Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 123/ШШ2019/0033

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би Н Т ХХК-иас Төв аймгийн А сумын З Д холбогдуулан гаргасан Төв аймгийн А сумын З Д 2019 оны 08 сарын 13-ны өдрийн Б/172 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн А сумын З Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн А сумын З Д холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Төв аймгийн А сумын З Д 2019 оны 08 сарын 13-ны өдрийн Б/172 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч А сумын З Д 2019 оны 10 сарын 04-ний өдрийн Б/208 дугаар захирамжаар маргаан бүхий акт болох А сумын З Д Б/172 дугаар захирамжийг хүчингүй болгон захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Хариуцагч А сумын З Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг батлахад бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ямар нэгэн баримт үндэслэл тогтоогдохгүй, мөн энэ хэрэгт гуравдагч этгээд татан оролцоогүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн А сумын З Д холбогдох Төв аймгийн А сумын З Д2019 оны 08 сарын 13-ны өдрийн Б/172 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А сумын З Д хүлээн зөвшөөрснийг баталж, Н Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн А сумын З Д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 106 дахь хэсгүүдэд зааснаар шүүгчийн захирамжийг хэргийг оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Г.Шаравдоржид даалгасугай.

 

ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР