Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс: 171/2013/0180/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
хохирогч ***, *** ,
гэрч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000647 дугаартай хэргийг 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, ***, *** *** төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ***тоотод оршин суудаг, 
урьд *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял, 
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2 жил 5 сар хорих ял, 
Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2***дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 4 жил 23 хоног хорих ял, 
Нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял, 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч *** нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан иргэн *** ийн мартаж буусан түрийвчтэй мөнгө, банкны виза карт, зэрэг эд зүйлийг завшиж бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт,
мөн 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *** сумын *** дугаар баг ***тоотод оршин суух иргэн ***ын гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгөн тоногтой бүс, зургийн аппарат, мөнгөн гинж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч бусдад 1.375.000 төгрөгийн хохирол,
2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр *** сумын *** дугаар баг *** задгайд оршин суух иргэн ***ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн өнгөт зурагт хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол, 
2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** сумын *** дугаар баг ***дүгээр задгайд оршин суух иргэн ***ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 43 инчийн өнгөт зурагт, гар утас, гутал зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч бусдад 1.010.000 төгрөгийн хохирол,
2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** сумын *** тоотод оршин суух иргэн ***ын гэрт нэвтрэн орж мэдрэгчтэй буюу “I pod” маркийн гар утас зэрэг эд зүйлийн хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2014 оны 7 дугаар сард *** аймгийн чиглэлийн нийтийн тээврийн автобусанд суугаад орой харанхуй болсон үед Дарханд ирсэн. Би тухай үед 19 дүгээр суудалд сууж явсан юм. Урд талаасаа гурав дахь сандал дээр хувцсаа тавьсан байсан. Тэгээд би хувцсаа авах гээд урд талын суудал дээр очиход сандал дээр нь түрийвч байсан.  Би буухдаа тэр түрийвчийг аваад буусан, Хулгайн хэргийн хувьд яривал *** гэдэг айл гэртэй айл байсан. Тэгээд гэрийн хаалга нь цоожтой байсан юм. Тэгээд би цоожийг нь эвдэж ороод 32 инчийн зурагт авсан. Гарахдаа гэрийнх нь хаалгыг цоожилчхоод гарсан юм. Тэгээд хулгайлсан зурагтаа 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Бателионд байдаг айл болох ***ийн гэрээс 33 инчийн зурагт, гар утас зэрэг эд зүйлийг хулгайлсан. Бас Бателионд Одням гэдэг айлын хашааны хаалгыг нь давж ороод гэрийнх нь баруун талын цонхоор нь ороод гар утсыг нь хулгайлан авсан. Тэгээд сүүлийн үйлдэлдээ Бателионд баригдсан бөгөөд камерын dnxltum бичигдсэн байсан. Би өөр айлын гэрт хууль бусаар ороогүй.  
Би Хохирогч ***хээс монгол гутал, хохирогч Д***хаас  мөнгөн хослол аваагүй авсан бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирогч Б.Алтангэрэлийнхээс хулгай хийгээд явж байгаад гудамжны камерт миний дүрс бичигдэж би тэр дороо баригдсан. Тэрх үед надаас хурааж авсан зүйл дотор монгол гутал байгаагүй. гэв
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..”2013 оны 10 дугаар сард манайд хулгай орсон юм. Хулгай ороход 43 инчийн зурагт, гар утас, монгол гутал зэрэг эд зүйл алдагдсан байсан. Зурагт, гар утас хоёрыг эргүүлэн авсан. Харин монгол гутал маань арьсаар хийсэн, ээтэн биш гутал байсан юм. Зурагт шүүгээ хоёрын дунд жижиг зайд дотор нь юм чихээд хийчихсэн байсан бөгөөд одоог хүртэл аваагүй. Саяхан би цагаан сараар хүний гутал гуйж өмссөн юм” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан ба эхнэр бид 2 гэртээ засвар хийх гээд барилгын юм авахаар зах руу явсан юм. Тэгээд гэртээ ирэхэд хаалга онгорой байсан. Тэгээд би яагаад онгойдог билээ гээд гэртээ ороход манай гэр хүн харахын араггүй болгочихсон байсан. Өөрөөр хэлбэл онгойдог бүх л зүйлийг онгойлгосон байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед алдагдсан эд зүйлээ дурьдвал хөөрөг, мөнгөн тоногтой бүс, зургийн аппарат, мөнгөн гинж, мөнгөн бугуйвч зэрэг зүйл алга болсон байсан. Хамгийн гол нь манай эцгээс үлдсэн хөөрөг алга болсон байсан. Тэгээд 2 хоногийн дараа олж авсан. Манай эхнэрийн сваровски шигтгээтэй сорьцын тэмдэгтэй хос зүүлт мөн алга болсныг мэдсэн” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Ачитмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан ба эхнэр бид 2 гэртээ засвар хийх гээд барилгын юм авахаар зах руу явсан юм. Тэгээд гэртээ ирэхэд хаалга онгорой байсан. Тэгээд манай гэрээс нөхрийн маань хөөрөг миний сваровски шигтгээтэй сорьцын тэмдэгтэй хос зүүлт мөнгөн тоногтой бүс, зургийн аппарат зэрэг алга болсон байсан. Би таньдаг хүнээсээ сваровски шигтгээтэй ээмэг бөгж, гинжийг 250.000 төгрөгөөр худалдаж аваад 1 жил гаран болж байсан юм” гэв.
Шүүгдэгч *** нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан иргэн *** ийн мартаж буусан түрийвчтэй мөнгө, банкны виза карт, зэрэг эд зүйлийг завшиж бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч *** :..”Би 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн нийтийн автобусанд суугаад 23 цагийн орчимд Дархан суманд ирсэн юм. Ирэх замд миний өмдний халаасанд байсан түрийвч маань нухаад байхаар нь сандал дээр тавьчихсан юм. Тэгээд би автобуснаас буухдаа мартаад буусан байсан. Тэгээд зам хөндлөн гарч явахдаа гэнэт санаад буцаж нөгөө сандал дээрээ очоод харахад миний түрийвч алга болсон байсан. Миний түрийвч хар, бор өнгийн хоёр тал руугаа дэлгэгддэг эрэгтэй түрийвч ба дотор нь миний цахим иргэний үнэмлэх, Голомт болон Хаан банкны виза картууд, бэлэн 30.000 төгрөг байсан юм. Тэгээд 20 гаран хоногийн дараа Хаан банкинд энэ талаар хэлэхэд миний картнаас 120.000 алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
Гэрч С.Батцэцэгийн:…”Манай хүү *** 2013 оны 7 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд 23 цаг өнгөрөөд гэртээ орж ирэхдээ түрийвчээ автобусанд мартаад буусан байна гэж хэлсэн. Тэгээд банкин дээр очоод дансыг нь үзүүлэхэд 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр бэлэн мөнгөний машинаар 120.000 төгрөг авсан байхаар нь цагдаад мэдэгдсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
“Хаан” банкны *** тоот дансны хуулгын баримт /хэргийн 13 дахь тал/,
Эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 18 дахь тал/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 19-21 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***  тоотод оршин суух иргэн *** ын гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгөн тоногтой бүс, зургийн аппарат, мөнгөн гинж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч бусдад 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн:…”2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан ба эхнэр бид 2 гэртээ засвар хийх гээд барилгын юм авахаар зах руу явсан юм. Тэгээд гэртээ ирэхэд хаалга онгорой байсан. Тэгээд би яагаад онгойдог билээ гээд гэртээ ороход манай гэр хүн харахын араггүй болгочихсон байсан. Өөрөөр хэлбэл онгойдог бүх л зүйлийг онгойлгосон байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед алдагдсан эд зүйлээ дурьдвал хөөрөг, мөнгөн тоногтой бүс, зургийн аппарат, мөнгөн гинж, мөнгөн бугуйвч зэрэг зүйл алга болсон байсан. Хамгийн гол нь манай эцгээс үлдсэн хөөрөг алга болсон байсан. Тэгээд 2 хоногийн дараа олж авсан. Манай эхнэрийн сваровски шигтгээтэй сорьцын тэмдэгтэй хос зүүлт мөн алга болсныг мэдсэн” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Ачитмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…”2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан ба эхнэр бид 2 гэртээ засвар хийх гээд барилгын юм авахаар зах руу явсан юм. Тэгээд гэртээ ирэхэд хаалга онгорой байсан. Тэгээд манай гэрээс нөхрийн маань хөөрөг миний сваровски шигтгээтэй сорьцын тэмдэгтэй хос зүүлт мөнгөн тоногтой бүс, зургийн аппарат зэрэг алга болсон байсан. Би таньдаг хүнээсээ сваровски шигтгээтэй ээмэг бөгж, гинжийг 250.000 төгрөгөөр худалдаж аваад 1 жил гаран болж байсан юм” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Баярмаагийн:…” *** ыг хоригдсоноос хойш гэрээ ухаж цэвэрлэж байтал манай хүүхдийн хувцсан дотор гялгар ууттай зүйл боогоод цааш нь хийчихсэн байхаар нь ухаад үзсэн чинь мөнгөн бүс, хазаар бас жижиг төмрүүд байсан. Тэгэхээр нь би цагдаа дээр очиж хүлээлгэж өгсөн. Бас ном цүнх зэрэг зүйл байсан ба Баатараас асуухад олсон юм гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 165 дахь тал/,
Гэрч Н.Ганцуурайгийн:…”2013 оны 10 дугаар сард нэг залуу ирээд манай түцэнд байсан хөөргийг хэдэн төгрөгийн үнэтэй юм гэж асуухад нь би 30.000 төгрөг гэж хэлэхэд тэр залуу надад хандан “миний хулгайд алдсан хөөрөг мөн байна, чи хаанаас авсан юм бэ” гэж хэлэхэд нь би мэдэхгүй гэхэд цагдаа дуудаад нөгөө ирсэн цагдаа нь тэр хөөргийг хураагаад авчихсан. Надад тэрхүү хөөргийг 20 орчим насны нэг залуу ирээд зарсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 167 дахь тал/,
Гэрч Х.Бадамхандын:…”Би тухайн үед мөнгөн гинж авчирч өсгөн хүнийг танихгүй, мөн одоо санахгүй байна. Би 2000 төгрөгөөр мөнгөн гинжийг худалдаж авсан. Гинжтэй хамт өөр зүйлийг надад өгөөгүй. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 166 дахь тал/,
Сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 171-181 дахь тал/,
Эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 86, 113, 122, 161 дахь талууд/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ***  задгайд оршин суух иргэн *** гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн өнгөт зурагт хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 
Хохирогч *** ийн:…”Би 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өглөөний 08 цагийн орчимд гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад 11 цагийн орчимд гэртээ харьсан юм. Тухайн үед би гэртээ хулгай орсныг мэдээгүй бөгөөд шууд л гэрийнхээ цоожийг онгойлгож орсон юм. Тэгтэл гэрийн хойморт байсан 32 инчийн зурагт алга болсон байхад л хулгай орсныг мэдсэн юм. Тэгтэл хулгай хийсэн хүн хаалганы цоожийг хажууд нь байсан хувинтай саванд хийгээд тавьчихсан байсан. Сүхээр цохиж онгойлгоод гарахдаа цоожийг буцаагаад цоожилсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 112-113 дахь тал/,
Гэрч ***ийн:…”2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш байсан юм, цагийг нь сайн санахгүй байна ганцаараа зурагт тэвэрсэн хүн орж ирээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлээд барьцаанд тавьсан юм. Сүүлд нь эхнэр нь гэх нэг эмэгтэй ирээд надад хандан “манай нөхөр зурагт хулгайлаад барьцаанд тавьчихсан байна. Мөнгийг нь төлье” гэж хэлээд мөнгийг хүүгийн хамт төлсөн. Тухайн үед би тэр зурагтыг хулгайн эд зүйл гэж бодоогүй, одоо манайд ямар нэгэн хохирол төлбөр байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 114-115 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ***  задгайд оршин суух иргэн ***ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 43 инчийн өнгөт зурагт, гар утас, гутал зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч бусдад 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:..”2013 оны 10 дугаар сард манайд хулгай орсон юм. Хулгай ороход 43 инчийн зурагт, гар утас, монгол гутал зэрэг эд зүйл алдагдсан байсан. Зурагт, гар утас хоёрыг эргүүлэн авсан. Харин монгол гутал маань арьсаар хийсэн, ээтэн биш гутал байсан юм. Зурагт шүүгээ хоёрын дунд жижиг зайд дотор нь юм чихээд хийчихсэн байсан бөгөөд одоог хүртэл аваагүй. Саяхан би цагаан сараар хүний гутал гуйж өмссөн юм” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Батцэцэгийн:…”2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би нөхөр ***, мөн хоёр хүүхдийнхээ хамтаар гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад 16 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орсон байдалтай байсан. Тэгээд манайхаас зурагт, гар утас, савхин хүрэм зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 91 дахь тал/,
2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт /хэргийн 71-74 дахь тал/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 77, 87 дахь талууд/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** тоотод оршин суух иргэн ***ын гэрт нэвтрэн орж мэдрэгчтэй буюу “I pod” маркийн гар утас зэрэг эд зүйлийн хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Однямын:…”2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд би гэрээсээ гараад гадуур явж байгаад 14 цагийн орчимд гэртээ ирэхэд хулгайч манай байшингийн баруун урд талын цонхны салхивчны шилийг хагалж ороод гал тогооны өрөөний ханын шүүгээн дээр байсан хар, хөх өнгөтэй, дэлгэц нь эвдэрсэн Хятадад үйлдвэрлэсэн гар утас, том өрөөний шилэн нүүртэй шүүгээн дээр байсан “I pod” маркийн гар утас зэргийг хулгайлсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 124 дахь тал/,
2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 120-121 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд *** ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Боржигон овогт ***ын гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэх үйлдэл нь үйлдсэнээс хойш 6 /зургаа/ сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэргийн хариуцлагаас түүнийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч *** 280 000 төгрөгийн үнэ бүхий монгол гутал, хохирогч ***ын 750 000 төгрөгийн үнэ бүхий Swarovski шигтгээтэй мөнгөн хослол алдагдсан гэх боловч түүнийг шүүгдэгч *** хулгайлсан гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх эд зүйл хохирогч нарт байсан гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон хэдий ч энэ зүйлүүдийг шүүгдэгч авсан гэдэг нь тогтоогдохгүйгээс гадна шүүгдэгч нь хохирогч *** ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж түүнийгээ авч явахдаа гудамжны камерийн бичлэгт бичигдэж цагдаад баригдаж эд зүйлээ хураалгах үед алдагдсан гэх монгол гутал байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн хохирогч Хохирогч ***ээс нэхэмжилсэн 280 000 төгрөг, хохирогч ***аас нэхэмжилсэн 750 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Шүүгдэгч *** нь удаа дараа ял шийтгэгдэж 
ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 291.1, 294, 297, дугаар зүйлийн 297.1, 298,301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ***ыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар *** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэргийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ***ын энэ хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 15-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэгтэй 1 ширхэг СD-ыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
    
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ***ын эзэмшлийн blackberry маркийн 140.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг битүүмжилсэн 2013 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 1235 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ
               ШҮҮГЧ                    Б.МАНЛАЙБААТАР