Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1495

 

Э.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00750 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “БД” ХХК-д холбогдох

 

Хөдөлмөрийн гэрээний үүрэгт 10 347 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

 

Ээлжийн амралтын олговрын зөрүүд 1 260 244 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.А

Хариуцагчийн өмгөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Э.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ч- нь “БД” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нөхөн төлбөрийн хэлтсийн захирлаар ажилласан. Ажиллах хугацаандаа нөхөн төлбөрийн албаны бүхий л үйл ажиллагаа болон даатгалын тохиолдол баталгаажуулах, шуурхай алба зэргийг удирдан зохион байгуулж ажиллаж, улмаар 2016 онд “БД” ХХК-ийн шилдэг хэлтсээр шалгарсан.

Хөдөлмөрийн гэрээний хавсралтад ажилтны гаргасан төлөвлөгөө, дэвшүүлсэн үр дүн, хэрэгжилт, санхүүгийн үр дүнгээс шалтгаалж цэвэр ашгийн 1 хувиар тооцож урамшуулал олгоно гэж заасан. “БД” ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайлангаар 1 тэрбум гаран төгрөгийн ашигтай ажилласан тул 1 хувийн урамшуулал нь 10 340 000 төгрөг болно. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч менежментийн багт 2016 оны урамшууллыг хуваарилсан гэдгийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Ингэхдээ 2016 оных байтал хариуцагч засвар оруулж 2017 он гэж бичсэн. 274 тоот тушаалаар 100 сая төгрөгийг менежментийн багт хуваарилсан. Э.Ч- захиралд олгох ёстой 1 хувийн урамшуулал 10 сая төгрөгийг нөхөн төлбөрийн хэлтсийн ажилтан н.Уртнасан, н.Бат-Эрдэнэ, н.Батболд, н.Батчимэг нарт хуваарилсан. Сахилгын шийтгэлийн ногдуулсан тухай 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/179 тоот тушаалыг хариуцагч нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Ажиллаж байх хугацаанд дүгнээгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэрчүүдээр дүгнүүлсэн нь үндэслэлгүй. Гэрч н.Уртнасан нь “захирал ажлынхаа хувьд чадвартай, сайн байсан” гэсэн. Бусадтай зодолдсон талаар гэрчүүд  мэдээгүй. Ажилд ороод 5-6 хоног өрөөнд татаж байсан нь үнэн, тэгээд гадаа гарч татдаг болсон. Хариуцагч ашигтай ажиллаагүй юм бол ашиггүй ажилласан гэх нотлох баримтыг хавтаст хэрэгт өгөөгүй. Ашигтай ажилласан гэх санхүүгийн тайлан эрх бүхий байгууллагаас ирсэн. Иймд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 2016 оны санхүүгийн тайланд тодорхойлсон цэвэр ашгаас 1 хувиар тооцон, холбогдох зардлын хамт 10 347 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “БД” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралт 2-ын 3 дахь заалтад үндэслэн ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ба төлөвлөгөө дэвшүүлсэн үр дүнг боловсруулж батлуулсан бизнес төлөвлөгөөний хэрэгжилт санхүүгийн үр дүн болон бусад холбогдох ажил бүрээр гүйцэтгэх захирал үнэлж, амжилттай үнэлгээ авсан тохиолдолд урамшууллыг санхүүгийн тайлант жилийн эцсийн цэвэр ашгаас 1 хувиар тооцож жилд нэг удаа олгохоор заасан. Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас халагдсан нь үндэслэлгүй бол тушаалыг авснаас хойш 1 сар, бусад нөхцөл байдалд өөрийн эрх нь зөрчигдсөнийг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд нэхэмжлэл гаргадаг. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн санхүүгийн мэдээ гарсан ч үүнийг аудитаар баталгаажуулж, 2017 он гаргаж хэлэлцээд эцсийн дүн гардаг. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор санхүүгийн тайлан дэлгэгдсэн нь тогтоогдсон тул үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн албан бичгээр 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тайланг хүргүүлсэнийг дурдсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход ч дууссан.

Хөдөлмөрийн гэрээний 10.1-д гэрээ дуусгавар болсноос хойш энэ гэрээний 12 болон 14 дүгээр зүйлд заасан эрх үүрэг хүчин төгөлдөр үйлчилж, бусад эрх үүрэг дуусгавар болно гэж заасан. Ажилтан амжилттай үнэлгээ авч байж урамшуулал олгох боловч нэхэмжлэгчийн ажлыг дүгнэсэн зүйл байхгүй. Э.Ч-т ажлын цагийг үр бүтээлгүй ашигласан, хоцорсонтой холбоотой сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хуулийн асуудал хариуцаж ажиллаж байхдаа  бусад хуулийн этгээдүүдэд зөвөлгөө өгч ажилласан нь тэрээр байгууллагын ажлыг хийхгүй байгаа нь тодорхой бөгөөд компанийн төлөө тууштай үнэнч шударгаар ажиллана гэх гэрээний заалт зөрчигдсөн. Түүний удирдлагад ажиллаж байсан нөхөн төлбөрийн ахлах мэргэжилтэн н.Зоригтбаатартай хувийн таарамжгүй байснаас түүнийг ажлаас нь халсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан. Гэрч н.Уртнасангийн хэлснээр бусад ажилтнуудтай хүндэтгэлгүй харьцдагийн улмаас ажилтнууд ажлаас гарсан. Компанийн захирал нэхэмжлэгчийн ажлыг дүгнээгүй шалтгаан нь нэхэмжлэгч өөрөө хийсэн ажлын тайланг гаргаагүй, хүлээлгэж өгөөгүй, бичгээр дүгнэх боломжгүй байсан.

 Мөн гэрч н.Долгорын мэдүүлгээр 2017 онд даатгалын газар шилдэг хэлтсээр шалгарсан боловч би урамшуулал аваагүй гэсэн. Шилдэг хэлтсээр шалгарсны шагнал нь 2 000 000 төгрөг байсан ба энэ тухай гэрч н.Уртнасан бид тухайн мөнгийг хуваан авсан гэж мэдүүлдэг. 2017 оны 10 дугаар сард менежментийн багт урамшуулал олгох тушаал нь 2016 оны урамшуулал биш. 2017 оны эхний улиралд урамшуулал хувиарлах боломжгүй, учир нь 2016 онд ашигтай гарч байгаа нь 2015 оны ажлын үр дүн бөгөөд энэ нь даатгалын салбарын онцлог. Э.Ч- нь өөрийн эрх зөрчигдсөн гэдгийг мэдэж байсан буюу хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс эхэлж тоолно гэдгийг харуулсан баримт байгаа тул нэхэмжлэлийг хэргийг болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “БД” ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Э.Ч- ажлаас гарахаасаа өмнө гүйцэтгэх захиралд ээлжийн амралтын мөнгийг урьдчилж авъя гэх хүсэлт гаргаж, урьдчилан мөнгө авсан. Ингээд Э.Ч- нь тухайн ондоо гүйцэд ажиллалгүй тухайн оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас гарсан тул илүү ээлжийн амралтын мөнгө авсан. Ажил хүлээлцэх актад 1 700 000 төгрөгийг буцааж өгнө гэж гарын үсэг зурсан. Энэ талаар компани нэхэмжлэл гаргасан боловч тухайн үед нэхэмжлэгч нь Гүйцэтгэх захиралтай холбогдож тус мөнгийг төлнө гэж гуйсан болохоор итгээд нэхэмжлэлийг буцаан авсан. Хэдий энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах үр дагаваргүй боловч ёс зүйн хувьд таарамжгүй хууран мэхлэлт учраас хэлснийхээ дагуу төлөх ёстой гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03321 дугаартай нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг баримтлан хариуцагч “БД” ХХК-иас 10 347 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан “БД” ХХК-ийн, нэхэмжлэгч Э.Ч-аас 1 260 244 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,59 дүгээр зүйлийн 59.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 34 796 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан “БД” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр "БД" ХХК-ийн захиргаанаас тус компанийн Нөхөн төлбөрийн хэлтсийн хамт олныг оны "Шилдэг хэлтэс"-ээр шалгаруулсан тухай "Өргөмжлөл", 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "БД" ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/083 тоот "Шинэ жилийн үйл ажиллагаа, шагналын төсөв, тоо батлах тухай" тушаал, хавсралтын хамт авагдсөн ба энэ нь нөхөн төлбөрийн хэлтсийн ажилчдын ажлын үр дүнг үнэлж олгосон шагнал байх бөгөөд энэ талаар гэрч Д.Долгор, М.Уртнасан нар мэдүүлсэн байна" гэсэн нь мөн хэсгийн "дээрхээс үзэхэд талуудын хооронд байгуулсан ХГ-16/033 тоот хөдөлмөрийн гэрээний 9.1, 9.2, 9.3-т заасны дагуу нөхөн төлбөрийн хэлтсийн ажилчдын ажлын үр дүнг дүгнэж шилдэг хэтсээр шалгарсан үед тус хэлтсийн захирлын ажлыг дүгнэн хөдөлмөрийн гэрээний хавсралтад заасан урамшууллыг олгохоор ажилтан ажил олгогч нарын хооронд тохиролцсон талаарх баримт авагдаагүй" гэсэнтэй зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл гэрээний 9.1, 9.2, 9.3-т заасан үр дүнг нэхэмжлэгч гаргаж чадаагүй гэдгийг нотолсон баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, энэ талаар шүүх үндэслэх хэсгийн 5 болон 7-д нэг бүрчлэн тодорхой заасан атлаа нөхөн төлбөрийн хэлтэс шилдэг хэлтсээр шалгарсан үед тус хэлтсийн захирлын ажлыг дүгнэн хөдөлмөрийн гэрээний хавсралтад заасан урамшууллыг олгохоор ажилтан ажил олгогч нарын хооронд тохиролцсон баримт авагдаагүй гэж хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчийн удирдан зохион байгуулж байсан хэлтэс нь компани дотроо бусад менежментийн багийн гишүүдийн удирдаж байсан хэлтсээс илүү ажиллаж оны шилдгээр шалгарсан.

Талуудын хооронд байгуулсан ХГ-16/033 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтад заасан "санхүүгийн тайлант жилийн эцсийн цэвэр ашгаас 1 хувиар тооцож, жилд нэг удаа урамшуулал олгоно" гэсэн зохицуулалт нь ашиг хуваах буюу хамтран ажиллах гэрээний шинжтэй байна. Энэ нь Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлүүдэд заасны дагуу эдийн засгийн ашигт ажиллагаа буюу тайлант үеийн цэвэр ашгийг хувиарлах нөхцөлтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдахгүй. Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг тайлбарлахдаа адил төстэй харилцааг хооронд нь ялгалгүй хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт хугацаа болон нотлох баримтыг буруу хэрэглэж, үнэлсэн. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчилт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.          

Нэхэмжлэгч Э.Ч- шүүхэд хандан, хариуцагч “БД” ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээний үүрэгт 10 347 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 260 244 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

            Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд Э.Ч-ын хүсэлтээр 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дээрх харилцаа дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын Гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/041 тоот болон 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 170 тоот тушаалууд, тэдгээрийн тайлбараар тогтоогджээ. Энэ талаар хэн аль нь маргаангүй, зохигчид хөдөлмөрийн гэрээний үүрэг шаардах эрх үүссэн эсэх, мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар марган мэтгэлцэж байна.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Э.Ч-, хариуцагч “БД” ХХК нар 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ХГ16/033 дугаартай хөдөлмөрийн гэрээний хавсралт 2-ын 3 дахь заалтаар “ажилтны ажил гүйцэтгэлийн үнэлгээг ажилтны гаргасан төлөвлөгөө дэвшүүлсэн үр дүн, боловсруулж батлуулсан бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, санхүүгийн үр дүн болон бусад холбогдох ажил тус бүрээр гүйцэтгэх захирал үнэлэх бөгөөд амжилттай үнэлгээ авсан тохиолдолд урамшууллыг санхүүгийн тайлант жилийн эцсийн цэвэр ашгаас 1 хувиар тооцож, жилд нэг удаа олгох”-оор тохиролцжээ. /1хх-9 дэх тал/

            Нэхэмжлэгч тал уг заалтыг үндэслэл болгон шаардахдаа “... 2016 онд нөхөн төлбөрийн хэлтэс амжилттай ажиллаж шилдэг хэлтсээр шалгарсан..., ...компани санхүүгийн тайлангаар 2016 онд 1 тэрбум гаран төгрөгийн ашигтай ажилласан ...” гэж тайлбарлан, тухайн оны урамшуулал хуваарилсан гэдгийг 2017 оны 10 дугаар сард мэдсэн гэх үндэслэлээр шүүхэд хандах хугацаа өнгөрөөгүй гэж мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар уг тайлбар үгүйсгэгдэж байна.

            Хариуцагч “БД” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Э.Ч-ын удирдаж байсан Нөхөн төлбөрийн хэлтсийг “Шилдэг хэлтэс” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан үйл явдлыг хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаас Э.Ч-ын ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээ гэж дүгнэх боломжгүй. Учир нь талууд ажлын үр дүнг ямар шалгуураар, хэрхэн үнэлэх аргаа хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүрэг шаардах эрх үүссэн гэдгээ нотлоогүй гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээ дүгнээгүй, эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гомдлоо гаргах ёстой байжээ. Талууд гэрээний 9.2 дахь заалтаар гэрээг улирал тутам дүгнэж, гүйцэтгэлийн үнэлгээ гаргахаар тохиролцсон байх бөгөөд ажил олгогч уг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд ажилтан үүргээ биелүүлэхгүй байгаа тухай гомдлоо хуулиар тогтоосон хугацаанд шаардах эрхтэй байсан. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос “Даатгалын салбарын 2016 оны үйл ажиллагааны нэгдсэн танилцуулга”-ыг 2017 оны 3 дугаар сард гаргаж, өөрийн байгууллагын албан ёсны сайт дээр тавьсаныг нэхэмжлэгч мэдсэн болох нь түүний тайлбараар нотлогдож байна. /хх-64 дэх тал/ Нэхэмжлэгч Э.Ч- 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр хариуцагч “БД” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан бөгөөд талууд гэрээг дуусгавар болгон ажил хүлээлцсэн байдаг. /хх-50, 58-59 дэх тал/ Энэ хугацаанаас хойш 3 сарын дотор нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдлоо гаргах боломжтой байсан гэж үзэх тул түүний “менежментийн хэлтсийг урамшуулал авсан гэдгийг 2017 оны 10 дугаар сард мэдсэн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хоорондын маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн 142 дахь талд авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2017/02321 дүгээр захирамжийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

 

                                                                                                Ч.ЦЭНД