Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0034

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0045/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал, 
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000014 дугаартай хэргийг 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  суманд *** өдөр төрсөн, *** настай, ***, *** оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй 

    Шүүгдэгч *** нь 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Турк сургуулийн урд талд байрлах авто зам дээр *** улсын дугаартай “***” маркын автомашиныг автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5в, 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-т заасныг зөрчин иргэн ***ийн жолоодож явсан “***” маркын *** улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хоёр пиво уугаад 18-ийн тэнд явж байгаад жижиг машин мөргөсөн тэгээд айж сандарсандаа шууд хөдлөөд явсан, араас цагдаа ирээд машин журмын хашаанд хийсэн. Хохирол төлбөрт 300.000 төгрөг, мөн гурван хоног таксинд яваад олох байсан 90.000 төгрөг, нийт 390.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ялыг тэнсэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5 дахь тал/,
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Bayanmunkh 216.2.doc
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 6-8 дахь тал/,
- Зам тээврийн байдал дээр тогтоосон ослын дүгнэлт /хэргийн 9 дэх тал/ 
-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 16 цагийн үед “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ” ХК-ийн уулзвар дээр нэг цагаан өнгийн жижиг тэрэг мөргүүлээд уулзвартаа хөндөлдөөд зогссон байсан. Тэгээд жолооч бололтой нэг залуу гараараа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй даллаад байхаар нь би тойроод яваарай гэж байгаа юм байх гэж ойлгоод жоохон тойроод яваад тэгээд өөрийнхөө урсгалд ороод явтал ардаас нэг машин түг хийгээд мөргөсөн бөгөөд миний машин хажуу тийшээгээ болоод явсан. Би юу болж байна гээд эргээд хартал нэг цэнхэр портер миний машины араас мөргөчихөөд хажуугаар шууд зогсолгүй явсан. 
…Машины засварын хөлсөнд 350.000 төгрөгийг өгсөн, мөн 3 өдрийн орлого гэж 90.000 төгрөгийг өгсөн. Өөр надад учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13-15 дахь тал/,

-Гэрч Ц.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчим би өөрийн эзэмшлийн автомашинтайгаа явж байгаад “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ” ХК-ийн уулзвараар баруун гар тийш эргэж байтал миний машины араас *** дугаартай портер маркийн автомашин мөргөчихөөд зугтаачихсан юм. Би машинаасаа бууж ирээд 18-н буудал талаас ирж явсан цагаан өнгийн жижиг тэргэнд гар өргөөд дохиод зогсоох гэтэл зогсолгүй, намайг өнгөрөөд чигээрээ явсан бөгөөд тэр жижиг тэрэгний яг ар талд ойрхон мөн цэнхэр өнгийн портер явж байснаа нөгөө цагаан өнгийн жижиг тэргийг араас нь очоод мөргөсөн. Тэр цагаан тэрэг бол чигээрээ явж байхад нь Портер хажуугаар гүйцэд түрүүлэх гэж дарж байгаа бололтой хажуу тийшээгээ дараад жижиг тэрэгний жолооч талын хойд хэсгээс мөргөсөн. Портер нилээн хурдтай явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

-Гэрч Э.Эрдэнэболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр 17 цагийн орчим ээлжинд гарч байтал 102-оос 18-н буудал дээр 3 портертой согтуу жолооч нар маргалдаж байна гэсэн дуудлага өгсөний дагуу би 18-н буудал руу явсан юм. Ингээд 18-н буудал дээр очиход цэнхэр өнгийн ачаагүй 3 ширхэг Портер машин зогсож байсан бөгөөд 3 залуу хоорондоо зууралдаад зогсож байсан. Тэгээд намайг очиход тэд нар намайг харчихаад өөр өөрсдийн машин руу ороод суучихсан юм. Тэгэхээр нь *** улсын дугаартай портер маркийн машины жолооч дээр очоод буугаад ир гэж хэлээд цаана зогсож байсан Портер машин руу явж байтал *** , *** дугаартай Портер машинуудын жолооч нар машинаа асаагаад 18-н буудлаас доошоо Дархан дээд сургууль тал руу явцгаасан. … нэг залуу гүйж ирээд миний машиныг *** улсын дугаартай Портер мөргөчихөөд зугтаачихлаа, мөн хажуу талд бас нэг өөр Портер нэг жижиг тэрэг мөргөчихөөд зугтаачихлаа гээд ирсэн. Ингээд уг зугтаасан тээврийн хэрэгслүүдийг замын цагдаагийн болон явган, хөдөлгөөнт эргүүлийн бүх цагдаа нарт зарлаад ***  улсын дугаартай Портер маркийн жолооч Баянмөнх нь Тосгоноос цагдаа нарт баригдаад ирсэн юм.” гэх мэдүүлэг, 
- Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 10/07/025/03 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 27-29 дэх тал/
“Портер” маркийн *** улсын дугаартай автомашины урд крыло баруун гар талдаа цуурсан, туслах гэрэл /под, пар/, толь хагарсан, бүхээгний хаалганы доод хэсэг төмөр зурагдаж нөхөөс /замаск/ халцарсан зэрэг гэмтэл ослын дараах эвдрэл байна. /зураг ¹02/ 
Осол үйлдэх, үйлдэгдэх үед автомашины тормосны эд анги бүрэн, ажлын тормосны ялтас, /наклад/ ажиллагаа хэвийн ажиллаж байсан. /Зураг ¹04/     
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 44 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Турк сургуулийн урд талд байрлах авто зам дээр ***  улсын дугаартай “*** ” маркын автомашиныг автомашин  жолоодох  эрхийн  үнэмлэхгүйгээр  жолоодож  явахдаа  Монгол 
Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Хохирогч *** д гэмт хэргийн улмаас 335000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал зууч” ХХК-ны гаргасан үнэлгээний тайлангаар /хэргийн 22-23 дахь тал/ нотлогдож байх бөгөөд энэ талаар хохирогч ***  “...засварын мөнгө төгрөгийг нөгөө мөргөсөн жолооч болох ***  гаргаж өгөөд миний машиныг засварлуулсан. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал бол байхгүй. Нэхэмжлэх зүйл бол байхгүй. Миний машин засвартай байх хугацааны таксины орлого болох мөнгийг өдрийн 30000 төгрөгөөр тооцож, 3 өдрөөр 90000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хэргийн 15 дахь тал/, хэргийн материалтай танилцахдаа “санал, хүсэлт байхгүй” гэсэн /хэргийн 59 дэх тал/, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирлоо авсан” гэсэн хариу өгсөн тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

    Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** улсын дугаартай хюьндэй портер маркын автомашин битүүмжилсэн мөрдөгч байцаагч Б.Мөнхбатын 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 49 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт шүүхэд ирсэн 0308200 дугаартай *** улсын дугаартай хюьндэй портер маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг *** д буцаан олгох нь зүйтэй байна.

    Шүүгдэгч *** ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 43 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 1 жил хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т заасныг баримтлан *** улсын дугаартай хюьндэй портер маркын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч Б.Мөнхбатын 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 49 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, АЯ №0308200 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг ***д буцаан олгосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***д оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** д мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ