Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 00033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1978 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, * тоотод оршин суух, /*, утас:*, */ Ёндон овогт Дэмбэрэлийн Гын хүсэлттэй

 

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Ш.Цтой 2004 онд танилцаад 2005 онд нэг гэрт орж хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү О, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү Отгобаяр нар төрсөн. Ш.Ц нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт нас барсан. Иймд хүүхдүүд маань ааваараа овоглосон боловч эцэг тогтоолгох шаардлага бий болоод байна. Иймд хүүхдүүдийн эцгээр Ш.Цийг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д.Гын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч Д.Г нь Ш.Цтой 2004 онд танилцаад 2005 оноос 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нэг гэрт хамтын амьдралтай байсан нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү Ц.О, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү Ц.Об нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байх бөгөөд Д.Г, Ш.Ц нар нь хамтын амьдралтай байх хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлж баталгаажуулаагүй байсан байна.

Ш.Ц нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан болох нь №1100000449 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх ба хүү Ц.О, хүү Ц.Об нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл Д.Г, Ш.Ц нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, хүү Ц.О, хүү Ц.Об нарын төрсний гэрчилгээг авахдаа эцэг Ш.Цоор овоглосон байх боловч шүүхээр эцэг тогтоолгох шаардлага үүссэн, мөн гэрлэлтээ бүртгүүлээгүй байснаас олгогдох боломжгүй байдалд хүрсэн байна.

Иймд Д.Гын гаргасан 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ц.О, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Ц.Об нарын эцгээр Базар овогт Шаравын Цийг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ц.О, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Ц.Об нарын эцгээр /*/ Базар овогт Шаравын Цийг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.