| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 188/2020/0131/Э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | оролцоогүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 552
188/2020/0131/Э
2020 05 05 2020/ДШМ/552
Б.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.А-т холбогдох эрүүгийн 1907000000145 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н- дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Багахангай, Н- дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,
Багахангай, Н- дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,
Багахангай, Н- дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан;
Б.А- нь:
1. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утасны засварын газраас “Асег” загварын notebook-г хулгайлан авч, Г.***т 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Н.Б-атай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө Н- дүүргийн **** тоотод эсгий урлалын үйл ажиллагаа явуулж байсан орон байранд хууль бусаар нэвтэрч, 88.000 төгрөгийн үнэтэй эсгийгээр хийсэн аппаратны гэр 8 ширхэг, 240.000 төгрөгийн үнэтэй 40X40 см хэмжээтэй дэрний уут 30 ширхэг, 68.000 төгрөгийн үнэтэй 50Х50см хэмжээтэй дэрний уут 8 ширхэг, 36.000 төгрөгийн үнэтэй 60X60 см хэмжээтэй том дэрний уут 4 ширхэг, 220.000 төгрөгийн үнэтэй хөлний углааш 20 ширхэг /хос/, 273.600 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний жижиг цүнх 9 ширхэг, 45.600 төгрөгийн үнэтэй жижиг цүнх 15 ширхэг, 432.000 төгрөгийн үнэтэй том зоосны уут 48 ширхэг, 228.000 төгрөгийн үнэтэй жижиг зоосны уут 30 ширхэг, 512,000 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүний сав 32 ширхэг, 720.000 төгрөгийн үнэтэй аяганы суурь 120 ширхэг, 22.000 төгрөгийн үнэтэй утасны гэр 2 ширхэг, 48.640 төгрөгийн үнэтэй том цүнх 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй бөөрөнхий тавагны суурь 1 ширхэг, 80.000 төгрөгийн үнэтэй аравчаар хийсэн тавагны суурь 4 ширхэг, 235.000 төгрөгийн үнэтэй тавагны суурь 15 ширхэг, 334.400 төгрөгийн үнэтэй наалддаг таваг 22 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, А.Б-д 4.063.640 төгрөгийн хохирол учруулсан,
3. Э.Ч-тай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 15-наас 18-ны өдрийн хооронд Н- дүүргийн - тоотод байрлах иргэн Г.****гийн гэрийн тагтаар хууль бусаар нэвтэрч, шүрэн толгойтой гартааман хөөрөг, дайлан, ээмэг, дээл, куртик, пүүз, үнэртэй ус, хайлуулсан алт, ээмэг бөгж, кулоны хослол, кулон, өмд, гар утас, отверкны цуглуулга, навчин тамхи зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.904.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах талх чихрийн ---- тоотод байрлах иргэн Б.****ий байшингийн вакум цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч, 2.000.000 төгрөгийн үнэтэй “Аррlе” загварын гар утас 1 ширхэг, 250.000 төгрөгийн хар өнгийн Ipad 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй Жи мобайлын хар өнгийн товчтой гар утас 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн богино хавар, намрын арьсан эмэгтэй хүний гутал 1 ширхэг, 25.000 төгрөгийн үнэтэй 13 размерийн эмэгтэй хүүхдийн үстэй өвлийн гутал 1 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 2.605.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2018 оны 5 дугаар сарын 1-нээс 3-ны өдрийн хооронд Н- дүүргийн 2 дугаар хороо, **** тоотод байрлах иргэн Г.****ын байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг ташуур, 1 ширхэг бугуйл, 2 ширхэг хазаар, 1 ширхэг чөдөр зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 515.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр согтуугаар дүүргийн тоотод байрлах иргэн Д.****ын гэрт ороод гарахдаа, иргэн Б.****ийн монетон бөгж, гинж, кулон зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 429.200 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн ***** тоотод байрлах иргэн Ч.****ийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 196.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн - тоотод байрлах иргэн Н.****гийн хүн байнга амьдрах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч, “Monel” загварын 40 инчийн зурагтыг хулгайлан авч, 501.195 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоотод байрлах иргэн Б.****ын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “Toshiba” загварын 42 инчийн хар өнгийн зурагт, Univision, Skymedia-н төхөөрөмж, даваа толгойтой үзмэн ягаан өнгийн тархи манан чулуун хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 884.970 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбайн орчимд байрлах машины зогсоолоос “мөнгө солиулаад өгнө, хүнтэй яриадахья” гэж хэлээд иргэн О.****ын “Samsung S6 plus” загварын гар утсыг, иргэн Б.****ий “IPhоnе 6” загварын гар утсыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан 754.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Үнэгүй.мн сайтад “3 өрөө байр түрээслэнэ” гэж хуурамч зар тавин зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Б.****ээс ХААН банкны дугаарын дансаар 2.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
12. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 14 цагийн орчимд Н- дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.****ийн ***** УБА улсын дугаартай “Toyota prius 10” загварын тээврийн хэрэгсэл, биет 80.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн,
13. 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 08 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н- дүүргийн 2 дугаар хороо, ******** тоотод иргэн *** маргалдан хутга барин далайж амь насыг нь хохироохыг завдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулж, улмаар зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэгт үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Н-, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилж, А-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Б.А-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 779 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.А-аас 1.904.000 төгрөг гаргуулж хохирогч нарт тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий цагаан өнгийн диск 1 ширхэг, 1 гб багтаамжтай 1 ширхэг мемори карт зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Г.***ын 800.000 төгрөгийн, хохирогч А.Б-ы 4.063.640 төгрөгийн, хохирогч Г.****ын 515.000 төгрөгийн хохирлууд биет байдлаар буцаан олгогдсон, хохирогч Б.**** үнэлэгдээгүй эд зүйлсээ, хохирогч Г.Нямдорж цаашид гарах эрүүл мэндийн зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлдсэн хэргүүдэд хохирогчоор тогтоосон хүмүүсийн мэдүүлэг зөрүүтэй бөгөөд хулгайлж аваагүй эд зүйлсийг авсан болгон хохирлын хэмжээг бодит байдлаас хэт давуулан үнэлж тогтоосон. Би хулгайлсан эд зүйлээ үйлдэл бүрээр нь үнэн зөв мэдүүлсээр байтал хохирогчийн хулгайд алдсан гэх эд зүйл хохирогчид болон өмнө гэрт нь байсан эсэх талаар тогтоолгүй зөвхөн хохирогчийн мэдүүлэг, гомдлоор хохиролд тооцон, хохирлын хэмжээг тогтоосон. Н- дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад Оюунболор надад холбогдуулан хэрэг бүртгэлтийн 190700322 дугаартай хэрэг үүсгэсэн. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч Ц.Дорж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байхад прокурор орхигдуулан яллаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би хулгай, дээрэм, залилангийн бүх үйлдэлд хамтран оролцсон хүмүүс болох Ч-, **** нарын талаар мэдүүлсээр байсан. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шатанд дээрх нэр бүхий хүмүүсийг хэргийн гадна үлдээж ял завших боломж олгоод байна.
Шийтгэх тогтоолын дарааллаар:
1. Хохирогч Г.***ын хохирлыг барагдуулж гомдол саналгүй болсон.
2. Хохирогч А.Болысханы хохирлыг барагдуулж төлөх төлбөргүй болсон.
3. Ч-тай хамтарч хохирогч Г.****гийн гэрээс авсан зүйл “Даваа толгойтой мөнгөн халбагатай гартааман хөөрөг, эрэгтэй савхин куртик, 2 ширхэг android гар утас, отверкны цуглуулга”, “ Аваагүй зүйлс: Шүрэн толгой алтан нуух (хөөрөгний) хайлуулсан алт, эмэгтэй хүний пүүз, үнэртэй ус, ээмэг, бөгж, кулон, навчин тамхи зэрэг”.
Би шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг аваагүй, авсан бол шүрэн толгой алтан нуухыг нь таньж мэдэхгүйгээр “ТҮЦ”-д 30.000 төгрөгөөр зарахгүй, шүрэн толгой, алтан нуухыг таньж ялгаж мэднэ. Мөн би хохирогчийн мэдүүлээд байгаа шиг хайлуулсан алт, шүрэн толгой алтан нуухтай хөөрөг аваагүй байхад авсан болгож байна. Хэрэв авсан бол юу гэж эмэгтэй пүүз, энэ тэр зүйл авах билээ. Авсан эд зүйлээ үнэн зөв мэдүүлж бичсэн.
4. Эрдэнэхүүтэй хамтарч хохирогч Б.****ий гэрээс “зөөврийн компьютер, G mobile-н гар утас, шоколадны цуглуулга” авсан. Харин “хар өнгийн Ipod, 2.000.000 төгрөгийн гутал” зэргийг аваагүй. Дээр дурдсанчлан хохирлын эд зүйлс хохирлын хэмжээ зөрүүтэй байгаа юм.
5. Хохирогч Г.****ын гэрээс би хулгай хийгээгүй. Бөгөө, Содоо, Энгүүнээ нар хулгайлсан байсныг би хот руу хүргэж өгөх гэж яваад цагдаад баригдаж эзэнд нь эд зүйлийг нь буцаан өгсөн.
6. Хохирогч гэх Д.**** худал мэдүүлэг өгч гүтгэсэнд гомдолтой байна. Би Д.****тай хамт архи ууж байгаад согтчихсон байхаар нь эхнэр Б.****т нь хэлэхэд “намайг гэрт хүргээд өгчих” гээд гэрийн түлхүүрээ өгсөн. Д.****ыг хүргэж өгөөд гэрт нь байж байхад дүү С нь ирсэн. Насанд хүрээгүй гэрч Сэрчмаагийн “нөгөө танихгүй ах, манай ах, эгч нарын өрөөнөөс гарч ирж байгаа харагдсан” гэх мэдүүлгээр хэрэгт хамааруулж байна. Уг айл том, жижиг 2 өрөөтэй, том өрөөг нь Сэрчмаа гэх дүү нь цэвэрлэж байсан болохоор би ****ыг хүлээнгээ 00-н өрөөнөөс гарч ирэхээр нь зөрж ороод бие засчихаад гараад явсан байдаг. Гэтэл **** мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгч, намайг тэр ээмэг, бөгжийг ломбарданд тавьсан болгон худал ярьсан. Энэ мэт ямар ч нотлох баримтгүйгээр хэрэг тулгаж байна.
7. Хохирогч Б.**** гэх залуу худал мэдүүлэг өгч “Nokia” загварын гар утас авсныг “Iphone 6s” загварын гар утас авсан болгож мэдүүлсэн байсан. Миний авсан “Nokia” загварын гар утсыг уг хэрэг гарснаас 3 хоногийн дараа Н- дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ахмад Тэлмэнд хураалгасан. Одоог хүртэл гар утас нь байгаа.
8. Хохирогч Н.****ийн хувьд би амыг нь битүүлж, амьсгаа хоолойг нь боосон үйлдэл гаргаагүй, биед нь хүрч халдаагүй, айлган сүрдүүлж машиныг унаж явсан. Хохирогчид машиныг нь эвдрэл гэмтэлгүй, 80.000 төгрөгийн хамт буцаан өгсөн.
9. Хохирогч Ч.****ийн гэрээс хулгай хийхийг Сэвжидбаяр санаачилж, Лхадорж өөрийн хажуу талын айлыг зааж өгөн хаалгыг нь эвдэж орж зурагтыг нь хулгайлан Сэвжидбаярын таньдаг эмэгтэй Доогийд өгсөн. Би анхны байцаалтан дээрээ” Доогий гэх эмэгтэйг танина, зурагтыг эргүүлэн авч хохирогчид өгөх” талаар байцаагчид хэлсэн боловч хүлээн аваагүй.
10. Хохирогч А.****ын гэрээс ****тэй хамтарч хулгайлсан эд зүйлээ ****ий УБН улсын дугаартай машинаар зөөвөрлөж зурагтыг нь ломбарданд тавьж мөнгөөр нь ****ий машины зээлийг банкинд төлсөн. **** анхнаасаа хамт хулгай хийж зээл төлөхөд туслахыг хүссэн. Тиймээс **** хохирлыг төлөх ёстой гэж үзэж байна. Хохирогч Б.****ынхоос зурагт, Юнивишн, Скаймедиа-н төхөөрөмж хулгайлсан. Харин зургийн цомог, даваа толгойтой үзмэн ягаан өнгийн тархи манан хөөрөг зэргийг аваагүй.
11. Хохирогч Сарнай гэх эмэгтэйг би сайн таньдаг. Учир нь Н.****гийн гэрээс О хамтарч зурагт хулгайлан*******гийн найз Сарнайд өгсөн боловч мөнгийг нь авч чадаагүй. Зурагтыг нь эргүүлэн авч хохирогчид буцаан өгөх талаар мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэлж, хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.
12. ХЭнэ талаар би эхний байцаалтдаа хэлсэн.
13. Хохирогч*******той муудалцаж хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн боловч дээрэмдсэн зүйлгүй. Хохирогч Г.Нямдорж намайг гүтгэж олон эд зүйлийг нь хулгайлсан болгож мэдүүлсэн. Мөн хохирогчийн гэрт үзлэг хийхдээ буруу буюу миний хүрээгүй тавилга эд хогшлыг онгойлгож нээн зураг авч бэхжүүлсэн байдаг. Эд зүйлд намайг хүрсэн гэх нотлох баримт, хурууны хээ юу ч байхгүй бөгөөд зурагнууд нь худал.
Миний бие дээрх бүх үйлдлээ мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа мэдүүлж байсан боловч 2019 оны 8 дугаар сард Н- дүүргийн хяналтын прокурор Батбаяр намайг дуудаж “чи бүх хэргээ ганцаараа авснаар мэдүүлэг байцаалт өгчих. Би чиний цагдан хоригдсон 2 жил дээр чинь 2 жил өгөхөөр яллъя” гэж санал болгоход би зөвшөөрч мэдүүлгээ өөрчлөн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл гэмт хэргээ ганцаараа үйлдсэнээр мэдүүлэг өгсөн. Гэтэл хяналтын прокурор солигдож хэргийн зүйлчлэл хүндэрч миний эрх зүйн байдлыг дордуулсан. Дээрх гэмт хэргүүд 2016 оноос хойш шалгагдаж эхэлснээр мөрдөн байцаагч 6 удаа, хяналтын прокурор 9 удаа өөрчлөгдөн солигдож, хэргүүдийг шалгаж нотлох шаардлагатай зүйлүүдийг орхигдуулсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. “Багахангай, Н- дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бавуугийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан захирамжийн заалт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Пүрэвсүрэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн захирамжийн заалтуудыг биелүүлээгүй, ямар ч мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүйгээр хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэн шүүхэд шилжүүлсэн. Мөн дээрх шүүх хуралдаанд оролцогчид байсан нотлох баримт болох хохирогч Б.****ий гэрээс 2 хүн хулгай хийж буй камерын бичлэг 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Н.Мөнх-Оргил ирж хавтаст хэрэгтэй танилцуулахад тухайн үеийн бичлэг алга болсон байсан. Уг бичлэг алга болсон талаар шүүх хуралдаан дээр хэлсэн. Мөн хэргийн асуудлыг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрч нарыг оролцуулж мэдүүлэг байцаалт авах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Би анхан шатны шүүх хуралдаанд дээрх асуудлуудыг тусгасан хүсэлтээ бичгээр гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй, өөрийн биеэр асуудлаа сайн мэдэж тайлбарлаж үг хэлэх боломж олголгүй эцэслэн шийдвэр гаргасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхээс томилж өгсөн өмгөөлөгч Отгонбаатар нь шүүх хурал дээр үг хэлж тайлбарлахгүй байсаар шүүх эцэслэн шийдвэрээ гаргасан. Шийтгэх тогтоолд шүүх хуралдаан дээр миний хэлсэн үгнээс зөрүүтэй, мөн хэргийг үйлдсэн он, сар, өдөр, цаг хугацааны хувьд алдаатай тусгагдсан байсан. Энэ мэт дээрх асуудлууд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг” ноцтой зөрчиж миний эрх зүйн байдлыг улам дордуулж байна. Дээрх асуудлын талаар 2016 оноос хойш маш олон удаа өргөдөл, гомдол, бичгээр гаргаж байсан нь хавтас хэрэгт байгаа. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байгаа боловч өөрийн хийгээгүй үйлдлээ эс зөвшөөрч үнэн зөв тогтоолгох, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүмүүсийг хуулийн хүрээнд шалгуулж хохирлыг хэмжээг бодитоор гаргуулж, хохирлоо хувааж төлөхийн тулд энэ хүсэлтийг гаргасан болно. Иймд хэргийг тал бүрээс нь сайтар нягтлан судалж, мөрдөн байцаалтын шатанд өгсөн анхан шатны мэдүүлгүүдийг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Б.А- яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Б.****ий гэрт орж эд зүйл авахдаа Эрдэнэхүүгийн хамт орсон, хохирогч Г.****ын гэрт ороогүй, Сод, Э бид 3 уулзаад сууж байхад Содоо яваад ирье гэж яваад нэг цаг орчим болоод ирэхдээ хазаар, ташуур гэх мэт зүйлсийг авчирсан” гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч А-ийн “хохирогч Б.****ий гэрт орж эд зүйл авахдаа Эрдэнэхүүгийн хамт орсон эсэх асуудлыг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурор 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор /10хх 1-2/ хангаж шийдвэрлэсэн боловч мөрдөгч шалгаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.А- “хохирогч Г.****ын гэрт ороогүй. Содоо, Энгүүн бид 3 уулзаад сууж байхад Содоо яваад ирье гэж яваад нэг цаг орчим болоод ирэхдээ хазаар, ташуур гэх зүйлсийг авчирсан” гэж мэдүүлснийг шүүх хүлээн авч /7хх 107-108/ хэргийг прокурорт буцаасан боловч шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй. Дээрх шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх зүйлчлэлийг хүндрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.А- мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “хохирогч ****э гэх хүнээс авсан, эгч Цэндс дансанд орсон 2.100.000 төгрөг, 700.000 төгрөгийг Хүрэлээтэй хувааж авсан. Тэр 700.000 төгрөгийг өөр хүн хийсэн юм байна лээ, хэн гэж хүнээс авсныг би мэдэхгүй. Би компьютер ашиглан интернэт орж мэдэхгүй. Хүрэлээ карт олоод өг гэхээр нь эгч Цэндсүрэнгийн картыг гуйж аваад Хүрэлээд өгсөн. 2.800.000 төгрөгийг тэнцүү хувааж авсан энэ хэргийг шалгаж, Хүрлээгийн авсан 1.400.000 төгрөгийг төлүүлмээр байна” гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн энэ мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Цэндсүрэнгийн “А-тай хамт намхан, бор хүрэн куртиктэй залуу явсан. Тэр 2 миний виза картыг аваад гадагш гараад явсан” гэх мэдүүлэг /11хх 145-146/, мөн иргэн Г.Цэндсүрэнгийн хаан банкны харилцах дансны депозит хуулга /11хх 160/ зэргийг үндэслэн нотлох баримтаар тогтоох боломжтой байхад шүүх зөвхөн шүүгдэгч Б.А-аас хохирогч Б.****эд 2.100.000 төгрөгийг олгуулж, 700.000 төгрөгийн асуудлыг орхигдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Шүүх Б.А-ийг хохирогч Н.****ийг машинаа жолоодож явахад араас нь хоолойг нь боомилж, “ална шүү чимээгүй байгаараа, үгэнд орохгүй бол хохь чинь шүү” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хангаж байна гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 9 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлан нийт 11.899.005 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбайн орчимд байрлах машины зогсоолоос “мөнгө солиулаад өгнө, хүнтэй яриадахья” гэж хэлэн иргэн О.****ын “Samsung S6 plus” загварын гар утсыг, иргэн Б.****ий “IPhоnе 6” загварын гар утсыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, 754.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Үнэгүй.мн сайтад “3 өрөө байр түрээслэнэ” гэж хуурамч зар тавин зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Б.****ээс ХААН банкны дугаарын дансаар 2.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан тус тус гэмт хэрэг,
2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 14 цагийн орчимд Н- дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.****ийн **** УБА улсын дугаартай “Toyota prius 10” загварын тээврийн хэрэгсэл, биет 80.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг,
2019 оны 10 дугаар сарын 9-ний өглөө 08 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н- дүүргийн 2 дугаар хороо тоотод иргэн Г.---йг “одоо чи харь, би хүүхдээ авахаар гарлаа” гэснээс болж маргалдан түүний толгойн тус газар нь архины шилээр цохиж, баруун гарын бугуйн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, баруун шууны бугуй татагч, шөрмөсний тасрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, улмаар гэрт нь байсан цагаан маман хөөрөг, Самсунг нөүт-4 загварын гар утас, ХВОХ загварын 4 ширхэг тоглоомыг гарны хамт хүч хэрэглэн дээрэмдэн авсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Б-ы “...гараар урлаж зардаг байсан эсгийгээр урласан эд зүйлсээ алдсан . ...” /1хх 138-140/, /1хх 147-148/,
хохирогч Г.***ын “...Улаанбаатар хотруу явчихаад ирэхэд notebook алга болсон байсан. ...” /2хх 249-250/, /3хх 1/,
хохирогч Г.****гийн “...гэрээсээ хөөрөг, даалин, эмэгтэй хүний дөрвөлжин хээтэй талсттай алтан ээмэг 5.96 сорьцтой, эрэгтэй монгол урт саарал даавуун мөнгөн товчтой дээл, эрэгтэй том савхин куртик, элгэн пүүз, үнэртэй ус, эрэгтэй цагаан алтан бөгж, 1 грамм хайлуулсан алт, эмэгтэй хүний ээмэг, бөгж, кулоны хамт мөнгөн хослол, цэнхэр чулуун шигтгээтэй усан цэнхэр кулон, нэхий өмд, гар утас, навчин тамхи зэрэг нь алдагдсан эд зүйлсээ алдсан. ... ” /3хх 68-69/, /3хх 70-71/, /3хх 72-74/,
хохирогч Б.****ий “...гэрээсээ Аррlе загварын гар утас, хар өнгийн I Роd, Жи мобайлын хар өнгийн товчтой гар утас, хавар, намрын арьсан гутал, хүүхдийн үстэй өвлийн гутал, Swarovski шигтгээтэй бөгж, “Мicheal kors” брендийн 5 ширхэг цаг, Gucci, MK, Chanel брендийн 3 ширхэг хүзүүний зүүлт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан. ...” /3хх 243-244/,
хохирогч Г.****ын “...байшингаасаа 4 ширхэг ташуур, 1 ширхэг бугуйл, 2 ширхэг хазаар, 1 ширхэг чөдөр зэрэг эд зүйлсээ алдсан. ...” /3хх 184-186/,
хохирогч Б.****ийн “...гэрээсээ монетон бөгж, ээмэг, кулон зэрэг эд зүйлсээ алдсан. ...” /3хх 159-161/,
хохирогч Б.****ын “...гэрээсээ 42 инчийн “Toshiba” загварын зурагт, Юнивишны төхөөрөмж, Скаймедиа төхөөрөмж, зургын цомог, даваа толгойтой, үзмэн ягаан өнгийн тархи манан хөөрөг зэрэг эд зүйлсээ алдсан. ...” /11хх 17-18/,
хохирогч Н.С-ын “...гэрээс зурагт алга болсон байсан. ...” /11хх 65-57/,
хохирогч Ч.****ийн “...гэрээсээ “Samsung” 32 инчийн хар өнгийн зурагтаа хулгайд алдсан. ...” /11хх 104-105/,
хохирогч О.****ын “... ****ий гар утсыг аваад чиний утсаар яриадхая гээд гарснаа удалгүй А- ганцаараа буцаж ирээд “камер сайтай утсаа өгчих” гэхээр нь би өөрийн “Samsung 6 plus” загварын гар утсаа өгсөн. ...” /4хх 47-49/,
хохирогч Б.****ий “...А- гэх залуу Н-аас Улаанбаатар хот руу явж байх замдаа ОХУ-ын мөнгөн дэвсгэрт рубль гаргаж ирээд өнөөдөр бүгдээрээ сайхан шоудах уу, би даая мөнгө байна гээд байсан учраас А-т итгэж утсаа өгсөн ...” /4хх 50-52/,
хохирогч Н.А-ын “...А- гэх залуу араас зүүн гараараа миний амыг битүүлж амьсгаа боох байдлаар дараад, баруун гараараа хоолойноос боогоод автомашинаа зогсоо гэхээр нь би зогсохгүй байсан чинь "аятайхан байхгүй бол ална шүү, одоо машинаа зогсоо” гэж захирангуй хэлээд гараа чангалаад амьсгал боогдуулаад машин зогсоолгосон. ...Тэгээд автомашинд өөр юу байна гээд голын хайрцганд түрийвчтэй байсан 80.000 төгрөгийг бүгдийг нь аваад түрийвчийг нь буцаагаад голын хайрцаг руу шидчихсэн. Тэгснээ миний утсыг батарейг нь салгаад гурван хэсэг болгосноо над руу чулуудаад миний машиныг жолоодоод Улаанбаатар хот чиглээд явсан, явсан. ...” /3хх 134/, /10хх 218-219/,
хохирогч Б.****ийн “...орой ажлаа тараад байраа үзье гээд мессежээр над руу 5749002433 дугаарын данс өгсөн, тэр данс руу мобайл банкаар 2.100.000 төгрөг шилжүүлчихээд 18 цагийн орчим нөгөө 89555502 дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. ...” /11хх 142/,
хохирогч Г.Н-ийн “...би “одоо ахын дүү яваа, би явж хүүхдээ авлаа” гэж хэлсэн чинь “та намайг хөөлөө” энэ тэр гээд ширээн дээр байсан архины шилийг аваад миний толгой руу цохисон. ...Шургуулганаас хар иштэй хутга бариад над руу далайгаад цохихоор нь би урдуур нь баруун гараараа хаасан чинь миний бугуйн хэсэгт зүссэн, аягаар хэд хэдэн удаа цохиод миний толгойг хагалсан. Тэгээд өрөөнүүдээр тойрч явж байгаад “карт чинь хаана байна, эхнэрийн чинь ээмэг бөгж хаана байна, хаанаа хийдэг юм бэ” гээд хайгаад байснаа зурагтны тавиур дээр байсан даваа толгойтой цагаан манан хөөрөг, “Samsung note4” загварын гар утас, ХВОХ-360 загварын тоглоом 4 ширхэг гартай хамт үүргэвчинд хийгээд аваад гарсан. ...” /11хх 179-182/,
иргэний нэхэмжлэгч А.Л-ын “...notebook-г хулгайлсан хүнийг камерын бичлэг үзээд гэрээс нь очиж барьж авсан. ...” /3хх 4-5/,
иргэний нэхэмжлэгч А.Д-ийн “...30 гаран насны залуу саарал өнгийн гартааман хөөрөг бас ногоон өнгийн хөөрөгний хэлбэртэй чулуу хоёрыг гаргаж үзүүлсэн. ...” /3хх 75-76/,
гэрч Ц.О-ийн “...би үзэж байгаад цүнх, дэрний уут, углаашийг тоолоод бусдыг нь худалдаж авсныхаа дараа тоолсон. 50.000 төгрөг өгчих гэхээр нь шууд өгөөд хоёр шуудай зүйлийг нь авсан. ...” /1хх 191-192/,
гэрч Ц.О-ийн “...эсгийгээр хийсэн шинэ зүйлүүд байна, хямдхан авчихаач гэхээр нь би эгч рүүгээ залгаад Б-атай цуг таксидаж яваад нэг найзынд нь очоод Б-а хоёр шуудайтай зүйл бариад гараад ирсэн. Тэгээд би эгч Оюунгэрэлийн утсыг өгөөд яваад өгсөн. ...” /1хх 193/,
гэрч Т.Ц-ын “...би юу вэ гэж гайхаад хажуу талын хуучин түмбүүшкийг онгойлгоход бас нэг шуудайтай зүйл байсан бас нээгээд үзэхэд бас эсгий урлалууд байсан. Би ээжрүү залгаад ямар учиртай зүйл болохыг асуухад ээж мэдэхгүй гэсэн. ...Маргааш нь Б-а ирсэнээ наад зүйлүүдийг чинь А- ирээд хийчихсэн байна гэсэн. ...” /1хх 195-197/,
гэрч З.Н-ын “...таксинд явахаар зогсож байтал А- хар өнгийн үүргэвч үүрсэн миний машинд орж ирж суугаад ...“нөүтбүүк байна, хямдхан авчихаач” гэхээр нь “хулгайн юм биш биз” гэхэд “тийм юм байхгүй, Нэргүй ахынх байгаа юм” гэхээр нь үзэхэд зүгээр ажиллаж байсан. ...би 53.000 төгрөг өгөөд Буян-Н- худалдааны төвийн урд бууна гэхээр нь буулгасан. Маргааш өглөө нь 08 цагийн үед *** ирээд “А- чамд нөүтбүүк зарсан уу” гэхээр нь “тийм” гээд үзүүлэхэд “би нөүтбүүкээ өчигдөр гар утас засварын газраасаа алдсан, хэдэн төгрөгөөр авсан юм” гэхээр нь “60,000 төгрөгөөр зарсан” гэхэд надад 60,000 төгрөг халааснаасаа гаргаж өгөөд нөүтбүүкээ аваад явсан. ...” /3хх 6-7/,
гэрч Ж.Т-ын “...миний алдсан хөөрөг нь дунд гарын гартааман хөөрөг, шүрэн толгойтой, алтан нуухтай, элдэв хаж байхгүй, цагаан саарал өнгөтэй бөөрөн дээрээ 7-8 босоо судалтай, энгийн хээгүй, дүрсгүй мөнгөн халбагатай хөөрөг байсан. ...” /3хх 79-80/,
гэрч С.Г-ийн “...энэ миний Тэгшжаргалд өгсөн хөөрөг дүрээрээ мөн байна. ...” /3хх 81/,
гэрч Э.Ч-ын “...А- орж ирээд бүх эд зүйлсийг сандайчиж үзэж эхэлсэн, намайг наад хувцаснуудынхаа халаас болон дотор нь юм сайн үзээрэй гээд өөрөө бас ухаад явсан. ...ямар ч байсан хөөрөг авсныг нь харсан, учир нь тагийг нь онгойлгоход хулгана ороосон мөнгөн халбагатай харагдсан. Яг ямар хөөрөг гэдгийг нь мэдээгүй. ...Мөн зөндөө өөр өөр юмнууд хийсэн. ...” /3хх 86-87/,
гэрч Д.****ын “...А-тай утсаар ярьсан чинь би Улаанбаатар хотод байна, Н-ад очихоороо чиний юмыг ломбарданд тавьсан бичгээ өгчихье гэж байсан. Хаана аль ломбарданд тавьснаа огт хэлээгүй. ...” /3хх 163-164/,
гэрч Б.С-ийн “...нөгөө танихгүй ах манай ах, эгч хоёрын унтлагын өрөөнөөс гарч ирж байгаа харагдсан. ...нөгөө ах 00-ын өрөө зөрж орчихоод гараад явсан. ...” /3хх 165/,
гэрч Г.Д-ын “...зам дээр нэг эмэгтэй урд явж байсан автомашинуудын урдуур дайрагдах шахам гар өргөөд байхаар нь зогсоод юу болсон талаар асуухад “”миний машиныг хүн дээрэмдээд явчихлаа гээд нилээн айсан, цочирдсон байдалтай байсан. ...500 орчим метр яваад зам дээр хаалгыг нь онгойлгоод хаячихсан “Prius 11” загварын автомашин асаалттай орхичихсон байсан, уг эмэгтэй энэ миний машин байна гэсэн тул буугаад уг машин дээр очтол машин дотор хүн байгаагүй зугтаасан байсан, ...бид хоёр мөрөөр нь хөөж байгаад голын бургасан дунд усан дотор ороод мөчирнөөс барьчихсан нуугдсан байхаар нь орж барьж авсан. ...” /3хх 138-139/,
гэрч Б.М-ын “...Даваажаргал бид хоёр тэр залуугийн араас бараг 500 орчим метр газар хөөгөөд усан дотор толгойгоо гаргаад хэвтэж байсныг гол руу орж барьж авсан. ...” /3хх 140/,
гэрч Т.Б-ийн “...би ****ийг гадаад явсан талаар өөр хүнд огт хэлээгүй. Намайг тэдний гэрийг цэвэрлэж байгааг **** мэдэж байгаа. ...Гарын мөрөөр нэг хүн таарсан гэж ****ээс сонссон. Тэр хүн л хулгайлсан байх. Учир нь тэдний гэрээр нэг их хүн орж гардаггүй. ...” /3хх 249-250/,
гэрч Б.Т-ийн “...А- байхгүй байхаар нь ойр орчмоор нь хайгаад олоогүй нөгөө хоёр найз дээрээ очсон чинь А-ийг ирээд гар утсыг нь утсаар ярьчихаад ирье гээд авч явсан гэж байсан. ...Намайг орцонд байх хооронд надтай хамт явж байсан ****, Уянга нарын гар утсыг А- нь аваад явсан байсан юм. ...” /4хх 54/,
гэрч Х.Х-ын “...А- цаана АТМ-с мөнгө аваад байх шиг байсан. Тэгээд цаашаа явж гэрийнхээ гадаа очиход эгч нь байрныхаа гадаа байсан. А- гэрээсээ цүнхтэй хувцсаа аваад эгчдээ хэсэг 20.000 төгрөгийн дэвсгэрт өгч байсан гэрээсээ гараад явж байгаад надад тамхи аваад, хоолонд ороорой гээд 80.000 төгрөг өгсөн. ...Би, А- 89555502 утасны дугаартай байсан. А-аас утсаа аваад үзэхэд баахан сайт руу орсон байсан тэрийг нь шалгаж байхад Үнэгүй.мн сайт руу орж байрны түрээсийн талаар зар тавьсан байсан. ...” /11хх 143-144/,
гэрч Ч.Ц-ийн “...энэ хүүхэд гэртээ ирээд хот явах гэсэн юм унааны мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэсэн. Тэгсэн дансны дугаар, виза картаа өгчих манай найз мөнгө явуулна гэсэн гэхээр нь өөрийнхөө виза картыг өгсөн. ...” /11хх 145-146/,
гэрч Б.Г-ийн “...хаалгаа онгойлгоод орсон чинь манай нөхөр******* баруун гараа боогоод унтлагын өрөөнөөс гарч ирсэн. Тэрээр надад хэлэхдээ нэг бацаантай уулзаад архи уусан чинь миний гарыг хутгаар зүсчихлээ гэж хэлсэн. ...” /11хх 189/,
шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 71-72/, /3хх 9/, /3хх 194-195/, /6хх 150/, /11хх 86-88/, /11хх 118-120/ гэх мэдүүлгүүд,
алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 175/, /3хх 3/, /3хх 89-91/, /3хх 144/, /3хх 167/, /4хх 11/, /4хх 64/, /11хх 32/, /11хх 108-109/, /11хх 201/,
алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 133-134/, /3хх 64-65/, /3хх 188-189/, /11хх 177/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 136-137/,
“...адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд МN000ШШГ00055, 2512183, МN000410004810, 33367, МN000ШШГ00476, МN000ӨРШ02104, МN005210002665 дугаараар 7 удаа бүртгэгдсэн А- овогтой Батсүхийн /овог нэр солигдсон байж болно/ зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 4699 дугаартай дүгнэлт /4хх 3-4/,
“...шинжилгээнд ирүүлсэн 500 рубль гэх зүйлүүд жинхэнэ биш, төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглах боломжгүй бэлэг дурсгалын зориулалтаар хийсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3525 дугаартай дүгнэлт /4хх 57-58/,
“...Г.Н- биед баруун шуунд шарх, баруун шууны бугуй татагч шөрмөсний тасрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 08 шэ/616 дугаартай дүгнэлт /11хх 196/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.
Шүүгдэгч Б.А-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 12 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нар “...гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хүмүүсийг шалгаагүй, өөр гэмт хэрэгт шалгагдаж байхад нэгтгэж шалгалгүй эрх зүйн байдлыг нь дордуулж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.А-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Б.А-аас өөр хүн үйлдсэн гэж үзэх, мөн өөр хэрэгт шалгагдаж байгаа гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Хохирогч нарын хувьд өөрсдийн алдагдсан эд хөрөнгийн шинж, тоо хэмжээ, үнэ өртгийн талаар тодорхой мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон байх ба шүүгдэгч Б.А-т мөрдөн шалгах ажиллагааны үед эд зүйлийн үнэлгээг танилцуулахад гарын үсэг зурахаас татгалздаг хэдий ч алдагдсан эд хөрөнгийн тоо хэмжээ, үнэлгээг эс зөвшөөрч, гомдол, санал гаргаж байгаагүй байна.
Анхан шатны шүүх “...шүүгдэгч, хохирогч хоёр урьд орой нь хохирогчийн гэрт архи ууж хоносон, хохирогч хутгалуулсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон, хоёулаа байхад шүүгдэгч үйлдлээ үргэлжлүүлээгүй, гэрээс гарахдаа гарыг нь даавуугаар боож өгөөд гарсан, шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг таслан зогсоогдсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Завдах гэмт хэргийн объектив талын гол шинж бол шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаардах бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг гэмт хэргийг хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргээр зүйлчлэхээс гадна хутга хэрэглэж цус ихээр алдсан, эрүүл мэндэд нь удаан хугацааны зовиур шаналал үүсгэсэн. ...” гэж дүгнэн прокуророос Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг, түүнчлэн Б.А-т холбогдох хэргийг үйлдэл тус бүрээр нь зүйлчилж ирүүлснийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч Б.А-ийн Э.Ч-тай бүлэглэн иргэн Г.****гийн гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлийн хохирлыг Б.А-аас дангаар нь гаргуулсан байх тул 1.904.000 төгрөгийн хохирлыг Б.А-, Э.Ч- нараас хувь тэнцүүлэн буюу 1.904.000:2=952.000 төгрөгийг шүүгдэгч Б.А-аас гаргуулахаар, мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын “...гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хүмүүсийг шалгаагүй, өөр гэмт хэрэгт шалгагдаж байхад нэгтгэж шалгалгүй эрх зүйн байдлыг нь дордуулж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.А-ийн урьдчилан цагдан хоригдсон 779 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.А-ийн цагдан хоригдсон 785 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. ...” гэж,
6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.А-аас...1.904.000 төгрөг гаргуулж Н- дүүргийн *****тоотод оршин суух,***** регистрийн дугаартай Г.****д, ...тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.А-аас 952.000 төгрөг гаргуулж Н- дүүргийн ***** тоотод оршин суух, ************ регистрийн дугаартай Г.****д, ...тус тус олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН