| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0202/Э/ |
| Дугаар | 189 |
| Огноо | 2012-10-12 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0202/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Уянга,
улсын яллагч хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгч Н.Н.А-, Э.Э.З- тэдгээрийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт -Н.А-, -овогт - Э.З- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000402 дугаартай хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, -Н.А- /РД:/ 1983 оны 12 дугаар сарын 04-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй гэх, ********** ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ************* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол улсын иргэн, -овогт - Э.З- /РД:/ 1987 оны 5 дугаар сарын 10-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********** харуулаар ажилладаг, ам бүл 3, эх дүүгийн хамт ************** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Н.Н.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангай” зочид буудлын 201 тоот өрөөнд Н.Н.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар шүүгдэгч Э.Э.З-тай бүлэглэн Н.Н.Б-ыг зодож биед нь эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Н.А-, Э.З- нар 99.2 Шийтгэх тогтоол 189
Шүүгдэгч Н.Н.А- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “…2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа буугаад З-ын хамт Э.З-гийн хоносон Хангай зочид буудалд очсон. Ороод найз Б-г дуудсан. Буудлын өрөөнд 0,75 литрийн архи хувааж уусан. Б- ирэхдээ Н.Б-тай ирсэн. Тэгээд дахиад нэг шил 0,75 литрийн архиийг хувааж уусан. З-, Б- нар хоол авчирна гээд явсан. Би согтуурхаад Н.Б-ыг охин минь гэж хэлсэн. Н.Б- Э.З- бид 3-ын хооронд маргаан үүссэн. Тэгээд би Н.Б-ыг 3 удаа цохиж, нэг өшиглөсөн. Э.З- хажуунаас орж ирээд хоёр өшиглөсөн. Үйлчлэгч орж ирээд салгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч Э.Э.З- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 6 дугаар сарын 21-нд Хангай зочид буудалд хоночихоод маргааш өглөө нь З-, Н.А- нар ирсэн. Н.Б-, Б- нар ирсэн. Тэгээд З-, Б- нар хоолонд орсон. Н.Б- эхлээд Н.А-ийг алгадсан. Тэгэхээр нь Н.А- зөрүүлээд нүүр рүү цохьсон. Би найзыгаа өмөөрөөд 2 удаа Н.Б-ын бөгс рүү нь өшиглөсөн. Миний буруу би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Хохирогч Н.Н.Б-ын мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 570 дугаартай дүгнэлт /хэргийн 27 дугаар тал/,
Гэрч Ц.Ц.Ч-, Б.Б.М-, Т.З-, Б.Б- нарын мэдүүлгүүд /хэргийн 21, 22, 23, 24 дүгээр талууд/,
Н.Н.А- нь - дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 53 дугаар тал/,
Э.Э.З- нь - багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 54 дүгээр тал/,
шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55, 56 дугаар талууд/ зэрэг нотлох баримтууд болно.
хохирогч Н.Н.Б-ын “би 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бирж дээр найз Б-тай тааралдсан. Хоёулаа хамт Хангай зочид буудалд орчихоод ирье тэнд Х- З- хоёр хамт байна гэж байсан. Х-, З-, З- нар 0,75 литрийн архи ууж байсан. Би орохдоо 0,75 литрийн архи авсан байсан. Авчирсан архиа гаргаж бид 5 хувааж уусан, З-, Б- хоёр хоол авч ирнэ гээд гараад явсан хойгуур Х- намайг гэнэт охин минь чи хэзээ ийм болчихсон юм гэсэн. Тэгэхээр нь юу гэсэн үг юм бэ гэхэд чи шоронд ажилладаг байж мэддэггүй юм уу гэсэн. Чи зүгээр байгаарай гэхэд ширээн дээр байсан стаканаар баруун талын хөмсөг рүү цохьсон. Энэ үед Э.З- хүрч ирээд миний толгойны баруун талын хөмсөг рүү өшиглөсөн. Намайг доошоо тонгойход Э.З- дахиад нэг удаа өшиглөсөн. А- миний зүүн нүд рүү өшиглөсөн“ гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 570 дугаартай дүгнэлтэд Б.Н.Б-ын биед тархи доргилт, баруун хөмсгөн дэх шарх, зүүн нүдний зовхи, дээд уруулын цус хуралт, хуйхны няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 27 дугаар тал/,
гэрч Ц.Ц.Ч-ы “2012 оны 6 дугаар сарын 22-нны өдөр намайг доод давхарт юм цэвэрлэж байтал манай буудлынхан 201 тоотод зодоон болж байна гэсэн. Тэгээд яваад ортол нэг танихгүй залуугийн баруун дээд нүдний тэндээс цус гоожчихсон орон дээр сууж байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр тал/,
гэрч Б.Б.М-ын “би тухайн үед Хангай зочид буудлыг хариуцан ажиллаж байсан. Манай дээр буяны ажлын цайллага болоод би их завгүй байж байтал 201 тоотод зодоон болоод байна гэсэн. Өрөө рүү яваад ороход нэг танихгүй залуугийн нүүрний хэсгээр нь цус болсон мөн хажууд нь 2 залуу байсан. Энэ хоёр залуугийн нэг нь 201 тоотод хоносон шар залуу байсан. Дөнгөж зодоон болоод байна гэж сонсоод 201 тоот өрөөнд ороход нөгөө хоносон шар залуу нүүрэн хэсэгтээ цус болсон залуутай зууралдаж байснаа намайг юу болов гэхэд салсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар тал/,
гэрч Т.З-ын “...намайг өрөөнд эргээд иртэл Н.Б-ын нүүр цус болчихсон З-, Н.А- 2 хажуугийн орон дээр сууж байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дугаар тал/,
гэрч Б.Б-гийн “...З- бид 2 гаднаас мөнгө олж хоол авч ирнэ гээд гарч яваад З-гоор гэртээ хүргүүлсэн. Гэрт ирэхэд Э.З- манайд ирээд унтаж байсан. Эхнэрээсээ асуухад Э.З- гэрт согтуу орж ирээд тасарчихсан гэсэн. Тэгээд 20 цагийн үед манай эхнэрийн дугаар руу Н.Б- залгаад Э.З-, Х- 2 чинь намайг нийлээд зодчихлоо найз нь эмнэлэг дээр оёдол тавиулчихаад гэртээ хэвтэж байна “ гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/ болон хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н.А- нь иргэн Б.Н.Б-ыг “охин минь” гэж дуудсанаас болж маргалдан улмаар шүүгдэгч Э.Э.З-тай бүлэглэн Б.Н.Б-ын эрх, эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан тул тэдгээрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Н.А-, Э.Э.З- нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тодорхой ажил төрөл эрхэлдэг, хохирогч Б.Н.Б- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь согтуугаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг ял хүндрүүлэн үзэх, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг арилгасаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. -Н.А-, -овогт - Э.З- нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч - Н.А-т 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч - Э.З-д 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Н.Н.А-, Э.Э.З- нарт анхааруулсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Н.А-, Э.Э.З- нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР