Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2020/0522

 

 

2020 оны 8 сарын 24 өдөр Дугаар 128/ШШ2020/0522 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Ж /

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: ...Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Жыг урьд эрхэлж байсан ажил болох Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эн, нэхэмжлэгч А.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, түүний өмгөөлөгч Э.Жанж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гх, Б.д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ийн Жань 2012 оноос Уул уурхайн аврах албанд аврагч, механик инженер, туслах зэрэг албан тушаалд ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 325 дугаар тогтоолоор Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид нэгтгэхэд Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж, 2015 оны 02 дугаар сард Цэргийн тангараг өргөснөөр төрийн тусгай албан хаагч болсон.

Улмаар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус ангийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги болоход нь миний бие сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан.

 

Гэтэл Онцгой байдлын ерөнхий газрын дарга 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А.Жад сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/******* дугаар тушаал гарган намайг ажлаас халсан нь огт үндэслэлгүй байна.

 

Уг тушаалын үндэслэлд "...албан тушаалын тодорхойлолтод заасан сургалт. урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийгээгүй, 2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийи төлөвлөгөө батлуулаагүй, ажлаа тайлагнаагүй тул 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ.

 

Дээрх Б/******* дугаар тушаалд дурдсанаар 2019 оны Үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй гэх боловч тухайн 2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулахаар бичиг хэрэг, архивын эрхлэгчид хураалгай өгөхөд А.Ж миний болон Ч.Бямбабатынхаас бусдыг нь ҮАБ-руу явуулж батлуулахыг ангийн захирагч, хурандаа Г.х үүрэг болгосон гэх хариуг өгсөн ба надаас үл хамаарах шалтгаанаар үр дүнгийн гэрээг байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй болно.

Түүнчлэн Урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийгээгүй гэх тухайд миний бие албан тушаалын тодорхойлолтод заасан үйлчилгээг хэрэгжүүлэх гэхэд ангийн захирагч санаатайгаар ажлуудыг өөр алба хаагчдад даалгаж, надад ажил, үүргээ гүйцэтгэх боломж олгоогүй төдийгүй албаны хэрэгцээний компьютерыг 2 удаа хураан авч ажиллах нөхцөл бололцоог хаан боогдуулж байсан болно.

Гэсэн хэдий ч миний бие 2019 оны үр дүнгийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил үүргийг хэрэгжүүлэх үүднээс бусдаас шалтгаалахгүйгээр хийж гүйцэтгэх ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд ОБЕГ-ын сургалтын бодлогын хүрээнд 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх бие бүрэлдэхүүний сургуулийн эхний үед хамаарах хагас жилийн тайлан мэдээг ҮАБ-ын холбогдох мэргэжилтэнд хугацаанд нь хүргүүлэн ажилласан.

Харин 2019 оны 06 дугаар сарын дунд үеэс намайг энэ албан тушаалд ажиллуулахгүй 08 дугаар сарыг дуустал аврагчийн үүрэг гүйцэтгүүлж шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн буюу ахлагчийн ажил үүргийг орлон гүйцэтгүүлж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, мөн хуулийн 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж заасан байна.

Түүнчлэн миний нийт ажилласан хугацааг жилээр тооцвол Ахлах дэслэгч цол авах болзол хангасан бөгөөд хугацаа нь 2 жил 7 сараар хэтэрсэн байх хэдий ч ангийн захирагчийн шахалтаар хугацааны цол олголгүй өдийг хүрсэн.

Миний бие тус байгууллагад ажиллаж эхэлсэн цагаас хойш хариуцсан ажил, үүргээ зохих хэмжээнд гүйцэтгэн ажиллаж, тус ангийн хүний нөөцийн холбогдолтой бүхий л ажилд суралцан, 2015, 2016 онуудад үр дүнгийн гэрээгээ А дүгнүүлж байсан ба байгууллагаас хийж гүйцэтгэснийг маань үнэлж Батлан хамгаалах яамны сайдын Эх орны төлөө 3 дугаар, Дайчин алдар 3 дугаар зэргийн тэмдэг, Онцгой байдлын ерөнхий газрын Баярын бичиг, 2016 оны Шилдэг офицер зэрэг шагналуудаар шагнаж байсан.

Түүнчлэн Б/******* дугаар тушаалд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6.1-д Апбан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж, шийтгэл хулээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн ачбан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгуй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас хасах шийтгэлийг ногдуулна гэж заасныг үндэслэл болгосон нь тодорхойгүй байна.

А.Ж надад хурандаа Г.Бх тус ангийн захирагчаар томилогдон ирсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Уул уурхайн аврах ангийн захирагчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/11 дүгээр тушаал, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/21 дүгээр тушаал, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/178 дугаар тушаалаар тус тус надад сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

Төрийн албаны тухай /2002/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан, мөн Төрийн албаны тухай /2017/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж тус тус заасны дагуу хугацааны хувьд Уул уурхайн аврах ангийн захирагчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаал гарснаас хойш А.Ж намайг сахилгын шийтгэлгүйд тооцох нэг жилийн хугацаа өнгөрсөн болно.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлүүдийг тухайлан зааж өгсөн ба уг хуульд заасан үндэслэлүүд бий болоогүй байхад А.Ж намайг Онцгой байдлын еронхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн "А.Жад сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/******* дугаар тушаалд заасан үндэслэлээр А.Ж надад сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцэхгүй байх бөгөөд үндэслэлгүй байна.

Түүнчлэн миний бие Б/******* дугаар тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Үүний дагуу Төрийн албаны зөвлөлеөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/28 дугаар албан бичгээр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны Б/******* дугаар тушаалаар таныг гөрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна" гэх хариуг ирүүлсэн ба үндэслэлдээ албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн үйлдэл нь 2017 онд үр дүнгийн гэрээг Р, 2018 онд Э/64/ үнэлүүлсэн бөгөөд 2019 онд гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлээгүй байгаагаар нотлогдож байна" гэжээ.

Миний бие 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ба мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллах болсон.

Ийнхүү 2018 оны ажлын үр дүнгийн гэрээг дүгнэх болоход А.Ж намайг Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан хугацааны буюу тухайн оны эхний хагас жилийн ажлыг дүгнэлгүй орхигдуулж, зөвхөн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилласан үеийн ажлын гүйцэтгэлийн биелэлтийг 64% буюу О гэж үнэлсэн бөгөөд тухайн жилийн эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл огт үнэлэгдээгүй болно.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд Ц.Жа нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу захиргааны акт гаргаснаас хойш 28 хоногийн дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Улмаар Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдор 01/28 дугаар албан бичгийг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд өөроөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргаапы еронхий хуульд заасан журмып дагуу явагдсан бол дараахь тохиолдолд ишйдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.

Иймд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Жыг урьд эрхэлж байсан ажил болох Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн А.Жын нэхэмжлэлтэй Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч А.Ж нь Онцгой байдлын байгууллагад 2014 оноос 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр, мөн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж, хангалттай дүгнэгдэж байсан гэх үндэслэлээр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргажээ.

Монгол Улсын Их Хурпын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс-ийн 7.1, 2017 онд шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т тус тус заасны дагуу Онцгой байдлын байгууллага нь Төрийн цэргийн байгууллын бүрэлдэхүүнд орсон бөгөөд 45 дугаар зүйлийн 45.2-т Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдлыг Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмүүдээр зохицуулна гэж заасан.

Нэг. Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх журам-ын 4.7.1-т гүйцэтгэлийн зорилтын биелэлтийг тухайн ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил үйлчилгээний үр дүнгээр илэрхийлнэ. гэж тус тус заасны дагуу алба хаагчидтай үр дүнгийн гэрээ /гүйцэтгэлийн төлөвлөгөө/ байгуулах, үнэлэх ажлыг зохион байгуулдаг.

1.1 Нэхэмжлэгч А.Жад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан сонсох ажиллагаа-г 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан хэлбэрээр явуулж, мөн Онцгой байдлын ерөнхйй газрын даргын 2018 оны А/86 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудас буюу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны Б/******* дугаар тушаалын төслийг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16.30 цагт еөрт нь урьдчилан танилцуулж, тайлбарыг нь авсан. Тухайн тайлбартаа энэ албан тушаалд ажиллах нөхцөл байдал бүрдүүлээгүй, ангийн захирагчаас байнга дарамт шахалт үзүүлж байсан ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй тул шийдвэртэй санал нийлэхгүй байна гэжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын Б/******* дугаар тушаалд дурдагдсан ажлын байрны тодорхойлолт /албан тушаалын тодорхойлолт/-д заагдсан сургалт, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийгээгүй гэдэгт шууд захирах дарга болон дээд шатны байгууллагын удирдлагаас албан үүрэгтэй нь холбогдуулан дараах үүргүүдийг өгч байсан боловч гүйцэтгэл хангалтгүй байсан болно. Үүнд:

-Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн Налайх дүүргийн төрийн алба хаагчидтай өөрийн биеэр уулзаж, өгсөн үүргийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд сургалтын материал бэлтгэж алба хаагчдад хичээл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах үүрэг өгснийг хэрэгжүүлээгүй.

-Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал ******* 2018 оны 09 дүгээр 19-ны өдөр сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах талаар, мөн Уул уурхайн аврах ангийн ахмадын зөвлөлөөс 2018.12.12- нд боловсруулан өгсөн зөвлөмж, үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй.

-Уул уурхайн аврах ангийн 2019 оны Урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, нэн даруй батлуулж, хэрэгжүүлж ажиллах үүргийг 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн ч 05 дугаар сарын 28-ны өдөр батлуулсан бөгөөд хэрэгжилтийг тайлагнаагүй.

- Ангийн цахим хуудсыг өөрсдийн дотоод нөөц боломжийг бүрдүүлэн байгуулсан гэвч үйл ажилпагааг сурталчлах, мэдээ мэдээлэл тавих ажлыг нэхэмжлэгч А.Ж хариуцан ажиллаж байсан боловч Онцгой байдлын байгууллагын хэмжээнд тухайн цахим хуудасны үйл ажиллагаа хангалтгүйд тооцогдож байсан.

-Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, түүний хавсралт уурхайн олборлолтын зургийн дагуу алба хаагчдад сургалт зохион байгуулах талаар мөн Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөний боловсруулалтыг сайжруулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сард нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв дээр уул уурхайн салбарын 50-аад аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулан зохион байгуулагдсан сургалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалж, оролцоогүй ба тус сургалтын болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худаг төсөл дээр Уул уурхайн аврах ангиас явуулсан дадлага сургуулийн холбогдох материалуудыг нэгтгэж бүрдүүлэн ангийн бие бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагаанд ашиглахаар бэлтгэ гэсэн үүрэг өгснийг тус тус хэрэгжүүлээгүй.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 онд Уул уурхайн аврах ангид хийгдсэн иж бүрэн шалгалтаар Уул уурхайн аврах ангийн сургалт, сурталчилгааны чиглэлийн ажилтай холбоотой илэрсэн зөрчлүүд нь 2019 оны 03, 10 дугаар саруудад явагдсан шалгалтаар дахин зөрчлөөр илэрсэн.

1.2. Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоол Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх журам-ын 2.7-д Төлөвлөгөөнд албан хаагч, нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар түүнийг баталгаажуулсанд тооцно гэж заасан бөгөөд албан тушаалын үүрэгт огтхон ч хамааралгүй зүйлүүдийг төлөвлөгөөнд оруулдаг, түүнийг ангийн сар, улирлын төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулдаггүй, зөвхөн ажил дүгнүүлэх үед бөөнд нь албажуулахаар өгдөг байсан үйлдэл давтагдсаар байсан.

ҮАБ-ын захирагч, хурандаа *******тай Уул уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Г.х нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан бөгөөд А.Ж нь албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан мөн зөрчил гаргасан асуудлаар албанаас халах асуудал тавигдаж үр дүнгийн гэрээ байгуулаагүй бөгөөд алдаа дутагдлаа ухамсарлаж, үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр удирдах албан тушаалтнуудад санал хүсэлт гаргаж байгаагүй болно.

Мөн 2019 онд ажиллах хугацаандаа 1, 2, 3 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөө, 1, 2 дугаар сарын тайлан албажсан боловч хүний нөөцийн ажлыг сургалт, урьдчилан сэргийлэх ажлуудтай нэгтгэн төлөвлөгөө боловсруулсан хангалтгүй байслн. Үүнээс хойш 4-10 дугаар сарын төлөвлөгөөг батлуулаагүй, 3-10 дугаар сарын тайлан албажуулаагүй байгаа нь нэхэмжлэгч А.Жыг албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг, алдаа дутагдлаа ухамсарладаггүй гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байна

Хоёр. Нэхэмжлэгч А.Ж нь нэхэмжлэлдээ ...миний бие албан тушаалын тодорхойлолтод заасан үйлчилгээг хэрэгжүүлэх гэхэд ангийн захирагч санаатайгаар ажлуудыг өөр алба хаагчдад даалгаж, надад ажил, үүргээ гүйцэтгэх боломж олгооп й төдийгүй албаны хэрэгцээний компьютерыг 2 удаа хураан авч ажиллах нөхцөл бололцоог хаан боогдуулж байсан болно. гэжээ.

2.1. ОБЕГ болон ҮАБ-аас явуулсан шалгалтуудад заагдсан зөрчил тус бүр дээр дүгнэлт хийж, засаж залруулах чиглэлээр ач холбогдол өгдөггүй, удаа дараа уүргийн биелэлтийг тайлагнахгүй, гүйцэтгэлийг удаа дараа хянуулдаггүй, шаардлага тавихад үл тоодог, сургалтын чиглэлийн ажлыг тогтмол явуулах нөхцөлийг алдагдуулж байсан учраас А.Жад шаардлага тавихаас халширч төрийн ажил үйлчилгээг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор А.Жын хариуцсан зарим ажлыг ахлах дэслэгч *******, ахмад Д *******, ахлах дэслэгч Ц. нарт үүрэг өгч гүйцэтгүүлсэн.

Мөн нэхэмжлэгч А.Жын албан хэрэгцээнд ашигладаг АСЕРГ маркын компьютерыг хураан аваагүй, харин иргэдэд үйлчлэх танхим тохижуулах зорилгоор тус танхим оруулсан бөгөөд түүний оронд ижил чадал сайтай А5113 маркын компьютероор сольж өгсөн нь тус ангийн тусгай чиг үүргийн бүлгийн дарга, ахлах дэслэгч *******ын тайлбараар нотлогдож байна.

2.2. Нэхэмжлэгч А.Ж нь нэхэмжлэлдээ ...Онцгой байдлын ерөнхий газрын сургалтын бодлогын хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бие бүрэлдэхүүний сургуулийн эхний үед хамаарах хагас жилийн тайланг Үндэсний аврах бригадын холбогдох мэргэжилтэнд хугацаанд нь хүргүүлэн ажилласан гэх боловч шууд захирах дарга буюу Уул уурхайн аврах ангийн захирагчаар уг тайланг хянуулж, баталгаажуулалгүй хүргүүлснийг дээд шатны удирдлага буюу Үндэсний аврах бригадын сургалт хариуцсан нэгжийн даргын тайлбар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэлдээ ... 2019 оны 06 дугаар сарын дунд үеэс намайг энэ албан тушаалд ажилуулахгүй 08 дугаар сарыг дуустал аврагчийн үүрэг гүйцэтгүүлж байсан шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн буюу ахлагчийн ажил үүргийг орлон гүйцэтгүүлж байсан гэдэг нь Уул уурхайн аврах ангид хүний нөөцийн нөхөн хангалт дутуу байсан учраас тус 2019 оны 7 дугаар сарын 06, 11, 14, 17, 20, 26, 30, 8 дугаар сарын 01, 04, 07, 10, 12-ны өдөр баталсан хуваарийн дагуу офицер бүрэлдэхүүн жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж байсныг ганц өөрийг нь үүрэг гүйцэтгүүлсэн гэж байгаа нь тус ангийн захирагч, хурандаа *******ыг дарамт үзүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь дээрх хуваариудаар үгүйсгэгдэж байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.3-т заасанд хамаарах асуудлаар дурдаж байгаа нь нэхэмжлэгч А.Ж нь өөрийн ажиллаж байсан албан тушаал нь Төрийн албан тушаалын ямар ангилал, төрөлд хамаардгийг мэдэхгүй байгаа нь түүнийг төрийн албыг гүйцэд ойлгохгүй байгааг харуулж байна.

2.3. Нэхэмжлэгч А.Ж ахлах дэслэгч цол авах болзол хангасан буюу 2 жил 7 сараар хэтэрсэн, ангийн захирагчийн шахалтаар хугацааны цол олгоогүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Цэргийн цол олгох журам ын 4.3-т Албан тушаалтны ажлын үзүүлэлт хангалтгүй гэж дүгнэсэн нь тухай цэргийн алба хаагчийг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй тохиолдолд цол олгох хугацааг хойшлуулж болно гэж зохицуулсан байдаг тул А.Ж 2017 онд 2, 2018 онд 2 удаа сахилгын шийтгэл хүлээж байсан нь түүнийг албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсныг нотолж байх тул дээрх журамд заасны дагуу ахлах дэслэгч цол олгохгүй байх үндэслэл болж байна.

Мөн алба хаагчдад цол олгох асуудлыг Онцгой байдлын ерөнхий газрын шагнал, судалгаа хариуцсан мэргэжилтэн цол авах болзол хангасан алба хаагчдын судалгааг нэгтгэн, танилцуулж Онцгой байдлын ерөнхий газрын дарга эрх хэмжээний хүрээнд тушаалаар олгодог тул ангийн захирагч түүнд нөлөөлөх боломжгүй, шахалт үзүүлсэн гэх асуудал нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн ...2015, 2016 онуудад үр дүнгийн гэрээгээ А дүгнүүлж байсан..." гэжээ. Нэхэмжлэгч А.Ж нь 2015 онд О дүгнэгдэж, 2016 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй мөн дүгнүүлээгүй байна. /нотлох баримт/

Гурав. Нэхэмжлэгч А.Ж нь нэхэмжлэлдээ Түүнчлэн Б/******* дугаар тушаалд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6.1-т ... гэж заасныг үндэслэл болгосон нь тодорхойгүй байна гэжээ.

3.1. Тус заалт нь 2 нөхцөл байдлыг зохицуулсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны Б/******* дугаар тушаалд нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан сургалт, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийгээгүй, 2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, ажлаа тайлагнаагүй нь хамт олны гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тус заалтын тухайн алба хаагчийг төрийн албанд цаашид ажлуулах боломжгүй гэж үзэх үндэслэл-ээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүх анхаарч үзнэ үү.

3.2. Нэхэмжлэгч А.Жад Уул уурхайн аврах ангийн захирагчийн 2017 оны Б/11 дүгээр тушаалаар сахилга, ёс зүй, захирах, захирагдах хэм хэмжээг зөрчсөн тул сануулах, 2017 оны Б/21 дүгээр тушаалаар ангийн захирагчийн өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн тул 1 сар 20 хувь, 2018 оны Б/06 дугаар тушаалаар албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул 1 сар 20 хувь, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны Б/178 дугаар тушаалаар ёс зүйн зөрчил гаргасан тул сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан бөгөөд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж байсан асуудлаар түүнийг албанаас халаагүй. Харин байгууллагын зүгээс залуу хүнийг алдаа дутагдлаа ухамсарлан, мэдлэг чадвараа дээшлүүлэх, ажил үүргээ сайжруулах боломжийг олгож удирдлагын зүгээс итгэл хүлээлгэсэн асуудал байсан.

Мөн нэхэмжлэлдээ Уул уурхайн аврах ангийн захирагчийн 2018 оны Б/06 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн асуудлаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан үндэслэлээр сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж дурдсан байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаалд нэхэмжлэгчийг өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх асуудлыг тусгаагүй байгаа тул тодорхойгүй зүйл дурдсан байна.

3.3. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлүүд бий болоогүй байхад А.Ж надад сахилгын шийтгэл ногдуулж халсан нь холбогдох хууль дүрэм, журамд нийцэхгүй байх бөгөөд үндэслэлгүй байна гэсэн нь Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд холбогдох хууль тогтоомжийг судлаагүй бөгөөд захиргааны санаачилгаар халаагүй, гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын шийтгэлээр ногдуулсан.

Нэхэмжлэгч А.Ж нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх гэж заасан үүргээ биелүүлээгүй туп тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна заасны дагуу гаргасан зөрчлийн шинж байдалд нь тохирсон 48.1.3-т заасан шийтгэлийг ногдуулсанаас биш захиргааны санаачилгаар халаагүй юм.

Дөрөв. Нэхэмжлэгч А.Ж нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны Б/******* дугаар тушаалыг эс зөвшөөрч 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/28 дугаар албан бичгээр түүнд сахилгын зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдож байна. Мөн албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн үйлдэл нь 2017 онд F, 2018 онд D үнэлэгдсэн бөгөөд 2019 онд гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлээгүй байгаагаар нотлогдож байна гэжээ. Эцэст нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны Б/******* дугаар тушаалаар Таныг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэж байх тул нэхэмжлэгч А.Жын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан ...Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Жыг урьд эрхэлж байсан ажил болох Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

А.Жыг 2012 оноос Уул уурхайн аврах албанд аврагч, механик инженер, туслах, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 325 дугаар тогтоолоор Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид нэгтгэхэд Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2015 оны 02 дугаар сард Цэргийн тангараг өргөж, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус ангийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги болоход нь сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/595 тоот тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах ангийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус томилсон байна.

Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1-т заасныг тус тус баримтлан албан тушаалын тодорхойлолтод заасан сургалт, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийгээгүй, 2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, ажлаа тайлагнаагүй гэсэн үндэслэлээр Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн

аврах ангийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халах шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажлаа хийгээгүй гэдэг нь тодорхой биш байна. 2017 онд зөрчилтэй байсан бол тухайн үед нь хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах ангийн дарга солигдоход 5 албан хаагч надтай эсрэг харилцаа үүсгэсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бу хэлсэн. Төрийн албан хаагчийн дарга солигдох нь тухайн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Төрийн албаны тухай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн, 2017 оны зөрчлийн тухайд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан

...2019 оны ажлын үр дүнгийн гэрээг батлуулахаар албан хаагч холбогдох материалыг өгсөн ба эрх бүхий албан тушаалтан баталдаггүй. Гэрээг батлахгүй 5 сар болбол гэрээ батлагдсанд тооцогдоно. Ажлын тайланг сар сараар нь хүлээж аваад гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан байдаг. Иймд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: ...А.Ж нь ажлаас шууд халагдаагүй Үндэсний аврах бригадаас А.Жын ажилд 1 удаа шалгалт хийгдсэн. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалтай дотоод хяналт шалгалт ч мөн хийгдэж байсан. Эдгээр шалгалтуудыг үндэслэж ажлаас халах тухай тушаал гарсан.

Үр дүнгийн гэрээний тухайд А.Ж 2017 онд F, 2018 онд D үнэлгээ авсан байна. Учир нь ажлын сарын төлөвлөгөө байдаггүй байсан ба хагас жилийн ажлын төлөвлөгөөг хэвлээд штабын дарга болон надаар гарын үсэг зуруулахгүйгээр авч ирдэг байсан. Үүнийг таслан зогсоохын тулд А.Жад ажлын төлөвлөгөөгөө сар бүр гарга, сар сард нь гарын үсэг зурна гэж хэлээд гарын үсэг зурдаггүй байсан. Төрийн албан тухай хуульд 3-аас дээш удаа хангалтгүй үнэлгээ авбал ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч 4 удаа хангалтгүй дүгнэгдсэн учир Онцгой байдлын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын даргад би өөрийн биеэр 2019 оны 01 дүгээр сарын 15-н өдөр авч орсон. 2017, 2018 онуудад хангалтгүй дүгнэгдсэн учраас 2019 онд А.Жтай үр дүнгийн гэрээ байгуулах боломжгүй байсан. Үр дүнгийн гэрээ байгуулахын урд өдөр А.Ж 01 дүгээр сарын 16-ны өдөр төрийн албанаас чөлөөлөгдөх хуудсан дээр гарын үсэг зурсан гэж тус тус маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 48.1.3-т төрийн албанаас халах гэж тус тус заажээ.

Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.Ж нь хэдийгээр төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй боловч цэргийн тангараг өргөснөөр төрийн албан тушаалд томилогдож, тухайн албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаагийнхаа хувьд хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн үүргийг биелүүлж, ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх шаардлагатай.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1-д тус тус зааснаас үзвэл онцгой байдлын байгууллагын алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/799 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хууль дээдлэн хэрэгжүүлэх ёс зүйд Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд даган мөрдөж байгаа дэг журам, дүрэм зааврыг чанд сахих гэж заасны дагуу алба хаагч нь Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журам, төрийн албаны стандартыг сахиж, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэх үүрэг хүлээжээ.

Төрийн албан тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтоох-оор заасан байх бөгөөд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчдад мөрдүүлэхээр тогтоосон дээрх эрх зүйн актуудын зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч нь онцгой байдлын байгууллагын алба хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан сургалт, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийгээгүй, 2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, ажлаа тайлагнахгүй байх нь зөрчил гэж тооцохоор байна.

Хавтас хэрэгт Уул уурхайн аврах ангийн алба хаагчдын 2019 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн гэрээг дүгнэсэн байдал баримтад А.Жыг дүгнүүлээгүй гэж тэмдэглэж, Уул уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа ******* гэх хүн гарын үсэг зурсан тухай баримт,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Уул уурхайн аврах ангийн дэслэгч А.Жын ажил, албан үүргийн гүйцэтгэлийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх жагсаалт, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Уул уурхайн аврах ангийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч А.Жын ажил албанд хандах хандлага, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх жагсаалт-аас үзвэл А.Ж нь 2017 оны төлөвлөгөө хангалтгүй, дутуу дүгнүүлсэн тухай баримтууд,

Алба хаагчдын 2018 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдал гэх баримтаас үзвэл А.Ж нь 69.8 буюу D, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудаснаас үзвэл А.Ж нь D, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудаснаас үзвэл А.Ж нь F үнэлэгдсэн тухай баримт,

Ангийн захирагчийн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж А.Жад албан тушаалын цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах ангийн захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/21 тушаал,

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/343 дугаар тушаалаар Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс явуулсан иж бүрэн шалгалтын хүрээнд ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж А.Жад сануулах шийтгэл ногдуулсан тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/178 дугаар тушаал зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна.

Нэхэмжлэгчээс ...Өгсөн үүрэг даалгаврыг би тухай бүрд биелүүлдэг байсан. Тодорхой хэмжээний алдаа дутагдал байсан. Ангийн захирагч дарамталж шаарддаг байсан учраас ажлаа тухай бүрд нь хийдэг байсан. Сургалт зохион байгуулалтын талаар бэлдсэн слайдаа даргад е мэйлээр явуулсан боловч хариу өгөөгүй. Миний ажиллах нөхцөл боломжоор хангах ёстой байтал 2 удаа миний компьютерыг хурааж авсан. Миний хийх ёстой ажлуудыг бусдад хуваарилаад өгчихдөг байсан. Хурандаа ******* дарга Уул уурхайн аврах ангийн захирагчаар томилогдон ирэхээс өмнө би 2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргын ахалж ирсэн ажлын хэсгийн шалгалтаар А үнэлгээтэй дүгнэгдэж байсан. 2016 онд А үнэлгээтэй дүгнэгдэж байсан. 2017 оноос хойш муу дүгнэгдэх болсон гэж тайлбарлах боловч энэ талаараа Онцгой байдлын ерөнхий газрын эрх бүхий этгээд болон холбогдох нэгжид гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй болно.

Иймд шүүхээс нотлох баримтаар тогтоогдоогүй тайлбарт үндэслэн нэхэмжлэгч А.Жыг ажлын байрны дарамтын улмаас ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй, ажлаа тайлагнаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд маргаан бүхий акт буюу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаал нь Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсоруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.17-д Албан хаагчийн ажлын үр дүн гурав ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдвэл төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажилуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, А.Жын албан тушаалын тодорхойлолтод заасан сургалт, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлаа хийгээгүй, 2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, ажлаа танилцуулаагүй гэсэн үндэслэлээр Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах ангийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халахаар шийдвэрлэсэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаал нь хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий этгээдээс гаргасан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэхээр байна.

Түүнчлэн А.Жыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хурандаа Г.ох ...удаа дараа төрийн албаны шалгалт өг гэж ажил үүргийн хуваарийн дагуу шаардаж байсан боловч А.Ж нь өгөөгүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/28 тоот албан бичгээр нотлогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаа нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах ба А.Ж нь хэдийгээр тухайн албанд томилогдон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан байх боловч төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул энэхүү баталгаагаар хангагдах, төрийн жинхэнэ албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардах эрх үүсэхгүй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч А.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Урьд нь Онцгой байдлын ерөнхий газарт гомдол гаргаж байсан боловч шийдэгдээгүй учраас хаана гомдол гаргахаа мэдээгүй. Онцгой байдлын ерөнхий газрын даргад Г.Бтох дарга нь алба хаагч нарт тэгш бусаар хандаж байна гэх агуулга бүхий гомдлыг гаргаж байсан гэх боловч маргааны энэхүү тохиолдолд удирдах дээд албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг амаар бус албан ёсоор, бичгээр гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай байжээ.

Түүнчлэн шүүх хуралдааны үед гаргасан гэрч Г.Мын ...Би ангийн захирагчид бүх үр дүнгийн гэрээг өгсөн. Н.ат А.Ж нарын үр дүнгийн гэрээг батлаагүй байсан. Ангийн захирагч А.Жтай үр дүнгийн гэрээ байгуулахгүй гэж хэлсэн талаар санахгүй байна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бхын ... 12 дугаар сарын 18-ны өдрөөс тухайн жилийн төлөвлөгөөг Г.Мөнхзулд өгөөрэй гэж хэлсэн. А.Ж тухайн үед шаардлага хангахгүй материал авч ирж байсан учраас би буцаасан. Үр дүнгийн гэрээ гүйцэтгэлийн төлөвлөгөө надаар дамждаггүй шууд бригадын захирагчид очдог, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын Алба хаагч нар үр дүнгийн гэрээндээ гарын үсэг зурж баримтжуулаад авч явдаг гэх тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгч А.Жын ...2019 оны үр дүнгийн гэрээ гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулахаар тус ангийн бичиг хэрэгт даалгаж өгсөн боловч ангийн захирагч хурандаа Г.Бх үр дүнгийн гэрээ байгуулахгүй Үндэсний аврах бригадын захирагчид хүргүүлэх шаардлагагүй гэж ангийн бичиг хэрэг архивчийн эрхлэгчид үүрэг болгож хассан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд А.Жаас Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан ...Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Жыг урьд эрхэлж байсан ажил болох Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг тус тус баримтлан ...Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Жыг урьд эрхэлж байсан ажил болох Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах шаардлага бүхий А.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.