Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
Хэргийн индекс | 184/2018/04137/И |
Дугаар | 184/ШШ2020/02319 |
Огноо | 2020-07-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2020/02319
2020 7 22 184/ШШ2020/02319
|
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К.А” ХХК /Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байрны 0 тоотод оршин байх, РД 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т.И” ХХК /Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж 0 тоот, өөрийн байранд оршин байх, РД 0000000/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид нийт 152 817 ам.доллар буюу 426 587 127.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г/РД ХА00000000/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц /ҮД 0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц /РД ШЗ0000000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К.А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Монголын уул уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад өрөмдлөгийн төрөл бүрийн хошууг Канад улсын холбогдох компаниудаас худалдан авч, худалддаг юм. “Т.И” ХХК ХХК нь манайхаас нилээдгүй бараа бүтээгдэхүүн худалдан авч, олон жил хамтран ажиллаж сайн түнш болсон учир тэдэнд итгэж, тэдний хүсэлтээр бараагаа төлбөрийг нь авалгүй дараа авахаар өгч байсан юм. Гэтэл тус компани бидний итгэлийг алдаж авсан барааныхаа үнийг тогтоосон хугацаандаа өгөлгүй өнөөдрийн байдлаар 113 175 ам.доллараар хохироогоод байна.
Хоёр компанийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Өр авлага барагдуулах” гэрээ байгуулж, уг гэрээгээр “Т.И” ХХК ХХК нь “К.А” ХХК ХХК-аас худалдаж авсан барааны үнийн үлдэгдэл өр 117 175 ам.долларыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд өр төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өрийн үлдэгдлийн дүнгээс хоног тутам 0.2 хувиар бодож төлөхөөр тохиролцсон юм.
Гэтэл “Т.И” ХХК ХХК нь гэрээний гуравдугаар зүйлийн 3.1-д заасны дагуу нийт өрийн 40.0 хувийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний дотор, үлдэх 60.0 хувийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний дотор “К.А” ХХК ХХК-д бүрэн төлөхөөр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, манай компанийг хохироож байна. Манай компани өр төлбөрөө барагдуулахыг “Т.И” ХХК ХХК-аас удаа дараа шаардсан боловч хэрэгжүүлээгүй, тэр ч бүү хэл биечлэн уулзая гэхээр худал хэлж мэхэлсээр өнөөдрийг хүрлээ.
Уг гэрээний гуравдугаар зүйлийн 3.2-т зааснаар өрийн үлдэгдлийн дүнгээс алдангийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар хоног тутам 0.2 хувиар тооцоход төлөх алдангийн нийт дүн 165 000.25 ам.доллар болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлөөгүй өрийн дүн 113 175 ам.долларын 50 хувиар тооцоход 56 587.50 ам.доллар болж байна.
Иймд “Т.И” ХХК ХХК-аас нийт 169 762.50 ам.долларыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол Банкны төгрөгийн ханшаар тооцон 442 373 913 төгрөгийг гаргуулж өгнө үү.
...Дээрх 169 762.50 ам.долларыг Монгол Банкны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн төгрөгийн ханшаар тооцоход 473 890 321.12 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Т.И” ХХК ХХК-аас 473 890 321.12 төгрөг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К.А” ХХК ХХК нь “Т.И” ХХК ХХК-тай 2011 оноос хамтран ажиллаж, итгэлцлээр бараа материал өгч байсан боловч хугацаанд нь төлбөрөө төлөхгүй хохироосон учир бид 2013 оноос зээлээр авсан барааны төлбөр 169 762.50 ам.долларыг нэхэмжилсэн. Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хариу тайлбартаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Өр авлага барагдуулах гэрээ”-нд Ц.Ч гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Ц.Чзахирал нь уг гэрээг зөвшөөрсөн талаар Ц.Ч ын гэрчийн мэдүүлэгтээ болон “тамга байсан учир дарсан” гэдгээ хэлсэн. Тухайн үед байлцсан Б.Баяраа, Г.Ганболор нар Кавказ ресторанд уулзаж, гэрээг байгуулсан талаар баталж байна. Ц.Чинбат, Ц.Ч нар ах дүүс бөгөөд Ц.Ч нь энэ компанийг үүсгэн байгуулсан этгээд. Иргэний хуулийн 68.1-д зааснаар хэлцэл хийсэн талаар Ц.Ч нь Ц.Чинбатад мэдэгдсэн гэдгээ хэлдэг, уг гэрээг хүчингүй гэдгийг илэрхийлээгүй тул хэлцэл хүчинтэй. Мөн Ц.Ч энэ компанийн нэр дээр нийгмийн даатгал нь төлөгддөг болох нь тогтоогдож байгаа тул түүнд тамга өгөөд гарын үсэг зурах эрх олгоод явуулсан, түүнийг гэрээ байгуулах эрхтэй этгээд гэж үзэж байна. Дараа нь Ц.Ч тай Г.Гантулга уулзахад тэрээр “санаа зоволтгүй, доллараар төлнө, манай компанид очоод таалагдах юм байвал ав” гэсэн байдаг. Мөн “Т.И” ХХК ХХК-аас зарим төлбөрийг доллараар төлсөн байгаа. Шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтуудыг шинжлэн судалсантай холбогдуулан хариуцагч “Т.И” ХХК ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 дугаартай албан бичгийг үндэслэн 105 878 ам.долларын төлбөрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 4 000 ам.долларыг хасаад үлдэх 101 878 ам.доллар дээр алдангийг 50 хувиар тооцон 50 939 ам.доллар, нийт 152 817 ам.доллар буюу 426 587 127.33 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа 16 945.5 ам.доллар буюу 47 303 193.67 төгрөгөөр багасгаж байна гэжээ.
Хариуцагч “Т.И” ХХК ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани “К.А” ХХК ХХК-иас сэлбэг, хэрэгсэл худалдан авдаг байсан боловч бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Бид сэлбэг хэрэгслийн мөнгийг зарим үед хойшлуулах байдлаар төлж, хамтран ажиллаж ирсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөх ёстой. 113 175 ам.долларын бараа материал, сэлбэг хэрэгсэл нийтүүлсэн гэх санхүүгийн анхан шатны баримтаар нэхэмжлэлийн шаардлага давхар нотлогдох учиртай. Нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн “Т.И” ХХК ХХК болон “К.А” ХХК ХХК-иудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Өр авлага барагдуулах гэрээ” нь Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Талуудын хооронд ам.доллараар хийсэн гэрээ байхгүй байхад тооцоо нийлж, өр авлага барагдуулах гэрээ хийхдээ дурын тоогоо ам.доллараар бичиж, тэр дүнгээсээ алданги шаардаж байгаа нь үндэслэлгүйн дээр эрх бүхий этгээдтэй байгуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байна.
“Т.И” ХХК ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд Ц.Чуг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд юм. Тэрээр гэрээнд гарын үсэг зурсан Ц.Ч ад компанийг төлөөлөн хэлцэл байгуулах итгэмжлэл олгоогүй. Иргэний хуулийн 196.1.2-т талууд бичгээр гэрээ байгуулж байгаа бол баримт үйлдэж, гарын үсэг зурсан байхыг шаарддаг. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтад Ц.Чгарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т.И” ХХК ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч нь Ц.Чинбат. Тэрээр “Өр барагдуулах тухай гэрээ”-тэй холбоотой Ц.Ч ад өгсөн итгэмжлэл байхгүй. 2016 онд компанийн тамга дарж, ийм гэрээ байгуулсан талаар сая л шүүхэд хариуцагчаар дуудагдах үедээ мэдсэн бөгөөд Ц.Ч ад амаар болон бичгээр ийм хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрч байсан баримт байхгүй бөгөөд одоо ч энэ хэлцлийг зөвшөөрөх боломжгүй. Ц.Ч ч гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Б.Баяраа захирлыг гуйгаад байхаар нь тамга дарсан” гэдэг талаар хэлдэг. Ц.Ч “Т.И” ХХК ХХК-д хамааралгүй бөгөөд компанийн эрх бүхий албан тушаалтан биш. Мөн шинжээчийн дүгнэлтээр ч Ц.Чуг гэрээнд гарын үсэг зураагүй нь нотлогдоно. Иймд уг гэрээг “Т.И” ХХК ХХК-тай байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн анз нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй. Анзын талаар хийсэн бичгийн гэрээ ч байхгүй.
“Т.И” ХХК ХХК нь “К.А” ХХК ХХК-д төлөх төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч бичгээр болон амаар хийсэн гэрээ, хэлцэл байхгүй. Бид авсан сэлбэгийнхээ төлбөрийг төгрөгөөр төлж байсан бөгөөд гэрээт ажлын санхүүжилт саатах тохиолдолд хоорондоо ярилцаж төлбөрийг хойшлуулах байдлаар хамтран ажиллаж ирсэн. Мөн “К.А” ХХК ХХК нь алданги, торгууль шаардах байдлаар гэрээ байгуулах нь байтугай хоорондоо ярилцаж ч байгаагүй, бидэнд хандан алданги, торгууль шаардаж албан бичиг ч ирүүлж байгаагүй. Иймд Иргэний хуулийн 262, 196.1-д заалт энэ асуудалд хамаарахгүй бөгөөд харин олон жилийн тогтвортой харилцаж, Канад улсаас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг нь бид өндөр үнээр авч байсан. Иргэн Б.Баяраатай тохирч, 2011 онд 751 сая төгрөгийн бараа аваад 653 сая төгрөгийн төлбөр тооцоо хийсэн. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан гээд яриад байдаг ч 16-ны өдөр Б.Баяраа захиралтай намайг уулзахад тэрээр “157 772 950 төгрөгийн үлдэгдэл байна, яаж төлөх вэ, Канадын тал үйл ажиллагаа зогссон тул төлбөрөө яаралтай төлөөч” гэж ярилцсан байдаг. Би 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Баяраад “157 772 980 төгрөгөө төлж барагдуулая, манайхаас авах юм байвал ав” гээд гэрээний санал өгсөн ч яригдаагүй л үлдсэн. Үүнийг Б.Баяраа захирал мэдэж л байгаа. Уг гэрээ байгуулсан талаар тухайн үед надад юу ч яриагүй. Дараа нь Ц.Чзахирлын гарын үсэгтэй тоот өгсөн, би бид доллараар төлөхгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед буюу 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 тоот өр барагдуулах тухай албан бичгийг “К.А” ХХК ХХК-ийн захирал Б.Баяраа хүссэн бөгөөд тэрээр “Канадад байгаа түншүүддээ авлагаа нотлох яаралтай шаардлага байна. Танайх өр төлбөрөө ам.долларт шилжүүлээд бичиг хийж өгөөч” гэж хүссэний дагуу хийгдсэн бичиг. Дараа нь Б.Баяраа захирал яаралтай 4 000 ам.доллар хэрэгтэй байна, аминд орооч гэхээр нь туслах зорилгоор төлбөрийг шилжүүлэх данс нь ам.долларын данс байсан тухайн өдрийн ханшаар тооцож монгол төгрөгөөр өөрийн биеэр банкинд очиж шилжүүлсэн. Энэ нь баримтаар нотлогдоно.
Иргэний хуулийн 217.1-д зааснаар бид үүргээ төгрөгөөр гүйцэтгэнэ. Мөн санхүүгийн баримтаар 2010 онд 13 365 000 төгрөг, 2011 онд 656 123 700 төгррөг, 2012 онд 316 591 000 төгрөг, 2013 оны эцэст 151 475 980 төгрөгийн төлбөртэй болсон, 2014 онд 11 297 000 төгрөгийн худалдан авалт хийж, 5 000 000 төгрөг төлсөн, ингээд 2013 оны эцсийн үлдэгдэлтэй нийлээд 157 772 980 төгрөгийн төлбөр үлдсэн. 2015, 2016 онд худалдан авалт хийгдээгүй, 2016 онд 9 928 000 төгрөгийн өр төлсөн учир үлдэгдэл нь 147 844 980 төгрөг болж буурсан.
Иймд бид “К.А” ХХК ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, “Т.И” ХХК ХХК-ийн төлбөр төлсөн баримт болон компанийн НӨАТ-ын тайланд тусгасан бодит өр болох 147 844 900 төгрөгийн өглөгтэй үлдсэн. Б.Баяраа захирлын зүгээс Канадаас хүн ирэхээр л төлбөр мөнгөний асуудал ярих юм. Энэ хугацаанд төлбөр тооцоо нийлэх цаг хугацаа байсан ч огт нийлээгүй. Иймд санхүүгийн тайлангаар тогтоогдсон 147 844 900 төгрөгийг төлөхийг бид зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К.А” ХХК ХХК нь хариуцагч “Т.И” ХХК ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид нийт 169 762.50 ам.доллар буюу 442 373 913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ам.долларын ханшийн зөрүүгээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 473 890 321 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 152 817 ам.доллар буюу 426 587 127.33 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 147 844 900 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигч нь нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох үүрэгтэй болно.
Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Талуудын хооронд уул уурхайн өрмийн машины сэлбэг худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, нэхэмжлэгч “К.А” ХХК ХХК нь 2011-2014 онуудад хариуцагч “Т.И” ХХК ХХК-д бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “К.А” ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хариуцагч “Т.И” ХХК ХХК-аас 2011-2014 онуудад худалдсан сэлбэгийн төлбөрийн үлдэгдэл 101 878 ам.доллар болон алдангид 50 939 ам.доллар, нийт 152 817 ам.доллар буюу 426 587 127.33 төгрөгийг “Т.И” ХХК ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 дугаартай “Өр барагдуулах тухай” албан бичиг болон хариуцагч компанийн захирал Ц.Чинбатын ах буюу компанийн эрх бүхий этгээд болох Ц.Ч тай 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “Өр авлага барагдуулах гэрээ”-г үндэслэн нэхэмжилнэ” гэснийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, төлбөрийг доллараар төлөхөөр тохиролцоогүй, харин 2010-2014 онд авсан барааны үлдэгдэл санхүүгийн тайлангаар тогтоогдсон 147 844 900 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, “Өр авлага барагдуулах гэрээ”-г “Т.И” ХХК ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарлан, маргажээ.
Дээрх талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэх “Өр авлага барагдуулах гэрээ”-нд зурагдсан гарын үсэг нь хариуцагч “Т.И” ХХК ХХК-ийн захирал Ц.Чинбатынх мөн эсэх талаар шинжээч томилуулах тухай зохигчийн хүсэлтийг шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2019/03000 дугаар захирамжаар хангаж, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1935 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 9 сарын 15-ны өдрийн “Өр авлага барагдуулах гэрээ” гэсэн баримтын баруун доод хэсэгт “Т.И” ХХК ХХК-ийг төлөөлж гэсний доод талд байх шинжилж буй гарын үсэг нь Ц.Чинбатын гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна” гэжээ.
/1 дүгээр хх-ийн 206207, 211-214 дүгээр тал/
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2019/07751 дугаартай захирамжаар хангаж, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжилгээний хэсгийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд шинжээчдийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 662 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн “Өр авлага барагдуулах гэрээ”-ний баруун доод хэсэгт “Т.И” ХХК ХХК-ийг төлөөлж гэсний доор зурсан шинжилж буй гарын үсэг нь Ц.Чинбатын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. ...гэрээний баруун доод “Т.И” ХХК ХХК-ийг төлөөлж” гэсэн хэсэгт байх тэмдгийг дарсны дараа дээр нь гарын үсэг зурсан байна” гэсэн дүгнэлтийг ирүүлж, Ц.Ч ын гэх бичгийн загварууд шинжилгээний шаардлага хангахгүй тул шинжилгээ хийх боломжгүй гэсэн тул гэрчээр асуугдсан Ц.Ч ыг шүүхээс албадан ирүүлж, шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШЗ2020/03045 дугаартай захирамжаар дээрх шинжээчдийг дахин томилсон.
/1 дүгээр хх-ийн 229-230, 234-235, 2 дугаар хх-ийн 13-25, 34-35 дугаар тал/
Шинжээчдийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1249 дугаартай дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 9 сарын 15-ны өдрийн “Өр авлага барагдуулах гэрээ”-ний баруун доод хэсэгт “Т.И” ХХК ХХК-ийг төлөөлж” гэсний доор зурагдсан гарын үсэг нь Ц.Ч ын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна” гэжээ.
/2 дугаар хх-ийн 39-53 дугаар тал/
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн дээрх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэх “Өр авлага барагдуулах гэрээ”-нд зурагдсан гарын үсэг Ц.Чинбатынх биш талаар маргахгүй, харин компанийг үүсгэн байгуулагч, эрх бүхий этгээд Ц.Ч уг гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамгыг дарсан тул хүчин төгөлдөр гэрээ гэж тайлбарладаг тул дээрх гэрээнд хариуцагч “Т.И” ХХК ХХК-ийн захирал Ц.Чгарын үсэг зураагүй гэдэг асуудлаар зохигч маргаагүй байна гэж үзлээ.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэжээ.
Ц.Ч нь “Т.И” ХХК ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
/1 дүгээр хх-ийн 55-190 дүгээр тал/
Иймд талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Өр авлага барагдуулах гэрээ”-г байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
/1 дүгээр хх-ийн 9 дүгээр тал/
Харин талууд худалдах-худалдан авах гэрээний дагуу хэдэн төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлээгүй байх боловч хариуцагч “Т.И” ХХК ХХК-ийн татгалзал нь хэргийн 27 дугаар талд авагдсан “Өр барагдуулах тухай” албан бичгээр няцаагдаж байна. Учир нь уг 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 дугаартай “Өр барагдуулах тухай” албан бичигт “...2013 худалдан авсан барааны үнэ 105 878 ам.долларын өр төлбөртэй байгаа тул 2014 оны 8 дугаар сарын 01-н хүртэл дээрх төлбөрийг барагдуулах хугацаа олгоно уу” гэсэн нь хариуцагч “Т.И” ХХК ХХК нь энэ өдрийн байдлаар 105 878 ам.долларын өр төлбөртэй байсан, уг төлбөрийг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулах хугацаа хүссэн байна гэж үзэх үндэслэлтэй.
/1 дүгээр хх-ийн 27 дугаар тал/
Ийнхүү төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрснөөс хойш хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 4 000 ам.доллар буюу 9 928 000 төгрөгийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер гэсэн баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн хувьд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй юм.
/1 дүгээр хх-ийн 187 дугаар тал/
Түүнчлэн худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр байсан болохыг зохигчийн хэн аль нь зөвшөөрдөг, хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 105 878 ам.доллараас 4 000 ам.доллар буюу 9 928 000 төгрөгийг төлсөн байх тул дээрх “Өр барагдуулах тухай” 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 дугаартай албан бичгийг талуудын хооронд эцсийн тооцоо нийлсэн баримт гэж үзэх боломжтой байна.
Харин талууд худалдах-худалдан авах гэрээний үүрэгт анз төлөх талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь анзын үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “К.А” ХХК ХХК-ийн захирал Б.Баяраа “Канадад байгаа түншүүддээ авлагаа нотлох яаралтай шаардлага байна. Танайх өр төлбөрөө ам.долларт шилжүүлээд бичиг хийж өгөөч” гэж хүссэний дагуу 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 дугаартай “Өр барагдуулах тухай” албан бичгийг хийж өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар баримтаар нотлоогүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Т.И” ХХК ХХК-ийн захирал Ц.Чинбатын 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 дугаартай “Өр барагдуулах тухай” албан бичгийг үндэслэн уг төлбөрийг ам.доллараар төлөхийг зөвшөөрсөн гэж үзэн, 101 878 ам.долларыг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ханшаар тооцон 284 391 418. 22 төгрөг /1 ам.доллар х 2 791.49/-ийг хариуцагч “К.А” ХХК ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 50 939 ам.доллар буюу 142 195 709.11 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч тал Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт гэсэн баримтыг үндэслэл болгосныг хариуцагч тал эсэргүүцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
/2 дугаар хх-ийн 149 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 743 851.96 төгрөг /2 428 319.56 + 315 532.4/-өөс илүү төлсөн 216 450.35 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, үлдэх 2 527 401.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 1 579 907.09 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг баримтлан хариуцагч “Т.И” ХХК ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 101 878 ам.доллар буюу 284 391 418. 22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К.А” ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлээс 50 939 ам.доллар буюу 142 195 709.11 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “К.А” ХХК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 743 851.96 төгрөгөөс 2 527 401.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 216 450.35 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Т.И” ХХК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 579 907.09 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ