| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 120/2025/0037/З |
| Дугаар | 221/МА2026/0369 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0369
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, Г.С
Хариуцагч С.Ө, Д.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Ж.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 120/2025/0037/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас “Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10.2, 44 дүгээр зүйлийн 44.4, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч /С.Ө, Д.Г/-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“...3.1. Өмнөговь аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Ө, Д.Г нар манай компанийн 2021, 2022, 2023 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж илрүүлсэн зөрчил гэх 1 190 969 032.91 төгрөгт нийт 152 209 005.23 төгрөгийн төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актаар ногдуулан төлүүлэхээр илт хууль бусаар шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал,
3.1.1. Нөхөн ногдуулалтын актад “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2022 онд 2 817 236.95 төгрөгийн татвар ногдох орлого дутуу тайлагнасан зөрчил нь ...” гэсэн нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй, тооцоололтой алдаатай, ойлгомжгүй.
Учир нь манай компани нь татвар ногдох орлогоо бүрэн гүйцэд тайлагнан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бүрэн гүйцэд тусгадаг байтал шалгалт хийсэн байцаагч нар тооцооллын алдаа гарган үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Энэ нь тус компанид үйлдэгдсэн НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын акт, актын салшгүй бүрдэл хэсэг хавсралтууд болох “Х” ХХК-ий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо (Маягт-ХШ07/01)-ийн 1 дүгээр мөр, 2, 3 дугаар баганад 2021 онд нийт орлогын дүн татвар төлөгчийн тайлагнасан 2 517 062 036.15 төгрөг, шалгалтаар 2 517 062 036.15 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй, 2022 онд нийт орлогын дүн татвар төлөгчийн тайлагнасан 2 277 131 684.51 төгрөг, шалгалтаа 2 277 131 684.51 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй, 2023 онд нийт орлогын дүн татвар төлөгчийн тайлагнасан 1 802 396 482.50 төгрөг, шалгалтаар 1 802 396 482.50 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй гэснээр нотлогдоно.
Өөрөөр хэлбэл, “Цахим татварын систем (etax.mta.mn)”, “Цахим төлбөрийн баримтын систем (ebarimt)”-үүд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан руу нэг эх үүсвэрээс татвар ногдох орлогоо автоматаар программын арга (Хиймэл оюун ухаан)-аар татдаг тул зөрүү гардаггүй болно.
3.1.2. Нөхөн ногдуулалтын актад “… 2. 2021 онд 55 909 090.91 төгрөг, 2022 онд 98 681 818.18 төгрөг, нийт 154 590 909.09 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар харилцан хамаарал бүхий “Э” ХХК…-с бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь …” гэсэн нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй.
Учир нь харилцан хамааралтай аж ахуйн нэгж хоорондоо ажил гүйлгээ хийхийг Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, бусад татварын хууль тогтоомжоор хориглоогүй, зайлшгүй хэрэгцээ шаардлага (зарим дэлгүүр барааны илүүдэлтэй, зарим нь тухайн барааны дутагдалд орох тохиолдол байнга гардаг)-ын улмаас харилцан бараа, бэлэн бүтээгдэхүүн нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүр лүү шилжүүлсэн буюу “Э” ХХК-иас худалдан авалт хийж хуульд заасны дагуу цахим төлбөрийн И баримт, Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үйлдүүлсэн байхад зөрчилтэй гэж үзсэн нь хууль бус байна.
Бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг ягштал мөрдөн удирдлага болгон ажилладаг.
“Э” ХХК-ийг тус компанитай ижил цаг хугацаанд хамтад нь шалгаад борлуулалтын орлого нь бодитой, татвар ногдох орлогоо хуульд заасны дагуу бүрэн гүйцэд, үнэн зөв тайлагнасан гэж татварын байцаагч нар зөв дүгнэсэн атлаа манай компанийн тухайд “Бараа материал худалдан авсан мэтээр тайлагнасан” гэсэн нь илтэд хууль бус байна.
Энэ нь “Э” ХХК-д үйлдэгдсэн НА-11250000035 дугаартай нөхөн ногдуулалтын акт, актын салшгүй бүрдэл хэсэг хавсралтууд болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо (Маягт-ХШ07/01)-ийн 1 дүгээр мөр, 2, 3 дугаар баганад 2021 онд нийт орлогын дүн татвар төлөгчийн тайлагнасан 10 282 532 642.00 төгрөг, шалгалтаар 10 282 532 642.00 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй, 2022 онд нийт орлогын дүн татвар төлөгчийн тайлагнасан 11 647 833 659.82 төгрөг, шалгалтаар 11 647 833 659.82 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо (Маягт-ХШ12)-ийн 4 дүгээр мөр, 1, 2 дугаар баганад 2021-2023 онд нийт борлуулалт татвар төлөгчийн тодорхойлсноор 35 116 441 597.79 төгрөг, шалгаж баталгаажуулснаар 35 116 441 597.79 төгрөг бөгөөд тэнцүү буюу зөрчилгүй гэсэн хөдөлшгүй баримтаар нотлогдоно.
3.1.3. Нөхөн ногдуулалтын актад “... 3. Хуурамч хий бичилттэй падаан тараагч -У-Е, Э х ХХК...-иудаас 2021 онд 34 699 636.37 төгрөг, 2022 онд 162 395 445.47 төгрөг, нийт 197 095 081.84 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь ...” гэсэн нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй.
Учир нь бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг ягштал мөрдөн удирдлага болгон ажилладаг.
Мөн манай компани нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн ...” гэж заасны дагуу “У-Е”, “Э х” ХХК-иас 197 095 081.84 төгрөгийн үнийн дүнтэй бараа материал худалдан авсан бөгөөд энэхүү ажил гүйлгээ нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, цахим төлбөрийн И баримт, бусад баримтаар нотлогддог.
Харин хэргийн материалд эдгээр компаниудыг хий бичилт хийдэг гэдгийг нотлох баримт байхгүй болно.
3.1.4. Нөхөн ногдуулалтын актад “...4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 378 288 623.35 төгрөг, 2023 онд 43 900 159.72 төгрөг, нийт 422 278 783.07 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдохгүй өртгийг тооцоолол, үндэслэлгүйгээр илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь ...” гэсэн нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй, тооцооллын алдаатай, ойлгомжгүй.
Учир нь манай компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бодитой гарсан, холбогдох баримтаар баталгаажсан, хуульд заасны дагуу цахим төлбөрийн И баримт, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нотлогдсон зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон болно.
Шалгалт хийсэн татварын байцаагч нар тус компанид үйлдсэн НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актын илрүүлсэн зөрчил гэх хэсгийн 3 дугаар хэсэг дурдагдсан “У-Е”, “Э х” ХХК-иас 197 095 081.84 төгрөгийн бараа бэлэн бүтээгдэхүүн худалдан авсан, цахим төлбөрийн И баримттай, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай ажил гүйлгээг зардалд орохгүй гэж үзээд байгаа юм байна гэж төсөөлбөл 225 183 701.23=(422 278 783.07-197 095 081.84) төгрөгөөр хийсвэрээр зөрчлийн дүнг өсгөсөн.
Харин энэхүү гомдлын 1 дэх хэсгийн 1.3 дугаарт заасан үндэслэлээр нэр бүхий 2 компанийн тухайд татвар ногдох орлогоос хасагдах зардалд орох шаардлагыг бүрэн хангасан байна. Энэ нь тус компанид үйлдэгдсэн НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын акт, актын салшгүй бүрдэл хэсэг хавсралтууд болох “Х” ХХК-ийн 2021-2023 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо (Маягт-ХШ12)-ийн 9 дүгээр мөр, 2 дугаар багананд НӨАТ-тай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүн шалгаж баталгаажуулсан 6 352 651 567.51 төгрөг гэсэн хөдөлшгүй баримтаар нотлогдоно.
3.1.5. Нөхөн ногдуулалтын актад “... 5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх үлдэгдэл 2021 оны 635 408.52 төгрөг, 2022 оны 1 425 988.45 төгрөг, 2023 оны 1 183 740.00 төгрөг, нийт 3 245 136.97 төгрөгийн дутууг 369 хоног хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь ...6. Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого /Суутган 1/ тайлангаарх үлдэгдэл 2021 оны 587 310.00 төгрөг, 2022 оны 226 215.00 төгрөг, 2023 оны 172 050.00 төгрөг, нийт 985 575.00 төгрөгийн дутууг 354 хоног хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь ...” гэсэн нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй.
Учир нь манай компани нь бусад татварын нэр төрлөөр илүү төлөлттэй байсан бөгөөд тухайн татваруудыг төлж дуусгасан.
Мөн тус компанид үйлдэгдсэн НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын акт, актын салшгүй бүрдэл хэсэг хавсралтууд болох “Х” ХХК-ийн 2021-2023 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо (Маягт ХШ12)-ийн 2 дугаар мөр, 1, 2 дугаар баганад татвар төлөгчийн тодорхойлсон, шалгаж баталгаажуулсан төсвөөс буцаан авах дүн тэнцүү буюу 15 623 706.46 төгрөг, 39 дүгээр мөр 1 дүгээр баганад татвар төлөгчийн тодорхойлсон төсвөөс буцаан авах дүн 29 136 499.42 төгрөг гэснээр нотлогдоно.
3.1.6. Нөхөн ногдуулалтын актад “... 7. 2021 онд 98 192 650.00 төгрөг, 2022 онд 163 467 760.00 төгрөг, 2023 онд 148 295 900.00 төгрөг, нийт 409 956 310.00 төгрөгийн харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй зөрчил гэсэн нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй.
Учир нь үнэ шилжилтийн тайлангаа хугацаанд илгээсэн, дээрх зөрчил гэх асуудал нь утга агуулга нь ойлгомжгүй, ямар аж ахуйн нэгжтэй ажил гүйлгээ хийж үнэ шилжилт хийсэн гээд байгаа нь тодорхойгүй, үнэ шилжилт хийж ямар нэр төрлийн татварыг ногдуулан төлөөгүй гэж үзээд байгаа талаар дүгнээгүй. Даланзадгад суманд үнэ шилжилт хийх бодит боломжгүй бөгөөд утгагүй шийдвэр гаргасан.
Шалгалт хийсэн татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Татвар төлөгч нь үнэ шилжилтийн тайлан гаргаагүй, эсхүл татварын ногдлоо дутуу тодорхойлж тайлагнасан бол татварын алба нь үнэ шилжилтийн үндсэн тохируулга хийж, татварыг нөхөн ногдуулж, хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Үнэ шилжилтийн тохируулга хийхэд дараах аргыг ашиглана”, 40.1.1-д “харьцуулагдах бие даасан үнийн арга”, 40.1.2-т “дамжуулан борлуулах үнийн арга”, 40.1.3-д “өртөг дээр нэмэх арга”, 40.1.4-д “ажил гүйлгээний цэвэр ашгийн арга”, 40.1.5-д “ажил гүйлгээний ашиг хуваах арга”, 40.1.6-д “энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан үнэ шилжилтийн ерөнхий зарчимд нийцсэн бусад арга”, 40.2-т “Татварын алба энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан үнэ шилжилтийн тохируулгыг хийхдээ энэ хуулийн 40.1-д заасан аргаас хамгийн тохиромжтой гэж үзсэн аргыг ашиглах...” гэж заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл эдгээр аргуудын алийг нь ч манай компанид ашиглаагүй, ашиглах ч шаардлага байхгүй, боломжгүй, үнэ шилжилт хийсэн гэж ямар нэгэн татвар ногдуулаагүй атлаа торгууль ногдуулсан нь хууль бус бөгөөд ойлгомжгүй байна. Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд хүнсний дэлгүүрүүд үнэ шилжилт хийдэггүй бөгөөд бүх ажил гүйлгээ нь цахим төлбөрийн И баримт, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэгдэн харилцагч татварын албандаа бүртгэгдсэн, мэдээлэгдсэн байдаг бөгөөд манай компанийн бүх ажил гүйлгээ нууцлагдаагүй, “Цахим татварын систем (etax.mta.mn)”, “Цахим төлбөрийн баримтын систем (ebarimt)”-д ил тод нээлттэй байгаа болно.
Харин шалгалт хийсэн татварын байцаагч нар тус компанид үйлдсэн НА-11250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актын илрүүлсэн зөрчил гэх хэсгийн 2 дугаар хэсэгт дурдагдсан “Э” ХХК-иас 154 590 909.09 төгрөгийн бараа бэлэн бүтээгдэхүүн худалдан авсан, цахим төлбөрийн И баримттай, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай ажил гүйлгээг харилцан хамааралтай этгээд гээд байгаа юм болов уу гэж тааж, төсөөлбөл 255 365 400.10 (409 956 310.00-154 590 909.90) төгрөгөөр, хийсвэрээр зөрчил гэх дүнгээ өсгөжээ.
Үнэ шилжилт нь үндэстэн дамнасан корпорацуудын тухайд татварын ачаалал өндөртэй улс оронд олсон орлогоо татварын ачаалал багатай буюу хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг улс оронд орлого, татвараа шилжүүлэн тооцож татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг хэлдэг болно.
3.2. Аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын байцаагч нар намайг болон аав Ц.Ц, ээж Ш.Д, ах Ц.Ж, ахын “Э”, “Э ц м”, “Ш ц м”, “Ө ц м” ХХК, миний “Х” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд нэгэн зэрэг хяналт шалгалт хийж хууль эрх зүйн үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй, хэт өндөр төлбөрийн дүнтэй буюу нийт 1.5 тэрбум (Нэг тэрбум таван зуун сая) төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэсэн зарчмыг алдагдуулсан.
Дээрх нэр бүхий таван компаниуд бүгд хүнсний дэлгүүрүүд бөгөөд одоо зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон болно. Аймаг, сумын засаг даргын Тамгын газраас хүнсний дэлгүүр ажиллуулахад заавал компани байх шаардлагыг тавьдаг тул арга буюу энэхүү таван компани байгуулагдсан болно. Түүнээс хувь хүн бидний тухайд таван компани байгуулах хэрэгцээ шаардлага байгаагүй. Аймгийн Татварын газрын татварын байцаагч нар 2024-2025 он буюу бүтэн 2 жилийг дамнуулан 1 жил 4 сарын хугацаанд биднийг шалгаж, хууль эрх зүйн үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй, хэт өндөр төлбөрийн дүнтэй актыг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу Үндэсний их баяр наадмаар цахимаар буюу мэйлээр ирүүлж сэтгэл санааны дарамт болоод айдаст автуулж, эрх зүйн туслалцаа авах, актад гомдол гаргах боломжийг хязгаарлах гэж оролдож цаг хугацаагаар хяссан зэргээр ёс зүйгүй, хүний мөсгүй, жудаггүй үйлдлүүд гаргасан.
Энэ нь “Э” ХХК-д үйлдэгдсэн НА-11250000035 дугаартай нөхөн ногдуулалтын актад: “...шалгалтыг 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд ... хийж гүйцэтгэв...” гэснээр нотлогдоно.
“Э” ХХК-иас бусад компани, иргэн биднийг бүтэн 1 жилийн хугацаанд удирдамж, томилолтгүй хяналт шалгалт хийж гүйцэтгэснийг тухайн үед ойлгоогүй бөгөөд бид сүүлд мэдсэн. Татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх...” гэж заасныг зөрчсөн.
Мөн Татварын байцаагч нар үндэслэлгүй их хэмжээний төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх..." гэж заасныг хэрэгжүүлэхэд бодит хүндрэлийг учруулсан.
3.3. Маргаан таслах зөвлөл нь хуульд заасан хугацаанд хуралдаагүй, гишүүдийн ирц хүрээгүй, магадлагч бидний гаргасан гомдлын талаар нэг ч асуудал тодруулж, бидэнтэй холбогдоогүй. Гэтэл магадлагчийн актыг хэвээр үлдээх санал бүхий дүгнэлтийг шалгалт хийсэн татварын улсын байцаагч урьдчилан мэдэж байсан нь хуралдааны явцад тодорхой болсон. Нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг хуралд оролцуулаагүй, зөвхөн аймгийн Татварын газрын таван татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хийж ашиг сонирхлын зөрчлийг үүсгэсэн нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1-д “аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага ... мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл”, 46.7-д “Маргаан таслах зөвлөлийн дэргэд татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор татварын асуудлаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий хараат бус магадлагч ажиллах...”, 47 дугаар 47.7-д “Маргаан таслах зөвлөлийн хуралдаан нь бүх гишүүний гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдоно”, 47.15-д “Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж, уг шийдвэрийг маргааны оролцогч талуудад гардуулна”, 47.16-д “Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 47.15-д заасан шийдвэр гаргах хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно...” гэж заасныг зөрчсөн байна.
Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д “Маргаан таслах зөвлөл нь ес хүний бүрэлдэхүүнтэй байна. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална”, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 11, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна” гэж заасан.
Мөн Маргаан таслах зөвлөлийн хуралд 7 гишүүн оролцсон мэтээр тогтоолыг хуурамчаар үйлдсэн нь ихэд гайхшируулсан.
Татварын алба, түүний дэргэдэх Маргаан таслах зөвлөл, акт тогтоосон татварын улсын байцаагч нар татвар төлөгчийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн хэт нэг талыг барьсан буюу зөвхөн буруутгах, өндөр төлбөрийн дүнтэй акт тогтоохыг урьтал болгох, цаашлаад актыг Маргаан таслах зөвлөлийн хурлаар, мэтгэлцээний явцад хүчингүй болох бүрэн нөхцөл бүрдээд ирэхээр зөвлөл үндэслэлгүйгээр актыг хэвээр үлдээж байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн нь Маргаан таслах зөвлөлийн өмнө татвар төлөгч, татварын улсын байцаагч тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан.
3.4. Энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, нэхэмжлэгч болон хариуцагч нартай санал солилцон зөвшилцсөн, тэдний зүгээс шүүх хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг зөвшөөрч, хэрэгт шинээр нотлох баримт хийх шаардлага байхгүйг харилцан мэдэгдсэн тул шүүгч татвар төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нь Улаанбаатар хотоос хүрэлцэн ирэхийг харгалзан үзэж, шүүхийн ачаалал их, хуралдааны танхим хүрэлцээгүй байгааг учирлан хэлэхийн зэрэгцээг хамгийн боломжит хугацаагаар буюу “Х” ХХК-ийн тухайд 03 дугаар сарын 27-ны өдөр, бусад нэр бүхий 3 компанийн тухайд 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд тус тус товлон хуралдуулахаар болсон.
Миний ах Ц.Ж итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ыг авчрахаар 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгаас гарч Улаанбаатар, 26-ны өдөр түүнийг аваад Улаанбаатар хотоос Өмнөговь аймагтаа ирсэн.
Гэтэл 03 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанд товлосон цагтаа бид иртэл хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд огт ач холбогдолгүй, 1 жил 4 сарын хугацаанд шалгаж, үзсэн, өөрсдөд нь одоо ч байгаа (Шүүх хуралдааны үеэр хяналт шалгалтын тасгийн дарга А.Д өөрсдөд нь байгаа талаар ярьсан) зүйлийг үзэх, тус компанийн актад дурдагдаагүй “Э ц м”, “Ш ц м”, “Ө ц м”, “Ц ж и”, “Д д” ХХК-ийн талаар хүсэлт гаргасан нь Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ... шүүх үзлэг... хийх” гэж заасныг зөрчсөн.
Мөн шүүх хурал эхлэх тэр мөчид хариуцагч нарын зүгээс Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс шалгалт хийсэн “Танилцуулга” авах талаар хүсэлт гаргасан нь биднийг ихэд гайхшируулж, шалгалт хийж эхэлснээс хойш 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байхад ийм хачирхалтай хүсэлт тавьсан нь татвар төлөгчөө үл хүндэтгэдэг, улмаар шүүхийг ч үл хүндэтгэн, ажилдаа сахилга бат хариуцлагагүй ханддаг, урсгалаараа явж ирснийг нотолж байна.
Ингээд миний ах Ц.Ж 03 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ыг Улаанбаатар хотод хүргэж ирсэн. П.Г-ын авч ирэх, буцаан хүргэх түлш шатахуун, буудал, хоол болон бусад зардлыг тус компаниас гарч байгаа болно.
Замын нөхцөл байдал амаргүй хүнд, шороон болон цасан шуургатай байгааг мэдсээр байж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байгаагаа урьдчилан мэдэгдэлгүй татвар төлөгч биднийг зам тээврийн болзошгүй эрсдэлд оруулж, үргүй зардал гаргуулсан. П.Г нь 90 настай аав, 85 настай ээжийгээ асардаг, түүний ээж нь мөн бэртэлтэй байгаа болно.
3.5. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй байхад, өөрөөр хэлбэл манай компани нь татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй нь тодорхой байхад хариуцагч нар нь актаа зөвтгөх, дахин шинэ акт гаргах эрхийг олгож байгаа нь хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн зарчимтай нийцсэнгүй.
Дээрх хууль болоод үндэслэл, нотлох баримтуудыг дурдан хангалттай мэтгэлцэн, хэлж ярьсан боловч анхан шатны шүүх бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлтийг өгч чадаагүй, гаргасан шийдвэр нь учир дутагдалтай байна.
Иймд дээрх хууль, эрх зүйн үндэслэл, нотлох баримтуудад тулгуурлан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2022 онд 2 817 236.95 төгрөгийн татвар ногдох орлогоо дутуу тайлагнасан, ... 2021 онд 55 909 090.91 төгрөг, 2022 онд 98 681 818.18 төгрөг, нийт 154 590 909.09 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар харилцан хамаарал бүхий “Э” ХХК-иас бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулсан, ... хуурамч хий бичилттэй падаан тараагч У-Е ХХК, Э х ХХК-иудаас 2021 онд 34 699 636.37 төгрөг, 2022 онд 162 395 445.47 төгрөг, нийт 197 095 081.84 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулсан, ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 378 288 623.35 төгрөг, 2023 онд 43 900 159.72 төгрөг, нийт 422 278 783.07 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдохгүй өртгийг тооцоолол, үндэслэлгүйгээр илүү тооцож татвар ногдох орлогыг бууруулсан, ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх үлдэгдэл 2021 оны 635 408.52 төгрөг, 2022 оны 1 425 988.45 төгрөг, 2023 оны 1 183 740.00 төгрөг, нийт 3 245 136.97 төгрөгийн дутууг 369 хоног хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, ... цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого тайлангаарх үлдэгдэл 2021 оны 587 310.00 төгрөг, 2022 оны 226 215.00 төгрөг, 2023 оны 172 050.00 төгрөг, нийт 985 575.00 төгрөгийн дутууг 354 хоног хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, ... 2021 онд 98 192 650.00 төгрөг, 2022 онд 163 467 760.00 төгрөг, 2023 онд 148 295 900.00 төгрөг, нийт 409 956 310.00 төгрөгийн харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй...” зэрэг 7 төрлийн, нийт 1 190 969 032.91 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж 77 678 201.11 төгрөгийн нөхөн татвар, 39 590 933.34 төгрөгийн торгууль, 34 939 870.78 төгрөгийн алданги, нийт 152 209 005.23 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
2.2. Нэхэмжлэгчээс “Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-11250000014 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... бараа шилжүүлсэн “Э” ХХК-ийн хувьд бодит татвар ногдох орлого үнэн зөв гэж дүгнэсэн атлаа, худалдан авагч “Х” ХХК дээр ирэхээрээ харилцан хамааралтай гээд болохоо байчихдаг, эсвэл авсан мэтээр гээд болохоо байчихдаг, ... У-Е ХХК, Э х ХХК-иудын хувьд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн танилцуулга, хууль хяналтын байгууллагаас авсан тодорхойлолт байгаа боловч тус хоёр компанийг хий бичилттэй гэдгийг нотлох баримт байхгүй, бидний хувьд энэ компаниудаас бодитоор бараа, бэлэн бүтээгдэхүүн бэлэн мөнгөөр худалдан авсан нь үнэн,... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын үлдэгдлийн хувьд манай компани нь бусад татварын нэр төрлөөр илүү төлөлттэй байсан бөгөөд тухайн татваруудыг төлж дуусгасан, ... Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд хүнсний дэлгүүрүүд үнэ шилжилт хийдэггүй, бүх ажил гүйлгээ нь цахим төлбөрийн и-баримт, падаан үйлдэгдэн хариуцагч татварын албандаа бүртгэгдсэн байдаг...” гэж тайлбарлан маргасан байна.
2.3. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эс зөвшөөрч “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өссөн дүн буюу 1-12 сарын нийт дүнгээрээ нийт орлого нь таарч явах ёстой. Гэтэл ... 2 817 236.95 төгрөгөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан учраас үүнийг зөрчил гэж үзсэн, ... “Э” ХХК-иас худалдан авалт хийснээр тайланд тайлагнасан, ... тулгалт хийж үзэхэд тус шилжүүлсэн болон хүлээн авч байгаа бараанд ямар ч төлбөр төлдөггүй, төлбөр хийгдээгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивсэн нь нотлогддог, ... У-Е ХХК, Э х ХХК-ийн хувьд гаалийн ямар ч мэдээлэл байхгүй, тус 2 компани хоорондоо мөн падаан бичилцсэн байдаг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн баримтаар нотлогдоно. Эдгээр ажил, үйлчилгээг касснаас бэлэн мөнгөөр төлснөөр журналд бүртгэгдсэн, ...энэ падаан нь өөрөөр хэдэн тоо ширхэг, ямар материал татан авсан тодорхойгүй, бараа материалын орлого зарлагын гүйлгээний тамга тэмдэгтэй анхан шатны баримт байхгүй, ... тус компани нь өртгөө зөрүүтэй тусгасан, өртгийн тооцоолол гаргахад 2021, 2023 он дээр зөрүү гараад, энэ дүн дээр нь зөрчил илэрсэн учраас нөхөн татвар, торгууль тавьсан, ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг нийт 3 245 136.97 төгрөгийн дүнтэй тайлагнасан атлаа хуулийнхаа хугацаанд буюу дараа оныхоо 02 дугаар сарын 10-ны дотор тайлагнаж төлөөгүй, 369 хоног хожимдуулж төлсөн учраас тэр хоорондох хугацааны алданги, торгууль бодсон, ... тухайн аж ахуйн нэгж илүү төлөлт үүсэх нь үүссэн байсан, энэ нь төлөх ёстой татвар биш, ... тухайн үедээ илүү төлөлтөө баталгаажуулаагүй, бусад татвартаа суутган тооцуулах хүсэлт өгч байгаагүй, ... “Э” ХХК-тай харилцан хамааралтай этгээд болох нь нотлогддог, харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн гүйлгээ нь “Электрон Мон” ХХК-иас хүлээн авсан, шилжүүлсэн барааных нь дүнгээр нотлогддог, энэ дүнгээрээ аж ахуйн нэгжийн тайландаа тайлагнах ёстой гэдгээр бид үнэ шилжилт дээр зөрчил гэж үзэж акт тавьсан...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.4. Гэтэл анхан шатны шүүх “...Зөрчлийг хуулийн зүйл, хэсгээр зөв тогтоосноор тухайн зөрчлийн дагуу хүлээх хариуцлагын хэмжээг тогтоох, хөөн хэлэлцэх хугацааг Зөрчлийн болон Татварын хуульд заасан хугацаагаар тооцоход ач холбогдолтой, үүнээс шалтгаалж эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх ажиллагаа, эрх хэмжээ нь аль хуульд хамаарах тодорхой болох болно, ... маргаан бүхий актын ТОГТООХ нь хэсэгтээ төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг /зөрчил тус бүрд/ хэдэн төгрөг нь ямар хуулийн аль заалтад заасан зөрчилд хамаарч хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгааг хуулийн зүйл, хэсгээр салган бичээгүй нь Татварын шалгалтаар тогтоосон зөрчил нь хуульд заасан зөрчилтэйгөө тохироогүй, тооцоолол тодорхойгүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байхын зэрэгцээ үүнийг шүүхээс тогтоох боломжгүй байна, ... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцсон гэж байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа хэрхэн хийгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай...” гэж дүгнэн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
2.5. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж зааснаас үзэхэд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг өөрөө бүрэн цуглуулж, бодит байдлыг тогтоон, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх үүрэгтэй.
Хэдийгээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг цуглуулсан байх боловч маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэл болон хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт хийхгүйгээр маргаан бүхий актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ.
2.6. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг гаргах учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлын талаар шүүх талуудаас тодруулах замаар маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжтой, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй байна.
Ийнхүү маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл тус бүрд огт дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй байхад, хариуцагч нарт актаа зөвтгөх, дахин акт гаргах эрхийг олгож байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
2.7. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ...” болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаан бүхий актын үндэслэл болон хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл тус бүрд нөхөн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН