд Г.Н-ын эзэмшлийн Приус 20 маркийн *******УБО улсын дугаартай, авто машиныг барьцаалж, зээлдүүлэх, зээлдэхээр талууд хүсэл зоригийг илэрхийлж, Зээлийн гэрээ байгуулж хэн аль нь гарын үсэг зуржээ./хх-ийн 3 дугаар тал/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2.-т “ талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан”, 43 дугаар зүйлийн 43.2.3-д “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” гэж зааснаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэж үзэв.
Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх, хариуцагч гэрээнд зурагдсан гарын үсгийн бичвэрийн талаар маргаагүй.
Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,375,000 төгрөг нийт 6,375,000 төгрөгийг зээлийн гэрээнд тусгасан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Г.Н- нь Хаан банкны ******* данснаас нэхэмжлэгч Д.Б-ийн Хаан банкны ******* ******* дансанд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 275,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 275,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг төлсөн нь хавтас хэрэг авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдсон гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ”Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж тохирчээ.
Иймд хариуцагч Г.Н-оос үндсэн зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, хүү 75,000 төгрөг, алданги 2,537,500 төгрөг нийт 7,612,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 796,667 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н-оос 7,612,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 796,667 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ