Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2026/0361

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Л

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ, “У” ХК

Гуравдагч этгээд: “Э” ХХК, “Г” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийн 50 байршлаас “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII хурлын тэмдэглэлд заасан Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршлаас “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 1 дүгээр тэмдэглэлийн “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын баримт бичиг батлах тухай” А/22 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.8-ын 25, хоёрдугаар хавсралтын 2.11-ийн 25 дахь хэсэгт тус тус заасан “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 01 дүгээр дүгнэлтийн “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 15 дугаар тогтоолын “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК, “Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 дугаар гэрээний “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, “Т” ХХК-тай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0083 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч “У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээд “Э Жи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0369/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ, “У” ХК-д тус тус холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийн 50 байршлаас “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII хурлын тэмдэглэлд заасан Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршлаас “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 1 дүгээр тэмдэглэлийн “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын баримт бичиг батлах тухай” А/22 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.8-ын 25, хоёрдугаар хавсралтын 2.11-ийн 25 дахь хэсэгт тус тус заасан “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 01 дүгээр дүгнэлтийн “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 15 дугаар тогтоолын “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК, “Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 дугаар гэрээний “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, “Т” ХХК-тай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0083 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Сонгон шалгаруулалт оролцсон түншлэлийн оролцоо нь бодитоор хэрэгжиж байгаа эсэх дээр нэмэлт тайлбар хэлье. Нэгдүгээр хавтаст хэргийн 195 дугаар талд авагдсан ажлын хэсгийн дүгнэлт, 198 дугаар талд авагдсан төсөлд оролцох саналаас үзэхэд “Э Жи” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлийг сонгон шалгаруулах болсон гол үндсэн шалгуур нь хүний оролцоогүй цахим систем бүхий автозогсоол болон ухаалаг төлбөрийн шийдлийг нэвтрүүлэх санал байгаа. Энэхүү саналыг үндэслээд төсөл сонгон шалгаруулсан. Уг саналд “Э Жи” ХХК нь нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхээс заасан бол “Г” ХХК нь технологийн шинэчлэлтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тус тусдаа чиг үүргээ тодорхойлсон байдаг. Гэхдээ 2 дугаар хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан “Г” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт өнөөдрийн байдлаар “Г” ХХК нь “Э Ж” ХХК-тай шинээр компани үүсгэн байгуулаагүй. Энэхүү хэрэгт манай компани хууль эрх зүйн болоод үйл ажиллагааны хувьд ямар ч хамааралгүй гэсэн тайлбарыг шүүхэд мэдүүлсэн байдаг. Ийнхүү сонгон шалгаруулалтын гол давуу тал болсон өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "Т" ХХК-аас ялгарч байгаа гол онцлог болох технологийн шийдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий компани буюу “Г” ХХК нь үйл ажиллагаанд хамааралгүй, үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлж байгаа нь нэхэмжлэгч компанийн зүгээс сонгон шалгаруулалтын үр дүн бодитоор хэрэгжих эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Мөн захиргааны байгууллага хэрэгжих боломж нь тодорхойгүй саналд үндэслээд, шийдвэр гаргасан байж болзошгүй юм гэсэн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Нэгэнт нэгэнт түншлэлийг хэрэгжүүлж байгаа “Э Ж” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлээс “Г” ХХК нь гарч байгаа бол уг сонгон шалгаруулалтыг хийсэн анхны зорилго, ач холбогдол бүрэн алдагдаж байна гэж үзэж байна. Ийм учраас "Т" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ, “У” ХК-д тус тус холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийн 50 байршлаас “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII хурлын тэмдэглэлд заасан Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршлаас “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 1 дүгээр тэмдэглэлийн “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын баримт бичиг батлах тухай” А/22 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.8-ын 25, хоёрдугаар хавсралтын 2.11-ийн 25 дахь хэсэгт тус тус заасан “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 01 дүгээр дүгнэлтийн “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 15 дугаар тогтоолын “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “У” ХК, “Э” ХХК болон “Грейп Сити Монгол” ХХК-ийн түншлэлийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 дугаар гэрээний “Т” ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, “Т” ХХК-тай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх “Т” ХХК нь 2019 оноос Нийслэлийн автозамын хөгжлийн газар болон “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ-тай байгуулсан гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ж.Самбуугийн гудамж-32, “Блью Мон” төвийн зүүн талын байршил дахь нийтийн эзэмшлийн талбайг 35 автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж иржээ.

3.2. Ашиглалтын явцад гэрээг тус бүр 1 жилийн хугацаатай байгуулж, тухай бүр сунгуулж байсан байх ба сүүлд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-тай 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ТЗГ-2024/02 дугаартай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ”-г 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан байна.

3.3. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа зогсоолын менежмент, засвар, арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэж, “У” ХК-д шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгажээ.

3.4. Дээрх захирамжийн дагуу “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТГ-аас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1121 дүгээр албан бичгээр “Т” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ТЗГ-2024/02 дугаартай гэрээг мөн өдрөөр дуусгавар болгож байгааг мэдэгдэж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлээр маргаан бүхий газарт зогсоолын менежмент, засвар, арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан “Э” ХХК, “Г” ХХК нарын түншлэлтэй “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан талаар тус тус мэдэгджээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, 24.1.13-д “нийслэлийн авто зам, зогсоолын төлөвлөлт, байршил” гэж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 8.3.11-д “авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ” гэж тус тус заасан.

4.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зарим төслийн тухай” 53 дугаар тогтоолоор нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосны дагуу Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн 50 байршилд зогсоолын менежмент засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг “У” ХК-д үүрэг болгосон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

4.3. Дээрх шийдвэрийн хүрээнд “У” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулж, сонгон шалгаруулах урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг тус тус баталсан байх ба үүнд нэхэмжлэгчийн маргаж буй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ж.Сийн гудамж-32, “Б” төвийн зүүн талд байршилтай нийтийн эзэмшлийн талбай багтсан байна.

4.4. Улмаар нийслэлийн Засаг даргаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаар захирамжаар уг сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “У” ХК-д үүрэг болгожээ.

4.5. Дээрхээс үзвэл, “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргаас “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхийг “У” ХК-д үүрэг болгосон, үүний дагуу “У” ХК-иас нээлттэй сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулсан үйл ажиллагаа, үүнтэй холбоотой гарсан шийдвэр, захирамжууд нь хуульд үндэслэсэн, холбогдох журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

5. Нэхэмжлэгчээс “... Бид 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээтэйгээр авто зогсоолын үйл ажиллагааг явуулж байсан. 07 дугаар сард гэрээ сунгагдаад, хүчин төгөлдөр гэрээтэй байсан. 2024 онд ч хүчин төгөлдөр гэрээтэй байсан. Гэтэл танай компанийн байршил дээр нийтдээ нийтийн эзэмшлийн 50 байршилд сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа гэж хэн ч бидэнд мэдэгдээгүй. Захиргааны байгууллагаас зарууд авагдсан. Тухайн зард нийтийн эзэмшлийн 50 байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна гэдэг, манай байршлын тухай мэдээлэл огт байдаггүй” гэж тайлбарлах боловч төсөл сонгон шалгаруулах Ажлын хэсгээс сонгон шалгаруулалтын талаар Зууны мэдээ сонины 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 106, 6 дугаар сарын 16-ны өдрийн 119 дэх дугаарт нийтлүүлсэн, мэдээ, мэдээллийн Ulaan****.mn, today****.mn, in***.mn, time****.mn зэрэг сайтуудаар мэдээлж, мөн “У” нэртэй цахим хуудсанд байршуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ талаарх тайлбарыг хүлээж авах боломжгүй.

5.1. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн ... сонгон шалгаруулалтын журам эрх зүйн үйлчлэлгүй ... нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэжээ.

5.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах. Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” гэж заасан.

5.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, иргэн, хуулийн этгээдийн эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд захиргааны байгууллагаас тухайн этгээдийн итгэлийг хамгаалах боловч хэрэв уг харилцаа дуусгавар болсон бол энэ зарчим хэрэглэгдэхээргүй байх бөгөөд энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн маргаан бүхий талбайг 35 автомашины зогсоолын зориулалтаар ашиглах гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан буюу эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул уг компанийн хувьд итгэл хамгаалагдах үр дагавар үүссэн гэж үзэхгүй.

5.4. Мөн “У” ХК-иас нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Т” ХХК нь оролцох бүрэн боломжтой байсан боловч ийнхүү оролцоогүй, сонгон шалгаруулалтын журам болон сонгон шалгаруулах ажиллагаа нь нэхэмжлэгчид эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй буюу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

5.5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ