| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00186/И |
| Дугаар | 00303 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00303
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *тоотод оршин суух, 1973 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн 47 настай, эрэгтэй Цагаан далч ургийн овогт Дашдаваагийн Ц /РД:*, утас:*/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоотод оршин суух Чонос ургийн овогт Дашдэмбэрэлийн А /РД:*, утас:*/-д холбогдох
Эксковатор зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 90000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, хариуцагчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа, гэрч Б.Шинэцэцэг, гэрч Ч.Алтанбаатар, Х.Гүен шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...2019 оны 10-р сарын 24-ны өдөр Д.А нь миний эзэмшлийн миний хөрөнгө болох НIТАСНI ZХ 350Н-3G маркийн тээврийн хэрэгсэл буюу эксковаторыг 180 сая төгрөгөөр худалдаж авахаар амаар тохирч 7 хоногийн дараагаас буюу /эхний дэлгээгээ буюу кареар/ гаргасны дараа мөнгийг өгөхөөр ярьж тохирсон. Гэтэл 7 хоног өнгөрсөн, 1 сар өнгөрсөн боловч мөнгийг өгөхгүй байсан мөртлөө манай эксковатор нь тасралтгүй 24 цагаар ажиллуулсаар байсан. Тухайн үед хангалттай ажиллаад байсан болохоор нь бид мөнгөө шаардахад ажил боломжийн байна өр ихтэй байна эхний хүмүүсийн өрийг өгчихөөд танай мөнгийг чинь өгнө санаа зоволтгүй, мөнгөө өгч чадахгүй бол сар бүр 30 сая төгрөгөөр тооцож ажиллуулсны хөлс өгнө гэж өөрөө хэлсэн бөгөөд бид энэ талаар ярьж мөнгө өгч чадахгүй бол сар бүр 30 сая төгрөгийн ажлын хөлс түрээс авахаар тохирсон. Тухайн үед Агаас авлагатай гэж нилээн хэдэн хүн ирж мөнгөө нэхэж байсан болохоор бид нээрэн энэ хүмүүсийнхээ мөнгийг өгчихөөд л бидэнд мөнгийг маань өгнө гэж бодож байсан. Гэтэл Д.А нь боломжийн ажиллаад байгаа мөртлөө миний мөнгийг өгөхгүй байхаар нь би 2019 оны 12-р сарын сүүлээр 2019 оны 12-р сарын 28-нд Баянгол суманд ирж Д.Атай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Ингээд дахин хугацаа тохирч мөнгийг өгч чадахгүй бол бид урьд тохирсон ёсоороо сар бүр 30 сая төгрөгөөр тооцож ашигласны хөлс буюу түрээс үргэлжлүүлэн авахаар гэрээ хийгээд дахин мөнгө өгөхийг хүлээж харсан боловч мөнгийг мөн өгөхгүй байсан тул Баянгол сумын Хар морьт гэх газраас өөрсдийн зардлаар арга буюу 2020 оны 02-р сарын 02-нд очиж эксковатороо авсан. Иймд Д.Агаас 2019 оны 10-р сарын 24-ны өдрөөс хойш 2020 оны 02-р сарын 02-н хүртэл 3 сар 10 хоног ашиглуулсны хөлс 90000000 төгрөг авах ёстой гэж үзэж байна. Д.А миний машин механизмыг ашиглаж байх хугацаанд шанага болон бүх файлц,түлк нь элэгдэлд орж солих шаардлагатай болсон ба мөн мотор нь их хэмжээний тос хаяж хэвийн бус болсон, нормаль баригч нь эвдэрсэн ба мөн Баянгол сумын Хар морьт гэх газраас эксковатороо авчирсны хөлс 4 сая төгрөг гарсан дээрх зардал болон эд ангийг нэхэмжлэх болно.
Иймд одоогийн байдлаар Д.Агаас техник ашигласны хөлс болох 90000000 төгрөгийг нэхэмжлэж байгаа тул гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А, Батсүх нар нь 2019 оны 10 сарын 04, 05-ны өдөр надад өөрт байгаа техникүүдээ түрээслээч гэсэн санал тавьсан. Манай техникүүд Шарын голын аманд Бат-Өлзий гэдэг айлын гадаа тавьсан байсан юм. Бид нар өмнө танилцсан байсан учраас 2019 оны 10 сарын 06-наас эхлээд техникүүдээ түрээсэнд явуулсан. Ингэхдээ 2 норд машиныг тус тус 9000000 төгрөгөөр, 300 эксковаторыг 20000000 төгрөгөөр, д-370 эксковаторыг 25000000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохироод, зах зээлийн ханшнаас 5-10 сар төгрөгний доогуур түрээслэсэн. Бид нар сэтгэл гаргаад урдчилгаагүй түрээслэсэн. Тэгээд 2019 оны 10 сарын 14-нээс эхэлж түрээсийн мөнгийг бага багаар хийж эхэлсэн. Гэхдээ дандаа дутуу хагас хийж байсан. Ингээд 2019 оны 10 сарын 24-ний өдөр бидний зарах гэж байсан хюундай 350 эксковатор байхад А танай эксковаторыг худалдаж авъя, та нар аваад ирээч гэж гуйсан юм. Ингээд өөрийнхөө зардлаар 7000000 төгрөгөөр зардал гаргаж говиос 2019 оны 10 сарын 24-нд эксковатороо Ад авчирч өгсөн. Ингээд тус өдөр яг ирж буусан. Ингээд Цоож гэдэг хүн түлшийг нь хийгээд ажилд гаргасан. Үүнээс хойш манай эксковаторыг А 24 цагаар хөлдүү газар ажиллуулсан. 7 хоногийн дараа мөнгөө өгчихнө гэж ярьсан боловч өгөхгүй явсаар байгаад сар өнгөрсөн. Бид нар амаар гэрээ байгуулаад итгээд сайхан санаад эксковатороо өгсөн. Түүнээс хойш манай нөхөр бид хоёр байнга очоод мөнгөө гуйдаг ажилтай болсон. Удалгүй хэлсэн амандаа хүрээрэй гэж хэлээд бичгээр баримтжуулъя гэж тохироод 2019 оны 12 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт бид нар бичгээр гэрээгээ хийсэн. Ингэхдээ зээлээр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Хэрвээ та нар мөнгийг ямар нэгэн байдлаар өгч чадахгүй бол ажиллуулсан хөлсийг нь сарын 30000000 төгрөгөөр бодож өгнө гэж амаар, өөрөө хэлээд, зөвшөөрөөд, нотариатын хажууд гэрээ хийсэн. Ингээд 2020 оны 1 сарын 15-нд эхний 60000000 төгрөг миний дансанд орохоор болсон юм. Гэтэл мөнгөө хийдэггүй. 2020 оны 1 сарын 28-н болсон. Би нөхөртэйгөө хамт хар морьтод очиход А маш ууртай байсан. Бид хоёрт орох газар олдохгүй байсан. Хүйтэн газар галлаж хоночихоод маргааш нь эхний 5000000 төгрөг хийсэн. Маргааш нь дахин хоночихоод очсон. Тэгэхэд хаалга үүдээ цоожлоод уурласан. Эксковаторууддээрээ очиход элэгдэлд орчихсон, эвдлээд гэрээгээ зөрчсөн байсан. Эксковаторын эвдэрсэн сэлбэгийг өөрсдөө эд нар авч тавих ёстой байсан. Эксковаторын шанага нь ханзраад, урагдаад, цоорчихсон байсан. Ингээд зүй ёсны шаардлагыг тавихад нөхөр Батсүх нь эксковатороо зогсоо зогсоо гээд уурласан. Тэгээд манай нөхрийг дагуулаад эксковатор дээрээ очоод энэ эксковаторыг айлын гадаа хүргээд өгчих гэсэн. Би гэрээний хугацаа 2020 оны 3 сарын 15-нд дуусахаас өмнө мөнгөнүүдээ над руу хийчих юм бол эксковатороо та нар авсанаараа аваарай гэж хэлсэн, би энэ хугацаа хүртэл харна гэж хэлсэн. Тэрнээс хойш ямар ч асуудал байхгүй шүү гэж ахаа, эгчээ гэж хэлээд, өвөлжингөө нэг ёсондоо дарлууулчихлаа гэж хэлээд эксковатороо тэдний гадаа тавихаас татгалзсан. Нөхөр бид хоёр эксковатороо хот руу татаж авч яваагүй юм. Тэгээд хамгийн ойрхон байсан айлын гадаа 2020 оны 03 сарын 02-нд орой аваачиж тавьсан. Мөнгөө өгөөч гэж энэ хүнээс гуйсан, шахаж шаардсан. Иймд зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу эксковаторыг ажиллуусаны хөлс 90000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна ... гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа:... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 11-р хороо Гэрэлт хотхон 23-р байр 84 тоотод оршин суух Д.Цийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1-р багийн 3-р хэсэг 5-р байр 1-4 тоот хаягт оршин суух Д.А миний бие дараах хариуг хүргүүлж байна. Нэхэмжлэгч Д.Ц нь нөхөр Гомбосүрэнгийн хамт 2019 оны 09 сарын сүүлээр миний нөхөр Я.Батсүхтэй /Батсүхийн найз болох Ганпүрэвийн хамт/ ирж уулзсан. Тухайн үед Гомбосүрэн нь бидэнд туслаач, Баруунхараагийн засаг захиргаа нь сум орон нутгаасаа хөөж туугаад ажил хийлгэхгүй бөөн өрөнд орчихлоо гэж байсан. Ажилчдын цалин хөлсөө ч өгч чаддаггүй, цааш явах шатахуун түлш, хоол хүнс ч үгүй өртэй ширтэй хэцүү байна, туслаач гэж гуйж ирсэн. Ингээд байж байтал Засгийн газраас бүх бичил уурхай, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Нөхцөл байдал хүндрээд ирсэн тул бид сайхан сэтгэл гаргаж Гомбосүрэнгийнд дөнгөж гаргасан бүтэн үхрийн махны талыг нь ямарч үнэ хөлс авалгүйгээр өгөхөөс гадна техникт нь шатахуун, түлш хийж өгөөд явуулсан. Ингээд байж байтал өөрсдөө ирж биднээс гуйсан учраас 2019 оны 10-р сарын 24-нөөс бид амаар харилцан тохиролцоод хамтран ажилласан. Энэ хугацаанд Ц, Гомбосүрэн нар нь манай нөхөрлөлийн газар дээр кареар гаргаад нөхөн сэргээлт хийлгүй орхисон. Ц, Гомбосүрэн нар нь өөрсдийн эзэмшлийн хөрөнгө болох Нitachi-ZX 350-3G маркийн тээврийн хэрэгсэл эксковаторыг 180000000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар миний нөхөр Я.Батсүхтэй амаар тохиролцсон байсан. Энэ хугацаанд техник худалдах, худалдан авах талаар надтай огт ярилцаагүй болно. Ц, Гомбосүрэн нар техникээ /эксковатороо/ зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийхийг өөрсдөө санаачлан хүссэний дагуу 2019 оны 12-р сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт уг гэрээг надтай байгуулсан. Бид нар 2019 оны 10-р сарын 14-өөс эхэлж өөрсдийн боломжоороо Цийн нөхөр Гомбосүрэнгийн ХААН банкны 5090611698 тоот дансанд төлбөр төлж эхэлсэн. /Төлбөр шилжүүлсэн баримтыг хавсаргав/ Гэрээ хийхээс өмнө цаг агаарын нөхцөл байдал хүндэрч шороо хөлдөх асуудал үүсч /12 сард/ дулааны цаг үетэй харьцуулахгүйгээр ажил удаашралтай байсныг Ц, Гомбосүрэн нар өөрсдөө ирж үзсэн төдийгүй, энэ чиглэлээр өөрсдөө үйл ажиллагаа явуулж байсан тул асуудлыг бүрэн мэдэж байсан. Тэгээд өөрсдөө одоо гэрээгээ хийе гэж хүссэн. Уг гэрээг байгуулсантай зэрэгцээд манай тог гаргагч генератор эвдэрсэн тул ажил зогссон. Энэ хугацаанд бид асуудлаа танилцуулсан, өөрсдөө ч ирж нөхцөл байдлыг үзсэн. Бид генератороо Улаанбаатар хот руу засуулахаар ачиж авч явсан ба засвараас гарч ирэх хүртэл 30 хоногийг зарцуулсан. Энэ бүгдийг Ц, Гомбосүрэн нар нь мэдэж байсан төдийгүй манайд ирж нүдээр үзэж хараад явж байсан. Тухайн үед Засгийн газраас шийдвэр гараагүй шалтгаанаар /гэрээний хугацаа хүчин төгөлдөр хэдий ч/ орон нутгаас ажлыг маань түр зогсоосон ба үүнтэй зэрэгцээд тог гаргагч эвдэрсэн зэрэг асуудлууд давхцаж үнэхээр ажиллах нөхцөл боломжгүй байсан. Ц, Гомбосүрэн нартай байгуулсан гэрээ 2020 оны 03-р сарын 15-ны өдөр дуусах байсан. Тиймээс бид нөхцөл байдлыг хэлж гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнд тусгагдсан төлбөрийг төлж барагдуулна гэдгээ хэлсэн боловч Цийн нөхөр Гомбосүрэн нь техник эвдчихлээ, техникээ татаж авна гээд гэрээ хийсэн надтай ярилцалгүй гэрээний үүргээ зөрчөөд техникээ 2020 оны 01-р сарын 20-нд авч явсан. Тухайн үед эксковаторын түлшний савыг дүүргэж өөрсдийн оператороор Ц, Гомбосүрэн нарын байрлаж байгаа кемпт хүргүүлсэн. /Ц, Гомбосүрэн нараас зардал гараагүй болно/. Тухайн үед бид шинэ кареар гаргаад тухайн техникийг ажиллуулж баяжмалаа угаахаар овоолго үүсгэсэн байсан. Энэ байдлыг Ц, Гомбосүрэн нар харсан хирнээ гэрээний үүргээ зөрчиж техникээ авч явсан. Үүнээс үүдэн бид баяжмалтай овоолго шороогоо хөлдөөгөөд ойролцоогоор 40000000 орчим төгрөг, кареар гаргахад зарцуулсан 15 тн түлшний 32250000 төгрөгөөр хохирсон. Иймээс бид Цийн гаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Ц нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.Агаас авлагатай гэж нилээн хэдэн хүн ирж мөнгөө нэхэж байсан гэж гүжирдэж гүтгэсэн байна. Миний бие өнөөдрийг хүртлэх хугацаанд бусдад ямар нэг өр, авлагагүй болно. Эхнэр Цийг над руу залгаж ярих үед нөхөр Гомбосүрэн нь эхнэрийнхээ дэргэдээс утасны цаанаас нь пизда, гичий гэх зэргээр намайг элдвээр харааж доромжилдог байсан тул сүүлийн үед арга буюу Ц болон түүний нөхөртэй утсаар холбогдох боломжгүй болсон. Цийн нөхөр Гомбосүрэн нь 2020 оны 04-р сарын 13-ны өдөр манай кемпэд архи үнэртүүлэн автомашинаа жолоодон ирж миний нөхөр болон миний төрсөн дүү Мөнхжаргал нарын амь насанд санаатайгаар халдахыг завдаж ажил, амралтын Монгол гэрийг дайрч, тээврийн хэрэгслэлээр хөөж алахыг завдсан, ална хэмээн заналхийлэн танхайрч зүй бусаар авирласан байна. Иймд бид сэтгэл санааны гүн цочролд орж сэтгэл санаа болон эд хөрөнгөөрөө хохироод байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа болно. Жич: Дээрх хугацаанд Ц, Гомбосүрэн нар нь ажилчидаа ажлын байраар хангаж цалин өгөх боломжгүй байхад нь бид ажилчдыг нь ажлын байраар хангаж цалинжуулан, ажлын өвлийн гутал, хувцас хэрэглэлээр хангаж байсан. Мөн манайд түр ажиллаж байгаад больсон тэдний ажилтанг нас барахад нь 1000000 төгрөгний буцалтгүй тусламж үзүүлэх зэргээр бид өөрсдийн боломж бололцоондоо тулгуурлан сайхан сэтгэл гаргаж байсан... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 1-рт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тордуулах ёстой. Түүнийг баримтжуулсан нотлох баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт гаргаж өгөх болон нэхэмжлэлээ тодруулж өгөх ёстой. Хэрэгт байгаа нэхэмжлэлийг хархаар худалдах худалдан авах гэрээнд ашигласны хөлсөнд гэсэн асуудал яриагдаад түүний төлбөрт 90000000 төгрөг гаргуулах гэдэг асуудал яригдаж байна. Худалдах худалдан авах гэрээний төлбөр нь эргүүлж төлөх төлбөр, тухайн биет байдлын болон эрхэнд олдсон эд хөрөнгө байдаг болохоос хөлсийг нэхэмжлэх нь худалдах худалдан авах гэрээний үндсэн шинж биш юм. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч өөрөө ярьж байгаа ч зөвхөн 2019 оны 12 сарын 28-нд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ л байгаа. Гэтэл гэрээний үндсэнд шаардаад байгаа юм уу, гэм хорын үндсэнд шаардаад байгаа юм уу, өмнөх эсвэл гэрээ байгуулагдсаны дараа шаардаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. 2-рт худалдах худалдаан авах гэрээнд тохиролцсоноор 1 сарын түрээсийн төлбөрийг 30000000 төгрөг гэсэн учраас 90000000 төгрөг шаардаад байгаа юм шиг байгааа юм. Гэтэл та өнөөдөр ашиглуулсаны төлбөрт буюу түрээсийн төлбөрт 3 сарын 90000000 төгрөг шаардаж байгаа юм бол худалдах худалдан авах гэрээнээс татгалзаад байгаа юм уу, цуцлаад байгаа юм уу гэдгээ тодруулах ёстой. 3-рт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд өөрсдөө шүүх хуралдаанд болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн гэрчээр оролцуулахаар хүссэн 5 гэрч байна. Манайхаас гэрч нар байна. Эд нарын мэдүүлгээр эхлээд нэхэмжлэгч нар өөрсдөө Ганпүрэв гэдэг хүнээр дамжуулан хариуцагч талтай танилцаад бид нар Баруунхараагийн Цахлай гэдэг газар уурхай явуулах боломжгүй боллоо. Бид нартай хамтарч ажиллаач гэсэн саналыг өөрсдөө хариуцагч тал тавьж ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр тэд нар биднийг гуйж ирсэн байдлаар ингэж яриад байгаа нь зохимжгүй. Үнэнийг л ярих ёстой. Ингэхдээ ажилчид нь цалингийн өртэй байсан. Учирсан эсрдлийг хариуцаад даагаад гараач бид нар хамтарч ажиллая гэсэн саналыг тавьж ирсэн байдаг. Тэгэхлээр шүүх хуралдааны явцад мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж өгөөч гэж хүсэж байна. Яг ямар гэрээний үндсэнд шаардаад байгаагаа тодруулж өгөөч ... гэжээ.
Гэрч Б.Шинэцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”... 2019 оны 10 сарын 02-нд Цээ эгч Гомбоо ах хоёр хоолонд оръё гэж дуудсан юм. Аав мөнгө өгөх ёстой юм гээд бид хоёр “Тэди”-гийн 4 давхарт 5000000 төгрөг бэлнээр нь аваад Хот пот рестораны 4 давхарт хоолонд ороод бэлнээр мөнгө өгсөн байдаг юм. Тухайн үед Товуудорж, Лхагважаргал гэж хүмүүс явж байсан. Дараа нь 2019 оны 12 сард 10000000 төгрөг өгсөн гэж ярьдаг. Би тухайн үед сайн мэдэхгүй. А эгч Гомбоо ахад өгсөн...” гэжээ.
Гэрч Ч.Алтанбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”... уурхай дээр ачааны 2 норд машин, 2 эксковатор ажиллаж байсан. Нэгийг нь тавьчихсан байсан. Хитачи 350 маркын эксковатор манай уурхайд ажиллаж байсан. Худалдаж авахаар авч байсан. Ажиллуулж байгаад мөнгөө гаргах байсан. Миний бодлоор хамтарч ажилласан...” гэжээ.
Гэрч Х.Гүен шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед 2019 оны 10 дугаар сарын 15-наас ээлжийн амралтаа авсан байсан учраас тэр техник болон мөнгө төгрөг өгсөн авсанг сайн мэдэхгүй байна...” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Д.Ад холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч Д.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.Атай 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2207 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан HITACHI ZX350H-3G загварын 180000000 төгрөгийн үнэтэй эксковаторыг 3-н сарын хугацаагаар зээлээр худалдсан болох нь зохигчийн тайлбар, тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 02-р тал/
Дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээнд “Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 180000000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. Хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ 60000000 төгрөг, нийт 3 сарын хугацаанд 60000000 төгрөгөөр төлж, нийт 180000000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Дансаар буюу Д.Цийн ХААН банкны 5753659798 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 15-наас эхлэн 02 сарын 15, 03 сарын 15-нд төлж дуусгана. Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 24, төлбөрийг бүрэн төлөх хүртэлх хугацаанд хүү тооцохгүй, гэрээ цуцлагдахаар бол ашигласан хугацааг түрээсээр тооцож, сарын 30000000 төгрөгөөр тооцно. Механизмыг хүлээлгэн өгснөөс хойш одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь “...HITACHI ZX350H-3G загварын 180000000 төгрөгийн үнэтэй эксковаторыг 2019 оны 10 сарын 24-нд хариуцагчид зээлээр худалдсан боловч хариуцагч гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй, мөн эксковаторыг хүлээлгэж өгсөнөөс хойш зардал гарсан бөгөөд гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэнд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг сар бүрийн 30000000 төгрөгний түрээс төлөхөөр тооцож байгуулсан гэрээний заалтын дагуу 90000000 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...“Хариуцагчийн зүгээс HITACHI ZX350H-3G загварын 180000000 төгрөгийн үнэтэй эксковаторыг Д.Ад ашиглуулсан түрээсийн мөнгийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэгч эксковатор түрээслүүлсэний төлбөрийг нэхэмжилж байгаа бол Иргэний хуулийн 318.1-т заасан “Түрээсийн гэрээ” хийгдсэн гэж ойлгох ёстой. Гэтэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний доод талд нь нэг заалт болгоод түрээсийг 1 сарын 30000000 төгрөгөөр тооцохоор тохирсон заалт оруулсан байдаг. Үүнийг түрээсийн гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардсан байгаа. 318.4-т зааснаар бичгээр байгуулаагүй бол уг гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуулиар тогтоосон хэлбэрээр буюу бичгийн хэлбэрээр түрээсийн гэрээг байгуулаагүй байна. Ийм учраас уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн худалдах худалдан авах гэрээг 2019 оны 12 сарын 28-ны өдөр анх байгуулсан. Энэ үеэс 1 сарын 30000000 төгрөгөөр түрээсийг тохирох асуудал анх яригдсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 10 сарын 24-нөөс хойш түрээсийн асуудлыг 1 сарын 30000000 төгрөгөөр түрээслэх түрээсийн асуудал ярьж байна. Иймд 2019 оны 10 сарын 24-нөөс 2020 оны 02 сарын 02-ны өдөр хүртэлх 3 сарын 90000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй…” гэж тус тус марган мэтгэлцсэн болно.
Нэхэмжлэгч Д.Ц нь гэрээнд заасны дагуу HITACHI ZX350H-3G загварын эксковаторыг хариуцагч Д.Ад шилжүүлэх үүргээ биелүүлсэн харин хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 5000000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” болон зохигчийн тайлбар, гэрч Б.Шинэцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн: “... 2019 оны 10 сарын 02-нд Цээ эгч Гомбоо ах хоёр хоолонд оръё гэж дуудсан юм. Аав мөнгө өгөх ёстой юм гээд бид хоёр “Тэди”-гийн 4 давхарт 5000000 төгрөг бэлнээр нь аваад “Хот пот” рестораны 4 давхарт хоолонд ороод бэлнээр мөнгө өгсөн байдаг юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулна” гэж, 43 дугаар зүйлийн 43.3-д “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” тус тус заажээ.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6 дахь хэсэгт заасан “ Гэрээ цуцлагдахаар бол ашигласан хугацааг түрээсээр тооцож, сарын 30000000 төгрөгөөр тооцно” гэсэн тохиролцоо нь хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээг цуцалбал учирсан хохирлоо шаардах агуулгатай байна.
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.Агаас гэрээний үүргээ шаардах, эсхүл гэрээнээс татгалзаж, учирсан хохирол, зардлаа төлүүлэх зэргээр өөрийн эрх, ашгийг хамгаалах хуульд заасан боломжтой байх ба Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан байна.
Дээр дурдснаар хариуцагч Д.А нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч Д.Ц нь үүрэг зөрчигдсөн үеэс хуульд заасан үндэслэл журмаар гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах боломжтой юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас болж гэрээнээс татгалзсан болох нь зохигчийн талбар, зээлээр худалдах худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байх ба үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол гэрээний үйлчилж байсан хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т тодорхойлсон бөгөөд гэрээнд заасан “Гэрээ цуцлагдахаар бол ашигласан хугацааг түрээсээр тооцож, сарын 30000000 төгрөгөөр тооцно” гэсэн тохиролцоо нь гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагчид учирсан хохирол мөн гэж үзэх үндэслэлтэй буюу талууд гэрээ цуцлагдсан тохиолдолд техник ашигласан төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцож, хариуцагч 1 сарын түрээсийн төлбөрт 30000000 төгрөг төлөхөөр тохиролцсон /гэрээний нөхцөл дэх заалт/-ны дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 03 сарын түрээсийн төлбөр 90000000 төгрөгийг хохиролд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Зохигчдын хэн аль нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсаны үр дагаварыг гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх байдлаар арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шилжүүлсэн эксковатороо хариуцагчаас буцаан авсан тул хариуцагч тэдгээрийн урьдчилгаанд өгсөн 5000000 төгрөгөө нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй юм.
Иймд нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Д.А нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №2207 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээг цуцалж, нэхэмжлэгч Д.Цээс 5000000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Ад олгож, хариуцагч Ч.Агаас 90000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №2207 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээг цуцалж, нэхэмжлэгч Д.Цээс 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Ад олгож, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Агаас 90000000 /ерэн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 607950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Агаас 607950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.