| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2020/0135/Э |
| Дугаар | 579 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 579
2020 5 12 2020/ДШМ/579
М.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Г.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Бд холбогдох 1902007190333 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хүрд овгийн М.Б, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүүгийн менежмент мэргэжилтэй, “Адра” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн туслах ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 51 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП92102053/;
М.Б нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 03-03 УБҮ улсын дугаартай “Тоyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “40” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 6.9 грамм жинтэй, “41” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 1995.4 грамм жинтэй, “42” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 1047.7 грамм жинтэй, “43” гэж дугаарласан гялгар уутны хамт 1670.6 грамм жинтэй, “44” гэж дугаарласан 385.8 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: М.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хүрд овгийн М.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бий шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 (нэг) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Воnaquа” цэвэр усны сав 1 ширхэг, “NJ8666672” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3.9698 грамм, ...“41” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1945 грамм, “42” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1068 грамм байна, “43” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1663 грамм байна. “44” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 355 грамм сэтгэцэд нөлөөт ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч түүний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлаж, хадгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Миний аав өндөр настай, хүнд өвчтэй, хэвтэрт байдаг. Аав минь хорт хавдрын улмаас баруун бөөрөө авахуулсан ба одоо хавдрын үүсгүүртэй, даралт нь байнга ихэсч, багасдаг, эмнэлгийн хяналтад миний асаргаанд байдаг. Би 70 гарсан хөгшин аавыгаа асарч чадалгүйгээр гэмт хэрэгт холбогдож, зовоож байгаадаа маш их харамсаж байна. Ээж маань 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Миний ээжийн дагавар охин байдаг боловч аавыг минь асардаггүй, өөрийн амьдралаа хөөн гадаад улс руу явсан. Би “Адра” Олон улсын хүмүүнлэгийн байгууллагад мэдсэн сурснаа ядарсан ард олондоо зориулан тусалж, улс оронд тохиолдсон аливаа гамшигт үзэгдэлд байгууллагаа төлөөлөн ажиллаж ихийг бүтээх зорилготой. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ туйлын их гэмшиж, хүнд өвчтэй аавыгаа асрах хүнгүй үлдээсэндээ харуусаж сууна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй явахаа үүгээр илэрхийлж байгаа тул миний ахуй амьдрал, ажил мэргэжил, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Бий өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Тухайлбал,
1. Гэм буруугийн талаар: Миний үйлчлүүлэгч М.Б нь өөрийн гэм буруугийн талаар огт маргадаггүй бөгөөд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсгийн 3-т: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.Б нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1999 оны конвенцид нэгдэн орох тухай Монгол Улсын хууль буюу 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг бодис болох каннабис ургамал буюу өвсийг худалдаалах зорилгогүйгээр, шууд санаатай үйлдлээр тээврийн хэрэгсэлд хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хуулиар хориглосон мансууруулах бодисыг хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. ...” гэж дүгнэсэн.
Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д: “...Хүрд овогт М.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан. ...гэм буруутайд тооцсугай. ...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт бэлтгэсэн үйлдэлтэй холбогдох нотлох баримт нэг ч авагдаагүй, мөн шүүхээс энэ талаар дүгнэлт огт хийгээгүй мөртлөө тогтоох хэсэгт бэлтгэсэн гэх үйлдлийг үндэслэлгүйгээр нэмж гэм буруутайд тооцож байгаа нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хэр хэмжээнд хууль бусаар нөлөөлсөн байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан байна. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоод, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 11 дүгээр талд: “...шүүгдэгчийн хадгалсан ургамлын хэмжээ нь олон хүн урт хугацааны турш хэрэглэх хэмжээний байгаа нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулах хор уршгийг ихэсгэнэ. Нөгөө талаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх үүднээс хорих ял оногдуулах нь тохирно гэж үзсэн учир улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн болно.” гэжээ.
Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт: “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс хүндрүүлэх нөхцөл болгож буй нийгмийн хор аюул, учруулах хор уршгийн хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх... гэсэн нөхцөлүүд нь тухайн хүндрүүлэх нөхцөл байдалд огт хуульчлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хууль зүйн огт үндэслэлгүй байдлаар хүндрүүлж шийдвэрлэсэн байна.
3. М.Бий хувийн байдлын талаар: Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн ял шийтгүүлсэн түүний хувийн байдлын талаарх баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгөх болно. Тухайлбал, М.Б нь хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед Хан-Уул дүүргийн 1 хороо, 19 дүгээр хороолол, 44-51 тоотод өөрийн төрсөн эцэг Авирмэд овогтой Мятавын хамтаар ам бүл 2-лаа амьдарч байсан. Түүний эцэг А.Мятав нь 2016 онд баруун бөөрний хорт хавдрын улмаас хагалгаанд орж, бөөрөө авахуулснаас хойш тухайн хорт хавдрын уршгаар мэргэжлийн эмчийн хяналтад байнгын хэвтрийн дэглэмд, хүү М.Бий асрамж сувилгаанд байсан ба одоогоор тус хорооны нийгмийн ажилчдын хяналтын хүрээнд гэртээ ганцаараа хэвтэрт байна. Өөрөөр хэлбэл, М.Бээс өөр асарч халамжлах хүн байхгүй бөгөөд өөрийн мэдэлгүй бие засах гэх мэт хүндрэлтэйгээр гэртээ ганцаараа байгаа зэрэг нь эрх бүхий байгууллагуудын тодорхойлолтоор нотлогдож байна.
Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хувь хүн болон нийгэмд учруулах хор уршиг, хөнөөл ихтэй гэмт хэрэг хэдий боловч түүний гэм буруутайд тооцогдсон зүйл, хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба М.Б нь тохиолдлын шинжтэйгээр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, холбогдсон гэмт хэргийнхээ хор уршгийг ухамсарлан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа талаараа Цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс шүүхийн хэлэлцүүлэг хүртэл тууштай мэдүүлсээр ирсэн байдаг. Түүний эцэг А.Мятавын эрүүл мэндийн хүнд нөхцөл болон асран хамгаалж харгалзан дэмжих хүнгүй ноцтой байдалд байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан З жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн тэнсэн харгалзаж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Бий өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Б 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр найз Мөнхтөрийн урилгаар Дархан хот руу найз Г.Саруулбуян, Н.Эрдэмтөгс, Мөнхтөр нарын хамт явцгаасан ба 2019 оны 8 дугаар сарын 31-ний орой Улаанбаатар хот руу буцах үед 03-03 УБҮ улсын дугаартай Г.Саруулбуянгийн эгчийн тээврийн хэрэгслийг М.Б жолоодож Улаанбаатар хот руу 61-ийн гарам дөхөж явах үед бие засахаар зогсож машинаас буухдаа М.Б замын хажууд хэвтэж байсан ууттай эд зүйлийг олж машинд хийсэн ба түүнийг онгойлгож үзэхэд өвс ургамлууд, татдаг хэрэгслийн хамт уутанд байсан бөгөөд хүмүүсийн татаж хэрэглээд байдаг өвс болохыг мэдэж М.Б татаж үзсэн. Г.Саруулбуян, Н.Эрдэмтөгс нарыг сэрээж “ийм зүйлийг оллоо, татаж үзэх үү” гэснээр тэд ч мөн сорж үзээд олигтой зүйл биш байна гэцгээж буцаад унтацгаасан байдаг.
М.Б ууттай зүйлийг хаях бодол төрсөн ч мартаж машинтайгаа Улаанбаатар хот руу орж ирэх үед замын цагдаа зогсоож тээврийн хэрэгслээс дээрх ууттай зүйлүүдийг хураасан ба мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан хэрэгт холбогдож, болсон үйл явдлыг М.Б үнэн зөв мэдүүлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцуулахаар прокурорын 294 дугаартай яллах дүгнэлт үйлдэгдсэн байтал, шүүх 216 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад М.Бийг “хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж шийдвэрлэсэн нь, прокурорын яллах дүгнэлтээс хальж “бэлтгэсэн” гэсэн дүгнэлт үйлдсэн байгаа нь шүүгдэгч М.Бд улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүх хүндрүүлж шийдвэрлэх үндэслэл болсон байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх.”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Шүүх М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж М.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдаж, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулж болох хор уршиг, хадгалсан өвсний хэмжээг харгалзан М.Бийг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Энэ хэргийн хувьд холбогдогч М.Б өвсийг өөрөө бэлтгээгүй, олсон бөгөөд удаан хугацаагаар хадгалаагүй, тэр даруйд Цагдаагийн байгууллага илрүүлж хураан авсан нь хохирол, хор уршиг багатайгаар хэрэг таслан зогсоогдсон.
Гэхдээ М.Б олсон өвсийг хаях гэж байснаа мартаад хөдлөөд явсан гэж мэдүүлсэн байдаг, уг хэрэгт хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болохыг шүүх тогтоосон атлаа М.Бд олон жил хорих, хүнд ял шийтгэл оногдуулсан нь хуулийг нэг мөр хэрэглээгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа болно.
М.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа, мөн түүний хувийн байдал сайн, урьд хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй, Америкийн Нэгдсэн улсад боловсрол эзэмшсэн, одоо Олон улсын хүмүүнлэгийн “Адра” байгууллагад ажил эрхэлдэг, ар гэрийн байдал хүнд /өндөр настай эцэг Мятав хорт хавдрын өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг, ам бүл ердөө 2 учир М.Бээс өөр харж хандах хүнгүй/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 03-03 УБҮ улсын дугаартай “Тоyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “40” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 6.9 грамм жинтэй, “41” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 1995.4 грамм жинтэй, “42” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 1047.7 грамм жинтэй, “43” гэж дугаарласан гялгар уутны хамт 1670.6 грамм жинтэй, “44” гэж дугаарласан 385.8 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Н.Эрдэмтөгсийн “...Эхний 1-ээс 2 цаг юм ярьж явж байгаад би унтаад өгсөн. Намайг сэрсэн чинь Билгүүн “энийг татах уу” гээд нэг усны савтай юм өгсөн. Би ганц, хоёр сорчихоод буцаад унтаад өгсөн. Тэр өвсийг хэн, хаанаас машинд хийснийг би мэдэхгүй байна. Тухайн үед машин барьж явсан болохоор Билгүүн сайн мэдэж байгаа байх. ...” /1-хх-47-48, 158/,
гэрч Г.Саруулбуянгийн “...Тэгээд машинаас бууж шээчихээд буцаад машинд орж ирэхэд Билгүүн усны савтай юм татаж байсан. Тэгээд “сонирхох уу” гээд надад өгөхөөр нь би нэг сорсон. Тэгээд онц санагдаагүй болохоор нь буцаад унтсан. Билгүүн машинд өвс хийсэн талаар надад нэг ч юм яриагүй болохоор би мэдээгүй. ...” /1-хх-49-50, 157/,
М.Бий яллагдагчаар өгсөн “...Би замаас гараад шээх гээд зогссон. Шээж байхад хажууд хар өнгийн тортой юм байсан. Би тэр ууттай зүйлийг нандигнаад боосон байсан болохоор нь машиныхаа ард аваад хийчихсэн. ...Тэр үед ууттай зүйлийг нээгээд үзтэл дотор нь нойтон ургамал байсан. Мөн хэд хэдэн уутанд хувааж хийсэн байсан. Мөн хуйлсан мөнгө, цоолсон усны сав байсан. Тэгэхээр нь би сонирхож үзээд асаагаад сорж үзсэн. Бид гурав нэг нэг удаа л сорсон. Тэгээд хотод орж ирээд цагдаад баригдсан. ...” /1-хх-184-185, 186/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Bonaqua” цэвэр усны сав, “NJ8666672” гэсэн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “40” гэж хаягласан нунтаг мэт зүйл, “41” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйл, “42” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйл, “43” гэж хаягласан хар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл “44” гэж хаягласан шар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Bonaqua” цэвэр усны сав, “NJ8666672” гэсэн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “40” гэж хаягласан нунтаг мэт зүйл, “41” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйл, “42” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйл, “43” гэж хаягласан хар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл “44” гэж хаягласан шар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3.9698 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 3.8209 грамм болов. “41” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1945 грамм, “42” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1663 грамм байна. “44” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 355 грамм байна. ...” гэсэн 4876 дугаартай дүгнэлт /1-хх-53-58/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-55-57/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “М.Б 2019.08.31” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “М.Б 2019.08.31” гэж хаягласан шээснээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцид багтдаг болно. ...” гэсэн 4858 дугаартай дүгнэлт /1-хх-70/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-71/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...М.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. М.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. ...” гэсэн 1054 дугаартай /1-хх-75, 77-78/ дүгнэлтүүд,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-4-5/, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /1-хх-6-7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-17/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-18-19/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-хх-20/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-21/, мөрдөгчийн тэмдэглэл /1-хх-22/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-23-24/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-хх-26-27/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-33-34/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-35-36/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-хх-38/, эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /1-хх-40-41/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-хх-42/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-хх-189-192/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч М.Бийг 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 03-03 УБҮ улсын дугаартай “Тоyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “40” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 6.9 грамм жинтэй, “41” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 1995.4 грамм жинтэй, “42” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 1047.7 грамм жинтэй, “43” гэж дугаарласан гялгар уутны хамт 1670.6 грамм жинтэй, “44” гэж дугаарласан 385.8 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нийслэлийн прокурорын газраас М.Бий үйлдлийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Харин анхан шатны шүүх М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан...” гэж яллах дүгнэлтээр “гэмт хэргийн шинжээр тооцоогүй үндэслэлээр” нэмж хүндрүүлэн гэм буруутайд тооцож түүний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэснийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг зөрчсөн байна.
Шүүгдэгч М.Бий “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Аав минь өндөр настай, хорт хавдартай бөгөөд аавыг минь асрах хүнгүй учир надад оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж өгөхийг хүсч байна. ...” гэсэн, шүүгдэгч М.Бий өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Г.Энхтүвшин нарын “...хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч М.Бий хувийн байдал, ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, хавтас хэрэгт авагдсан М.Бий ажил байдлын тодорхойлолт /2-хх-47-48/, ам бүл 2, эцгийнхээ хамт амьдардаг тухай оршин суугаа хорооны тодорхойлолт /2-хх-49/, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2-хх-50/, комиссын шийдвэр /2-хх-51/, М.Бий эцэг А.Мятавын өвчтөний түүх /2-хх-53-58/, давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн эцэг А.Мятавын эрүүл мэндийн байдалтай холбогдуулан гаргаж өгсөн баримт болох Эмгэг судлалын үндэсний төвийн дүгнэлт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч М.Бий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд, түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Г.Энхтүвшин нарын давж заалдах гомдлуудын “хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах талаарх” хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хүрд овгийн М.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Хүрд овгийн М.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Г.Энхтүвшин нарын давж заалдах гомдлуудын “хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах талаарх” хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ