Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2026/0362

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Нэхэмжлэгч: Д.Э

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0299 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/1084/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0299 дүгээр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасныг тус тус баримтлан Д.Эгаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Маргаан бүхий захиргааны актыг хариуцагчийн зүгээс гаргахдаа 3 зүйлийг үндэслэдэг. Үүнд олон нийтийн цагдаагаар архи, согтууруулах ундааны зүйл авхуулсан, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн цагдаагийн биед халдаж, бэлгийн дарамт учруулсан гэх 3 нөхцөл байдлыг үндэслэдэг. Гэтэл уг 3 нөхцөл байдал нь гурвуулаа үгүйсгэгдэхээр байдаг. Анхан шатны шүүхээс анх үнэлж, дүгнэхдээ олон нийтийн цагдаагаар архи, согтууруулах ундааны зүйл авхуулсан юм байна гэдэг нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байна гэдэг боловч н.Дгийн мэдүүлэгт “би өөрөө худалдаж авсан, мөнгөө ингээд төлсөн, анх уулзахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, бид 2 машинтайгаа яваад, очсон газартаа надад архи хундагалж өгөөч ээ” гэдэг зүйл ярьсан гэх тайлбар байдаг. Д.Эгийн хувьд н.Дтэй 23 цагт уулзаад, согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд тэрнээс хойш тээврийн хэрэгслээ жолоодоогүй байж байгаад, маргааш өглөө нь согтууруулах ундааны зүйл гарсны дараа машинаа жолоодож явсан гэдэг тайлбар хэлсэн байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудалд хариуцагч бид нар уг зөрчлийг хэд хоногийн дараа илрүүлсэн учраас тухайн үед багажаар Хууль зүйн сайдын баталсан журмын дагуу тогтоох боломж байгаагүй гэдэг зүйлийг ярьдаг. Үүнд хэрвээ тийм боломж байгаагүй бол Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчлийн хэргийг шалгаж, албан ёсны прокурорын шийдвэрээр зөрчлийн арга хэмжээг авах ёстой байсан. Мөн дараа нь тогтоох боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийн шаардлага хангахгүй. Учир нь дараа тогтоох боломжгүй байсан бол тогтоох боломжгүй байсан зүйлээрээ нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндсэн шаардлагыг хангахгүй байгаа. Мөн алба хаагчид бэлгийн дарамт учруулсан асуудал нь Цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Энэ тухай Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д тодорхой заасан байдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолдоо тусгасан. Хэрвээ үнэхээр гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нь тогтоогдсон бол гагцхүү шүүхээс тогтоохоор заачихсан. Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлээд, шалгах бүрэн боломжтой байсан. Гэтэл тогтоогоогүй байж миний үйлчлүүлэгчийг ажлаас халсан” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Эгаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, цэргийн “дэд хураднаа” цол олгохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улсад ажилласан хугацааг нөхөн тооцуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Д.Э нь цагдаагийн байгууллагад 17 жил ажилласан байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сараас эхлэн тэрээр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Бат-Өлзий сумын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байжээ.

3.2. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын болон аймаг, орон нутгийн фэйсбүүк группүүдэд “Оогий Оогий” гэх хаягаас “... цагдаагийн хошууч Д.Э нь цагдаагийн газрын алба хаагчийг хүчирхийлэхийг завдаж биед нь гэмтэл учруулж, цааш хүмүүст хэлбэл ажлаас нь чөлөөлнө гэх зэргээр доромжилж байна ...” гэсэн нийтлэл тавигдсан байна.

3.3. Дээрх нийтлэлийн учир шалтгааныг тогтоолгохоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №20250420000025 дугаар “Албаны шалгалт явуулах удирдамж”-ын дагуу шалгалт явуулж, шалгалтын дүнг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, цагдаагийн хошууч Д.Эг цагдаагийн албанаас халах саналыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

3.4. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3, 2.3.4, 2.4.1, 2.5.1-д заасныг тус тус баримтлан 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон Д.Эг цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хошууч цолыг хураажээ.

3.5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан Д.Эгийн гомдолд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 04/2244 дүгээр албан бичгээр “... харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул шүүхэд хандана уу” гэснээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 69.1-д “Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно” гээд 69.1.1-д “хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах”, 69.1.2-т “албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.3-д “Энэ дүрмийг цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгон албаны нэр хүнд, алба хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахин биелүүлнэ”, 2.3.4-т “удирдах албан тушаалтан, алба хаагч, ажилтан нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх”, 2.4.1-д “хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа асуудалд нухацтай хандаж, өөртөө өндөр шаардлага тавьж, эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлэх”, 2.5.1-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан, олон нийтийн итгэлийг алдагдуулахуйц аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтийн дунд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” гэж тус тус заасан байна.

4.2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 120250420000025 дугаартай удирдамжийн дагуу явагдсан албаны шалгалтаар Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын Бат-Өлзий сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн цагдаа Д.Дгээр архи, согтууруулах ундаа авахуулсан, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Д.Дгийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн болох нь хүнсний дэлгүүрийн болон шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг, дансны хуулга, дансанд хийсэн үзлэг, гар утсанд хийсэн үзлэг, хохирогчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байх тул мөн үндэслэлээр Д.Эд цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

4.3. Нэхэмжлэгчээс “... тухайн зөрчлийн талаар эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн, шүүхийн шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэж шууд дүгнэж, ажлаас халж байгаа нь хууль бус” гэж тайлбарлах боловч Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” гэж зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагч нь бусад төрийн алба хаагчаас илүү өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, цагдаагийн албаны нэр хүнд, алба хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахин биелүүлэх учиртай.

4.4. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... шүүхийн эцсийн шийдвэрээр олон нийтийн цагдаагийн биед халдаж, бэлгийн дарамт учруулсан гэх үйлдэлдээ гэм буруутай нь тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэх боловч маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар тушаалд нэхэмжлэгч Д.Эг гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр бус, харин Цагдаагийн албаны тухай хууль, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн буюу цагдаагийн алба хаагчийн хувьд албаны нэр хүнд, алба хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдлэх, сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.5. Түүнчлэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.2.1-д “алба хаагч нь хувийн болон нийгмийн амьдралдаа нэр төртэй, үнэнч, зарчимч, хүндлэл төрүүлэхүйц байдлыг эрхэмлэж байх” гэж зааснаар цагдаагийн алба хаагч нь шударга байх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хариуцлагатай байх зарчмыг хувийн амьдралдаа ч хэрэгжүүлэх ёстой тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “… Д.Д болон Д.Э нарын хувьд хувийн харилцаатай байсан. Ажлын бус өдөр, ажлын бус цагаар энгийн хувцастай алба хаагчид хоорондоо уулзах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зүйлийг хориглосон талаар Цагдаагийн байгууллагын тухай хууль болон цагдаагийн байгууллагын ёс зүй, сахилгын дүрэмд зөрчсөн зүйл байдаггүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ