Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2020/02283

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020                     7                   20                                                                      184/ШШ2020/02283                                                               

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, эмэгтэй, Б овогт Б-ийн Х /РД 00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ/Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0, өөрийн байранд байрлах/-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С /РД 00000000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /ҮД 0789/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов. 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1465 дугаар захирамжаар Б.Х надаас 37 048 057 төгрөг гаргуулж, “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаарт бүртгэлтэй, 62 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18635311644950 дугаартай, 371 м.кв талбайтай, газрын үнэлгээг 36 185 400 төгрөгөөр үнэлсэн.

Тухайн обьектыг манай аав, ээж 2006 онд өөрсдийн хөрөнгөөр барьж, 2010 онд миний нэр дээр шилжүүлсэн. Газар нь төв зам дагуу байрлалтай, Нийслэлийн газар дахин төлөвлөлтөд орсон учир 70 000 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх юм.

 Би хашаандаа дэлгүүр барих гээд 6 000 000 төгрөгөөр карказ зангидсан ба тухайн газар дээр барьсан эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээчин дутуу үнэлсэн.

Үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4/9082 дугаар албан тоотоор мэдэгдэж танилцуулсаны дараа 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс бие өвдөж, халуурч эхэлсэн тул 23-ны өдөр өрхийн эмчид үзүүлээд акт аваад сунгуулж гэртээ байсан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаарт бүртгэлтэй, 62 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18635311644950 дугаартай, 371 м.кв талбайтай, газрын үнэлгээг 36 185 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчид 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг өгсөн ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тэрээр 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өвчтэй байсан нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр  137 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлгээчин Э.Эрдэнэбат дүгнэлтээ хугацаанд нь ирүүлсэн боловч тэрээр “Хөрөнгө эстимейт” ХХК-тай ямар хамааралтай болох, түүнийг хэрхэн томилсон талаарх баримт хэрэгт байхгүй.

Үнэлгээний тайланд дүгнэлтдээ үнэлгээг 3 аргаар гаргалаа гэсэн атлаа хашаа байшинг үнэлэхдээ хоёр аргыг хослуулж хийх байсан ч нэг аргыг хэрэглэсэн. Мөн ямар аргыг ашиглаж үнэлгээг гаргасан нь тодорхойгүй, бусад хөрөнгөтэй жишээгүй, өртгийн аргыг ч хэрэглээгүй нь хууль зөрчсөн. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй байх ёстой ч 2014 онд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, сунгагдсан эсэх нь нотлогдохгүй байна. Иймд үнэлгээг хүчинүй болгож өгнө үү гэжээ.      

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1465 дугаар захирамжаар Б.Х-аас 36 928 057 төгрөгийг гаргуулж, “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.Хд Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлах, 62 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18635311644950 дугаарт бүртгэлтэй, 371 м.кв талбайтай, эзэмшлийн газрын хамт 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19271450/04 тоот тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 19271450/08 тоот тогтоолоор  хураасан.

Төлбөр төлөгч Б.Хд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал өгөх мэдэгдлийг хүргүүлэхэд талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлах, 62 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18635311644950 дугаарт бүртгэлтэй, 371 м.кв талбайтай, эзэмшлийн газрын хамт  36 185 400 төгрөгөөр тогтоосон.

Төлбөр төлөгч Б.Хд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4/9082 тоот мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээ, тайлантай танилцуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаагүй тул нэхэмжлэгч Б.Хын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шинжээчийн тусгай зөвшөөрөл 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр  сунгагдсан. Тухайн хөрөнгө дахин төлөвлөлтөд орсон гэдэг ч энэ нь үндэслэлгүй талаар баримт хэрэгт өгсөн байгаа гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч НШШГГнь “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж маргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01465 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 36 722 319 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Х нь хүлээн зөвшөөрч, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх, дурьдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.Хын өмчлөлийн Ү-2200000000 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай, 62 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 00052.... гэрчилгээний дугаартай, дээрх хаягт байрлах, 371 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тайга хөрөө, 85-92 УНД улсын дугаартай, аралын  дугаар KNAGE22528A228516, 2018 онд үйлдвэрлэсэн Kia Lotze маркийн автомашин зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

/хх-ийн 24-25 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2019/07968 дугаартай захирамж гарч, мөн өдөр 184/ГХ2019/00880 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд мөн төлбөр төлөгч  Б.Хаас 36 722 319 төгрөгийг гаргуулан төлбөр авагч “Хас банк” ХХК-д олгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ.  

/хх-ийн 23, 26 дугаар тал/

 

НШШГГнь дээрх гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 19271450 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

/хх-ийн 27 дугаар тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх,  хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэжээ.

 

НШШГГнь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлд дурдсан Б.Хын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах талаар удаа дараа мэдэгдэхэд өмчлөгч Б.Х нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 70 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай хүсэлтийг 2020 оны 3 дүгээр сарын 03-ны өдөр гаргасныг төлбөр авагч “Хас банк” ХХК нь зөвшөөрөхгүй гэж, шинжээч томилуулах хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна.

/хх-ийн 32-37, 38-41, 42, 43 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, хөндлөнгийн шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 140/01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн Б.Хын өмчлөлийн Ү-2200000000 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай, 62 м.кв талбай бүхий хувийн орон сууц, дээрх хаягт байрлах,  00052.... гэрчилгээний дугаартай, 371 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 36 185 400 төгрөгөөр үнэлжээ.

/хх-ийн 44, 45-46, 47, 48-56 дугаар тал/

 

Дээрх төлбөрт хураагдсан хувийн сууцыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачилалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй байх тул мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан “хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна”, “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасантай нийцээгүй байна.

/хх-ийн 49-56 дугаар тал/

 

Тодруулбал шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, заалтыг мөрдлөгө болгох үүрэгтэй бөгөөд дээрх маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг гүйцэтгэхдээ үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хийц, загварын хувьд ойролцоо, тухайн үед худалдахаар зарлагдсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилга-обьектуудтай харьцуулсаны үндсэн дээр дүгнэлтээ гаргаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн тусгай мэдлэг бүхий эсэх, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, байгаа  эсэхийг тодруулсаны эцэст шинжээчийг томилох хуулийн зохицуулалттай.

 

Гэтэл маргаан бүхий эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон үнэлгээчин Э.Эрдэнэбатын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан эсэх нь тодорхойгүй, хавтас хэрэгт авагдсан 111200195 дугаартай гэрчилгээгээр 2014 онд дууссан гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

/хх-ийн 58 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогчдод мэдэгдэн тэмдэглэл хөтөлж, мөн хуулийн 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ, хуулийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш шийдвэр гүйцэтгэгч нь ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Б.Хд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4/9082 тоот  мэдэгдлээр мэдэгдэн, шинжээчийн үнэлсэн үнэ болох 36 185 400 төгрөгийн үнэлгээг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, энэ талаар хариуг бичгээр ирүүлэхийг тус тус мэдэгдсэн, уг мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Х мөн өдөр хүлээн авсан болох нь хавтас хэрэгт авагдсан 4/9082 дугаартай мэдэгдэл, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

/хх-ийн 6, 60, 61 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч Б.Х нь үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дотор шүүхэд гаргах байсан ч тэрээр 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд өвчтэй байсан нь “Отгондолоон бурхан” өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01465 дугаартай захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Х ын өмчлөлийн Ү-2200000000 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай, 62 м.кв талбай бүхий хувийн орон сууц, дээрх хаягт байрлах,  00052.... гэрчилгээний дугаартай, 371 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б.Х-ын өмчлөлийн Ү-2200000000 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай, 62 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн дээрх хаягт байрлах,  00052.... гэрчилгээний дугаартай, 371 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ